Б.МАРГАД

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Орон нутгийн сонгуу­лийн дүн үндсэндээ гарч байна. Танай нам энэ удаагийн сонгуульд ямар амжилттай оролцов?

-Манай­хаас  28 хүн ялсан байна. Ихэнх нь суманд. Их хурлын сонгуулиас хойш цаг хугацаа, санхүүгийн болон бусад байдлаар хяз­гаарлагдмал нөхцөлд бай­сан. Тийм нөхцөлд ороод ийм хэмжээний са­нал авсныг чамлаж бо­лохгүй. Сонгуулийн дүн­гээ бид удахгүй Улс төрийн зөв­лөлөөрөө хэлэлцээд алдаа оноогоо ярина.

-Иргэний зориг намаас нийт хэдэн хүн нэр дэвш­сэн юм бэ?

-170 гаруй хүн дэвш­сэн.

-Ингэхэд танай нам гурван даргатай хэвээр байна уу. УИХ-ын гишүүн асан Д.Энхбат танай намд байгаа юу?

-Намын гурван дар­гын нэг хэвээр байгаа. Д.Энхбат маань “Нэг монгол” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэр ажилдаа илүү ан­хаа­раад намын ажилд бага оролцож байгаа.

-Шинэ Засгийн газар байгуулагдаад 100 хонолоо. Яамдууд ажлаа тайлагнаж байна. Та энэ Засгийн газрын 100 хоногийн ажлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Миний ажигласнаар энэ Засгийн газар шинэч­лэлийг дорвитой эхлүүлж байгаа юм болов уу.  Миний орол­цож байгаа дөрвөн ажлын хэсэг гэхэд бүгд рефор­мын шинжтэй өөрчлөлт хийх юм. Тухайл­бал, тус­гай зөвшөөрлүүдийг багасгах, цэгцлэх нэг аж­лын хэсэг байна. Хоёр­дугаарт Мон­гол Улсын нүүр царайг халтар хараг­дуулдаг авлигын индекс ч юм уу янз бүрийн үзүү­лэлтүүд  байдаг. Энэ бүг­дийг арай дээшлүүлэх үүд­нээс биз­нес эрхлэл­тийн рефор­мын ажлын хэсэг гарсан. Арав гаруй чиглэлийн ре­форм эхэл­сэн байна. Мэ­дээж үр дүн нь гараагүй байна. Одоо шууд гарчихна гэж байх­гүй. Гэхдээ энэ бол эхлэл. Нөгөө талаас хүмүүсийн дуу хоолойг сонсъё, зөө­лөн чихтэй байя гэсэн Засгийн газрын санаач­лага хүмүүст хүрч байх шиг байна. Дөрвөн оронтой тоотой утас ажиллуулж иргэдийн санал авахаас эхлээд сар болгон уулзалт хийж байна гээд бас ч шинэ юм эхлүүлж байна.

-Та ер нь Засгийн газ­рын ажилд эерэг дүн тавьж байгаа юм байна, тийм үү?

-Эерэг хүлээлттэй байгаа. Тийм учраас 101 дэх хоногоос энэ эхлүүл­сэн ажлуудаа унтраахгүй яваасай гэж хүлээж, найдаж байна. Манайд нэг юм эхлээд удалгүй унтарчихдаг тал бий. Тэгэхээр эхлүүлсэн эрч хүчээ унтраахгүй улам дүрэлзүүлэхийн тулд Зас­гийн газар 101 дэх хо­ногоос эхлээд хоёр дахин эрч хүчтэй ажиллах, анхаа­рал тавих ёстой. Магадгүй ингэхийн тулд гадаад хүчин зүйл гэхээс илүү намын өөрийнх нь  дотоод эв нэгдэл, ойл­голцол чухал байх ёстой.

- УИХ-д таван гишүүн нэмэгдэж тангар­гаа өргөнө гэсэн мэдээлэл бий. Гэхдээ Өвөрхангайн тойрогт Ардчилсан намаас өрсөлдсөн Г.Батхүү, М.Зоригт нарыг тангараг өргүүлэхийг МАН-ын ги­шүүд эсэргүүцэж байгаа. Та харин энэ эсрэг тэсрэг хоёр талын  алийг нь илүү дэмжиж байгаа вэ?

-Мэдэхгүй. Надад нэг их чухал биш. Тиймээс би сонирхохгүй байгаа.

-Яагаад?

-Дорж, Дулмаа хоёр орж ирэх нь надад чухал биш. Хамгийн гол нь  УИХ хуулийн дагуу бүрэлдээ­сэй, хуулийн дагуу бүрэлд­сэн байх гэсэн найд­лага­тай­гаар шинэ гишүүддээ баяр хүр­гэнэ л гэж бодож байна.

-МАН Г.Батхүү, М.Зо­­ригт нар тангараг өргөвөл хуулийн дагуу бүрэлдэж чадахгүй гээд байгаа шүү дээ?

-Хуулийн дагуу байгаа эсэхийг шүүх болон Сон­гуулийн ерөнхий хороо л шийднэ. Энэ асуудалд намуудын хооронд яриа хэлэлцээ, зарим нэг ойл­голцол явагдсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ би тодорхой мэдэхгүй. Ямар ч  гэсэн Их хуралд таван хүн нэмэгдэнэ гэдэг таван хүний бүтээмж нэмэгдэнэ л гэж ойлгож байгаа.

-Сүүлийн үед  МАН, АН-ынхан бие биенээ харлуулах гэсэн, өөрсдий­гөө зөвтгөх гэсэн хэрүү­лийн шинж чанартай мар­гаан өрнүүлж байна. Их хуралд суудалтай намын даргын хувьд энэ бүхнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Тийм боломжгүй болчихлоо.

-Яагаад?

-Орон нутгийн сонгуу­лиар нэг хэсэг газар нь Ардчилсан нам, заримд нь Ардын нам  ялчихсан. Тэгэхээр танай нам ялагдсан гэж ярьсан ч орон нутгийн засаглал дээр хамтраад ажиллахаас өөр аргагүй. Тэгэхээр на­мын эрх ашгийг биш иргэдийн эрх ашиг эхэнд тавигдах ёстой.

-Тэгж ажиллаж чадах уу?

-Чадах эсэхийг мэ­дэхгүй шүү дээ. Чадаасай гэсэн хүсэл, чин эрмэлз­лэл байна. Намын  эрх ашиг бодоод улс төржөөд ирвэл энэ улсын ажил явахгүй. Тиймээс Их ху­ралд байгаагийнхаа ху­вьд энэ чиглэлээр намын эрх ашиг нэгдүгээрт биш үн­дэс­ний эрх ашгийг нэг­дүгээрт тавихын тулд өөрийн­хөө бүх боломжийг ашиглана гэж бодож байгаа.

-Ардын намынхан дахиад буйдантай жагсаал хийх юм биш биз?

-Үгүй байлгүй дээ.

-Оюутолгойн асууд­лаар С.Баярцогт, С.Ган­баатар хоёр мэтгэлцсэн. Энэ мэтгэлцээн олны анхаарлын төвөөс гараагүй хэвээр байна. Та мэт­гэлцээнийг үзсэн үү?

-Үзэж амжаагүй. Гэхдээ твиттер, вэб сайтаас харахад эндээс хэн ч ялаагүй, ард түмэн харин хожсон юм шиг санагдсан. Өөрөөр хэлбэл, ард түмэн мэдээлэлтэй болсон. Оюутолголгойн мэтгэлцээний хүчинд мэ­дээллийн тэгш бус байдал арилсан гэж ойлгож бай­гаа. Нөгөө та­лаас бид хө­рөнгө оруу­лалтад хандах хандлагаа зөв болгох, эр­гэж харахыг са­нуулсан. Хө­рөнгө оруу­лал­тын то­дор­хой бус бай­дал арилахад жаахан ч гэсэн тус болсон болов уу. Түүнээс биш С.Ганбаатар, С.Баярцогт хоёулаа чад­вар­тай гишүүд. Тэд мэт­гэлц­сэнээрээ ард түмэнд мэдээлэл өгч чад­лаа. Аль аль нь асуудлыг хөндөж чадсан. Тийм учраас хам­гийн эхэнд энэ мэт­гэл­цээнд Монголын ард тү­мэн яллаа. Хоёр­дугаарт, тэнцвэртэй мэ­дээ­лэл өгсний хүчээр хө­рөнгө оруулагчдад ч мэдээлэл болж чадлаа. Ингэснээр дотоод, гадаа­дын хөрөнгө оруулагчдад тодорхой хэмжээний дохио өглөө.

-Таны хувьд энэ хоёр гишүүний алинтай нь санал нэгдэж байгаа вэ?

-Гайхамшигтай гэрээ гэж байдаггүй. Дээд зэргийн муухай гэрээ ч байхгүй. Тухайн үеийн Их хурлаар хэлэлцээд,  ҮАБЗ-өөр оруулж байж баталсан. Гэхдээ ямар ч гэрээнд ахин хэлэлцээр хийх үүд хаалга хэзээд нээлттэй. Байнга нээлттэй байх тэр зүйлийг энэ Засгийн газар, Их хурал нэгдсэн байр сууринаас хэлж, хэрэгжүүлнэ үү гэхээс биш А юм уу Б гэдэг ги­шүүн хэлээд, ингэснээрээ зөв, эсвэл буруу, нэг нь ардын баатар, нөгөө нь урвагч болж болохгүй. Тийм учраас би энэ хоёр хүний байр суурийг зөв, буруу гэж шүүхгүй. Аль ч талаас нь бодсон Монгол Улс өнөөдөр Оюутолгойн хөрөнгө оруулалт нь орж ирээд, зэсийн баяжмалаа гаргаасай гэсэн байр суурь­­­ хэвээр байгаа. Оюу­толгой дээр усны асууд­лаар олон санал бодол бий. Үүнийг нэгтгэж нэг болгох нь зөв. Энэ талаар ч хэ­лэлцээрт тодорхой хэм­жээний өөрчлөлт орохыг үгүйгэхгүй.  Минийхээр, Монгол Улсын эрх ашиг мөн чанартаа алт ч биш, зэс ч биш, ус байх ёстой. Нэг номерт анхаарах ёс­той баялаг маань ус. Тэгэхээр энэ бүхэн эко системд нөлөөлж байна уу, Оюутолгойг ашиг­ласнаар говь маань цөл болохгүй байх асуудлыг бид хамгийн түрүүнд бо­дох ёстой. Энэ бол Мон­голын ард түмний номер нэг эрх ашиг мөн. Энэ талаас нь харвал Оюу­толгойн гэрээнд тод­руу­лах, өөрчлөх шаардлагатай зүйл байгааг хүлээн зөвшөөрнө.