Б.ЭНХТУУЛ Э.ОРХОНСҮРЭН

 Энэ удаагийн дугаа­рын зочныг эрхэм танд та­нилцуулах гэж элдэв гоё үг зүүгээд хэрэггүй байх. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэл­тэн, хөгж­мийн зохиолч  Т.Сэр-Од бол таны хэзээ­ний танил. Түмний сэтгэлд хоногш­сон олон сайхан уран бү­тээ­лээр нь түүнийг та  тө­вөг­гүйхэн  таних биз. Түү­ний “Бөхөн шарын ну­руу”, “Бодолд ивлэ­сэн ижий далай”, “Мон­голын үнэртэй сал­хи”, “Ашдын хань” зэрэг олон сайхан уран  бүтээл, олон сайхан аяз аялгуу нь нийтийн дууны нэр хүн­дийг өндөрт өргөж, өнөө хэр нь  сэтгэл дотор уян­галж байдаг би­лээ. Эр­хэм гавьяатынд зоч­лохоор ажлынх нь цаг за­выг асууж, гэрийнх нь хаягийг сураглав.

Гавьяатынх маань  Зайсан орчимд шинэ байранд амьдардаг аж. Энд нүүж ирээд хоёр жил болж байгаа гэнэ. Голын жавар сэнгэнэсэн  хүйтэн орчинд тэд  хэдийн дасчихсан бололтой юм. Оройн жавар тачигнасан үеэр  тэднийд очиход “Манай эндэхийн утаа униар, дуу чимээ нь харин ч гайгүй шүү” хэмээн ярив. Т.Сэр-Одын гэргий нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан, яриа хөөрөө сайтай, зочломтгой зантай  бүсгүй байна.  Биднийг ороход   яаруухан цай аягалж өгчихөөд, ширээн дээгүүр идээ, ундаа өрөв.  Айлд орсон улс энэ тэрхнийг ажиглаж,  энд тэндэхийн сонин хачин сонсож,  эрхэм уран бүтээлчтэй  таван үг солих  зуур гарын хоолоор дайлах нь энэ айлд зочид гийчид, уран бүтээлийн  найз нөхөд  их ирдэг болов уу гэсэн сэтгэгдлийг төрүүлэх аж.   Зорьж ирсэн айл маань зочныхоо өрөөг  төгөлдөр хуур, том буйдангаар тохижуулжээ. Энэ нь ирсэн гийчдэд таатай сэтгэгдлийг төрүүлээд зогсохгүй айл гэрийн тав тух, сэтгэлийн амар амгаланг илтгэх аж. Хаа нэг энэ айлд, энэ өрөөнд  сэтгэлийн утас хөндсөн ямар нэгэн намуухан аяз эгшиглэдэг болов уу гэмээр. Аль эсвэл сэтгэл огшоож, цөс хөөргөсөн, эх орон, эр цэргийн сэдэвтэй дуу, эсвэл аль нэг дуурийн хөгжим эгшиглэдэг байх гэсэн таамаг төрөх аж.  Ингээд эрхэм гавьяаттай  ажил, амьдралынх нь тухай хууч хөөрөв.

 

ХӨВСГӨЛИЙН ХҮҮ ХӨГЖМИЙН УРЛАГТ ХӨЛ ТАВЬСАН ТҮҮХ

Хөгжмийн зохиолч Т.Сэр-Одыг  хаа нэг теле­визээр гарах үед  хүмүүс “Энэ чинь хаанахынх билээ” гэж асууна. Мэдэх нэг нь “Манай Хөвс­гөлийнх” гэж омгорхоно. Харин мэдэхгүй зарим нь “ Манай нутгийнх байх аа. Архангайн залуу биш үү” хэмээн амьхандаа бу­лаацалдах аядана. Энэ нь цаанаа сайн яваа нэг­нээрээ бахархах, нутгар­хах гэсэн санаа биз.  Тэгвэл түмэн зүйлийн ая хөг эгшиглэсэн энэ орч­лонд  “Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зо­хиолч” гэсэн эрхэм сайхан нэр алдрыг хүртэж,  сэт­гэлийн чинадад эгшиглэх далд нэгэн аялгууг  олны сэтгэлд хоногшуулж яваа эрхэм уран бүтээлч маань Хөвсгөл аймгийн Ханх сумынх ажээ.  Тэрээр “Би бага насаа далай ээжийн хөвөөнд, Бүрэн хан уулын энгэр Ханх гэдэг сумын гудманд өнгөрүүлсэн. Ма­найх Хөвсгөлийн хам­гийн олон ястан амьдардаг сум. Энэ олон ястны дуу хуур, аялгуун дунд өссөн болохоор намайг хөгж­мийн урлагт хөл тавихад минь нөлөөлсөн юм болов уу гэж боддог юм.  Нутгийн  зон олон минь их сайхан аялгуутай, дууч хүмүүс байдаг” хэмээн ярьж байв. Төрж, өссөн нутаг гэдэг хаа ч явсан сэтгэл зүрхнээс уяатай байдаг. Харь хол хүний нутагт явсан ч  “Харих юмсан, нутагтаа нэг очоод ирэх юмсан” гэсэн бодол хэн хүнд төрж байдаг.  Тэгвэл эрхэм зо­хиолч ах нутаг усаа ижий­гээсээ өөрцгүй санадаг, сэтгэл зүрхэндээ үргэлж бодож, бясалгаж явдаг нэгэн ажээ. Тэрээр жилд нэг удаа нутгаа зорьж, далай ээжийнхээ  дэргэд очиж, сэтгэлээ сэргээгээд ирдэг гэнэ.

“Ханх сум миний төрж, тоглож  өссөн нутаг. Монголд төдийгүй дэлхийд гайхагдсан онгон дагшин байгальтай газар.  Би жил бүр нутаг руугаа явдаг. Далай ээжийхээ эрэг дээр хэд хоног амраад ирэхэд бүтэн жилийнхээ эрч хүч энергийг авах шиг болдог юм. Энэ их хотжилт, цаг хугацаатай уралдсан цаг үед хүн бүрт өөрийн гэсэн бухим­дал байдаг. Гэгээн бур­хадын шавь нар өөрс­дийнхөө бухимдлыг янз бүрээр тайлдаг байх. Магадгүй тэд бухимдлыг ирэхээс нь өмнө засдаг байх. Харин бид  сэтгэл зүйгээ жолоодох тэр том  арга  ухаанд суралцаж амжаагүй учраас тэр бу­химд­лыг бурхны сур­гаалаар  тойроод гарах биш,  өрнөдийнхөөр дайраад гардаг хүмүүс болоод байна. Тиймээс миний хувьд хэсэгхэн ч гэсэн амарч авах юмсан гэж боддог. Ямар ч их ажил хийж байсан бухимдах сэтгэл төрж байгаа л бол тэр ажил онцгүй болдог. Тиймээс яг тэр үед бүх ажлаа орхиод тархиа амраах хэрэгтэй.  Тэр нь өөрийгөө бухимдлаас  чөлөөлж өгөх боломж юм. Би далай ээжийнхээ эрэг дээр, Саяны уулсын өндөр оргил, Бүрэнхааны өвөр бэлд үнэхээр стресс бу­химдалгүй сайхан амарч чаддаг. Мөрөнгийн төвөөс гарч Хужиртын давааг  давахад л нутгийн минь салхи үнэртэх шиг болдог. Улаанбаатар хот руу буцах үед  өөрийн эрхгүй нутаг­таа сэтгэл хорогдоод байдаг юм. Нутаг минь миний хийморь, сүлдийг сэргээж, хайр ивээлээ харамгүй өгдөг. Би нутаг усандаа  үргэлж  сүслэн залбирч явдаг юм” хэмээн ярих нь  эрхэм зохиолчийн нутаг амьтайг илтгэх аж. 

Түүний аав, ижий хоёр Хөвсгөл аймгийн Ханх сумын уугуул гэнэ.  Тэрээр айлын ганц өргөмөл хүүхэд.  Аав ээжтэйгээ найм­дугаар ангиа төгстөлөө хамт байсан. “Тэр л цаг хугацаа  миний хам­гийн жаргалтай сайхан үе байсан” хэмээн ярих нь  их хотын үймээн, шуугиан дунд  тархиа ам­раах завгүй яваа нэгэн уран бүтээлчийн  хүүхэд ахуй цагаа дурссан гэгээн цагаан бодлын хэлтэрхий  байв. 

Хөгжмийн зохиолч бол­но гэдэг амаргүй ажил. Хэр баргийн хүн дөнгөх  ажил бас биш. Урлагийн нарийн мэд­рэмж, шавхагдашгүй их хөдөлмөр, хичээл зүтгэл,  нөөц боломж, авьяас чад­вар гээд гайхалтай олон зүйлийг өөртөө агуулж чаддаг тийм л хүн  энэ мэргэжилд эзэн суудаг болов уу гэмээр.  Тэгвэл түүнийг хөгжмийн урлагт  хөл та­вих,  урлагийн ертөнцтэй холбогдох  гол чигийг нь гаргаж, явах  замыг нь зааж өгсөн хүн бол аав, ээж хоёр нь гэнэ.  Хэзээ­ний зарчимч, шударга зантай аав, ээж хоёр нь  газар дээрх ганц хүүгээ хүний дайтай хүн болгож өсгөж хүмүүжүүлэхсэн гэсэндээ түүнийг багаас нь ажлыг ягштал хийдэг, цаг заваа зохицуулдаг,  боловсрол мэдлэгтэй нэ­гэн болгон өсгөжээ. Энэ тухай дурсан ярихдаа тэр “ Урлаг руу орох гол замыг минь  зааж өгсөн хүн бол миний аав.  Ер нь гол продюссер, төс­лийн менежер нь гэсэн үг. Аав, ээж хоёр миний  маш том дэмжигч байсан.  Тэр хоёр маань  хэзээний их зар­чимч хүмүүс.  Аливаа зүй­лийг эхэлсэн бол дуус­гадаг байх ёстой гэдэг. Юмыг яг л ёсоор нь хийх ёстой гэдэг байсан. Тийм болохоор манай бүх юм  дэг журамтай байдаг байлаа. Эмх цэгцтэй, дэг журамтай хүн л амьдрал дээр хөлөө олж, зөв явдаг. Дэг журамгүй бүхэн ард нь заавал харамслыг дагуул­даг. Алдаа гарах магадлал ихтэй байдаг .  Мөн аливаа зүйлийг хийхдээ бичиж, төлөвлөж  байгаад хий гэдэг байсан. Аав, ээж хоёрын минь зааж, сур­гасан бүхэн одоо ч надад хэрэг болдог юм. Ялан­гуяа,  хөгжим бичихэд энэ  арга ухаан нь надад их тус болдог юм. Би бодож, са­наж байгаа зүйлээ байнга  тэмдэглэж авдаг. Ингэж  бичиж тэмдэглэнэ гэдэг нь  дараа нь шууд санаж хийснээс бага алдаа гар­гадаг. Үйл ажиллагаа нь амьдрал дээр ч бас ял­гаагүй  байдаг шүү дээ” гэв.

Урлагийн гавьяат зүтгэлтэн гэдэг хэн хүн хүртээд байдаггүй  том цол хэргэм. Түүнтэй яриад суухад их энгийн, нээлттэй хүн ажээ. Гэхдээ түүнтэй ярилцаж суухдаа бас  нэгэн зүйлийг анзаарч харав. Зохиолч хүмүүсийг манайхан  илэн далангүй яриа хөөрөөтэй, их задгай, нээлттэй улс байдаг гэж ойлгодог. Тэр хэрээрээ зарим нь  хувийн зохион байгуулалт муутай, хэнэг­гүй  гэж дүгнэдэг тал бий.   Гэтэл түүний хувьд харин ч эсрэгээрээ, тэр цагийг  нарийн баримталдаг, ал­бандаа ч амин хувьдаа ч  айхтар дэг журамтай зар­чимч хүн шиг санагдав. Тэрээр  хүүхэд байхдаа ч тийм хатуу дэгтэй байсан гэж ярих аж. Урлагийн сургуулийн зарим оюутан “Багш маань их хатуу хүн” гэсэн дүгнэлтийг  өгч бай­хыг  нэлээд хэдэн оюутны амнаас сонсож байсан санагдана. Харахад зөөлөн гэмээр энэ хүн хийж байгаа ажилдаа эзэн болох гэж өөртөө бас бусдад  өндөр шаардлага тавьдаг нь бусдад тийм сэтгэгдлийг төрүүлдэг бололтой.  Тэрээр “ Би нэгдүгээр ангиасаа  наймдугаар анги хүртлээ нарийн дэг, жаягтай өссөн. Тэдэн цагт хоолоо иднэ. Тэдээс тэдэн цагт гадаа салхилж тоглоно. Өөр бусад цагт  тоглохгүй. Гэрийнхээ ажилд туслана гээд  миний  бүх юм  цагийн хуваарьтай байдаг. Манайхан бүгд л тийм зарчимч  хүмүүс байдаг байсан. Хичээлдээ ирэх, буцах цагийг минь хүртэл нарийн тооцоолсон байдаг байлаа.  Тийм учраас манай эмээ ээж намайг сургуулиас авахдаа цагаа харж байгаад л  тэдэн цагт гарахад сургууль дээр нь очно тэдэн цагт сургуулиасаа гарч ирэх ёстой гэдэг байлаа. Манайхны бүх юм энэ л  ном дүрмийн дагуу  явна. Аав, ээж ч тэр зарчмаар хүмүүжсэн улс байсан.  Тийм учраас дэг журам, аливаа юм ёсоороо байх гэдэг бол миний амьдралын үндсэн гол зарчим. Бүх л зүйлийг логик дарааллаар нь хийдэг байх ёстой. Алдаагаа хүртэл тэмдэглэж байх ёстой. Тэгээд дараа нь түүнийг яаж алдахгүй байх вэ гэдгээ бодож, эргэцүүлдэг байх ёстой” хэмээн санаа авахаар зүйлийг ярьж байв. 

 

ГУРВАН СУРГУУЛЬ ДҮҮРГЭСЭН ОЮУТАН

Хөвсгөл нутгийн хүү  1990 онд Улаанбаатар хотод орж иржээ. Урлагийн хүн болох гэж, эрдэм номын мөр хөөх гэж  орж ирсэн нь энэ. Өмнөө олон зорилго тавьж, өөрөөсөө том мөрөөдөл тээн орж  ирсэн шавилхан биетэй хүү  өнөөдөр урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалгачихаад, улсдаа ганцхан байдаг урлагийн сургуульд  багш хэмээх эрхэм алдрыг хүртээд,  түмэн олны хайр хүндэтгэлийг хүлээж  явна гэдгээ тэр үед  зүүдлээ ч үгүй явсан биз. Хүний амьдрал гэдэг олон салаа замтай. Зам нь хүртэл дардан биш гэлцдэг. Харин түүний хувьд сайн эцэг, эхийн ач буянаар хэлж ярьж, зааж зааварлаж өгсөн бүхэн нь биеллээ олж, хотод орж ирсэн жилээ Багшийн сургуулийн хөгжмийн ангид  элсэн оржээ. Тэгээд  1994 онд  сургуулиа төгсөөд дахиад л үргэлжлүүлэн сурав. Соёл урлагийн их сургуулийн оюутан болж, Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач мэргэжлээр дөрвөн жил суралцаж төгсчээ. Тэрээр СУИС-д суралцаж байхдаа олны дунд  нэртэй, зүстэй явсан нэгэн. Тус сургуулийн II  курсэд суралцаж байхдаа  уран бүтээлээрээ олны танил болжээ.  “СУИС-1996” хэмээх сүр дуулиантай уралдаан болж,  уг тэмцээнд жирийн нэгэн  оюутан залуу түрүүлсэн нь  нэр хүндтэй томоохон хөгжмийн зохиолчдын  дургүйцлийг  багагүй хүргэж байсан  гэж мэдэх нэг нь  ярьдаг.  Өдгөө Т.Сэр-Од  “Тэр уралдаан надад их урам хайрлаж, олон сайхан уран  бүтээл туурвих  эрч хүч өгсөн” хэмээн ярьж суугаа нь түүний оюутан цагийн гэгээн сайхан дурсамж байв.  Тэрээр 1998 онд урлагийн сургуулиа Хөгж­мийн зохиолч мэргэжлээр дүүргэчихээд    Шанхай хотын хөгжмийн их сургуульд суралцаад ирсэн нэгэн.  Хоёр, гурван дээд сургууль дүүргэхдээ тэр нэг жилийг ч зүгээр өнгөрөөгөөгүй байна. Дэлхийн хэл, соёлын гүүр болсон энэ сургуульд  олон орны оюутнуудтай тохой нийлүүлэн сууж, дэлхийн хөгжмийн урлагтай танилцсандаа тэр одоо ч баярлаж явдаг гэж байсан.  Тэгээд сургуулиа төгсөж ирээд 2001 оноос хойш одоог хүртэл СУИС-д багшилж байгаа аж.  Түүний СУИС-тай ажил, амьдралаа холбосон түүх гэвэл товчхондоо ийм юм.

 Т.Сэр-Од  “СУИС бол миний сурч хүмүүжсэн өргөө. Энэ сургууль ажил, амьдралтай минь  салшгүй холбоотой. СУИС-д  оюутан болсон үе минь, одоо энэ сургуульд багшилж байгаа минь  миний амьдралын  бас л нэгэн хувь  тохиол юм.  Уран бүтээлч хүний хувьд ч  гэсэн хамгийн ойр дотно байдаг газар минь.  Би уран бүтээлч болсон цагаасаа оюутнуудтайгаа хамтарч уран бүтээл туурвиж байлаа. СУИС миний уран бүтээлийн бас нэг лабортари юм. Энэ утгаараа өнөөдрийг хүртэл  хамт олонтойгоо ажиллаад явж байна” гэв.  

 

ДУУНД МӨНХӨРСӨН ГОВЬ НУТГИЙН БҮСГҮЙ

Хөгжмийн зохиол­чийнх  ам бүл тавуулаа. Тэднийх хоёр хүү, нэг охинтой юм байна. Том хүү нь энэ жил оюутан болжээ. “Ач” анагаах ухааны дээд сургуульд эмч болохоор суралцаж байгаа. Аав, ээж хоёр нь хүүгийнхээ хүсэл, сонирхлыг илүүд үзэж, энэ чиглэлээр суралцахыг нь зөвшөөрсөн  гэж байв. Харин дунд хүү нь Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Бага охин нь цэцэрлэгт явдаг аж.  Түүний гэргийг  О.Мөнхжаргал гэдэг. Дундговийн Дэлгэрхангай сумын  бүсгүй. Ажилсаг, нямбай энэ бүсгүй ааш зан сайтай, төлөв даруу төрхтэй  юм. Багш мэргэжилтэй, СУИС-ийг Соёл урлагийн менежмент чиглэлээр суралцаж төгссөн  нэгэн гэнэ.  Эрхэм гавьяатаас эхнэртэйгээ танилцсан  түүхийг нь асуувал  “Бидэнд хайр сэтгэл, амьдрал, аз жаргал, ажил үйлсийг минь бэлэглэсэн газар бол Багшийн сургууль.  Би  оюутан байхдаа 1991 оны намар Борнуурын сангийн аж ахуйд ургац хураалтын ажлаар очиж байхдаа эхнэртэйгээ танилцаж байлаа. Ажил ихтэй  завгүй явахад  ар гэрийн  ажлыг маань  эхнэр минь л хийж  амжуулдаг. Бурхан надад халамжтай сайн хань заяасанд баярлаж явдаг юм.  Бид зан зангаа сайн мэдэх болохоор барагтай л бол уурлаж уцаарлаад байдаггүй.  Хань минь урлагийн  завгүй ажлыг  сайн ойлгодог” гэсэн юм. 

Т.Сэр-Одын уран бүтээлд халхын сайхан бүсгүйчүүдэд зориулсан уран бүтээл олон бий. Түүний дотор хань ижилдээ ч зориулсан бүтээл бас цөөнгүй байдаг аж.  Тэрээр  “Бүсгүйн ааль”, “Ашдын хань чамдаа”, “Бидэн хоёрын жаргал” зэрэг  дуугаа  ханьдаа зориулсан гэдэг юм билээ.  Эдгээр дуу нь  олны сэтгэлд хоногшсон, аялгуу нь сэтгэлээс өөрийн эрхгүй ундраад ирдэг гэдгийг нийтийн дууны үг, аяыг шимтэгсэд  мэднэ.  Тэгвэл  “Ашдын хань” хэмээх дууны яруухан аялгуу түүний эхнэрийг илэрхийлэх аж. Тэр дуунд  “...Алсын газрыг зорьсон их мөрөн

Алтан дэлхийгээ чимэглээд дөлгөөхөн мяралзана аа

Ашдын хань чамдаа өгсөн сэтгэл минь

Аюулхай цээжин дот­роо тунаранхан мяралзана аа” гэдэг .  Аялгуу нь ч бас их сайхан. Тэгвэл  эрхэм зохиолч ах түмэн зүйлийн ая,  хөг эгшиглэсэн  сэтгэлийн чинадаас  гэргийдээ  зориулж, ийм л нэгэн яруухан, даруухан эгшиглэнг  сонгон  уран бүтээлээ туурвижээ. 

 

ТӨГӨЛДӨР ХУУР ТҮҮНИЙ ҮНЭНЧ НӨХӨР

Эрхэм зохиолчийнх гэртээ хоёр ч төгөлдөр хууртай юм. “Дуу болоод хөгжмийн бүтээлүүд төрөхөд надтай олон жил үнэнчээр нөхөрлөсөн анд минь гэвэл энэ төгөлдөр хуур” хэмээн ярих аж. Гэрт байгаа хоёр хөгжим хоёулаа бэлгэнд иржээ. Яруу найрагч Д. Дашхүүгийн шүлэг “Ээлээ өгсөн нутаг” дуунд ая зохиож, анх төгөлдөр хуураар шагнуулж байсан. Нөгөөг нь “UB Palac”-ын их танхимд 2007 онд уран бүтээлийнхээ  тоглолтыг хийхэд С.Жавхлан  надад бэлэглэсэн юм. Тайзан дээр шавийнхаа бэлэглэсэн төгөлдөр хуур дээр “Монголын үнэртэй салхи” дууг  найрал хөгжимтэй тоглож байлаа хэмээн дурсан ярив. 

Т.Сэр-Одынх гэдэг айл гаднаас ирсэн зочин гийчинд  сонирхож, сонжих зүйл ихтэй юм.  Шилэн хоргон дотор бүхий л шагнал, бэлэг дурсгалын зүйлээ өрчихөж. Хоймортоо морин хуураа, монгол бөхийн зодог шуудагтай залжээ.  Морин хуур айлд байх сайн гэдэг ч эрхэм зохиолчийн хувьд бол арай өөр учир утгатай юм. Хөгжмийн зохиолч­дын холбооноос “Оны шилдэг дууны бүтээл” шалгаруулах “Морин хуур” наадмыг жил бүр  уламжлал болгон зохион байгуулдаг. 2006 оны наадмаар тэрээр яруу найрагч Р.Эмүжингийн шүлэг  “Эр хүн” дуугаар тэргүүн байрын шагнал  хүртэж байсан. Харин дараа нь 2009 оны наадмаар яруу найрагч Ц.Бавуудоржийн шүлэг “Бөхөн шарын нуруу” дуугаар бас тэргүүн байр хүртэж байсан удаатай. Харин монгол бөхийн зодог шуудаг залахын учир тэрээр хийморлог бүхнийг шүтэж, дээдэлж явдаг. Үндэсний их баяр наадмаар морь, бөх хоёроо шимтэн үзэж, нутгийн бөхчүүдээ дэмжиж, най­залж, нөхөрлөж явдагтай холбоотой юм.

 

АЛДАР ГАВЬЯА, АМЖИЛТ БҮТЭЭЛ МИНЬ ГАНЦХАН МИНИЙХ БИШ 

Хөгжмийн зохиолч Т.Сэр-Одтой ажил, амьдралын тухай яриа өрнүүлж, хоёр цаг шахам суув. Ярилцлагынхаа төгсгөлд  бид   уран бүтээлийн сонин хачин сонслоо. Тэрээр сүүлийн үед нийтийн дууны ая дангаас жаахан  татгал­заж, урлагийн томоохон бүтээлүүд дээр өөрийгөө сорьж байгаа аж.  Тухайл­бал, “Хунгийн сүүлчийн дуу”,  “Долоон бурхан харавдаггүй”, Хилийн цэргийн 89 жилийн ойд зориулан бэлтгэж буй “Босго тотго” зэрэг хэд хэдэн киноны хөгжим бичжээ.  Мөн жүжиг болон дуурийн хөгжим бичиж, хөгжмийн томоохон бүтээлүүд дээр ажиллаад зав муутайхан байгаа аж.  Үзэгчдийн сайн  мэдэх “Тэнгэрийн хүү”жүжгийн хөгжмийг ч бас бичжээ. Т.Сэр-Од өдгөө  300 гаруй  дуутай, уран бүтээлийн сан нь өдрөөс өдөрт арвижиж, чанаржиж яваа уран бүтээлч. Түүний 100 гаруй дуу олны сэтгэлд хоногшиж үлдсэн байдаг. Гэсэн ч тэрээр  “Алдар гавьяа, амжилт  бүтээл минь ганцхан минийх биш юм. Аливаа бүтээлд хамтын хөдөлмөр, сэтгэл зүтгэл, авьяас чадвар, мэдрэмж шингэсэн байдаг” хэмээн ярьж суугаа нь нэрэлхэж буй юм шиг санагдах ч  өөрт нь илүү их уран бүтээлийн олз омог хадгалаастай явааг илтгэх аж.

Хорин жилийн өмнө  томоос том мөрөөдөл тээн хотод орж ирсэн Хөвсгөл нутгийн хүү өнөөдөр хүсэл, зорилгоо биелүүлж, хүрэх гэсэн өндөрлөгтөө нэгэнт хүрчээ. Гэсэн ч  илүү ихийг, илүү сайныг хийх юмсан гэсэн  сэтгэлээр орчлонгийн түмэн зүйлийн хөг аялгууг чих тавин сонсож, цаас тэрлэн ноороглож, шөнө нь төгөлдөр хууран  дээр нот амилуулан ая данг нь тааруулж, шинийг эрэл­хийлэн суух аж.