“ЭНЭ ЦАГИЙН ЭГЭЛ БААТАР”-ЫГ  ХАМТДАА ТОДРУУЛЪЯ

“Иргэдээ өмөөрч бич­нэ” уриатай “Зууны мэ­дээ” сонин, “TV-9” теле­виз хамтран улс орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө сайн үйлс бүтээсэн ч хариу тус нэхээ­гүй, тэр болгонд нь төрийн ха­раа хүрээгүй энэ цагийн эгэл баатруудыг ард түм­ний санал асуул­гаар тод­руу­лан өргөмжилдөг билээ.

“Энэ цагийн эгэл баа­тар”-уудыг тод­руу­лах са­нал асуулга эхэлж байна. Уншигч та саналаа “Зуу­ны мэдээ” сонины 70116001, 70116002, мэ­дээ, мэдээ­лэл ха­риуц­сан сэтгүүл­чийн 88407123, 93121150 утсаар болон zuuniimedee@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.

 

Д.МЯГМАР

 Эгэл бус нэгэн хүмүүн бусдын сайн сайхны төлөө мод тарьж залуу халуун насаа энэ үйлсэд зориулж одоо ач, гучаа тойруулсан буянтай буурал болжээ. Хөдөлмөрийн баатар Бо­рондонгийн Лувсан гэхээр Ховд аймгийнхан тэр дун­даа Манхан сумынхан андахгүй мэднэ. 90 насыг зооглосон энэ эгэл хүмүү­ний аж амьдралын түүх тэр чигээрээ ногоон ирээ­дүй рүү тэмүүлэн бусдыг хөтөлсөн жим байдаг. Найм­хан настайдаа өн­чирч хоцорсон хүү аргал түүж амьтан хүний арга эвийг олох гэж хэсэгтээ зүдэрсэн гэдэг. Арван нас­тайгаасаа тариа тарьж, багийн бүлгэмд нэгдэн суун бичиг үсгийн мөр хөөсөн нь хожим түүнийг их үйлсэд дуудах эрч хү­чийг өгсөн болов уу.  Тариа тарихдаа гишгэж байсан анхны хүрзээ тэрээр одоо ч гэсэн нандигнан хад­галдаг аж. Ажилд хэрхэн ханддаг, ямархуу чамбай хүн гэдгийг нь энэ мэт жижигхэн зүйлээс нь харж болохоор тийм л цэгц­тэй хүн.  15 настайдаа Эвлэлийн үүрийн дарга болж 60 хүртлээ улсынхаа төлөө ажиллаж, хөдөлмөр­лөсөн энэ буурлын ам­жуулсан ажил дэндүү их.

Би гэж тодорч, улс төр гэж хоосон чалчдаг өнөө­гийн, үр бүтээлгүй залууст түүний хөдөлмөрийн үр шимийг гайхуулж ичээх гэсэн юм.

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин, “TV-9” телевизтэй хамт­ран зохион байгуулж буй “Энэ цагийн эгэл баатар”-т түүний нэрийг дэвшүүлж буй нь шаргуу хөдөл­мө­рийнх нь ач тус юм. Б.Лув­сан гуай насны хань Б.Бая­раатайгаа хамт мод тарьж, байгалиа хамгаа­лах үйлсэд олныг оройлж явна. Алс баруун хязгаар Ховд аймгийн Манхан сум түүний гараар өнөөдөр байгалийн унаган төрх хүртлээ нутагшсан ногоон төгөлтэй болжээ. Түүний нэрээр овоглохгүй байхын аргагүй энэ газар захчин түмний өлгий нутаг билээ. Эгэл баатар маань сумын­хаа төвийн 170 га газарт мод, жимсний бут тарьж “Баян тохой” нэртэй тө­гөлтэй болсныг тэр хэс­гээр дайран өнгөрөх хүн бүхэн “Үнэн үү” хэмээн алмайран харж санаа нь амардаг гэсэн яриа бий. Ахин 17 га газарт 40 мянган мод, жимсний суулгац тарьж “Баян энгэр” хэ­мээн нэрийдэн мод үр­жүүл­гийн газар байгуулс­наар ажлаа өндөрлөөгүй аж. Чингис хааны мэн­дэлсний 800 жилийн ойг  зориулсан дурсгалын цог­цолборт 11 орны 1000 мод тарьсан гэх мэтээр бү­тээлч, хичээнгүй буурлын ажлын зам дэндүү урт аж. 

Улаанбаатарынхан тэт­гэвэртээ гарахаараа яадгийг бид мэднэ. Эмээ нар нь хүүхдийн асрагч, гэрийн үйлчлэгч болж, өвөө нар нь даалуу, шатар тоглож ганц хоёр лонх хоосолдог. Харин хөдөө­ний гялалзуур ахмадууд тэднээс шал анги.

Тэтгэвэртээ гараад л насны ханьтайгаа ногоон байгалийг дэлгэрүүлэх гэж мачийна даа. Нүцгэн гартай хоёр буурал 1,5 сая мод, чацарганы 67 мянган модыг нутаг нуга, хамт олныхоо хүчээр ургуулсан сайхан түүх бий. Түүний мод тарих ажил зөвхөн Манханаар хязгаарлагд­даггүй.

Булган суманд арав гаруй жил ажиллахдаа хамт олноо уриалан дуудаж 30 мянган бургас, улиас, 15 мянган чацаргана, алим жимс тариалж бай­сан туршлага бий. Монго­лын Чэжү арал гэж нэр­лэгдэхүйц жимсний сай­хан цэцэрлэг өдгөө Булган сумыг чимж аялал, албан ажлаар явж буй хүмүүсийг эрхгүй далладаг сайхан нутаг болж тохижсон бай­на билээ. Үеийн хөгшчүү­лээ уруу татан модонд дурлуулснаар бүл нэмж “10 хэнхэг” хэмээн нут­гийнханд шоолуулж явсан тохиолдол ч бий гэсэн. Тэд модоо хурдан сайхан ур­гуу­лахын тулд дуу хүртэл дуулж өгдөг байсан гэдэг. Нутгийн “10 хэнхэг” хөг­шин нийлж залуусыг да­гуулан ажилласнаар нэг ч модгүй 170 га газрыг ой­жуулсан юм билээ. Урд талбай хэмээн нэрлэх Баян энгэрт  10 гаруй ул­сын 30 гаруй төрлийн мод бүл болж нутаг орныг нь чимэг болж байна. 

 

“ЭРДЭНИЙН ГУРАВ”-ЫГ ТАРЬЧИХСАН БОЛ...

 

Хөдөлмөрийн баатар маань арнетик, слив, бэс­рэг алимны модыг “эрдэ­нийн гурав”  хэмээн дээ­дэлдэг аж. Бэсрэг буюу давжаа алимны нэг шир­хэг мод 1230 ширхэг жимс өгдөг учраас тэрээр ийн шүтэх болжээ. “Эрдэнийн гурав”-ыг тарьсан байхад хэтдээ усалгаагүй ч гэсэн өөрсдөө ургаж байгальтай­гаа ганган зохицдог хэ­мээн бусдад сургах түүний үгийг нутгийн олон, үр, хүүхдүүд нь чих даран дуулдаг гэсэн. Доод тохой буюу Баянтохойгоос л гэ­хэд жилдээ 27 тн үр, жимс авч байсан туршлага нь Лувсан гуайн хийсэн, эх­лүүлсэн ажил ямархуу үр өгөөжтэйг ямагт баталдаг юм. Цаг сайхан байхад түүний тариалангийн ши­мийг Ховдынхон хүртэж зоогийн сав нь бялхангуут Говь-Алтай руу борлуу­лахаар илүүчилдэг байсан гээд хөдөлмөрийн баатарт маань дурсах сайхан түүх зөндөө.

Тэдний нутгийн “Төг­рөгийн гол” мянга гаруй булагтай байсан сайхан дэлгэр цаг саяхан.  Одоо 600 хүрэхтэй, үгүйтэй бу­лаг, шанд тэнд үлдсэн аж. Хүмүүн бид байгаль дэл­хийдээ хайр, найргүй хан­дан ихэнх булаг усгүйдэн шавар, намаг болж бай­гаад тэрбээр харуусан суу­даг болж. Хүн бүр нэг мод тарьж, ойр орчноо зүлэг­жүүлж, цэцэгжүүлж чад­даггүй тоосонд дарагдсан нийслэлийнхэн Лувсан гуайн эгэл хэрнээ агуу амьдралын түүхээс сурал­цах цаг болжээ. 

Хөдөлмөрч өвөөгийн залгамж халаа болсон ач, зээ нь явсаар 70 гаруй айл өрх болж улс орны өнцөг булан бүрт тархан суурьш­жээ. Ногоон байгалийг шүтэж, дэлгэрүүлэхийн амьд домог болсон Лувсан гуай нас өндөр ч гэсэн олон км явган алхана. Хашаандаа арав гаруй жилийн өмнө хөгшинтэй­гөө заавар өгч ач хүүх­дийнхээ дэмээр мод тарь­сан аж. Өнөөдөр Лувсан гуайн хашаа мянга гаруй модтой болсон аж. Бахар­хам энэ эгэл өвгөн газар бүрийн сонин, хачин мо­дыг тарих гэж хичээдэг гэж байсан. Хамгийн өн­дөр ургасан нь Сибирь Монголын улиасны эр­лийз гэнэ. Өндөр нь 50 метр хүрдэг гээд бодохоор ланжгар. Түүгээр бахар­хах­гүй байхын аргагүй учраас “Энэ цагийн эгэл” баатар лугаа Б.Лувсан гуай шиг ажилч, хичээн­гүй хүмүүн энэ цагт олон болоосой.

Мод тарихад нас нэм­дэг гэсэн үгийн утгыг тэд­н­ий аж амьдрал харуулж, энэ цаг үеийн эгэл баатрыг тодотгож байх аж.