Б.СОЛОНГО

“100 мянга”-ынхан гэхээр юуны тухай бичээд байгааг андахгүй биз. Иргэдээ орон сууцжуулах нэрийн дор сүржин нэртэй энэ хөтөлбөрийг эхлүүлснээс хойш зургаан сарын хугацаа өнгөрчээ. Эхэндээ жилийн зургаахан хувийн хүүтэй зээлд хамрагдаж, орон сууцтай болох нь хэмээн баярлаж байлаа. Гэвч хариуцлагагүй, бодлогогүй, төлөвлөлтгүй эхлүүлсэн энэ ажлаас болж өнөөдөр 3000 айл, тэдгээрийн цаана байгаа 10 мянга гаруй хүн хохирогч гэсэн нэр зүүгээд байна.
Бид энэ талаар удаа дараа бичиж байсан тул асуудлыг аль болох товчхон танилцуулъя. Анх “100 мянган айлыг орон сууцжуулах” хөтөлбөрийг эхлүүлэхдээ дарга нар улаан тууз хайчилж, нийслэлийг утаанаас салгах, бага, дунд орлоготой иргэдийг байртай болгох мундаг хөтөлбөр бодож олсноо гайхуулж байсан. Эхэндээ ч ахицтай урагшилж байсан зээл олголт 850 дахь хүн дээр ирээд таг гацчихав.
Хөгжлийн банкнаас Төрийн банкинд шилжүүлсэн 40 тэрбум төгрөгийнх нь санхүүжилт дууссан учир дахин хүсэлт авахгүй гэж Төрийн банкныхан хатуухан мэдэгдэв. Төрөөс авсан 40 тэрбум төгрөг нь 850 хүнийхээ зээлийн эх үүсвэрт яг таарсан хэрэг. Гэтэл цаана нь дахиад 2814 хүн байгааг төр засаг мартчихжээ. Энэ хүмүүс бол авах байраа сонгоод, урьдчилгаа мөнгөө төлөөд ОССК-д материалаа өгсөн. Тэр хүсэлтийг нь ОССК Төрийн банкинд дамжуулсан. Ингээд л энэ ажил зогсчихсон. Зээл ч гарахаа болив. Төрийн банк, ОССК-иас зээлээ сурагласан иргэдийг “санхүүжилт байхгүй” гэсэн хариултаар буцаасаар байна. Гэтэл зээл нь шийдэгдээгүй, хүлээлтийн байдалд байгаа 2814 хүний амьдрал ямар байгааг бодоод нэг үзээрэй. Тэд амьдарч байсан хашаа байшингаа зарж урьдчилгаа олсон, эсвэл таньдаг мэддэгээсээ зээлж мөнгө босгосон тийм л хүмүүс. Хэдийгээр энэ хөтөлбөрт хамрагдсан барилгын компаниуд 10 хувийн урьдчилгаа авах хуультай ч амьдрал дээр 30-аас дээш хувийн урьдчилгаа нэхсэн нь нууц биш. Ингээд бодохоор дээрх хүмүүс 6-20 сая төгрөгөө “100 мянган орон сууц” гэсэн мөрийтэй тоглоомд тавьж орхижээ. Төр засаг хэрэгжүүлж байгаа ажил учир зээл нь гарчихна гэсэн хүлээлтээр зургаан сарын хугацааг өнгөрүүллээ. Тухайн үед урьдчилгаа болгох мөнгө олоогүйдээ баярлаж сууна гэж танил нэгэн минь өгүүлсэн юм. Найдваргүй зүйлд мөнгөө хийчихээд ёстой хаашаа хандахаа мэдэхгүй болсон иргэд эхнээсээ хэвлэлийнхэнд хандаж эхэллээ. “Жонатан” компанийн орон сууцанд байр захиалж, гэрээ хийсэн 80 иргэн Засгийн газарт шаардлага хүргүүлсэн сурвалжлагыг уншаад үзээрэй. Тэднээс гадна дахиад 2800 хүн яг ийм байдалд байна. Эхний зээлээ шийдээгүй, хүсэлт авахаа зогсоочихсон хэрнээ ОССК иргэдийн өргөдлийг авсаар байгаа юм. Дээрээс зогсоо гэсэн шийдвэр ирээгүй тул хүсэлт авч байгаа гэж тайлбарлаж байна билээ. Тэгэхээр дахиад 40 хүн “100 мянга”-ын гэх энэ луйварт итгээд орон сууцны компанитай гэрээ хийж, мөнгөө төлчихсөн болж таарсныг бид мэдээлж байв.
ХӨГЖЛИЙН БАНК 50 ТЭРБУМЫГ БҮРЭН ШИЛЖҮҮЛСЭН ГЭВ
Эх, адаг, зөв, буруу нь олдохгүй энэ хөтөлбөрийн хариултыг олохоор багагүй явлаа. ОССК зөвхөн иргэдийн материалыг хүлээж авах үүрэгтэй гэнэ. Тэд бас л дээрээс шийдвэр хүлээж байгаа юм байх. Эрсдэлээ өөрсдөө дааж, зээл олголтыг хэвийн үргэлжлүүлэх үүрэг хүлээсэн Төрийн банк өнөөдөр таг чиг. Тэд Хөгжлийн банкнаас аваагүй байгаа 10 тэрбум төгрөгийнхөө хэрүүлийг хийсэн хэвээрээ. Гэвч бодоод үзэхэд 3000 гаруй хүний зээлийг олгоход 150 орчим тэрбум төгрөг хэрэгтэй. Нэхэл, дагуул болоод байгаа 10 тэрбум төгрөгөөр үнэндээ 250 хүний зээлийг л нэмж гаргана. Анхнаасаа ямар ч тооцоо, судалгаагүй энэ ажлыг яах гэж эхлүүлсэн, яагаад энэ олон хүнийг хэлмэгдүүлэв гэсэн асуултад өнөөдөр нэг ч хүн хариулт өгсөнгүй. Төрийн банкинд энэ асуудлаар дуугарах мэдэлтэй хүн ганцхан байдаг гэсэн. Тэр нь Төрийн банкны Бизнес хөгжлийн төвийн мэргэжилтэн Г.Болорсүх. Энэ хүнээс өөр хэн ч мэдээлэл өгч болохгүй гэсэн учир Төв оффисийг нь сахиж хэд хонов. Харамсалтай нь мэргэжилтэн Г.Болорсүхийн хурал, цуглааны завсраар уулзах аз надад тохиосонгүй. Угаасаа энэ асуудлыг нууцалж, хэвлэлийнхнээс зугтаж байгаа нь хэн хүнд тодорхой байлаа. Төрийн банкныхан таньдаг, мэддэг, дарга нарын хүмүүсээ урдуураа оруулж зээл олгодог байсан гэдгийг зургаан сар үүдийг нь сахисан захиалагчид хэлж байна. 200 сая ам.долларын бонд гаргаж, иргэдээ орон сууцжуулна гэсэн Хөгжлийн банкнаас хариулт авахаар очив. Тус газраас Төрийн банкинд шилжүүлэх ёстой 50 тэрбумын үлдэгдэл болох 10 тэрбум төгрөгийг өнгөрсөн баасан гаригт гүйцээж шилжүүлсэн гэсэн тайлбарыг өгсөн юм. Үлдсэн хүмүүсийн зээлийг хэрхэн санхүүжүүлэх талаар асуухад “Засгийн газраас шийдвэр гаргавал санхүүжүүлнэ” гэж байна. Тэгэхээр ямартаа ч эдгээр 3000 орчим хүний зээлийг олгох мөнгө Төрийн банкинд ч , Хөгжлийн банкинд ч байхгүй бололтой. Цаашид энэ асуудлыг бодлогын төвшинд хэрхэн шийдвэрлэхийг асуухаар Эдийн засгийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Сангийн яамны хаалгыг татсан ч хариуцлагатай мэдээлэл өгчих эрхэм даанч алга. Хэрэгжүүлж чадахгүй байж болно. Тэгвэл төр засагтаа итгээд амьдралаа дэнчинд тавьсан эдгээр хүмүүсийг хэрхэн хохиролгүй болгох вэ гэдэгт хариулт өгөх цаг болжээ эрхэм дарга нар аа. Энэ хүмүүс өнөөдөр захиалагч биш хохирогч болоод байна.