Д.ЦЭРЭННАДМИД
Монгол Улсыг тунхагласан өдөр. Улс тунхагласан гээд ярихаар л Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн тухай дурсах нь зүйн хэрэг байдаг. Энэ талаар Хууль зүйн дэд сайд асан В.Удвалтай ярилцлаа.
-Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн ач холбогдлыг цөөхөн үгээр илэрхийл гэвэл та юу хэлэх вэ?
-1924 оны Үндсэн хууль бол Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж Бүгд найрамдах засаглалыг тогтоон, хаант ёсыг халах эрх зүйн эх үндсийг бий болгож өгсөн гол ач холбогдолтой гэж үздэг.
Бүр тодруулан хэлбэл Монгол Улсад Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх, бусад соёлт хүн төрөлхтний адилаар нийгмийн харилцааг зохицуулах зарчмыг цоо шинэ маягаар баталгаажуулсан гэж болно. Анхдугаар үндсэн хуулийн оршил хэсэгт нэг чухал өгүүлбэр бий. Үүнийг үгчилбэл БН улсыг тогтооно. Тэргүүлэх дарга да жунтангүй улс болно гэсэн бий. Энэ нь хууль зүйн хувьд Ерөнхийлөгчийн засаглалгүй улс байна гэсэн заалт юм. Нөгөө талаар Үндсэн хуулийн гол зарчмын асуудал дотор төрийн бүтэц ямар байх, нийгмийн болон улс төрийн үндэс суурь нь юу байх, өмчийн хэлбэр ямар байх гээд гол гол заалтууд бий. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ УИХ, мөн улсын Бага хуралтай байна гээд хууль тогтоох байгууллагын ажиллах зарчмыг нарийн заасан байдаг. Анхдугаар Үндсэн хуулийг боловсруулан баталж гаргасан тухайн үеийн улстөрчид тухайлбал хичээнгүй сайд Б.Цэрэндорж нарын ардын засгийн анхны долоо тэргүүтнүүд олон улс орны хуулийн талаар судалж жаяг, жишгийг нь өөрийн нөхцөлд уялдуулж төлөвлөж байж бий болгосон гэж судлаачид бичсэн байдаг юм. Тиймээс өөр улс орны Үндсэн хуулийн жишгийг хангасан сайн хууль болсон гэж үздэг.
-Үндсэн хуулийн үечлэлийг бас янз янзаар авч үздэг юм шиг байгаа юм.
-Тийм. Нэгдүгээрт шинэчилж баталсан он жилүүдээр үечилдэг. 1924, 1940, 1960, 1992 он гэж авч үздэг бол арга зүйн хувьд нарийн дүн судалгаа хийснээр 1924-1990 он гэж хуваадаг үечлэлийн нэг тал бий. Тухайлбал Б.Чимэд гуай Үндсэн хуулийг судлахдаа үечлэлийг суурь зарчмуудтай нь нягт холбоотой авч үзсэн байдаг. 1924-1990 оны Үндсэн хуулиудад төрийн бүтэц зохион байгуулалтыг УИХ-д төвлөрүүлж тогтоосон байдаг бол 1992 оны өөрчлөлтөөр төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудад хуваарилан цоо шинэ зарчмын өөрчлөлт хийсэн юм. Эдийн засгийн суурь зарчмын өөрчлөлтийг хийхдээ хувийн өмчтэй байхыг хүлээн зөвшөөрсөн юм. Эдгээр өөрчлөлтийг хийх болсон нь улс орны хөгжлийг дагаж нийгмийн харилцааг шинээр зохицуулах шаардлага бий болсон явдал байлаа.
-Үндсэн хууль бол хэзээ ч хэлбэрэлшгүй мөрдөх учиртай “эцэг хууль” гэж ярьдаг. Гэтэл хэрэгжүүлэх тал дээр ихээхэн учир дутагдал байна гэдэг. Энэ талаар...?
-Аливаа улсын Үндсэн хууль гэдэг бол төрийн үйл ажиллагааг эрх зүйн талаар зохицуулж өгдөг, нийгмийг хөтлөн жолоодох зохион байгуулалтад шууд үйлчилдэг хамгийн гол баримт бичиг. Тиймээс заалт бүрийг нь мөрдөх, чиг шугамаас гажих учиргүй юм. Гэтэл манайд Үндсэн хуулиа баримтлаж чадахгүй байгаагаас эрх мэдлийн хуваарилалт нь буруу болчихоод байна. УИХ гэхэд Засгийн газраа хянаж байх зарчим бүр алдагдсан. Өнөөдөр УИХ-ын үйл ажиллагаанаас болоод Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх сахин биелүүлэх явдал нийтээр дутмаг байна. 1992 оны шинэ үндсэн хуульд төрийн албаны тухай маш тодорхой заалт бий. Гэтэл сүүлийн үед төрийн албыг устгаж нийтийн алба гэж нэрлэх юм ярих болов. Энэ бол шинэчлэл огт биш. Хэрэв зайлшгүй өөрчлөх ёстой юм бол Үндсэн хуулиа өөрчилж байгаад дараа нь хийх хэрэгтэй биз дээ.
Үндсэн хуулийг хэрэгжүүлэх гэсэн ухагдахуун бол тухайн хуулиар зохицуулж байгаа хэм хэмжээг гуйвалтгүй мөрдөх нь зүйтэй гэсэн үг.
-Илэрхий зөрчил энгийн хүнд ч ажиглагдаж байдаг юм. Тухайлбал УИХ-ын гишүүн ажил үүргээсээ өөр албан тушаал хавсарч болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөөр ирсэн дээ?
-Энэ тухай 1992 оны Үндсэн хуульд нарийн заасан бий. Гэтэл 1999 онд УИХ энэ заалтад өөрчлөлт оруулсан. 2000 онд түүнийгээ баталчихсан. Энэ нь төрийн эрх мэдлийг хуваарилах талаар Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг зөрччихсөн. Намайг цэцийн гишүүн байх үед УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэдэг асуудлыг гурван янзын хуульд өөрчилж оруулж ирсэн. Цэц хэлэлцээд хүчингүй болгож байсан. Гэтэл 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн засгийн газрын гишүүн байхаар хуульчилсан. Бас нэг том зөрчил байдаг нь УИХ-ын бүтцэд намууд ороод ирсэн явдал. Энэ бүхэн Үндсэн хуулийнхаа үндсэн зарчмыг илт зөрчсөн хэрэг юм. Одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүн бараг 100 хувь УИХ-аасаа бүрдчихсэн байгаа шүү дээ.
-Сонгууль гэж бас Үндсэн хуулийнхаа үндэслэл заалтаас гажсан гэж болох биз ээ?
-1940 оны Үндсэн хуулийн заалтаар сонгуулийг хийх ёстой. 1949 оны шинэчлэлтээр урьд нь байсан хязгаарлалтуудыг үгүй болгож бүх нийтээр сонгуульдаа оролцдог болсон. Гэвч өнөө үед сонгуулийг хуулийн дагуу зөв явуулахаа байсан. Буруу тал нь иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авдаг болсноос бэлтгэгдээгүй, олон түмнээ төлөөлж чадах чадваргүй хүн сонгогдож байна. Уг нь төлөөллийг ардчиллын зарчмаар УИХ-д хэн ч сонгогдож болно. Гэхдээ олон түмний хүсээгүй, дэмжээгүй хүмүүс намаараа дамжаад мөнгөөр нэр нүүр хийн гарч ирээд УИХ-ын гишүүн болдог болж. Ний нуугүй хэлэхэд намдаа хамгийн их мөнгө өгсөн хүн л сонгогддог шүү дээ. УИХ-д мэдлэг чадвараар дорой гишүүн олширхоор тэндээс “үйлдвэрлэгддэг” бүтээгдэхүүн болох хууль нь муу болоод байгаа юм. Олон хууль гаргаж байна л даа. Харин түүний зарим нь Үндсэн хуультайгаа зөрчилдсөн, бас өөр хоорондоо тэрсэлдсэн байх жишээтэй. Энэ байдал цаашид үргэлжлээд байвал сул орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хортой юм шүү.
-Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчих явдал байсаар л байгаа гэдэг...?
-Тийм л дээ. Тэр бүхэнтэй хийх тэмцэл манайд эрх зүйн хувьд жаахан хаагдмал байдаг юм. Үндсэн хуулийн цэц гэхэд хүний эрхийн зөрчлийг бусад орнуудын Үндсэн хуулийн шүүхтэй адил шууд аваад хэлэлцдэггүй нэг зовлон бий. Хүний эрх зөрчигдсөн асуудлыг заавал иргэдийн гомдол саналаар тухайн хууль Үндсэн хуультай зөрчилдсөн гэдгээр авч хэлэлцдэг. Уг нь хүний эрх төрийн байгууллагын үйл ажиллагааны доголдлоос, албан тушаалтны буруугаас ихээхэн зөрчигддөг нь нууц биш. Иргэдийн эрхээ хамгаалуулах зарчим нь ч зарим талаар тодорхой биш байдаг. Германд эрхээ хамгаалуулах явдал их өвөрмөц. Нэг иргэн миний сурах гэсэн сургууль манай мужид алга. Иймээс миний эрх зөрчигдөөд байна гэж Үндсэн хуулийн шүүхдээ гомдол гаргасан байх юм. Шүүх гомдлыг нь хэлэлцээд тэр иргэний эрх үнэхээр зөрчигдсөн гэж тогтоож. Манайд иймэрхүү гомдол гаргасан байвал инээдэм болгоод л өнгөрөх байх.
-Та цэцийн гишүүн байсан хүн. УИХ-ыг хянаж Үндсэн хуулиа хамгаалах үүргээ цэц биелүүлж байгаа юу гэдгийг асуумаар санагдлаа?
-Үндсэн хуулийн цэцтэй холбоотой зохицуулалт нь юу байдаг вэ гэвэл цэцэд, дунд, их суудлын гэсэн гурван хуралдаан байдаг. Хууль зөрчсөн гэх асуудлыг дунд суудлын хуралдаанаар авч хэлэлцдэг. Шийдвэрээ УИХ-д өгдөг. Үүнийг УИХ хүлээн авч болно, авахгүй ч байж болно. Хүлээж авлаа гэдэг нь УИХ хууль зөрчсөнөө зөвшөөрч алдаагаа засах боллоо гэсэн үг. Цэцийн шийдвэрийг УИХ хүлээн аваагүй нөхцөлд их суудлын хуралдаанаар уг асуудлыг дахин хэлэлцэж эцсийн шийдвэр гаргана. Шийдвэр гармагц хүчин төгөлдөр болж, хууль бус зөрчилтэй шийдвэрийн үйлчлэл зогсох учиртай байдаг.
-1992 оны дордуулсан долоон заалтын тухай ярихгүй өнгөрмөөргүй байна?
-Энэ тухай би дэндүү олон ярьсан даа. Тэр долоон заалт 1990 оны Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг гажуудуулсан. Жишээ нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэснээр төрийн эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэржүүлэлтийг алдагдуулсан. Мөн тэгвэл 76 гишүүний 51 хувь нь хуралдаа ирвэл хурал хүчтэй гээд түүний 50-1 хувь нь санал нэгдвэл асуудлыг шийдэхээр болсон. Өнөөгийн Засгийн газрын сайдууд байхад л их хурал шийдвэрээ гаргачих боломж бий болсон. Гурав дахь энгийн зүйл УИХ-д намаас найман хүн сонгогдвол намын бүлэг байгуулж болох заалт бий. Тэгэхээр бүлэг бүрээс УИХ-ын дэд даргыг сонгох нь. Сонгохдоо ил сонгоно гэсэн Ардчиллын зарчим мөн үү. Биш ээ. Одоо УИХ-ын гишүүн бүгд давхар сэтэртэй болсон нь үүнийх нь уршиг шүү дээ. Энэ мэт дордуулсан долоон заалт бий.