МАХН-ЫН ДАРГА НАМБАРЫН ЭНХБАЯРААС
...МАХН-ын гишүүд, дэмжигчид, идэвхтэн сонгуультнууд, нийт ард түмэндээ хандан 2012 оны 11 дүгээр сарын 6-нд илгээсэн ил захидлаас...
Улсын Их Хуралд суудалтай, нам, эвслийн бүлэгтэй МАХН, “Шударга ёс” эвсэл орон нутгийн сонгуульд ялж, хүч нөлөөгөө бэхжүүлснээр ард түмэндээ амалсан амлалтаа гүйцэд хэрэгжүүлэх шинэ боломж нэмэгдэнэ, хамгийн гол нь төвд байгаа төр, засгийн үйл ажиллагааг хянаж, алдаа дутагдал гаргуулахгүй байх, орон нутагт ард түмэн маань нутаг усандаа, байгалийн баялагтаа, улмаар улс орон, хувь заяандаа жинхэнэ эзэн суух бололцоо бүрдэх юм. Тухайлбал:
1.Бид Таван Толгойн ордыг бүхэлд нь зуун хувь ард түмэндээ өгнө. Энэ бол монголын ард түмний дундын өмч болохоос биш язарч ялзартлаа баяжсан цөөн тооны хэдхэн олигархийн өмч, эрдэнэс баялгийн дуусаж дундаршгүй, ёроолгүй хүүдий биш юм.
2.Бид Оюу-Толгойн монголын талын эзэмших хувь хэмжээг 51-ээс доошгүй хувьд хүргэнэ. Монголд гадаадын хөрөнгө оруулалт гарцаагүй хэрэгтэй ч, МАХН түүнийг хөхиүлэн дэмжиж байдаг ч улс орны гол баялгийг цөөн хэдэн хүний үзэмжээр монголчуудад ашиггүйгээр шийдвэрлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Монголын баялгийг монголын ард түмний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн үрэн таран хийж болохгүй.
3.Бид орон нутгийн ач холбогдолтой уурхайнуудыг тухайн нутгийн ард иргэдийн мэдэлд өгдөг болгох бодлогыг тэдэнтэйгээ хамтран боловсруулж хэрэгжүүлнэ. Ингэснээр тухайн нутгийн байгаль орчныг хамгаалах, иргэдийнх нь орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулахад дорвитой өөрчлөлт гарна.
4.МАХН нь татварын дарамт, зээлийн хүүг бууруулна. “Дарамтгүй бизнес” хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнөөдрийн тендерийн эмх замбараагүй байдал, элдвийн луйвар булхайг цэгцэлнэ.
5.Сүүлийн хэдхэн жилийн дотор урагшгүй удирдагчдын харалган бодлогын үр дүнд шинээр үүссэн 9 тэрбум ам.доллартай тэнцэхүйц их хэмжээний өрийг /энэ нь Монгол Улсын өлгийтэй нялхсаас өтөл буурал хүртэлх хүн нэг бүрийг 5 сая төгрөгийн өрд унагасан гэсэн үг/ цайруулах ажлыг эрэмбэ дараатай хийж хэрэгжүүлэн өртэй Монголыг өргүй Монгол болгоно. Өнөөдөр хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа ажилч хичээнгүй ард түмний маань ихэнх нь мал, цалин, тэтгэврээрээ барьцаалсан өртэй болжээ. Монголчууд “өртэй хүн өөдөлдөггүй”, “өргүй бол баян” гэж хэлдэг. МАХН ард түмнийгээ мал, цалин, тэтгэврээрээ барьцаалсан өрийн сүлжээний хүнд дарамтаас ангижруулна. Бид “Өргүй монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. ЗХУ-д /хуучнаар/ төлөх ёстой байсан 11 тэрбум ам.доллартай тэнцэх өрийг тэглүүлж чадсан туршлага МАХН-д бий. Бидний хуримтлуулсан туршлага бол бидний амлалтын баталгаа мөн.
6.Бид орон сууцны үнийг бууруулж, хямд үнэ өртөг бүхий орон сууц шинээр барьж, өрх бүрийг байртай болгох их ажлыг богино хугацаанд хэрэгжүүлнэ. Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан “Төрийн орон сууцны сан” байгуулна. Өөрийн гэсэн орон сууцны байргүй өрх бүрийг дунджаар 60 кв.метр талбай бүхий орон сууцны байртай болгохын төлөө ажиллана. Энэ ажлыг хэрэгжүүлэхдээ шинэ гэр бүлийг дэмжих бодлоготой уялдуулна. Гэхдээ энэхүү зорилтыг Улаанбаатар хотод байшин барилга шинээр барихын хамт хөдөө орон нутгийн ард иргэдийн ажиллаж, амьдарч байгаа газар, төрж өссөн нутаг усанд нь ойрхон төв суурин газрыг хот төлөвлөлтийн бодлогоор хөгжүүлэхтэй уялдуулан шийдвэрлэж, хэт төвлөрлийг сааруулна.
7.Айл өрх бүрээс дор хаяхад хөдөлмөрийн чадвартай нэг иргэнийг ажилтай, орлоготой болгох замаар ядуурал, ажилгүйдлийг эрс бууруулна. Хүн ам зүйн ухаалаг уян хатан бодлого явуулж, гэр бүл, ялангуяа “Залуу гэр бүл”-ийг дэмжих үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.
8.Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнийг огцом уналтаас хамгаална. Хоршоологчдыг бүх талаар хөхиүлэн дэмжинэ. Малыг эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, малчдын маань хөдөлмөрийн үр шим болсон мал аж ахуйн гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулж, экспортыг нь өсгөх замаар малчдын орлогыг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ.
9.МАХН, “Шударга ёс” эвсэл “Мянганы төмөр зам”-ын бүтээн байгуулалтын их ажлыг санаачилж, Ховд-Дорнодыг холбосон “Мянганы төмөр зам”-ын ажлыг эхлүүлэхийг эрх баригчдад санал болгож, шаардана. Бидэнд “Мянганы зам”-ыг амжилттай хэрэгжүүлсэн туршлага бий. “Мянганы зам”-ыг хэрэгжүүлсэн туршлага “Мянганы төмөр зам” төслийг хэрэгжүүлэх баталгаа мөн. Алс холын аймгуудаас Улаанбаатар руу, Улаанбаатараас холын аймгууд руу хүн тээвэрлэх, ачаа бараа хүргэх асуудал амар хялбар болно. “Мянганы төмөр зам”-ыг дагаж хөгжил дэвшил ирнэ. Хөдөө орон нутаг цэцэглэн хөгжинө. Хөдөөд юмны үнэ буурна, ажлын байр бий болно, ядуурал багасна.
10.Нэгэн цагт Азийн цээжин дэх цагаан дагина хэмээн нэрлэгдэж байсан улсын нийслэл Улаанбаатар хот маань газрын наймаачдын гайтай бодлого, хариуцлагагүй үйлдлийн үр дүнд хэт төвлөрлийн дааж давшгүй ачаанд дарагдан сөгдөж, утаа тортогтоо хучигдаж, танигдахын аргагүй болтлоо өнгө зүсээ алдсан өнөөгийн эмгэнэлт байдлыг засч, арилгана. Дунд болон ойрын хугацаанд хэрэгжих зөв бодлого боловсруулан ажил хэрэг болгож, эмх замбараагүйн бөөгнөрөл болсон нийслэл хотоо хог шороо, утаа тортгоос нь салгана, зүлэгжүүлэн ногооруулна, өнгө зүсийг нь сэргээж, цэвэр цэмцгэр хот болгоно. Хамгийн гол нь айл өрх нь аж төрөх орон сууцтай, хөдөлмөрийн чадвартай иргэд нь ажиллах ажлын байр, тогтмол орлоготой, бага балчир хүүхэд нь явах цэцэрлэгтэй, залуус нь сурах сургуультай, хүн ам нь шаардлагатай бол үзүүлж, эмчлүүлэх эмнэлэгтэй, ахмадууд нь ачлуулж сувилуулах сувилалтай байх нөхцлийг бүрдүүлнэ.
11.Хуулиар далайлгасан хүчирхийлэл, хууль хяналтынхны заналхийлэл, хараат шүүхийн хууль бус шийдвэрийн сүрдүүлгээс ард иргэдээ хамгаалж, Монголд хэлмэгдүүлэлтийг таслан зогсооно. МАХН шүүх засаглалыг өнөөгийн ичгүүртэй хараат байдлаас нь гаргаж, жинхэнэ хараат бус байх ёстой утгаар нь төлөвшүүлэн хөгжүүлж, иргэддээ тэгш үйлчилдэг болгоно. Өнгөрсөн зууны 30-аад онд Монголын айл өрх бүрийг дайрч өнгөрсөн аймшигт хэлмэгдүүлэлтийг улстөрийн өшөө хонзон авах замаар амилуулан сэргээхийг санаархаж байгаа өнөөгийн зарим албан тушаалтны увайгүй үйлдлийг эрс шийдвэртэй илчлэн няцаана. МАХН шударга ариун ёсыг эрхэмлэн дээдлэгч монголын ард түмэнтэйгээ, хэлмэгдүүлэлт Монголд дахин битгий давтагдаасай гэж хүсч буй хүн бүртэй хамтран ажиллаж, тууштай тэмцэл өрнүүлнэ.
12.Хамгийн гол нь Монголд шударга ёсыг тогтооно. Монгол Улс, Монголын ард түмний үндсэн эрх ашгаас урвагчидтай, урвасан улстөрийн нам хүчинтэй хариуцлага тооцдог тогтолцоог буй болгоно. Эх орныхоо газар шороо, эрдэнэс баялгаа ард түмнээсээ гар татан харамладаг мөртлөө өөрсдөө ханаж, цадахаа мэдэхгүй сувдаглан залгилдаг, гадныханд бөхөлзөж, найр тавин тасчин бэлэглэдэг улстөр-бизнесийн олигархи бүлэглэлийн луйвар булхайг газар авахуулалгүй таслан зогсооно. Авлига, хээл хахуульгүй, элдвийн зүй бус дарамт шахалтгүй, Эрх чөлөөтэй Эх орондоо, Шударга ёсонд тулгуурласан Эв нэгдэлээ эрхэмлэн сахидаг Ард түмэнийхээ төлөө чин сэтгэлээр туйлбартай зүтгэх нь бидний эрхэм дээд зорилго мөн буюу.
Нэг жилийг нийтгэн бүтээдэг 12 сар, монгол цаг тооллын бичгийн 12 жилийг билэгдэн дэвшүүлсэн дээрх 12 зорилтыг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь нийт монголын ард түмэнд амин чухал хэрэгтэй, тунчиг чухал тустай гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.