Ч.ҮЛ-ОЛДОХ

Нүүдэлчин монголчуудын уугуул нутаг Төв Ази болохыг нотолсон хөдөлшгүй баримт, нэг ёсондоо язгуурын монголчуудын түүх, соёлын голомт болсон Ноён уул алтны эрэлчид, уул уурхайнхны хөлд хэрхэн сүйдэж буй талаар цуврал сурвалжлага, нийтлэлийг бид уншигчиддаа хүргэж байгаа билээ.
Ноён ууланд нэг биш нэлээд хэдэн компани хайгуул, ашиглалт явуулж, нинжа нар тал талаас нь нүхэлсээр аль хэдийнэ “Нүхэн уул” болгочихсоныг “Ноён уулын мөхөл-1”-д тодорхой өгүүлсэн.Энэ удаа тэрхүү компаниудыг тодруулж, ямар үйл ажиллагааг явуулж байгааг дэлгэрэнгүй мэдээлэхийг зорилоо. Тэнд одоогоор “Сентерра Гоулд”, “Пураам”, “МРS” зэрэг компани хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна.
Түүний зэрэгцээ нинжа нар тоймгүй гэдгийг нутгийн иргэд хэлж байгаагаас гадна ой дундуур хэрсэн олон нарийн жим үүнийг нь гэрчилнэ. Газар дээр нь яваад очиход нэр бүхий гурван компани бий гэх ч хууль бусаар алт ухаж буй хэчнээн уурхай байгааг хэлэхэд бэрх юм. Учир нь тэрхүү том уулыг нэг удаагийн явалтаар бүхэлд нь тойрч амжихааргүй. Оройд нь гарахын тулд морь унахгүй бол машин явахгүй, явлаа гэхэд уурхайнхан нэвтрүүлэхгүй, түүгээр ч үл барам хэвлэл, мэдээллээс яваа гэвэл бүр ч харшилтай юм шиг авирладаг хэмээн замд таарсан нутгийн иргэд, байгаль хамгаалах ТББ-ынхан зөвлөв.
Одоогоос сарын өмнө тэд уул руу мориор гарч, орчин тойрны зургийг баримтжуулж авсан гэнэ. Ингэхдээ мөн л нууцаар явсан тухайгаа хэлж байна. Багаасаа малын дэргэд өссөн болохоор морь сайн унадагаа хэлж, “Уул руу хамт гаръя, замчилж өгөхгүй юу” гэхэд “Төвийн хэвлэл, мэдээллээс яваа хүнд нөхцөл байдлыг газар дээр нь үзүүлж, зургийг нь авахуулмаар байгаа юм” гэцгээсэн ч “Цас орж хальтиргаа үүссэн болохоор тийшээ явахад эрсдэлтэй” гэсэн ахмадуудын үгэнд оров. Гэхдээ газрын баримжааг харахад уулаа дагавал хад асга ихтэй бэрх болохоос цагаан талаас нь явбал айл олонтой, нэлээд дөхчихмөөр санагдсан.
Дээр өгүүлсэн гурван компани Ноён уулын гурван талаас ухаж байна. Хэдийгээр намар болж байгаль дэлхийн өнгө гандаж, дээр нь цас орсон ч ой модод хатаж, өнгө зүсээ алдсан, ус булаг ширгэж хуурай сайр болсон хэмээн иргэдийн ярьсныг өнгөршиж хатаж харласан моддын мөчир гэрчлэх мэт ёрдойно.
Ихэс дээдсийн шарилыг хадгалсан ариун дагшин газраас нүдэн баримжаагаар 50 хүрэхгүй метр газарт уурхай орчихсон харагдана. Түүний цаана өвгөд, дээдсийн үлдээсэн түүх дурсгал хэрхэн сүйдэж байгаа бол гэхээс гол харламаар. Өвөл болчихсон болохоор уурхайнууд ажлаа зогсоосон нь илт. Хүн, машины бараа харагдахгүй эл хуль болжээ. “Сентерра гоулд” компанийн хувьд Ноён уулын нэг том амыг уруудуулан тэр чигээр нь авчихсан юм байна. Зөвхөн хайгуулын талбай нь гэхэд л холоос харахад уулаа тойроод явчихсан гэмээр харагдана. Уурхай үйл ажиллагаа явуулаагүй, зөвхөн бэлтгэлээ базааж байгаа гэх ч уурхайн тосгон, ажилчдын байр гээд нэлээд том талбайг эзэлж байна. Энд тэнд уулын хажууг тэгшлэн, зарим газарт уулын бөөрнөөс ухаж нэлээд том талбай зассан байна. Тэрхүү талбайн нуруулдсан шороон доор асар их мод буулгаж булсан хэмээн тэр хавийн иргэд хэлж байна. Түүний наана хашаа татаж, харуулын байр барьжээ. “Сентерра гоулд”-ын эзэмшилд орсон Ноён уулын өвөр талын том амнаас Гачууртын гол урсдаг. Түүнээс ууж буй уснаас цианит натри илэрсэн гэх мэдээлэл өнгөрсөн жил дуулдаж байсан удаатай. Зарим нь “Хоёр дахь Хонгор” гэж нэрлэсэн нь ч бий.
Ноён уулын өвөр талын бас нэг аманд “Пураам” компани ухаж, уул уурхайн ажил эхлүүлжээ. Байгаль орчныг сүйтгэгчдийн эсрэг иргэний хөдөлгөөнийнхөн буун тавьж байсан тэрхүү газар үнэндээ харахаас нүд хальтирмаар. Уурхайн талбайд уулын том машинууд харагдана. Ноён уулын баруун энгэр буюу Оросын эрдэмтэн Козловын Хүннүгийн анхны шарил олсон газраас холгүй хашаа татаад авчихсан Австралийн хөрөнгө оруулалттай “МРS” гэх компанийн уурхай ажилладаг юм байна. Харин уулын ар, өвөр талаас гар аргаар алт олборлогчид саяхныг хүртэл алт олборлож байсан бол түрүүчийн цаснаар буугаад явчихсан гэнэ.
Байгаль хамгаалах ТББ-ынхан өнгөрсөн жил “Пураам” компанид шаардлага хүргүүлэхэд “Бид нэмж ашиглалтын талбай авахгүй. Хуучин талбайдаа нөхөн сэргээлт хийж, овоолгынхоо шороог ухаж байна” гэсэн хариу өгчээ.
Нөхөн сэргээлт хийж байгаа гэх ч газар ухаж, шороо нь гол ус руу орж ямар гамшиг учирч байгааг хэлэхэд бэрх, тодорхойгүй нөхцөл байдал үүсч байгааг ч хэлэх хүн байна.
Энэ тухай дараагийн сурвалжлагад тодорхой өгүүлэх болно.
Үргэлжлэл бий.