- Х.Тэмүүжин сайд аа, таны шинэчлэл хэрхэн хэрэгжиж байна вэ-
Ч.ОЛДОХ
Нийслэлийн шүүх хэрэгтний талд асуудлыг шийдэж иргэдийг хохироосон тухай эх сурвалжууд хэллээ. Хүн залилж их хэмжээгээр хохироосон этгээдэд анхан шатны шүүхээс ногдуулсан ялын зүйл заалтыг Нийслэлийн шүүх хэрэгсэхгүй болгосон гэнэ.
Хэн ямар хэрэг үйлдэж, асуудал хэрхэн шийдэгдэж, Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч ямар байр суурь баримталсан нь анхаарал татна. Энэ тухай тодруулбал, шүүгдэгч Б.Батцэнгэл гэгч 2006 онд иргэн О-гоос Арабын Эмирт улсаас оруулж ирсэн Ланд круйзер прадо маркийн 47 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг 42 мянган ам.долларт бодон худалдаж аваад мөнгийг нь эргүүлж өгнө хэмээн итгэлийг нь эвдэн хуурч мэхэлжээ. Үүнийхээ зэрэгцээ Ц.Чинбат, Д.Ганцэцэг нартай бүлэглэн хэд хэдэн хүнийг хуурч мэхлэх замаар бусдын орон сууц, их хэмжээний тамхийг залилан авч хохирол учруулсан байж болзошгүй талаар шүүх хянан хэлэлцсэн байна. Эдгээрээс эхний хэрэг буюу Ланд круйзер прадо маркийн автомашинтай холбоотой хэрэг баримтаар нотлогдож байх тул Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс Б.Батцэнгэлийг гэм буруутайд тооцож ял ногдуулах үндэслэлтэй гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Батцэнгэл 2006 оны долдугаар сард иргэн О-гоос, түүний Арабын Эмирт улсаас оруулж ирсэн Ланд круйзер прадо маркийн 47 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг 42 мянган ам.долларт бодон худалдаж авч, тамхи болгож зараад, мөнгийг нь өгнө хэмээн мэхэлсэн болох нь хэд хэдэн баримтаар тогтоогдсон байна. Энэ нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ланд круйзер прадо маркийн автомашиныг ОХУ-ын иргэнтэй тамхиар сольсон боловч уг тамхины үнэ буурч алдагдалд орсон” гэх мэдүүлгээс тодорхой. Мөн хохирогчийн “...намайг Хөвсгөл явж байхад Б.Батцэнгэл таны машиныг тамхиар солиод зараад өгье гэсэн. Тамхи авсан, сольсон эсэхийг би мэдэхгүй. Өнөөг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна. Нөгөөтэйгүүр, Гаалийн ерөнхий газрын албан тоот, автомашины зураг болон ОХУ-ын иргэний нэр дээр ямар ч бүрдүүлэлт хийгдээгүй тухай албан тоот, “Алтангадас трейд” компанийн Б.Батцэнгэл нар тамхи худалдан авч байгаагүй гэх албан бичиг байна. Тэрээр мэдүүлэгтээ тамхи оруулж ирдэг байсан “Петролиум” гэх компаниас тамхи худалдан авахаар ярилцаж, зээл тавьж худалдаж авсан гэжээ. Гэвч, тийм нэртэй хуулийн этгээд байхгүй тухай Татварын ерөнхий газрын албан тоотоор худал ярьж хуурч мэхэлсэн нь тогтоогджээ.
Анхан шатны шүүх хянан хэлэлцээд, уг хэрэг 2006 оны долдугаар сард болсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1-д “...ногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг үндэслэл болгожээ. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Батцэнгэлийг 2008 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж 6.6 жилийн ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ. Мөн Б.Батцэнгэлийг үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэжээ. Бодит байдалд аваад үзвэл, шүүгдэгч 2006 оны долдугаар сараас хойш өнөө хүртэл хохирогчид нэг ч төгрөг өгөөгүй. Уулзахгүй зугтдаг атлаа шүүх хурал дөхөөд ирэхээр утсаар “Удахгүй өгнө. Гомдлоо татаж аваач” гэдэг байсныг хохирогчид ярьж байна. Өгөх байсан бол өгөхөөр хугацаа өнгөрчихөөд байхад ийнхүү арга саам хайж байгаа нь “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд гардаг, түүнээс улбаалан бидний ярьж заншсанаар “Тал еэвэнгийн үлгэр”-ийг санагдуулна.

Анхан шатны шүүх иргэдийг их хэмжээгээр хохироосон залилангийн хэргийг ингэж авч үзсэн бол Нийслэлийн шүүх өөрөөр авч үзсэнд хохирогчид одоо ч гомдолтой байгаа аж. Учир нь энэ сарын 8-нд Нийслэлийн шүүхэд Б.Сарантуяа шүүгчийн даргалан явуулсан Давж заалдах шатны шүүх хурлаас шүүгдэгч Б.Батцэнгэлд анхан шатны шүүхээс ногдуулсан 6.6 жилийн ялыг хэрэгсэхгүй болгосон гэнэ. Ямар учраас гэдэг нь тун бүрхэг. Энэ тухайд хохирогчид “Шүүгдэгч Б.Батцэнгэл нь Б.Сарантуяа шүүгчийн дүү Батболдтой Ленинградын Биеийн тамирын дээд сургуулийг хамт төгссөн найзууд. Тиймээс шүүгч нэг талыг барьж, хэрэг шийдсэн” хэмээн ярьж байна. Энэ тухайгаа ч тус шүүх хурлын дараа Б.Сарантуяа шүүгчид нүүрэн дээр нь ил хэлсэн гэнэ.
Эцэст нь тэмдэгдэхэд эдгээр иргэд Х.Тэмүүжин сайдын хуульзүйн салбарт эхлүүлсэн шинэчлэлээс нааштай үр дүн хүлээж байгаагаа хэлснийг уламжилъя. Шүүх нотлох баримтад тулгуурлаж хэрэг шийддэг. Тэгвэл анхан шатны шүүхээс баримтад үндэслэж шийдсэн их хэмжээний хөрөнгө, мөнгө залилж иргэдийг залилсан энэ хэрэг яагаад Нийслэлийн шүүх дээр үндэслэлгүй болж хэрэгсэхгүй болдог юм бол гэсэн асуулт байна.