Б.НАМУУНТАМИР
АТГ-аас энэ оны эхний хагас жилд 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс 78 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 308 хэргийг хаах саналтай, 51 хэргийг харьяаллын дагуу прокурорт шилжүүлэх саналтайгаар дараагийн шатны хуулийн байгууллагуудад хүргүүлжээ. Мөн 11 хэргийг түдгэлзүүлсэн, хоёр хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны улмаас хэрэгсэхгүй болгожээ. Одоогийн байдлаар 384 хэргийн шалгаж байгаа юм. Энэ талаарх мэдээлллийг өчигдөр АТГ-аас мэдээллээ. Түүнчлэн энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Манай мөрдөгчид Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын албан өрөөнд нэгжлэг хийхэд “Эрдэнэс тээвэр” компанид олон улсын ачаа тээврийн тусгай зөвшөөрөл олгох замаар тус компаниас 57 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдож, бичлэгээр нотлогдсон. Энэ хэргийг нийтийн албанд томилох эрхийг гурван жилийн хугацаатайгаар хасч, зургаан сая төгрөгийн торгууль ногдуулж, хууль бус орлого болох 62 сая төгрөгийг улсын орлого болгосон” гэв. Энэ тухай бичлэгийг мөн өчигдөр олон нийтэд хүргэлээ. Мөн МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан, Э.Аззаяа, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нар нь Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн импортлох зөвшөөрөл хүссэн ААН-үүдийн зөвшөөрлийг удаан хугацаагаар гацаах аргаар нийт нэг тэрбум хахууль авсан нь тогтоогдож, их хэмжээний бэлэн мөнгө оймсондоо, албан өрөөндөө гэртээ нуусан байсан нь тогтоогдсон” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn