“Чингис хаан” одонг энэ жил “The HU” хамтлагт олгохоор болсноо Ерөнхийлөгчийн Тамгын газраас зарласан. “The HU” хамтлагийн продюссер, гавьяат жүжигчин Б.Дашдондогийг Зууны мэдээ сонин “Нэгдүгээр хүн” буландаа урьж ярилцсан билээ.  Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

-Түүх судлах чинь маш чухал юм байна. Бид өнгөцхөн, чихэнд ойрхон байдаг зүйлийг сонсоод болж байна гэж ойлгодог. Дэлхийн соёл, урлагийг Монголд сурталчлах ажлыг бидний хэсэг нөхөд хэсэг хугацаанд сайн хийжээ.  Одоо үүнийгээ эргүүлээд түүх буюу монгол урлаг, хэв маягаа илүү шингээн баяжуулж гаргаж ирэх нь чухал. Сая бид нэг шат ахилаа.

– Бидний ганц ялгарах юм бол үндэсний хэв маяг, шинж болохоос европ хэв маягаар хэдэн арван жил яваад болохгүй гэдгийг ойлгочихлоо. Монгол хувцас ямар зөв хийцтэй, амьдралд ойрхон сайн хувцаснууд байсан юм бэ.  Тэрийгээ орчин үеийн хэлбэртэй уяж гаргаж ирснээр сая юм сайхан болж байна.

-Рок, цахилгаан хөгжмийн талаасаа жаахан дутагдалтай. Манай тогтолцоо нь их буруу байна. Яагаад хөгжимчдийн ур чадвар сайжрахгүй байна гэхээр хурим, бааранд очиж дуулж амьдарч байгаа юм. Ийм байдлаар ажил хийхээр хүн цаашаа хөгждөггүй юм байна.

-“The Hu” хамтлагт менежмент хийгээд алаад хаясан юм байхгүй. Өмнө нь дэлхийд сонсогдож байгаагүй, байхгүй юм л гарч ирсэн болохоор хүссэн, хүсээгүй анхаарлыг нь татаж байгаа юм.

-Глобалчлагдсан дэлхийд байгаа олон орны хүмүүс бие биенийхээ юмыг үзэж хараад, сонсоод ханачихсан. Зарим нь эхнээсээ устаад, байхгүй болоод мөхөл рүүгээ явж байна. Гэтэл энэ цоо шинэ соргог учраас хүмүүс хүлээн авч байгаа юм. Үүнд маркетинг байхгүй, зүгээр яаж хийснээс бүх зүйл шалтгаалж байгаа.

-Хуучин хэв маягийн хуур хөгжмүүдийг шинэ түвшинд гаргаж ирье гэсэн бодол байсан. Надад харагддаг байсан. Би морин хууртай залуучуудын бичлэгийг олон удаа хийж байсан. Бүгд нэгэн хэвийн, өнгө нь өөр ч морин хуур бариад орж ирнэ. Европын хийл ийм байх ёстой гэдгээр төсөөлсөн юм уу яасан юм. Миний харж байгаагаар морины толгой яагаад эзэн рүүгээ харсан, амаа булааж давхидаг морь шиг, гитар шиг орчин үеийн хэлбэр дүрс, зурагтай байж болдоггүй юм бэ.

-Манайхан өлсч үзээгүй ард түмэн болохоор зовлон мэдэхгүй. Гэтэл гадныхан өлсөж, ядарч үзсэн учраас би өлсөхгүй, ядрахгүй юм шүү гэж хичээснээр юманд хүрч байна. Үүнтэй ижилхэн бид энэ хуураа хийж чадахгүй юм бол сонирхохгүй. Ёстой аав ээжийнхээ шаардсанаар морин хуурч, үндэсний хөгжимчин бол гэснээр орж байгаа болохоос үнэндээ дурлачих юм нэг ширхэг ч алга.

-Солонгосын “BTS” хамтлаг дэлхийд алдартай. Энэ хамтлаггүй улс гэж алга. Ая тавиад тайзан дээр бүжиглэдэг хэдэн залуус дэлхийд алаад байна шүү дээ. Яаж хийсэн бэ гээд судлаад үзэхээр улс нь тэдэнд 4-5 тэрбум ам.долларыг бодлогоор зарцуулсан байдаг. Энэ хамтлагийг гаргаад тавьчихвал хамгийн түрүүнд Солонгос улсын нэр мандана.

-Хамтлаг маань гадны том интертайнмент компанитай таван жилийн хугацаатай, таван альбом хийх гэрээтэй ажиллаж байгаа. Гадныхан цаг бол алт гэдгийг утгаар нь ойлгуулж байна. Эхний альбомоо хийгээд зарж эхлээгүй байхад дараагийн альбомыг юу болсон бэ, сонсох юм байна уу гээд нэхэж эхэллээ.  тэд махны машин шиг ажиллаж байна.

-Манай Соёлын яам тусдаа байх ёстой юм. Соёл бол хамгийн эхний фронт шүү. Соёл өндөр хөгжиж байж улс, эдийн засаг нь хөгждөг. Соёл дээрээ 10, 20, 100 тэрбум ам.доллар байна уу гэдгийг бодлоготой тавих ёстой.

Эх сурвалж:www.polit.mn