Б.ДОЛЖИНЖАВ

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо санаачлан “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрт хамрагдсан ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монгол гэсэн зургаан орны гэрэл зургийн 20 орчим сэтгүүлч, сурвалжлагч 101 фото бүхий тайлант үзэсгэлэнгээ өчигдөр дэлгэсэн юм. Тэд энэ сарын 12-20-нд Улаанбаатар хот-Хэнтий-Дорнод аймагт ажиллаж Монгол ахуй, хөдөө тал, үзэсгэлэнт байгаль, соёл уламжлалыг харуулсан торгон агшнуудыг гэрэл зурагт мөнхөлжээ. Монголын гэрэл зургийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн даргаП.Баттулга “Энэ хөтөлбөрийн зорилго нь гадаад дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зургийн сурвалжлагч, сэтгүүлчдээр дамжуулан өнөө цагийн Монгол орныг олон улсад эерэгээр сурталчлан таниулах, гадны томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэн баяжуулах юм. Халх голын ойг угтаад Халх голын эцсийн цэг Буйр нуурт очоод монгол ахуй, хөдөө тал, нүүдэлчдийн онцлогийг харуулсан зураг авлаа. Нэг газар олон сэтгүүлч зураг авч байгаа учраас нэг нэгнээсээ суралцсан туршлага солилцсон нь хөтөлбөрийн үр дүн байлаа” гэсэн юм. Олон улсын гэрэл зургийн сэтгүүлчид малчин айл, нүүдэлчин Монголын давтагдашгүй онцлогийг илэрхийлсэн гэрэл зурагуудыг авчээ. Тухайлбал, үнээний зэлэн дээр сууж буй хүүхэд, үүрээр адуугаа хурааж буй адуучин, цайны дээжээ өргөж буй эмэгтэй, сүү самарч буй малчин бүсгүй, эмээл барин алхах унаач хүүхдүүдээс эхлээд малчин ахуйг тодотгох зураг олон байв. Турк улсын “Анадолу” агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч, сэтгүүлч Фырат Юрдакул “Гэрэл зураг авна гэдэг миний хувьд эрх чөлөө юм. Өргөн уудам газар нутаг, үзэсгэлэнт байгалийн зургийг авахад хязгаар байхгүй нь эрх чөлөөг гэрэл зургаар илэрхийлж байгаа юм шиг санагдсан. Энэ үзэсгэлэнд 15 зураг сонгож тавьсан. Дараа жил энэ хөтөлбөр илүү өргөжөөсэй гэж хүсч байна” гэлээ. Тэрээр гэртээ оньсон тоглоом тоглож буй жаахан охин,азарганы ноцолдооныг харуулсан сонирхолтой зураг авсан байв. Өнөөдрийн Монголын өнгийг олон улсын гэрэл зурагчид хальснаа өнгөтэй,гэрэл гэгээтэйгээр буулгасан фото үзэсгэлэн тав хоног үргэлжилнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.22  Пүрэв  №167  (6134)