Л.ХЭРЛЭН
Барилгын салбарынхан өчигдөр Төрийн ордонд зөвлөлдлөө. “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцооны шинэчлэлт” сэдэвт үндэсний зөвлөгөөн гэсэн сүржин нэртэй ч тодорхой шийдсэн асуудал байхгүй. Иргэдийн хүлээж буй асуултуудад эрх бүхий хүмүүсээс нь хариу авах гэтэл зарим нь бултаж, олонхи нь мэдэхгүй гэнэ. Тус салбарт гарсан осол, аваарын тухай хэвлэл, мэдээллийнхэн бичсээр байгаад шоконд оруулчихсан, түүнээсээ гарч чадалгүй дараалан осол хийсэн гэж үзэж буй албан тушаалтан ч байх. Ярьж буй зүйлүүд нь их төлөв ерөнхий. Ийм учраас үндэсний зөвлөгөөн гэх тэрхүү улсын хэмжээний том хурлыг “бантан” гэхээс өөрөөр нэрлэх аргагүй.
Харин зөвлөгөөнд оролцож буй Ажил олгогч эздийн холбоо, Барилгачдын холбоо болон нэр бүхий компанийн захирлууд тус, тусын байр суурийг илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариулсан гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.
Зөвлөгөөнөөр ярьсан гол асуудал тодорхойгүй нэгэн сургалтын тухай байлаа. Барилгачдад сургалт зохион байгуулж цэнхэр карт олгох юм гэнэ. Яаж явуулах, ямар мэдлэг, чадвар эзэмшүүлэх нь бүрхэг. Зөвлөгөөнд оролцогчдод тараасан гарын авлага нь сургалт явуулах тухай зар. Хурлаа эхлээгүй, талууд санал, дүгнэлтээ харилцан солилцоогүй байж “Сүүлийн үед барилгын салбарт гарч буй осол эндэгдлийн шалтгаанууд болоод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцооны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгааг энэхүү зөвлөгөөний явцад тодорхойллоо” гэсэн мэдээллийн хуудас тараачихсан байх жишээтэй. Эцэст нь тэд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хамтран ажиллахаа шийдвэрлэсэн гэцгээж байна. Үүнээс үзэхэд өмнө нь хамтарч ажиллахгүй яасан юм бэ гэх бодол төрнө. Нэг салбарт ажиллаж байгаа хэрнээ хэдэн тийшээ хараад суучихдаг байснаас алдаа эндэгдэл гарч тэр бүү хэл хүний амь эрсдэж ирсэн юм болов уу гэмээр. Ийм нэгэн бүрхэг зөвлөгөөнөөс тодруулахаар зорьсон асуудлуудаа багцлан хүргэж байна.

ТУЛГАМДСАН АСУУДАЛ
-Европын жишээгээр одоогийн барилгын аж ахуй нэгж, барилга үйлдвэрлэлд дутагдаж байгаа аюулгүй ажиллагааны шинэ албадыг бий болгох,
-Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах.
-Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаатай холбоотой сургалтыг үндэсний хэмжээнд албан ёсны болгон үр өгөөжийг нэмэгдүүлж, хуулийн зохицуулалтад оруулах,
-Европ стандартын тендерийн тухай хуулиас өөрсдийн хуульд зохицуулан дараах байдлаар нэмэлт оруулах, Үүнд:
-Аливаа төсөв мөнгөөр хийгдэх ажилд хөдөлмөрийн аюулгүй байдалд зориулагдах зардал, тооцоог заавал тусгах албан шаардлага,
-“Барилгын үйлдвэрлэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн аттестатчилал”-р хянан шалгагдаж, аттестатчилагдсан байгууллагуудын жагсаалт үүсгэн, Барилга, хот байгуулалтын яамаар удирдуулсан барилгын үндэсний бүртгэлийг бий болгох,
-Хөрөнгө оруулагч, захиалагч, ерөнхийлөн гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч байгууллагуудын хооронд ажлын байран дахь аюулгүй ажиллагаатай холбоотой хамтын хариуцлагын тогтолцоог бий болгох,
-Барилгын үйлдвэрлэл эхлэх зөвшөөрөл авсан компани заавал тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагад мэдэгдэж, тэдний хяналтанд ажиллах,
-Торгуулийн журам, тогтолцоог сайжруулах, шинэчлэн тогтоох.