Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Бид  “Ноён уулын мө­хөл”  цуврал сурвалжлагыг өмнөх дугааруудаар хүргэ­сэн. Энэ асуудлаар “Гал үндэстэн” хөдөлгөөний  дэд тэргүүн М.Баатархуягтай ярилцлаа.

 -Нүүдэлчдийн түүхийг хадгалсан Ноён ууланд уул уурхайн компаниуд ажил­лаж байна. Тэнд үүссэн  нөхцөл байдлын талаар байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын хувьд та бүхэнд ямар мэдээлэл байна?

-Ноён уулын өвөрт  гур­­ван  компани ажиллаж байна. 2000 оноос “Пу­раам” компани үйл ажил­лагаагаа эхэлсэн. Бидэнд олдсон мэдээллээр сүү­лийн 4-5 жил тэр хавийн голын сав газруудаар шо­роон ордод алтны хайгуул хийж байна.

Гол хэсэг буюу ихэс дээдсийн булш олдсон газраас  ердөө 50 хүрэхгүй км-т хашаа татаж ашиглалтын талбай авсан Австралийн хөрөнгө оруулалттай  “МPS”  компани бий. Энэ компани олборлолт хийх эхний шатандаа орсон.  Мөн нэлээд хэдэн жил хайгуул хийсэн аж ахуй нэгжид өмнө нь   “Гацуурт”-ын   эзэмшил байсан одоогийн “Сентерра  гоулд” компани орно. Сүүлийн жилүүдэд Ноён уулын  ар, өвөр талаас хувиараа алт олборлогч, нинжа нар орж байгаль орчин, булш бунхныг ихээхэн сүйтгэж байна. Тэнд их хэмжээний ойн сан сүйдсэн. Уулын арав гаруй амнаас урсдаг  тус тусдаа нэртэй олон жижиг  гол нийлж Гацууртын голд цутгадаг байсан ч  ундарга нь татарч, зарим нь ширгэсэн.  Хоёр ч рашаан  устаж алга болсныг уул уурхайнхан дарчихсан байх гэж нутгийн иргэд ярьдаг. Эдгээр компаниуд биднийг болоод нутгийн иргэдийг талбай руугаа  оруулдаггүй. Нэг үгээр хэлэхэд, тийшээ орох нь Төрийн ордон руу нэвтрэхээс хэцүү.  Тиймээс бид их төлөв нууцаар уулын оройд гарч зураг авч, харж хянаж баримтжуулж байдаг. Тэгэхээр түүхийн дурсгалт газрыг уул уурхайнхан эзэмшилдээ авч үйл ажиллагаа явуулж байгаа нь лицензийн наймаа, эрх мэдэл, авлигын шинж чанартай гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Өвөг дээдсийнхээ ариун дагшин газрыг харж хамгаалах үүднээс  байгаль хамгаалагч төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнүүд нэлээд эрс шийдэмгий алхмуудыг хийж ирсэн. Үүний хүчинд ашиглалт, олборлолт  руугаа арай орж чадахгүй хүлээлтийн байдалтай байгаа нь ажиглагдаж байна. Бэлтгэлээ хангачихсан хэрнээ юу хүлээж, харзнаж байгааг мэдэхгүй. Тэдгээр компаниуд нэгэнт олборлолт хийгээд эхэлчихвэл Ноён уулын өвөр хэсэг, эртнээс  тахилга үйлдэж ирсэн, нутгийн иргэдийн одоо ч тахиж шүтэж байдаг  уулын  оргил  тэр чигээрээ нурна. 

-Ноён ууланд ОХУ-ын  шинжилгээний ангитай хамтарсан хайгуул, судал­гааны ажил эхлүүлсэн доктор Н.Эрдэнэ-Очир  уурхайн ашиглалт, хайгуу­лын талбайд түүхийн дурсгал өртөөгүй гэсэн мэдээллийг  хэдэн жилийн өмнөөс өгч ирсэн. Энэ талаар та юу хэлэх  вэ?

-Наад асуудлыг чинь бодит байдалд авч үзэх юм бол  ташаа мэдээлэл. Яагаад ингэж хэлэв гэвэл, зарим уурхай тэнд зөвшөөрөл аваад хэчнээн жил хайгуул хийсэн нь тодорхой бус.  Зарим нь 30 гаруй булш бунхан олдсон уулын оройн хэсэг рүү шууд яваад орчихсон юм шүү дээ. Тэгээд асуудлаас зайлсхийхийн тулд яг тэр хэсэг буюу Сүжигтийн аманд харъяалагдаж байгаа зөвшөөрөлтэй талбайгаа өөр компанид зарчихсан. Үүнийхээ дараа “Манайд хамаагүй, бид мэдэхгүй” гээд байгаа юм. Гэтэл Ноён уул түүхийн дурсгалт бүс нутгаар тогтохгүй   усны болоод ойн том сан газар. Тэр уулын хамгийн том орд байгаа цөм хэсгийг олж илрүүлж түүндээ өөрсдөө эзэн сууж,  бусдыг нь зарж худалдаж  байна. 

-Ноён уул хэчнээн булш, бунхантай  нарийн тоолж гаргасан судалгаа байхгүй болов уу. Тэгэхээр  хаана нь ямар булш бунхан байсан, үрэгдсэн үү,  үгүй юу  гэдгийг тооцох боломжгүй. Харин нүднээс далд юу болж байгааг хардах эрх  бидэнд байх шив?

-Тэр олон уул уурхайн компани, нинжа нарын хөлд түүхийн дурсгал устаж  сүйдэж байгаа гэж  болно. Хардах эрхийнхээ дагуу аваад үзэхэд тийм магадлал 100 хувь  байна. 1924 онд Хүннүгийн анхны том булш  илэрч, сүүлийн 60-70 жил хайгуул хийгээ биз. Гэтэл тэнд байгаа булш бунхныг  бүгдийг олж илрүүлж чадаагүй. Эртний монголчуудын  их  хаадын булш бунхнаас өнөөдөр нэг нь ч илрээгүй байна. Нутгийн иргэдийн ярьж буйгаар  тэнд  ноёд, ихэс дээдсийн эртнээс тахиж, шүтэж ирсэн ариун газар байсан гэлцдэг. 1600-1700  оны түүхийн эх сурвалжуудад Ноён уулын  тахилгын тухай дурдсан байдаг. Сүүлийн үеийн баримт бичгүүдэд тэрхүү тахилгад   зарцуулах хөрөнгийг жасаанаас  гаргаж өгдөг байсан талаар тэмдэглэсэн нь бий. Гэтэл Ноён уул 2000 жилийн тэртээгээс  ихэс, дээдсийг нутаглуулдаг байсан газар юм.  Тиймээс  хойч үеийнхэн тахиж, шү­тэж ирсэн нь ойлгомжтой. Нөгөө талаас Сүжигтийн ам болон тэр орчмыг  монголчууд догшин  газар гэж нэрлэдэг,  тийш нь хүн явуулдаггүй хорьдог  байсан тухай  нутгийнхан ярьж, судлаачид тэмдэглэсэн  байдаг.

Бурхан Халдунд Их хориг гэж газар бий. Тэнд харийн хүний хөлийн мөр бүү гарга гэж зарлигдсан байдаг. Тэгвэл эзэн хааны  тэр их хориг  Ноён ууланд  байсан байгаа юм. Их хоригт жирийн хүн байтугай харийн хүнийг очуулдаггүй байж. Гэтэл өнөөдөр тэр  ариун дагшин газарт маань  харийнхан хүрч ирээд ихэс, дээдсийн булшийг хөндөж, ил далд авч явж байх жишээтэй. Сүүлийн 4-5 жил алтны компаниуд газар нутгийг  нь сүйтгэж, түүхийн, палентологийн, эд өлгийн зүйлүүдийг ил далд авч устгадаг, наймаалдаг болсон. Өнөөдөр тэдэнд алт нь чухал байгаа учраас  бидний  юугаар ч орлуулшгүй  түүхийн өв, соёлыг юман чинээ бодохгүй устгаж орхих нь тодорхой. Төр үүрэгт ажлаа хийхгүй, эсрэг талын нөхдүүдтэй ашиг хонжооны төлөө гар нийлж орчихоод, тодорхой хэлбэл  нэр бүхий зарим компани өмнөх Ерөнхий сайдтай холбоотой байсан гэдэг нь мэдээллийн олон эх сурвалжаар батлагддаг. Энэ  ард нь юу байгааг хэлээд байгаа юм биш үү.

-”Гал үндэстэн”  холбоо уул уурхайнханд шаардлага хүргүүлж байсан гэсэн. Тэд хэрхэн хүлээж авч байх юм?

-Анх 2010 оны хавар Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс шаардлага хүргүүлж байсан. Түүнд “Урт нэртэй хууль”-ийн хэрэгжилтийг хангах тухай  тэмдэглэсэн. Зарим компанийн захиралтай  биечлэн  уулзахад  “Манай компани  тэр хуулийн эсрэг лобби хийж байгаа. Удахгүй хүчингүй болно. Тиймээс бид үйл ажиллагаагаа зогсоох бодолгүй байна” гэсэн хариу өгсөн. Тэр асуудлаар бид тухайн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хандаж байсан. Гэвч төр анхаарал хандуулаагүй. Гал үндэстэн холбоо 2010 онд  байгуулагдсан цагаас эхлэн иргэний хөдөлгөөнүүдтэй хамтран ярилцаж байгаад галт зэвсэг хэрэглэх хэмжээнд хүрч байсан. Шалтгаан нь тэд төрийг нь хахуульдаж,  түмэн олныг нь нулимсантай холбоотой. Нэг талаас байгаль орчныг сүйтгэж байгаа техник  бол зэвсэг юм. Тэгвэл бид тэрхүү зэвсгийн эсрэг нүцгэн гараар яваад нэмэргүй. Зэвсгийн эсрэг зэвсгээр тэмцъе гэсэн шийдвэрт хүрсэн нь тэр. Энэ асуудлыг холбогдох байгууллагууд жил тойрон шалгаад  байгаль орчноо хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлсэн учраас гэмт хэрэг биш гэж үзсэн.

-Сүүлийн үед танай холбоо болон иргэний хөдөлгөөнүүд ямар ажил зохион байгуулав?

-2011 онд бид байгаль орчныг хамгаалах хуулийг хэрэгжүүлэх талаар олон ажил зохион байгуулсан. Төв, Сэлэнгийн сав газ­раар явах үеэр “Пураам”  болон бусад  компанид шаардлага хүргүүлсэн. “Пураам” компани “Бид нэмж шинээр газар хөндөхгүй. Компаниа зарчихсан. Харин өмнөх компани ажиллаж байсан овоолгын шороог угааж, нөхөн сэргээлт хийнэ” гэсэн хариу өгсөн. Түүнээс хойш  нэг жилийн дараа  саяхан  сар гаруйн өмнө  очиход  амласан хэмжээндээ байсангүй. Олборлолт явуулсан хэвээр байна. Хэр хэмжээний газар хөндсөнийг бид тогтоож чадахгүй байна. Яагаад гэвэл цас орсноос  газрын баримжаа авахад хэцүү. Ирэх хавар шаардлага хүргүүлнэ. Бидний тавьж буй асуудал бол төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнүүдийн  зүгээс байгаль орчноо хамгаалахаар хийж буй ажил юм. Нөгөө талаас  орон нутгийнхан эрх ашгаа хамгаалж тэмцэх  хэрэгтэй байна. Тухайлбал, Мандал сумын удирдлагууд  төрийн тусгай хамгаалалттай бүс нутагт хамруулсан гэдэг. Гэтэл бодит байдалд уурхайнууд ажиллаж байх жишээтэй. Нөгөөтэйгүүр, тэнд ажиллаж, амьдарч байгаа манай холбооны гишүүн асуудал хөндөөд ярихад  орон нутгийн цагдаагийнхан  дуудаж уулзаад “Та ийм асуудал дахиж гаргаж болохгүй” гэсэн байна лээ. Уг нь  цагдаагийн   байгууллага  уул  уурхайнхны үйл ажиллагааг хянаж, зогсоох байтал тэнд байгаа бэлчээр нутгаа  хамгаалах гэсэн  иргэдийн тэмцлийг таслан зогсоохоор ажиллаж байгаагаас төрийн байгууллага болоод төрийн бус байгууллага яаж ажилладагийн наад захын  жишээг харж болно.