-Сонгинохайрханд Ж.Хатанбаатар, Баянзүрхэд О.Чулуунбатыг иргэд дэмжиж байна-
Л.ХЭРЛЭН
Гурван мандаттай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг болон хоёр мандаттай Дархан-Уул аймгийн нэг мандатад нэр дэвшигчдийн авсан санал 28 хувьд хүрээгүйгээс дахин санал хураалт явуулахаар боллоо. Сонгуулийн тухай хуулийн 48.4 дахь “Тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийн тоо тухайн тойргийн мандатын тоонд хүрээгүй бол үлдсэн мандатад дахин санал хураалт явуулна” гэж заасны дагуу ийнхүү дахин санал хураалт явуулах болж байна. , СЕХ өндөр санал авсан хоёр нэр дэвшигч л үлдсэн нэг мандатын төлөө өрсөлдөх эрхтэй хэмээн тайлбарлаж байгаа ч дээрх хуулийн заалтаар бол тоо зааж, ямар нэгэн хязгаар тавиагүй учраас тухайн тойрогт саналын тоо 28-д хүрээгүй нэр дэвшигчид бүгд үлдсэн нэг мандатад өрсөлдөх эрх нээгдэж байна гэж ойлгогдож байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн эхний хоёр мандатыг Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг нар авсан бол үлдсэн нэг мандатад Ж.Хатанбаатар, Д.Сумъяабазар, Л.Эрхэмбаяр тэргүүтэй бусад нэр дэвшигчид дахин өрсөлдөх боломж олдож байна. Тэднээс сонгинохайрханчуудтай ойр байж, жаргал зовлонг нь хуваалцаж ирсэн “Элэг”-ний Ж.Хатанбаатарыг хамгийн магадлалтай хэмээн тус тойргийн иргэд үзэж байна.
Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт Ж.Батзандан, Д.Ганхуяг нар эрхээ аваад байгаа. Гурав дахь мандатын эзэн болж тэдэнтэй нэг баг болж тус дүүргийн иргэдийг УИХ-д төлөөлөх эрхэм хэн байх нь анхаарал татаж байна. УИХ-ын гишүүн О.Чулуунбат, хуульч Х.Оюунцэцэг, бизнесмэн И.Нарантуяа, МЧАХ-ны Г.Баасан, Хэнтий аймгаас тойрог сэлгэж өрсөлдсөн Д.Арвин, Нийслэлийн засаг даргын орлогч асан Б.Мөнхбаатар нарын өрсөлдөгч олон бий. Тэднээс төр түшиж ирсэн тулхтай улс төрч, сайн эдийн засагчдын нэг О.Чулуунбатыг иргэд дэмжиж байна.
Дархан-Уул аймагт бие дааж нэр дэвшсэн МҮЭ-ийн холбооны тэргүүн С.Ганбаатар 50 гаруй хувийн санал авсан бол Д.Хаянхярваагийнх 28-д хүрээгүй гэсэн мэдээлэл дуулдаж байгаа юм. Тиймээс дахин санал хураалт явуулах бололтой. Тус тойргийнхон намын жагсаалтад МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг дэмжиж нэгээр гаргаснаас үзэхэд дахин санал хураалт М.Энхсайхан, Б.Тулга зэрэг эвслээс нэр дэвшсэн эрхмүүдийнх болж магадгүйг хэмээн ажиглагчид үзэж байгаа юм байна.