С.УЯНГА

Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Тэгвэл манай сонины /2019.7.29/-ны Даваа гаригийн зочноор оролцсон Анагаах ухааны доктор, Эрчимт эмчилгээний тэргүүлэх зэргийн эмч М.Наранпүрэвийн хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

 -Эмнэлэгт биеийн байдал хүнд өвчтөн эмчлүүлэх ёстой  гол цэг нь эрчимт эмчилгээ буюу манайхны хэлж заншсанаар Сэхээн амьдруулах тасаг. Хүнд өвчтөний амь насыг авардаг учраас дэлхий нийт ялангуяа, эмнэлгийн тусламж хөгжсөн улс орнууд энэ салбарт их хөрөнгө оруулж анхаарлаа хандуулж байна. Гэтэл манайд эсрэгээрээ. Яаралтай тусламж үнэ төлбөргүй, улсын төсвөөс санхүүжинэ хэмээн хуульд заах нэрийдлээр олон тусламжийг үнэгүйдүүлсэн. Үүнээс болж эрчимт эмчилгээний тусламж даатгалд хамрагдахгүй, бас төсвийн санхүүжилт ч тодорхойгүйгээс эмнэлгийн хамгийн их зардал гаргадаг, хасах баланстай салбар болсон.

-Яаралтай тусламж болон амь тэнссэн үеийн тусламж гэдэгт олон үйлчилгээ, тусламж, амь аврах эмчилгээ, оношилгоо хамаардгийн нэг нь эрчимт эмчилгээний тусламж байдаг тул энэ цогц тусламж үнэгүйдүүлж орхигдсон. 2015 онд хийсэн эрчимт эмчилгээний тусламж авч чадаагүй нас барсан тохиолдлуудыг Улаанбаатарын зургаан том эмнэлэг, зургаан дүүргийн эмнэлэг, есөн аймгийн эмнэлэгт хагас жилийн судалгаа хийсэн. Үүнээс харахад өвчтөнүүдийн 27 хувь нь энгийн тасагт нас барсан. Хэрэв тэднийг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж зөв эмчилсэн бол 30 хувь нь буюу 54 хүний амийг аврах боломжтойг тогтоосон. Өөрөөр хэлбэл, эрчимт эмчилгээний тусламж хүртээмжтэй, чанартай бол зургаан сард 54 хүний амийг аврах бүрэн боломжтой байсан. Зургаахан сард шүү дээ. Хэдэн жилээр нь тооцвол ямар тоо гарахыг таашгүй.

-Эрчимт эмчилгээ хэвтэн эмчлүүлэх тасаг мөртлөө даатгалаас санхүүждэггүй. Зөвхөн эмчлүүлж байсан оношийн бүлгээр бусад тасгийн нэрээр даатгалын мөнгөө авдаг гэсэн үг. Тухайлбал,  олгойн мэс засал 200 гаруй мянган төгрөг авдаг. Гэтэл олгойн хүндрэлтэй өвчтөний эмчилгээний зардал 200 мянгаас арав дахин их. Үлдсэн 1.8 сая төгрөг эмнэлэг болон хувь хүнээс гардаг.

-Бид эрчимт эмчилгээнд эмчлүүлсэн хүмүүст хэдэн төгрөгийн зардал гарч, хэдийг нь ар гэрээс нь гаргадаг талаар судалгаа хийсэн юм. Судалгаагаа нэгдүгээр эмнэлэг дээр суурилсан бөгөөд нэг өвчтөнд дор хаяж 2.9 сая төгрөг зарцуулдаг юм билээ. Энэ мөнгөний 200 мянган төгрөгийг даатгалын сангаас гаргадаг. Албан ёсны санхүүжилт төрөөс шийдэгдээгүй  учраас үлдэгдэл 2.7 сая төгрөгийн  багахан хэсгийг эмнэлгээс, ихэнх нь өвчтөний халааснаас гарч байна. Нэг үгээр хэлэхэд зардал өндөр, ямар ч орлогогүй учраас эмнэлэг  эрчимт эмчилгээний тусламж үзүүлдэг ороо цөөлөх сонирхолтой. Гэтэл эмчилгээ үйлчилгээ сайтай хувийн эмнэлгүүдэд бол технологи, эм тарианы хүчээр нэг өвчтөний амийг аврахад 40-50 сая төгрөг зарцуулдаг юм билээ. Энэ бол хүнд өвчтөнийг эмчлэх буюу хүнийг хэвийн байдалд оруулахад шаардагдах дэлхийн дундаж үнэ гэж ойлгож болно.

-Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар талаас нь Америкаар жишээ авахад 100 ортой эмнэлэг байлаа гэхэд 20 ор нь эрчимт эмчилгээний ор байх стандарттай. БНХАУ болон Солонгос улс ч ижил. Гэтэл манай нэгдүгээр эмнэлэг 500 гаруй ортой байлаа гэхэд 100 нь эрчимт эмчилгээний ор байх ёстой атал одоо бол эрчимт эмчилгээний есөн ор л ажиллаж байна.Тиймээс санхүүжилтийн тогтолцоог нь сайжруулбал эмнэлгүүд аяндаа эрчимт эмчилгээний тусламжиндаа илүү анхаарал тавьдаг болно.

 -Эрчимт эмчилгээ буюу сэхээний талаар ойлгож ярьдаг хүн цөөн учраас асуудлыг гаргаж тавьдаггүй. Учир нь энэ мэргэжлийн боловсон хүчний тоо цөөн, ажиллаж байгаа эмч нар нь ачаалал ихтэй. Дэлхий нийтэд эрчимт эмчилгээний тасаг дахь нас баралт 8-10 хувь байхад Монголд 25-50 хувь байдгийг бид хэд хэдэн удаа судалж тогтоосон. Монголд 2016 оны байдлаар жилд 15 мянган хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн байна. Гэтэл 100 нь сэхээнд ороход дөрвөн хүний нэг нь нас бардаг.

-21 аймаг болон нийслэлийн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг болгон эрчимт эмчилгээний тасагтай гэдэг ч  ор, боловсон хүчнээс эхлээд эм тариа, тоног төхөөрөмж маш дутмаг бөгөөд харилцан адилгүй байдаг. Олон улсын холбооноос гаргасан удирдамжид нэг оронд ногдох талбай, аппарат, боловсон хүчин, багаж төхөөрөмжийн стандарт гэж бий. Гэтэл энэ стандартаар бол хоёрдугаар шатлалын эмнэлэгт эрчимт эмчилгээ байхгүйтэй адил.

-Бусад улс орон энэ салбарыг амжилттай ажиллуулж байгаа нь санхүүжилтээ тодорхой болгосонтой холбоотой. Зарим нь даатгалын системээ сайжруулж төлбөрийн олон хувилбартай, иргэн болон эмнэлгээс гарах зардлыг багасгах хувилбарыг тооцсон байдаг. Тухайлбал, БНСУ-ын АСАН эмнэлэг эрчимт эмчилгээний 200 ортой. Төлбөрийн 10 хувийг иргэнээс авч, 90 хувийг нь өвчний оношийн код, хүндрэл, ажилбараар тооцож даатгалаас санхүүжин тооцдог.Ингэснээр эмнэлэг ч ашигтай ажиллаж чаддаг тул улам хөгжүүлэх сонирхолтой болдог.

-Эрчимт эмчилгээний салбарт хүний амь насны асуудал яригддаг учраас өндөр өртөгтэй. Ухаан алдсан хүнийг аппаратаар амьсгалуулна. Бөөр нь ажиллахгүй байгаа бол хиймлээр ажиллуулна. Судсаар хооллоно гээд системээр нь эмчилдэг орчин өндөр өртөгтэй байхаас гадна тэр хэрээр эмч оюун ухаанаа зарцуулна. Энэ талаас нь харвал энэ салбарын ажилтнууд хангалттай цалин авдаг, өндөр чадвартай байх ёстой. Гэтэл өнөөдөр энэ салбарт ажиллах сонирхолтой эмч, сувилагчийн тоо улам цөөрч хүний нөөцийн хомсдолд орсон. Дэлхий нийт эрчимт эмчилгээний эмч нарыг 5-6 жил бэлтгэдэг бол манайх хоёр жил л сургадаг. Нөгөө талаас сэхээний эмч нарын ачаалал бусдаас 10-20 дахин их хэрнээ авдаг цалин нь адил учраас хэн ч сонирхдоггүй.

 -2018 онд хийсэн судалгаагаар 6-7 хүнд өвчтөнийг нэг сувилагч хариуцаж байна. Монгол Улсын эмнэлгийн стандартаар хоёр өвчтөнийг нэг сувилагч хариуцна гэж заасан. Үүнээс харвал олон улс байтугай Монголынхоо стандартыг ч хангаж чадахгүй байна. Тоног төхөөрөмжийн хангамжийн талаар бүр ярих ч боломжгүй.  Олон улсад ариутгасан хиймэл амьсгалын аппарат өвчтөний ор болгонд байдаг бол манайд дөрвөн ортой тасаг байлаа гэхэд хоёрт нь л байх жишээтэй.

-Тиймээс эрчимт эмчилгээний салбар руу дахин өнгийж харах ёстой. Тоног төхөөрөмж, хүний нөөцийг алхам алхмаар шийдэх хэрэгтэй. Хамгийн гол нь санхүүжилт буюу даатгалыг нэвтрүүлж байж амьсгаа авахтайгаа болно. Олон улсад хүнд өвчтөнийг бүрэн тоноглосон тээврийн хэрэгслээр, мэргэжлийн, тусгай зөвшөөрөлтэй баг тээвэрлэдэг. Бид хүнд өвчтөнүүдээ орон нутгаас, тэр бүү хэл хот дотроо тээвэрлэж чадахгүй байна. Гэтэл аюулгүй тээвэрлэх тоноглосон машингүй, эмч, сувилагч, эм тариа хангалтгүй. АНУ болон бусад хөгжингүй орны салбарын хөгжилтэй өөрсдийгөө жишихээ болъё. Харин хөгжиж буй улс оронтой харьцуулахад маш муу түвшинд байгаа шүү дээ. Жишээлбэл, Вьетнам, Шри Ланкаас муу, Африкийн улс болох Тонго, Танзани, Конготой адил тусламж үзүүлж байгаагаа салбартаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Эх сурвалж: www.polit.mn