М.ГАН

Өмгөөлөгч Ц.Монголтой Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн тухай сүүлийн үед нэлээд ярьдаг боллоо. Та энэ салбарт ажилладаг хүний хувьд шинэчлэлийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Шинэчлэлийн Засгийн газар Монголын нийгэмд шинэчлэл хийх ёстой гэж байгаа нь зарчмын хувьд зөв асуудал. Тодорхой хэмжээний шинэчлэлийг эхлүүлж байна.
Шинэчлэлийн хүрээнд орон нутгийн Засаг даргыг ард түмэн өөрсдөө сонгодог байх, ард түмнийхээ дуу хоолойг сонсож нийгэмд нийтийн эрх ашгийг дэмжсэн бодлого баримтална гэдгийг дэмжиж байгаа. Хотын даргын хийж байгаа ажлыг ч дэмждэг. Гэхдээ шинэчлэлийг олон нийтийн эрх ашигт нийцүүлж, хуулийн дагуу зөв хийх ёстой.
-Тэгвэл Шүүхийн шинэчлэл юунаас эхлэх ёстой юм бэ?
-Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, тэдгээрийн хэрэглэж байгаа Эрүүгийн болон Иргэний зэрэг олон хуулиудыг шинэчлэх өөрчлөх, боловсронгуй болгохоос эхлэх учиртай. Энэ хүрээнд шүүх эрх мэдлийн шинэчлэл нь шүүх, цагдаа, прокурор, өмгөөлөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүтэц зохион байгуулалтыг боловсронгүй болгон өөрчлөх цогц асуудлыг шийдэх юм. Манайд Монгол хүний эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн хууль, тогтоомж зөндөө байна, гадаадынхны эрх ашгийг хамгаалсан хууль ч бий. Тухайлбал: Ашигт малтмалын тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гэх мэт олон хуулийг өөрчлөх шаардлагатай. Хуулийг хэрэглэж байгаа байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, харилцаа хамтын ажиллагаа, гэмт хэрэгтэй тэмцэх цогц арга хэмжээг хамаарч авч үзэх хэрэгтэй. Хуулийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар Ерөнхийлөгчийн санаачилсан хэдэн хууль бий. Эдгээр хууль бас учир дутагдалтай. Тухайн үед Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачилсан ч Засгийн газар, Хууль зүйн яам нь эсрэг саналтай байснаас бодлогын төвшинд төгс төгөлдөр хууль гараагүй учир засч залруулах зөв гольдролд нь оруулахын тулд хийх ажил маш их байгаа.
-Тухайлбал, ямар хуулийг нэрлэх вэ?
-Шүүхийн тухай багц хуулиас үзэхэд, Жишээ нь өмгөөлөх байгууллага байх уу үгүй гэдэг ойлгомжгүй болсон. Үндсэндээ байхгүй гэж харагдаж байна. Шүүх, прокурорын бүтэц, зохион байгуулалт хэвээр байхад 1400 өмгөөлөгчийн үйл ажиллагаа зохион байгуулалтгүй болчих мэт харагдаж байгаа. Үүнийг бодолцох ёстой. Мөн орон нутагт аймгийн шүүхүүдийг тойргийн системд шилжүүлэхээр байгаа. Энэ бол эргэж харах ёстой асуудал. Манай улс бол нэгдмэл улс. Ийм улсын Засаг захиргааны анхан шатны нэгжүүд нь хүчирхэг, өөрийгөө удирдах чадвартай, тэндээ шүүх, прокурор зэрэг байх ёстой байгууллагуудтайгаа байвал цогц байдаг. Сум орон нутагт санхүүгийн бие даасан эрх мэдэл өгч байна. Тэгвэл тэнд хяналтын системийг бий болгох ёстой. Шүүх сумдад очих хэрэгтэй. Бүх сумыг өөрийн удирдлагатай, шүүгчтэй, өмгөөлөгчтэй, прокурортой, санхүүтэй болгочихвол жинхэнэ утгаар орон нутаг хөгжих, бие даах эхлэл тавигдана. Тэгэхгүйгээр давж заалдах шатны шүүхийг гурван аймгийн дунд бий болгох нь тооцоолол муутай, үндэслэл багатай болсон гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл шүүх хурал товлосон өдөр болдоггүй, олон хоног хойшилдог зэрэг олон шалтгаан байдаг, олон оролцогч байдаг тул иргэдэд зардал чирэгдэл маш их гарна. Шинэчлэлийг маш тооцоо, судалгаатайгаар, нийгмийн харилцаанд тулгуурлаж, түүнийг зөвөөр зохицуулах зорилгоор хийх ёстой юм.
-Сүүлийн бүтэн сар хоёр эмнэлгийг нэгтгэх шийдвэр нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байна. Шүүхийн шинэчлэлийн эхлэл нь энэ гэж сайд нь тайлбарлах юм. Та эмч нарын өмгөөлөгчөөр ажиллаж байгаагийн хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Байгууллагуудын байрлах контор, оффис дутсанаас ажил муудна гэж байхгүй. Шүүхийн зориулалтын байр, оффис дутуу байгаа нь үнэн, шүүхүүдийг зориулалтын байраар хангах нь эн тэргүүний ажил. Шүүхийн байруудыг төсөвт тусгаж шат дараатай барьж эхлэх ёстой. Түүнээс биш эмнэлгийн зориулалтаар барьсан барилгыг шүүхийн шинэчлэл нэрээр яамны байр болгох нь утгагүй. Төсвийн хуулийн дагуу зориулалтын дагуу баригдсан эмнэлгийн байрыг Хууль зүйн яам, Улсын прокурорын оффис болгоно гэж байгаа нь аль ч талаас нь авч үзэхэд дэмжих боломжгүй. Хууль зүйн яам дэд бүтцийн шинэчлэл хийнэ гэж дуугарч байгаа. Энэ сонин асуудал, үндсэн чиг үүрэг нь биш. Үүнийг Засгийн газар, УИХ-ын төвшинд, Барилга хот байгуулалтын яам, Нийслэл хотын хот төлөвлөлтийн бодлогоор хийх ёстой. Төрийн өмчийн хороотой ярилцаж төлөвлөж сайхан оффис барьж болно. Ард түмний татварын мөнгийг тэгж зарцуулдаг хуультай. Тэгэхгүйгээр эмнэлгийг контор болгоно гэсэн нь олон хууль зөрчсөн. Өмгөөлөгч хүний хувьд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн хамт олон надад хүсэлт гаргасаныг судалж үзээд тэдний эрх зөрчигдөж байгаа нь тодорхой тул тууштай ажиллаж байна. Би хүний эрхийн төлөө ажилладаг өмгөөлөгч хүн.
Маргаад байгаа Засгийн газрын 120 дугаар тогтоол буруу гарсан болох нь илт байгаа. Ингэж бүтээсэн зүйлээ, ард түмний татварын мөнгөөр барьсан зүйлийг өөрчилж болохгүй. Ард түмэнд эмнэлэг агаар, ус шиг хэрэгтэй байгаа. Энэ эмнэлгийг Хууль зүйн яам өөрийн мэдэлдээ байлгаж болдоггүй юм гэхэд өргөжүүлээд тусгай албан хаагчаас гадна нийт ард түмэнд ч үйлчилдэг эмнэлэг болгоод Эрүүл мэндийн яаманд нь шилжүүлчих. Тэгвэл чухал асуудал болно.
Шүүх, прокурор, цагдаагийн байгууллага байрлаж байгаа аль нэг байрыг буулгаад хэдэн ч давхар орчин үеийн оффис барьж болохоор байна шүү дээ. Харин хууль зөрчин эмнэлгийн байрыг булааж авч болохгүй. Хоёр эмнэлгийг нэгтгэх нэрээр хууль зөрчин байрыг нь чөлөөлж авах гэж байна. Жирийн иргэд гадаадад явж эмчлүүлэх боломжгүй байгааг хүн бүр л мэдэж байгаа, гадаадад явах зардлаар энд бүрэн хэмжээний оношлогоо, эмчилгээ хийлгэх боломж бүрдүүлж байгаа. Иймд эмнэлгийн байрыг “хэдэн дарга нарт зориулсан эмнэлгийн барилга” мэтээр буруу мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.
-Нэгэнт зураг төслийг нь гаргаад бариад эхэлчихсэн барилгын зориулалтыг одоо өөрчлөх ямар ч боломжгүй юм байна, тийм үү?
-Хамгийн гол нь эмнэлгийн зориулалтаар зураг төслийг нь гаргаад барьж байна. Оффисын зориулалттай болгоход 10-20 тэрбум төгрөгийн алдагдал гарна. Энэ бол ард түмний мөнгө. Мэс заслын зориулалтаар барьсан өндөр таазтай сайхан том тасалгаанууд байгаа. Энэ тасалгааг контор болгож сууна гэдэг эрүүл ухаанд багтамгүй. Үүнийгээ “шинэчлэл” нэрээр халхавчилж байгаа нь буруу. Шинэчлэлийн Засгийн газар алдаатай шийдвэрээ өөрөө хүчингүй болгож чадвал ард түмнээс хүндэтгэл хүлээнэ гэж хэлмээр байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд ч үгээ хэлэх хэрэгтэй.
-Аливаа шинэчлэл эсэргүүцэлтэй тулгардаг, үүнийг заавал хийнэ гэж сайд нь ярьж байгаа шүү дээ?
-Эсэргүүцэлтэй тулгарна. Гэхдээ улс төрийн сөрөг хүчний эсэргүүцэл байж болно. Тухайлбал, орон нутгийн удирдлагыг ард түмэн өөрсдөө сонгох ёстой гэдэг зөв шинэчлэл. Гэтэл үүнийг улс төрийн нэг хүчин эсэргүүцсэн. Энэ бол зөв шинэчлэлийг хийлгэхгүй гэж улс төрийн аргаар эсэргүүцсэн хэрэг. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн хувьд шинэчлэл биш, эмнэлгийн зориулалтын байрыг булааж авч байгаа луйвар учир олон нийт эсэргүүцэж байна. Ерөнхийлөгч хоёр эмнэлгийг нэгтгэх тогтоол гаргахыг дэмжсэн байна лээ. Тэгэхээр Засгийн газар болоод Ерөнхийлөгч ямар ч тооцоо судалгаа хийгээгүй нь харагдаж байна. Эрх мэдлийг, тооцоо судалгаан дээр үндэслэн олон нийтийн эрх ашигт нийцүүлэн зөв хэрэгжүүлдэг болохоос биш явцуу сонирхлыг нь хамгаалж ашигладаггүй юм. Ард түмний эрүүл мэндээ хамгаалах эрхийг ноцтой зөрчсөн хэрэг. Хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна. Эрүүл мэндийн болон хууль зүйн салбарынхан нэгнийхээ хийж байгаа ард түмэнд хэрэгтэй зөв зүйлийг устгахгүйгээр шинэчлэлээ хийх ёстой.
-Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн хуулийн тухай нэлээд ярьдаг. Үг хуулийн шинэчлэлийн талаар?
-Байшин булаацалдаж хамаг цагаа өнгөрүүлж буйд харамсч байгаа. Ингэхийн оронд хууль эрх зүйнхээ шинэчлэлийг яаралтай хийхийг хүсч байна. Олон хорих газар манайд хэрэг алга. Эрүүгийн хуулийн зарчим алдагдсаны улмаас Шүүхээр шийтгэгдэж байгаа шүүгдэгчдийн 70 орчим хувь нь хорих ял авч байгаа гэх. Шорон гянданд олон хүнийг хорьдог үндэслэл болсон Эрүүгийн хуулийг маш яаралтай шинэчлээд хорих шаардлагагүй хүмүүсийг хорьдог заалтуудыг өөрчилвөл шоронгийн 50 хувь нь суларна. Ийм л шинэчлэл хэрэгтэй биз дээ
-Эрүүгийн хуульд сэтгүүлчдийг хорьдог том заалт бий. Энэ тухай бид олон жил ярьж, бичиж байгаа ч өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй байна. Та өмгөөлөгч хүний хувьд энэ тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Эрүүгийн хуулийг шинэчилчихвэл сэтгүүлчдийг хорьдог заалт алга болно. Ер нь олон сэтгүүлч улстөрчид болон мөнгөтэй хөрөнгөтэй хүний гомдлын дагуу эрүүгийн хэрэгт татагдаж байна. Мөнгөтэй хүн гомдол гаргахаар эрүүгийн хэрэг үүсгэдэг. Жирийн иргэн гомдол гаргахаар тэр бүр эрүүгийн хэрэг үүсгэхгүй байгаа юм шүү. Хуулийг нийтэд адилхан үйлчилдэг болгох нь Хууль зүйн сайдын хийх маш том зорилт байх ёстой.
Сүүлийн нэг сарын хугацаанд суух байшин булаацалдаж эрх зүйн шинэчлэлийн тухай бага зүйл хийгдэж байгаад харамсалтай байна. Хууль зүйн сайд Ашигт малтмалын тухай хуулийг нэн даруй өөрчлөөд өгөх хэрэгтэй. Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдал, байгаль орчинд харшилсан, хүчингүй болговол зохих хууль байна. Хүчтэй, чадалтай залуу шинэчлэгч сайд нар хүчээ ийм зүйлд зориулмаар байна. Дараа нь хуулийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт руу орж болно. Байшинг бол барьж болно шүү дээ.
-Эрүүгийн хуульд гэрчийг хамгаалах заалт байдаггүй. Энэ нь сэтгүүлч бидэнд нэлээд хамаатай заалт. Ийм заалт зайлшгүй байх ёстой биз?
-Эрүүгийн хуульд өөрчлөх, нэмж тусгах шаардлагатай олон заалт бий. Үүний нэг нь гэрчийг хамгаалах тухай заалт. Сэтгүүлч Д.Болормаагийн бичсэн “Бага насны охидыг бэлгийн хүчирхийлэлд өртүүлж байсан тухай” нийтлэлтэй холбогдох хэрэг дээр А гэдэг гэрчийг зодож гэмтээсэн, утсаар заналхийсэн байдаг. Эцэст нь ар гэрт нь буюу ээжид нь таван сая төгрөг өгсөн тухай асуудал шалгагдаж байгаа. Үүнийг мэдэх тодорхой хэмжээний гэрчүүд бий. Таван сая төгрөг авсны дараа гэрчийн мэдүүлэг өөрчлөгдсөн. Тэгэхээр Эрүүгийн хуульд гэрчийг хамгаалалтад авах системийг бий болгож, гэрчийг яаралтай хамгаалалтад авдаг болмоор байна. Мөн мөнгөтэй хөрөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй байдлыг болиулмаар байна. Д.Болормаагийн бичсэн хэрэгт холбогдсон бага насны охидыг бэлгийн мөлжлөгт өртүүлсэн хэргийг хуулийн байгууллага ерөөсөө шалгаагүй. Шалгуулах гээд өгсөн гомдлыг манай хуулийнхан шалгахгүй байна. Гэрчид нөлөөлж байгаа ийм нөхцөлд сэтгүүлчийг шийтгэх нь буруу. Эхлээд өргөдөл гомдын дагуу шалгах хэрэгтэй. Хохирсон охид, тэдний эрхийг зөрчиж байгаа тухай нийгэмд бугшсан муухай гэмт хэргийг ил болгож гаргасан сэтгүүлч хоёрыг аль алиныг нь Шүүхээр шийтгэчихлээ. Гэтэл энэ хэргийг үйлдэж байсан насанд хүрсэн мөнгөтэй хөрөнгөтэй нэр ус нь тогтоогдсон хүмүүсийг яагаад шалгахгүй байна вэ. Хэргийн учир үүнд байгаа юм.
-Сэтгүүлч Д.Болормаагийн давж заалдах шатны шүүх хурал удахгүй болно. Та сэтгүүлчийн өмгөөлөгчийн хувьд шүүх хурал шударга болно гэж найдаж байна уу?
-Д.Болормааг цагаатгах ёстой гэж үзэж байгаа. Нийгэмд гарч байсан нуугдмал, аюултай гэмт хэргийг илрүүлсэн болохоос биш хүнийг гүтгээгүй. Тэгэхээр нотолж шалгах зүйлээ хийгээгүй, тогтоогоогүй учир сэтгүүлчид ашигтай шийдвэр гаргаж цагаатгах ёстой. Эцэст нь хэлэхэд, Хүчтэй шинэчлэл хийх гэж байгаа Засгийн газар Эрүүгийн хуулийг дорвитойхон шинэчлээд УИХ-д оруулаад батлуулаад өгөөсэй гэж бодож байна. Хүчээ ард түмэнд хэрэгтэй эмнэлэгт битгий гаргаасай гэж эрх мэдэлтнүүдээс хүсэх байна.