А.Сүрэн

Хөгжмийн зохиолч Б.Магсаржавын аялгуугаар бүтсэн дуунуус бүтсэн “Хайранд мансуурсан аялгуу” тоглолтыг ирэх сарын 22, 24-нд Монгол Бөхийн өргөөнд 17.00 цагт зохион байгуулах талаар дуучид мэдээлэл хийлээ. “Зүүдэн бороо”, “Насны намар”, “Сүүн далай ээж”, “Ээжийн чанасан цай”, “Хуарангийн шөнө”, “Би хөдөөний хүн”, “Зүрхний уяа”, “Хар нүдэн бүсгүй”, “Монгол омогшид” зэрэг дуугаар нь ард түмэн түүнийг эчнээ мэдэх билээ. Түүний аялгуугаар амилсан дуунуудыг түмэнд хүргэсэн СТА  Н.Төмөрхуяг  МУГЖ Г.Батбаяр, Б.Сийлэгмаа, С.Жавхлан, СТА Л.Болдбаатар, Б.Энхмэнд, А.Түмэн-Өлзий нар таны сонорыг мялаах юм байна. Хөгжмийн зохиолч Б.Магсаржав  “Би эх орноосоо хол явж 18 жилийн дараа нутагтаа ирлээ. ӨМӨЗО-д өнгөрсөн хугацаанд ажиллаж амьдарч байсан. Нутагтаа эргэж ирэхэд миний дуунуудыг өчигдөр мэндэлсэн мэт дуулж байгаад их баярласан. Хүмүүс 1980, 1990-ээд оны хайрын аялгууг сонсохыг хүссэн  учраас би энэхүү тоглолтыг хийх гэж байна. Уг тоглолтыг дэмжиж буй уран бүтээлч дүү нартаа баярласнаа илэрхийлмээр байна” хэмээн сэтгэгдлээ хувцаалцлаа. Мөн Улсын филармоны симфони найрал хөгжим, БЦДБ-ын чуулгын бүжигчид оролцох юм байна. Үүний зэрэгцээ Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, СГЗ Ш.Дулмаа, Ш.Гүрбазар нар шүлгэн мялаалга өргөх аж. МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нар ч та бүхний сэтгэлд хоногшсон дуунуудыг дуулах аж. Мөн тэрээр тоглолтын үдшээрээ монголчуудаа архи, тамхи, уур уцаараар бус хайраар мансуурахыг уриалж байна.