Д.Оюун

1990 оноос хойш өнгөрсөн хугацаанд хүүхдийн хөгжих эрхийг үл хүндэтгэн зөрчиж ирсний улмаас сургуулийн гаднах спортын талбай, орон сууцны гаднах тоглоомын талбайг олноор нь устгаж үгүй хийжээ. Хүүхдийн хөгжих эрхэд үйлчлэх олон барилга, байгууламжийг устган зориулалт бусаар ашиглалтад шилжүүлсэн байна. Үүний нэг жишээ нь Залуу техникчдийн ордон /ЗТО/, түүний аймаг, нийслэл дэх салбар станцын барилга, байгууламж, үйл ажиллагаа юм хэмээн Монголын Залуучуудын холбоо, ЗТО-ы үйл ажиллагааг сэргээн байгуулах ажлын хэсгийн хэвлэлийнхэнд хандлаа. Хжьлжлийн бага хуралд Нисэх загвар спортын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Батзориг ,  хуульч, өмгөөлөгч Б.Бэхбат,  МЗХ-ны Мэдээлэл Судалгаа Шинжилгээний Газрын дарга М.Энхтайван,  Монголын Нисэх загвар спортын нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Амарсайхан, ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн захирал Б.Сүхбат,  Мэдээлэл холбоо технологийн сургуулийн багш Чулуун, нар оролцлоо.

Тэдний ярьснаар, “Хүүхэд, багачуудын техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлж, ирээдүйн инженерүүд төрөн гарах уурхай  болж байсан  Залуу техникчдийн ордныг 1975 онд байгуулсан байдаг. Гэтэл өнөөдөр энэ барилга хүүхэд залуучуудад зориулалтаараа огтхон ч ашиглагдахгүй байгаа. Одоо үүнд  Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Өнөөдөр зохион бүтээх, дадлага сургалтын бүхий л суурь машин багаж, төхөөрөмжүүдийг бүгдийг үгүй хийж, акталж устгаад, хүүхдийн техникийн бүтээлийн үзэсгэлэн гаргаж  байсан орчин үеийн  интерьер дизайны шийдэл бүхий  шилэн тасалгааг нурааж гуанз болгоод эхэлсэн. Одоо тэнд  техникийн нэг ч дугуйлан  явагдахгүй  болж бүхнийг үгүй  хийжээ. Хүүхдүүд  астроном  үзэж, одот тэнгэр,  гариг ертөнцийг дуранддаг телескопыг буулгаж хаяад, өндөр цамхагийнх нь  ёроолоос  нь орой хүртэл хог новш  дүүргэж,  склад  болгожээ.

МҮОНТ-ийн “Залуу зохион бүтээгч” уралдаант нэвтрүүлгийн анхны жилийн төгсгөлийн дугаарт тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд байсан С.Батболд оролцохдоо Залуу техникчдийн ордныг хүүхдүүдэд нь өгнө гэж ам гарч байсан. Улс  орны хөгжил дэвшилд техникийн  сэтгэлгээ, зохион  бүтээх  авьяас чадвар, техникийн өргөн  мэдлэг, инженерийн боловсрол  хэрэгтэйг ухаарч  шинэчлэлийн Засгийн газар Залуу  техникчдийн  ордныг чөлөөлж,  жинхэнэ эзэд  нь  болох техник сонирхогч хүүхдүүдэд буцааж өгнө гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгдлээ.

Монголын залуучуудын холбооноос хотын мээр Э.Бат-Үүлд залуучуудад тулгамдаад буй нийгмийн асуудлаар нэн яаралтай шийдэх ёстой 14 саналыг хүргүүлсэн аж. Эдгээр саналуудын дотор ЗТО-ы үйл ажиллагааг сэргээх саналыг оруулж, өнөөдөр ЗТО-ны үйл ажиллагааг сэргээх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж эхэлснээ  нийтэд мэдээлж байгаа юм. Энэ хэвлэлийн бага хурлын дараагаар тэд Залуу техникчдийн ордны статус, менежмент, хөрөнгө оруулалтын талаар тодорхой санал бэлтгэн Ерөнхий сайд, Боловсролын сайд, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлэхээр бэлдэж байна. Улс орны цаашдын хөгжилд техникийн сэтгэлгээтэй, өндөр чадвартай инженер мэргэжилтнүүд хэрэгтэй байгааг ойлгож, эдгээр боловсон хүчнийг бэлтгэн гаргахад энэ ордны үйл ажиллагааг зайлшгүй сэргээх шаардлага байгааг ойлгож хамтран ажиллана гэдэгт итгэж байна хэмээлээ.  

ЗТО-ы үйл ажиллагаа нь дараах зорилгыг хэрэгжүүлэх аж

·         Нийтийн техникийн бүтээлийг шинжлэх ухаан, техникийн загвар зохион бүтээх спортыг хэлбэрээр улсын хэмжээнд сурталчлан хөгжүүлэх;

·         Хүүхдийн авъяасыг нээх, хөгжүүлэх, хүүхдэд хөдөлмөрийн дадлага, ажлын ур чадвар эзэмшүүлэх, мэргэжлийн баримжаа олгох, гоо зүйн хүмүүжил төлөвшүүлэх;

·         техник сэтгэлгээтэй, гоо зүйн мэдрэмжтэй, бүтээх ур чадвартай инженер, техникийн ажилтны өсвөр үеийг бэлтгэх;