Б.ТУУЛ

 

“Амьдрал бол өрсөлдөөн” гэж өмнө нь  хэн нэгэн хэлж байхыг та сонссон байх. Үнэхээр ч тийм юм. Аливаа улсын эдийн засгийн хөгжлийг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр нь хэмждэг  байсан цаг ард хоцорч  өдгөө  үйлдвэрлэл болон  ажил эрхлэлтийн байдлаар нь тодорхойлдог болоод  байна. Тэр утгаараа  албан байгууллага, хувь хүмүүс хоорондоо  бизнес сэтгэлгээ болон  мэдлэг, мэргэжлээрээ  өрсөлддөг болсон. Учир нь  компанийн амжилт нь хувь хүний амжилтаас ихээхэн шалтгаалдаг болоод тэр. Тиймээс бид энэ удаа бизнесийн болон улс төрийн сэтгэл зүй, хувцаслалт, имидж, дүр төрх гэсэн чиглэлээр сургалт явуулдаг “Ухамсарт сэтгэл” ХХК-ийн захирал, бизнесийн сэтгэл зүйн мэргэжилтэн П.Оюунцэцэгийг зочноор урьсан юм. Бизнес эрхлэгчид болон шинээр бизнесээ нээж буй аль эсвэл энэ чиглэлээр  өөрийгөө хөгжүүлж, мэдлэг,  мэргэжлээ дээшлүүлэхыг хүссэн манлайлагчидад дараах ярилцлагыг толилуулж байна.

-Юуны өмнө та бай­гуул­лагынхаа үйл ажил­ла­гааг товчхон танилцуу­лах­гүй юу. Яагаад заавал бизнесийн сэтгэл зүй гэсэн чиглэлээр сургалт явуулах болсон юм бэ. Ер нь манай Монголд бизнесийн сэтгэл зүй хэр хөгжсөн байдаг юм бол?

-Манайх  компани  2011 оны  хавар, тавду­гаар сард  байгуулагдсан. Гэх­дээ үйл ажиллагаагаа наймдугаар сараас явуулж эхэлсэн.  Бид ихэвчлэн бизнесийн сэтгэл зүйн чиглэлээр сургалт явуул­даг. Өндөр хөгжилтэй ямар ч улс оронд хүн бизнес эхлэхдээ сэтгэл зүйн бэлтгэлтэй байх нь чухал гэж үздэг. Сэтгэл зүйн бэлтгэлгүй хүн бизнесийн салбарт ороод өөрийгөө маш их хямралд оруулдаг. Дээрээс нь бизнесийн зарчмуудаа  мэдэхгүйгээс болж, компаниа удирдаж чадахгүйд хүрдэг. Компа­нийн зохион байгуулалт гэдэг бол компаний захир­лаас шууд хамаа­ралтай  л даа. Манайд ямар ч сэтгэл зүйн бэлтгэлгүй хүмүүс энэ салбарт орж ирдэг юм байна лээ. Тийм учраас манайх энэ чиглэлээр түлхүүр сургалт явуулдаг юм.

Манай сургалтын прог­раммууд ихэнхдээ өөрийгөө болон бизнесээ хөгжүүлэх талын сургал­тууд байдаг учраас компа­нийн захиралууд их хам­рагддаг. Одоогоор 60 гаруй компанийн захирал, 2-3 улс төрийн хүнтэй хамтарч ажиллаад байна. Улс төрийн хүн өнөөдөр ямар чанаруудыг эзэмшсэн байх дотоод сэтгэл зүй, зан чанарын байдал, дээрээс нь тухайн хүний улс төрийн соёл, ёс суртахуун, хувцаслалт зэрэг бүх л зүйлийг хамарсан имид­жийг гаргаж өгдөг. 

Одоогоор сургалтын үр дүн сайн байна. Учир нь сургалтын дараа гарван сарын дадлага хийдэг.  Хү­мүүстэйгээ  үргэлж холбоо­той байдаг учраас сургал­тын үр дүн сайн байдаг.

-Нэг хэсэг манайхан сэтгэл зүйчээс зөвлөгөө авна гэдгийг бараг ойлго­доггүй байсан.  Харин одоо нийгэм, цаг үеэ дагаад сэтгэл зүйчид ханддаг, тэднээс зөвлөгөө авдаг болж. Мөн энэ чиглэлээр сургалт явуулдаг чанар­тай, чанаргүй газар ч олон болсон байна.  Тиймээс та манай уншигчдад хаана ямар  мэдлэг, боловсрол эзэмшсэнээ дуулгаач?

-Би Оросын сургууль­тай хүн. Эрхүү хотын Баг­шийн дээд сургуулийг Хүүхдийн сурган, сэтгэл судлалын чиглэлээр,  Москва хотын Олон улсын бизнесийн акаде­мийг Олон улсын эдийн засаг маркетинг, менеж­мент чиглэлээр, Амери­кийн имиджмейкерийн сургуулийг  ажил хэрэгч, бизнес хүмүүсийн хув­цаслалт, имиджмейкер, Москвагийн их сургуу­лийг Бизнесийн сэтгэл зүйн чиглэлээр тус тус дүүргэсэн. Бизнесийн салбарт 20 жил зүтгэсэн хүн. Бизнес бол миний хийдэг ажил. Үүнийхээ дагуу энэ чиглэлээрээ сурч, мэргэжил эзэмшсэн. Тэгээд энэ чиглэлээр бизнесийг сэтгэл зүйтэй нь холбосон сургалтуудыг  явуулдаг юм. Тухайн хүн өөрийгөө болон сэтгэл зүйгээ бэлдчихсэн байхад бизнесийн зарчмын дагуу их хөнгөн тусдаг. Хоёр­дугаарт, тухайн хүнд биз­несээ хөгжүүлэх хялбар арга барил, нарийн техни­күүдийг тайлбарлаж биз­не­сийг сууриас нь эхлүү­лэхэд нь чиглүүлдэг. Бизнес удирдаж байгаа болон бизнесээ эхлэж буй хүмүүс энэ сургалтад сууснаараа хамгийн хүнд ачаагаа нуруун дээрээсээ авч хаяж байна гэсэн үг.

-Манайхан дунд бизне­сийн ямар ч мэдлэг, турш­лагагүй хүмүүс зээл тус­ламж, төслийн үзүүрээс зуураад энэ салбарт орж ирдэг. Тэгээд мөнгөө мө­рөөдөл гэж хардаг, аль эсвэл мөрөөдлөө мөнгө гэж харж яваад түүнээсээ болж алддаг тохиолдол цөөнгүй байдаг. Тийм бо­ло­хоор таны сургалтад суугаад төгсч байгаа хүмүүсийн ажлын үр дүн хэр байна вэ?

-Төгсөгчдийн маань ажлын үр дүн сайн байна. Тэд бизнесээ хөгжүүлэхэд баримтлах  бүх зарчмуудаа гаргаад ирчихсэн, дагаж мөрдөөд явж байна. Хү­ний амьдрал, бизнесийн орчин гэдэг тусдаа зүйл.  Хүний амьдрал гэдэг фи­зи­кийн хуулиудтай адил байга­лийн хуулиуд дээр тогтож байдаг. Бизнес бол ихэвч­лэн дүрэм, зарчмууд дээр тогтож байдаг. Тийм учраас үүнийг маш сайн ялгаж салгах хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг хийхэд бизнесийн талаас, сэтгэл зүйн үүднээс, оюун­лаг талаас нь гээд олон талаас нь харах хэрэг­тэй. Гэтэл бизнесийн талаас нь харж байгаа хүмүүс бизнесийн зарч­мыг мэддэггүй. Бизнест хүн өөрийгөө яаж удирдах ёстой вэ гэдгээ мэддэггүй, ойлгодоггүй.  Яагаад вэ гэхээр өөрийгөө таниагүй, боловсруулаагүй, өөртэй­гөө ажиллаагүй байдаг. Тийм болохоор хүнтэй харьцаж чаддаггүй, бус­дыг мэдэрч чаддаггүй юм. Үүнээс болж  ажлаа явуулж чаддаггүй. Амьд­рал дээр сур, мэд, дараа нь чи хий гэсэн зарчим үйл­чилж байх ёстой. Ямар ч  хүн  энэ зарчмаар ажиллаж чадвал амжилтад хүрдэг.

-Бусад сургалтын төвүүд­тэй харьцуулахад танайх дадлага олгодог  гэсэн байх юм. Энэ ямар учиртай юм бэ?

 -Ямар нэгэн сургалтад заавал үр дүн байх ёстой. Энэ бол миний зарчим.  Нэгдүгээрт, би бизнесийн хүн. Хоёрдугаарт багш хүн. Гуравдугаарт, сэтгэл зүйч хүн. Өнөөдөр надад хэн нэгний сэтгэл зүйгээр тоглоод мөнгийг нь аваад гаргах бодол алга. Энэ бол ядуурал. Би тийм дорой сэтгэлгээтэй ядуу хүн биш. Би оюунлаг талаасаа ч, эд хөрөнгө талаасаа ч зохих хэмжээний баялагтай хүн. Тиймээс надад ганцхан сургалтын маань үр дүн чухал байна

-Тухайлбал, бизне­сийн­хээ сургалтынхаа дадлагыг яаж хийх вэ?

-Хүн өөрөө өөрийгөө таних гэдэг сэдвээр гурван цагийн сургалт явуулна.  Тэр хүн сургалт дээрээ өөрийнхөө дотоод сэтгэ­лийн асуудлаа ил гаргаж ирнэ. Түүнийг нь  үндэс­лээд сургалтынхаа систе­мийг  гаргаж өгдөг. Таны оюун ухаан, сэтгэл зүй, бизнес ийм байна гээд зарчмыг нь гаргаад өгнө. Тэгээд тэр хүн систе­мийн­хээ дагуу ямар өөрчлөл­түүдийг гаргах ёстой вэ гэдэг дээр нь ажиллаж өгнө. Энэ хугацаа нь гур­ван сар. Гурван сар гэдэг аливаа нэг юм өөрчлөгдөх хамгийн бага хугацаа. Ганцаарчилсан сургалтууд ихэвчлэн 3-4 цаг байна. Харин байгууллагын хувьд цаг гучин минутийн лекц, зөвлөгөө байдаг. Албан байгууллагууд ихэвчлэн ёс суртахуун, харилцааны чиглэлээр хичээл заалгадаг.

-Сүүлийн үед стресс бухимдалгүй хүн гэж алга болж. Ажлын байр, ар гэр, замын хөдөлгөөнд оролцо­ход хүртэл бухимдал бий болдог болсон. Тиймээс өөрийгөө танин мэдэх, хувь хүний сэтгэл зүйн бэлтгэл гэсэн сургалтад чинь  ямар хүмүүс хамрагддаг вэ?         

-Бизнесийн захирлууд түлхүү хамрагддаг. Миний бизнес мөнгөгүй, ашиггүй болоод байна. Манай ажилтан намайг хаяад явчихлаа гээд  ирдэг. Хувь хүний сэтгэл зүйн бэлтгэл гэдэг маш том хичээл. Энэ нь зөвхөн бизнестэй хол­богдохгүй. Амьдралын хүнд, хэцүү нөхцөл байд­лыг яаж туулж гарах вэ гэдэг хичээл байдаг. Энэ бэлтгэлийг авсан хүн бүх зүйлээ эргэцүүлээд боддог болдог. Хүний амьдралын хууль, зарчим ийм байх ёстой байдаг юм байна. Үүнийг ойлгохгүй явж байсан байна гэх зэргээр. Амьдрал гэдэг хууль, зарчим, дадал зуршил дээр тогтдог. Хүн ямар зарчим дээр амьдарна түүний амьдрал тийм л болдог.

-Бизнесийн соёл ха­рил­цаа, ёс суртахуун, уналт түүнийг даван туу­лах гэдэг нь угтаа нэг сургалт юм шиг санагдах юм. Гэтэл танайд сургал­тын цаг нь  тусдаа байна. Үүнийг нь тайлбарлаж өгөөч?

-Манайхан бүх зүй­лийг нэгтгэж бөөгнүүлээд замбараагүй хүлээж авдаг.  Уг нь бүх юм систем, дараалалтай байх ёстой. Энд тэндээс нь цөмлөж авч ойлгосон зүйл хэзээ ч ам­жилтад хүргэдэггүй. Жи­шээ нь амжилтын сэтгэл зүй гэж юу вэ. Амжилтад хүрсэн хүн ямар сэтгэл зүйтэй байх ёстой вэ. Цаа­шид бие болон сэтгэл зүй­гээ яаж авч явах ёстой вэ гэдгийг маш сайн бодож, өөрийнхөө зарч­муудыг гаргах ёстой. Амжилт гэдэг зүйл  ирээд буцдаг. Амжил­тын цаана юу ч байдаггүй. Тиймээс амжилтад хүрлээ, цаана нь байгаа хоосон зүйлийг яаж зохион бай­гуулах вэ. Үүнийг зохион байгуулах том систем гарч ирнэ. Хүн бүр амжилт гэд­гийг өөр өөрийнхөөрөө ойлгодог. Тиймээс бид  хүн бүрийн сэтгэл зүйн онцлогт  то­хирсон сургалтыг явуул­даг юм. 

-Сургалтад сууж бай­гаа хүмүүс багаараа хам­рагдах нь хэр байна. Эсвэл ганцаарчилсан сургалтыг илүүд үзэж  байна уу? 

-Компанийн  захир­лууд ганцаарчилсан сур­гал­тад их суудаг. Тэгээд суусаны дараа ажилчид­даа 10 хоногийн сургалт авья гэх зэргээр хамраг­дана. Би сургалтаа өөрийн­хөө арга барилаар явуулдаг учраас олон хүн­тэй ажилладаггүй. Олон хүнийг нэгэн зэрэг би хэзээ ч өөрчилж чадахгүй.  Хэрэв чи нэг хүнийг өөрийгөө өөрчлөхөд нь туславал тэр хүний ард 10 хүн өөрчлөгдөх чиглэл рүү тэмүүлнэ гэсэн зарчим бий. Аливаа зүйлд  чанар гэж байх ёстой. Тиймээс нэг хүнийг чи өөрчил бусад хүмүүс нь дагаад өөрчлөгдөнө. Тиймээс олон хүн цуглуулдаггүй. Хүн өөрийгөө хүндлэж хайрлахгүйгээр, сургаж, хэлж байгаагаа мэдэрч чадаагүй байж түүнийгээ бусдад  сургана гэдэг бол том алдаанд хүргэдэг.

-Танайд хүмүүсийн бодлыг өөрчлөх, өөрөө өөрийгөө таньж мэдэх гэсэн сургалтууд  явагддаг гэсэн. Энэ тухай ярьж сонирхуу­лаач.  Зан төлөв нь хэзээний төлөвшчихсөн хүмүүсийг өөрчилнө гэдэг хугацаа их шаардахгүй гэж үү?

-Энэ сургалтыг явуу­лах­даа тухайн хүмүүсийн амьдрал дээр нь ярих хэ­рэгтэй. Та яагаад өөрийн­хөө амьдралыг хүндрүүл­сэн. Чи өөрөө л энэ амьдралыг  ийм байдалд хүргэсэн байна. Хүмүүс чамд дургүй байгаа бол чи өөрөө буруутай. Яагаад гэхээр чи өөртэйгөө ажил­лаагүй, ядуу сэтгэлгээтэй байгаатай холбоотой. Бүх хүнд сайхан харагдья гэвэл өөртэйгөө ажилла. Зүгээр байж байгаад хэзээ ч сайхан харагдахгүй. Тиймээс тухайн хүнийхээ сэтгэл нь өвдөж байгаа бодол дээр нь дарж өгөх ёстой. Аливаа хүний сул талыг нь ашиглаж байж, цааш ахиж явдагтай адил юм. Үүнтэй адил сэтгэл зүйн систем гэж байдаг. Тэр л системээр сургалтаа явуулдаг даа.

-Таны хувьд сургалтын төвийнхөө төлбөрийг  яаж тогтоосон бэ. Зарим сур­галтын төвүүдтэй харь­цуу­лахад бага зэрэг өндөр юм шиг санагдлаа?

-Москвад энэ сургал­туудыг  өндөр үнээр заа­даг. Жишээ нь, имидж­мейкер, хувцаслалтын сургалт 300-500 ам.доллар байдаг. Монголд үүнийг ойлгоход хэцүү учраас 250 мянга гэж бичсэн. Компа­нийн захирлуудад дөрвөн багц сургалтыг явуулдаг.  Эдгээр сургалт нийлээд 850 мянга төгрөг болдог. Энэ бол хүн өөртөө оруулж байгаа хөрөнгө оруулалт гэдгээ ойлгох хэрэгтэй. Таны сурсан зүйлийг хэн ч толгойгоос чинь авч чадахгүй, насан туршдаа таны амьдралд хэрэг болно шүү дээ. Нэг өдрийн өмнө мэдэж сурсан мэдлэг чинь, нэг өдрийн өмнө та амжилттай болох болом­жийг бүрдүүлж байгаа юм. Бүх ажил төрөл, амьд­ралаа цэгцлээд ойлгосон захирлууд тайван болдог. Хэдэн сарын дараа асуухаар дажгүй гэдэг. Энэ нь миний хувьд бүх юм сайхан боломжийн байна гэсэн үг. Гол зарчмуудаа мэдсэн хүнд ажиллах орчин нөхцөл таатай санагддаг. Яагаад гэхээр бүх зүйл амьдрал дээр байдаг, амьдралаас гарсан зүйлүүд байдаг Би өдөр ирэх бүр амьдралын сайн сайхан бүхнийг мэдэрч, харж, суралцаж байдаг  учраас энэ бүхнээ нэг хүнд ч гэсэн хэлж өгөх юмсан гэсэн зорилготой ажиллаж байна. Хамгийн гол нь хүнийг өөрөө өөртэй нь ажиллуулах юм. Энэ л гарцыг нь би гаргаж, зааж өгье. Аливаа зүйлийг битгий хүлээ, өөрөө эхэлж хий гэдгийг л хэлэх байна.