Д.ЦЭРЭННАДМИД

Үндсэн хууль бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрийн байгууллын тогтолцоог хуульчлан бэхжүүлж ирснээрээ онцгой ач холбогдолтой баримт бичиг. Тэр дотроос 1924 оны анхдугаар Үндсэн хуулийн ач холбогдлыг үнэлж баршгүй юм. Хамгийн гол нь Бүгд найрамдах засаглалтай бүрэн эрхт Монгол Улсыг дэлхий дахинд тунхаглан зарласан явдал гэж үздэг. Монголчуудын хувьд өмнөх үндсэн хуулиудыг саяхан болтол ангич, намч байр суурь, Марксист-Ленинист онол арга зүйн үүднээс хандаж судалж ирсэн байдаг. Хэрэг­жүүлэх явц нь ч шууд нэг чиглэсэн бодлого, харилцаагаар зохицуулаг­даж ирсэн юм. Тэгвэл 1990 оноос эрс өөрчлөлт хийж нийгэм, төрийн жинхэнэ байгууллын үндэс зарчмыг шинэ ардчилсан хуулиар бэхжүүлж өгсөн билээ.

Монгол Улс бараг 100-гаад жил Үндсэн хуулиар тогтсон эрх зүйт төр, нийгмийн амьдралыг туулж ирлээ. Тиймээс Үндсэн хуулийнхаа заалт, үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэхэд ч багагүй туршлага суусан байх магадлалтай гэж болно. Гэтэл Монгол төрийг жолоодох луужин болсон оюуны бүтээл Үндсэн хуулиа хэрэгжүүлэх, дагаж мөрдөхөд учир дутагдал их байгааг судлаачид хэлж байна. Өнөөгийн Монголын төрийн үйл ажиллагааны зарим хэсгийг аваад үзэхэд эрх зүйт төрийн шинж чанараа гээсэн байдал ажиглагдах болов. Улс орон хөгжил дэвшлийн шинэ үед орсон 1990 онд Үндсэн хуульд ардчилсан шинэчлэл хийсэн нь ололт байлаа. Гэтэл 2000 онд нэмэлт хуулиар зарим заалтыг өөрчлөхдөө сайжруулсан­гүй илт дордуулсан гэдэг. Тиймээс дордуулсан долоон заалт гэж хэлэгд­дэг бичигддэг болсон. Улс төрийн атгаг санаа, сонирхлоор эдийн засгийн шинэ хэлбэрт зохицуулж буй нэрээр зарим бүлэглэлийн хүслээр Үндсэн хуульдаа ёс бусаар гар дүрж түүний үзэл баримтлал, суурь зарчмыг эвдэх болсны гай өнөөдөр алхам тутамд мэдрэгдсээр байна.

Анхдугаар үндсэн хуулиас эхтэй үе үеийн хуулиуд тэр дотроос 1990 оны Үндсэн хууль бол нухацтай хэлэлцэж баталсан сайн хууль. Гагцхүү хэрэгжүүлэх явцын алдаа их байгаа юм. Тэр бүхэн хэрэгжүүлэг­чидтэйгээ ч холбоотой гэж болно. Тухайлбал Улсын Их Хуралд ард олноо төлөөлөн хууль хэлэлцэж батлаад сууж байгаа хүмүүсийн мэдлэг, чанар чансаа хариуцлага зарим талаар дутмаг байгаа. Энэ нь монголчууд төрийн жолоо барих түшээдээ хүссэнээрээ, саналаараа сонгож чадахыг байснаас элдэв эрээвэр хураавар нөхөд төрд олноор шургалах болов. УИХ-ын бүтэц бүрэлдэхүүний алдаанаас болж Үндсэн хууль зөрчигдөж төрийн тогтолцоо ч буруудаж улс орны хэмжээний бодлого алдагдах явдал үеийн үед гарсаар байна. УИХ-аас баталсан хуулиуд амьдралд нөлөө үзүүлэх нь багассан. Энэ нь хуулийн нийгмийн амьдралд нэвтрэх чадвар нь хаагдмал байгаагийнх гэвэл онох биз. Гишүүд, улстөрчид өөрсдийн үйл ажиллагааны хэл ярианы гэм согогийг юм л бол Үндсэн хууль руу нялзаах гэж оролдох болсон. Үнд­сэн хуульд төрийн эрхийг хэн нэгэн биш ард түмэн өөрөө барина гэсэн гол санаа бий. Энэ гайхам­шигтай ололт, санааг хэзээ ч эвдэх учиргүй. Гэтэл мартаад, Үндсэн хуулиа гадуурхан өөчлөх нь ихсэв. Уг нь цаг үе­тэйгээ, нийгмийн хөгжил­тэй уялдуулан өөрчлөх юм байдаг нь ойлгомжтой. Гэхдээ 1990 оных шиг үндэслэл муутай, үндсэн хуулийнх нь зарчмаар бус нэмэлтийг хийж байгаа нь алдаа гэж болох байх.

Ганц нэгхэн жишээ авъя. Үндсэн хуульд зааснаар бол сонгуулиар намууд бэлтгэгдсэн хүмүүсээ зөв сонгон нэр дэвшүүлж, хөтөлбөрөө гарган өрсөлдүүлээд сонгууль болсны дараагаас намын үүрэг төгсөх учиртай. Тийм заалттай. Гэтэл УИХ-ын дэгийн хуулиар дээрх заалтыг зөрчиж төрийн ажилд намууд хутгалдчих­сан. УИХ-ын үйл ажиллагааны нэг хэсгийг намууд өмчилчихөөд зарим үед намын бүлгүүдийн шийдвэр төрийн ажлыг гацаадаг болсон. Бас УИХ-д 76 хүнийг саналаа нэгтгэн шийдвэр гарга гэсэн заалт бий. Гэтэл нөгөө дэгийн хууль гэгчээр бараг 19 хүн байхад шийдвэр гаргах боломж бий болгочихсон. Энэ бол хуйвалдааны аргаар бий болгосон Үндсэн хуулийг зөрчсөн бүдүүлэг хэрэг. Улстөрчид, эрх мэдэл горилогчид энгийн байхдаа Үндсэн хуулиа сайтар судлаагүй байж хий магтаж үндэслэл заалтын нөмөрт сонгуульд элдвийг амлаж ороод сонгогдож эрх мэдэл олж авангуутаа удалгүй Үндсэн хуулийг өөрчлөх юм яриад сууж байдаг болов. Тиймээс УИХ-ын бүтэц, бүрэлдэхүүн Үндсэн хууль болоод бусад хуулийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа гэж болно. Угтаа муухан тү­шээд, тааруухан улстөр­чид өөрийгөө голохын оронд Үндсэн хуулиа гадуурхаж хандаж байна шүү дээ.

Иймээс Үндсэн хуу­лиа гуйвалтгүй мөрдөж цэвэр нандин авч явъя гэвэл төрийнхөө бүтэц, бүрэлдэхүүнийг цэгнэж үзэх нь чухал байна. Басхүү эрх зүйт төрийн түшээдээс эхлээд иргэд нийтээр хууль эрхийн мэдлэгээ сайжруулах шаардлагатай цаг болжээ. Эцэст нь хэлэхэд Үндсэн хуулийг бусад салбар хуулийн хэмжээнд авч үздэг үзлийг халмаар байгаа юм.