Б.ЭНХЗАЯА

 

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Цэр­гийн госпиталыг нэгтгэж, тус эмнэлгийн өргөтгө­лийн барилгыг прокуро­рын оффис болгох шийд­вэрийг Засгийн газраас гаргасан билээ. Эл шийд­вэрийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, Эмнэл­гийн ахмадын хороо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Ард түмэнд эмнэлэг хэрэгтэй, нийслэлийг эмнэлэгтэй болгоё” хөдөлгөөнөөс эсэргүүцэн олон удаагийн мэдэгдэл хийж буй. Тэд өнгөрсөн мягмар гаригт хөдөлгөөн байгуулж буй­гаа зарлан, олон нийтэд хандаж байсан бол энэ удаа Засгийн газарт шаард­­лага хүргүүлж бай­гаагаа мэдэгдэн, эмнэл­гийн байранд цугларлаа. Төрийн албан хаагчдын эмнэлгийг шүүх, проку­ро­рын байгууллага болох шийдвэрийг хүчингүй болгох шаардлагаа өгөхөөр Ерөнхий сайд Н.Алтан­хуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэн­дийн сайд Н.Удвал нарыг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг дээр өчигдөр дуудсан юм. Ин­гэх­дээ төрийн өндөрлө­гүүд­тэй нээлттэй ярилца­хаар төлөвлөсөн байжээ. Гэвч сайд нар тэдний урил­гыг тодорхойгүй шалт­гаанаар хүлээж аваа­гүй учраас зурагных нь өмнө шаардлагаа уншив. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын гавьяат, ардын цолтой нэр хүнд бүхий 300 гаруй хүнийг төлөөлж өм­гөөлөгч н.Монгол, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат, ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Пү­рэв, гавьяат эмч Б.Цэ­рэндаш нар тус хөдөлгөөнд нэгдэж буйгаа илэрхийлсэн шаардах хуу­дас өргөсөн юм. Зас­гийн газрын уг шийдвэр нь Төсвийн тухай хуулийг зөрчиж буйг өмгөөлөгч н.Монгол онцлон, өмгөөллийн үйл ажиллагаа явуулахаа мэдэгдэв. Тэд шаардлагадаа “Өнөөдөр эмнэлгийн байгууллага ачааллаа даахгүй өвчтөнөө шалан дээр хэвтүүлж байгаа нь үнэн. Монгол Улсад дарга, сайд нар тансаглах конторын ба­рил­гаас илүү ард түмэнд орчин үеийн эмнэлэг ус, агаар шиг хэрэгцээтэй байгааг хэн бүхэн мэдэж буй. Үүнийг нам, засаг бодлогоо болгож 1980-аад оны дундуур Хөдөлмөр, цалин хөлсний улсын хорооны конторт зориулан барьсан барилгыг хөдөл­мөрчдийн эрх ашгийн үүд­нээс Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн барил­га болгож байсан түүхтэй.  Гэтэл өнөөдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн санаач­лагаар Төрийн тус­гай албан хаагчдын нэгд­сэн эмнэлгийн барилгыг Хууль зүйн яам болон прокурорын байгууллагад шилжүүлэх тухай Засгийн газрын 122 дугаар тогтоол 2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд гарсан нь ард түмэн, хүн ардын эрүүл мэндийн эсрэг шийдвэр болсноороо монголчуудын дургүйцлийг хүргэж бай­гааг бид бүгдээрээ харж байна. Засгийн газрын дээрх тогтоолыг хүчингүй болгохыг ард түмэн, эмнэлгийн ажилчид, ҮЭ, олон зуун үйлчлүүлэгч, түүний дотор хуулийн байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмад настнууд хүсэн хүлээж байна. Хууль зөрчсөн энэ шийд­вэрээ хүчингүй болгохыг бид Засгийн газраас хатуу шаардаж байна. Хэрэв энэ шаардлагыг эс зөвшөөр­вөөс бид дээрх хөдөл­гөөн­тэй нэгдэн дараагийн тэмц­лийн хэлбэрт шил­жиж, Монголын ард түм­ний эрүүл энхийн төлөө тууштай тэмцэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж, энэхүү  шаард­лагыг гаргаж  байна” хэмээн 300 гаруй эмч, мэргэжилтэн дуу нэгтэй­гээр хэллээ. Мөн эмэгтэй­чүүдийн төлөөлөл тус хөдөлгөөнд нэгдэж, өөрс­дийн дуу хоолойгоо хүргэв. Тэдний төлөөлөлд УИХ-ын гишүүн, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Оюун­хорол, тус холбооны дэд ерөнхийлөгч, Баянгол дүүр­гийн Засаг дарга Л.Амгалан нарын 100 орчим эмэгтэй багтжээ.

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээр Чин­гэлтэй дүүргийн оршин суугчид төдийгүй орон нутгаас ирсэн хүнд өвчтө­нийг харъяалал харгалзах­гүйгээр авч эмчилдэг. Мөн найман хүнд зэрэг хагал­гаа хийх хүчин чадал бүхий тоног төхөөрөмж суурилуулсан аж. Тий­мээс хөдөлгөөнийхөн эм­нэл­гийн барилгад суури­луулсан хоёр аппаратыг олон нийтэд танилцуулсан юм.

Зүрх, цээжний хөн­дий, мэдрэл үе, мөчний оношлогоо, шинжилгээ хийх зориулалт бүхий тус аппарат нь манай улсад гарын  таван хуруунд тоо­логдохоор цөөхөн байдаг аж. Эмнэлгийн “А” кор­пуст байрлуулсан тус аппа­ратууд нь 1.3-1.5 тэрбум төгрөгийн үнэтэй бөгөөд өрөөний тохижуу­лалтад хэд дахин илүү хөрөнгө зарцуулсан гэнэ.