Б.ОНОН

 

Засаг солигдож, АН бүхий л албан тушаалыг өөрийн мэдэлд авч буй. Харин энэ дайрлагад өр­төө­гүй үлдсэн цорын ганц хүн бол Хотын ерөнхий менежер Ч.Бат. Түүнийг ганцхан жилийн дараа тэтгэвэртээ гарах гэж бай­гаагаа Э.Бат-Үүлд  учирла­саар суудалдаа үлдэж чад­сан тухай сураг яриа чих дэлсч байв. Юутай ч МАН-ын засаглалын үеийн Ч.Бат АН-ын засагт ч ал­баа хашсаар байгаа.

Эндээс үзвэл Хотын дарга Э.Бат-Үүл ерөнхий менежер Ч.Бат нар ирэх дөрвөн жил, эсхүл Ч.Батыг тэтгэвэрт гартал нь гар нийлж ажиллахаар тохиролцсон мэт. Гэтэл үгүй ажээ.

Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэдэг. Түүн лүгээ Ч.Бат ажилдаа үлдсэн хэ­дэн сарын турш Хотын дарга Э.Бат-Үүлийн эсрэг ажилласаар ирсэн болол­той. Ингэж хэлж болохуйц зарим баримт саяхнаас ил болов.

2012 оны аравдугаар сарын 2-ны өдөр Э.Бат-Үүл Улаанбаатарын то­моо­хон баар, кафе, шө­нийн цэнгээний газрын эзэдтэй уулзжээ. Энэ үеэ­рээ “Улаанбаатарыг дэл­хийн өндөр хөгжилтэй хотуудын адил шөнийн хот болгоно. Ингэхийн тулд та бүхнийг дэмжиж ажиллана” гэж ярилцсан байна.

Харин яг тэр мөчид нь Ерөнхий менежер Ч.Бат хотын томоохон 28 шөнийн клубын тусгай зөвшөөрлийг нь цуцлах тушаал үйлдэн гарын үсэг зурж байжээ. Уг тушаалыг аравдугаар сарын 5-ны даваа гаригт нэр бүхий 28 аж ахуйн нэгжид танил­цуулан, хяналт тавьж ажиллахыг Хөдөлгөөнт эргүүлийн газарт үүрэг болгосон байх юм.

Ч.Батын тушаалын шалтгаан нь энэ шөнийн цэнгээний газрууд цаг хэтрүүлэн ажилладаг гэжээ. НИТХ-ын 91 дүгээр тогтоолд шөнийн цэнгээний газрууд 00 цагт хааж байхаар журамласан байдаг. Тогтоол гараад найман жил гаруй хугацаа өнгөрчээ.

Нэг явдал санаанд оров. Хэдхэн сарын өмнө Европын аварга шалга­руу­лах хөлбөмбөгийн тэм­цээн болсон доо. Тэр үеэр Ерөнхий сайд С.Батболд, БОАЖ-ын сайд Д.Цогт­баа­тар нар тухайн үеийн хотын удирдлагууд­тай ярилцан баар, цэнгээний газруудын ажиллах цагийг сунгаж байлаа. Тэр нь С.Батболдын хувьд хөөр­хөн шоу болж байсныг санаж байгаа хүн олон л байгаа.

Харин одоо Ч.Бат “Цаг хэтрүүлнэ гэдэг байж болшгүй асуудал. Хууль, тогтоолд ингээд заачи­хсан. Хуулиа л өөрчлөхгүй бол ямар ч арга байхгүй” хэмээн Э.Бат-Үүл даргад тайлбарлаад, тушаалаа хамгаалаад сууж буй ажээ.

Уг нь Хотын дарга Улаан­баатарыг аятайхан болгочих санаатай “Мө­рөө­дөл ярьдаг”, “Бүтэш­гүй зүйл мөрөөддөг” мэ­тээ­рээ дуудуулан ажилла­саар байгаа. Харин хамт­ран зүтгэгч нь нэг иймэр­хүү байдлаар “мөрийг нь баллаж” явах аж.

Нөгөө талаар ардчил­сан Монголд байтугай, коммунист Куба, Хятадад шөнийн клубууд нь 00 цагт хаах биш нээгддэг жишиг бий. За тэгээд, бидний даган дуурайх дуртай Аме­рик, Япон, Солонгосын талаар ярих ч юм биш.

Ардчиллын онолоор иргэд эрх чөлөөг эдлэх учиртай. Иргэндээ итгэдэг ардчилсан төр албадлагын хууль тогтоомждоо хяз­гаар­тай ханддаг. Харин иргэндээ итгэдэггүй за­саг­лал эрх чөлөөг нь хяз­гаарладаг. Нас биед хүр­сэн иргэдээ шөнийн 00 цагт унт гэдэг нь ардчил­сан байтугай коммунист дэглэмтэй улс орнуудад ч байхгүй дэглэм.

Нөгөө талаар Ч.Бат ийм байдлаар дээрх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дарангуйллын аргаар зогсоолоо гэвэл буруудахгүй.

Зүй нь шөнийн цэн­гээ­ний газруудыг зөв хуульч­лаад, үйл ажил­ла­гааг нь улам сайжруулаад явбал үр нөлөө нь зөв л гарна. Ерөөс шөнийн цэн­гээний газар гэж архиддаг орчин гэж боддог Ч.Бат нарын албан тушаалтнууд цаг үеэ мэдэрч, хөл ний­лүүлэх шаардлага ирснийг энэ байдал харуулав. За­луус тэнд бүжиглэж, хамт олноороо цуглаж цагийг өнгөрөөдөг газар шүү дээ, уг нь.

Үүнийг Э.Бат-Үүл дарга уг нь мэдрээд байгаа юм. Гэвч итгэж үлдээсэн албат нь энэ мэтээр дур мэдэж, хийх гэж байгаа ажлыг нь мөрөөдөл болгон цаасан дээр үлдээх замыг нь засч эхлэв.

Хэрэв хөгжингүй орнуудын жишгээр шөнийн хотыг бий болгох гэж байгаа л бол ийм газ­руудыг зэрэглэл тогтоо­гоод зохих стандартын дагуу байлгах нь цаг үеийн шаардлага. Ч.Батад шөнийн цэнгээ­ний газар хэрэггүй байж болно. Харин залуусын улс гэдэг Монголд бол хэрэгтэй.

Эндээс бас нэг зүйл ажиглагдаад байгаа юм. Ардын намынхан хүсвэл цагийг нь сунгаж болдог. Ардчилсан намынхан хүсэхээр чөдөрлөж тушдаг Ч.Батын хоёр нүүрийг улстөржилт гэж үзэхээс аргагүй. Ардын намын дарга, Ерөнхий сайд С.Бат­болд сонгуулийн өм­нөх PR болгон, хөлбөмбөг үзэхийн тулд хүссэнээрээ сунгаж ажиллуулдаг. Харин хотын өнгө төрхийг өөрчлөхөөр зорьсон шинэ мээрийг ийм үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийнхэнтэй уулзаж эхлүүт яаран сандран тушаал үйлдсэн нь Ч.Бат дарга хэний эрх ашгийн төлөө ажиллаж байна вэ гэдгийг нотлох мэт. Нөгөө талаар хотын менежер Ч.Батын гарга­сан шийдвэрийн талаар цаг хэтрүүлэн ажилладаг гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуй нэгжийн ажилт­нууд хотын удирдлагад хандаж шаардлага хүр­гүүл­сэн байна.  Тэд “НИТХ-ын 91 дүгээр тог­тоо­лыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан аж ахуй нэгжүү­дийн тусгай зөвшөөрлийг эргэж сэргээх, Хууль зүйн яамнаас тавьж буй аюулгүй байдлын стандарт шаардлага хангаж, хяналтын камерийн системийг суурилуулсан томоохон шөнийн клубүүдийг 04.00 цаг хүртэл ажиллах нөхцөлөөр хангахыг”  шаарджээ. Шаардлага хүргүүлж байгаа аж ахуй нэгжүүдийн ард нийт 500 орчин ажилтан албан хаагчдын амьжиргааны асуудал давхар яригдаж байгаа гэдгийг ч тэд мөн онцолсон байна. Тун удахгүй НИТХ-аар эл асуудлыг авч хэлэлцэн шийдвэр гаргана гэдэгт ч тэд итгэж байгаагаа мөн дурдсан байна билээ. Хо­тын Ерөнхий менежерийн гаргасан шийдвэрээс улбаатай  шаардлагад хотын дарга Э.Бат-Үүл ямар хариу өгөх бол.