Монголын түүхэнд онцгой байр эзлэх Ноён уулан дахь түүхийн дурсгалууд уул уур­хайнхны хөлд үрэгдэж болзошгүй байгаа талаар “Зууны мэдээ” сонин “Ноён уулын мөхөл” цуврал нийтлэлийнхээ эхнийхийг уншигчдадаа хүргэсэн билээ. Манай нийтлэлийн дараа ун­шигчдаас олон захидал, санал ирсээр байна. Тухайлбал, Сэлэнгэ айм­гийн нэгдсэн музейн зөвлөх, доктор Ч.Бавуу Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах хэрэг­тэй гэдэг саналаа олон жилийн турш төр, засгийн удирдлагад тавьсаар ир­жээ. Ноён уулын талаарх “Зууны мэдээ” сонины нийтлэл өвгөн эрдэмтний  санаа бодол­той ихээхэн нийцэж байгааг тэрээр бидэнд дуулгаад Ерөнхий сайдад хандаж  бичсэн захидлаа олны сонорт хүр­гэж өгөхийг хүссэн юм.

 

Монгол Улсын ­Ерөнхий сайд Н.Алтанхуяг танаа

Эрхэм хүндэт Ерөнхий сайд таны амрыг эрж, мэндлэхийн ялдамд Мон­гол Улсын засаглалын ал­тан жолоог баттай атгаж, эх орон ард түмнээ хөгжил дэвшлийн замаар урт хуга­цаанд тууштай хөтлөхдөө бүтээсэн гэгээн мөртэй буянлиг үйлс тань Монго­лын түүхэнд  дархлаглан үлдэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Над мэтийн өндөр настнууд төр, засгийнхаа буяныг хүртэх зуураа та бүхний хийж байгаа ажил үйлсийг алсаас ажиглан суухуйд баярлах бу­хим­дах, бахархах эргэлзэх зүйл бишгүй л байх юм. Гэвч ажил хийж байгаа хүнд алдаж онохын тохиол сүлэлдэн байдаг нь алаг орвоогийн жам юм  боло­хоор сэтгэл зүтгэлийг тань сүүдэртэй талаас нь биш, гэгээлэг талаас нь харахыг хичээж сууна даа. Ер нь удирдах ажилтан шийдэл нь бүх хүний сэтгэлд нийцэж байх боломжгүй боловч, зон олноо, газар устай нь хамгаалж, ярьж биш, ярилцаж сурахыг эрхэмлэж байвал болох нь тэр гэж би боддог. Тийм чадвар танд бий гэдэгт бүрэн итгэж байна. Тийм болохоор би танд дараах нэгэн хүсэлтийг тавьж байгаа юм. Эрхэм хүндэт Ерөнхий сайд Та мэргэн оюундаа болгоож тунгаана буй заа.

Монголын түүхэн сур­валжуудаас үзэхэд Хатан Туулын Богд уул, Хараа голын Ноён уул, Хан Хэнтийн Бурхан халдун хэмээх гуравхан газрыг эртний тахилгатай, дарх­лагдсан онгон дагшин газар хэмээн нэр зааж тэмдэглэсэн байдаг. Монголын өргөн уудам нутаг дэвсгэр дээр олон зуун уул нуруу байдаг боловч ухаант дээдэс маань энэ гуравхан уулыг тэгтлээ онцлоод байгаа нь цаанаа л нэг учиртай байх.

Тахилгатай газар гэдэг нь орчин цагийн ойлгол­тоор бол тодорхой орон зайн хүрээнд экологийн тэнцвэр хадгалах амин цэгүүд буюу хүүхдийн зулай шиг эмзэг газар гэж шашны ном судруудад тодруулан тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл байгаль орчноо хамгаалах монгол арга гэдэг нь энэ юм. Гэтэл сүүлийн жилүүдэд, ялангуяа “Алт” хөтөлбөр гэгч гамшиг дагуулсан, хар мөртэй нэгэн шийдвэр гарснаас хойш “мөнгө цааан, нүд улаан” гэгчийн үлгэр болж өөрсдөө л болж байвал эх дэлхий, элгэн садан хамаагүй болсон нь ямар их аюул, ямар их нүгэл вэ. Сэтгэл зовохгүй байхын арга үнэхээр алга.

Шар ч гэнэ үү, цагаан ч гэнэ үү хэвлэл мэдээл­лийн хэрэгслэлүүдээр ца­цаг­даж байгаа материа­луудаас үзэхэд таны өмнөх үеийн төр засгийн удирд­лага маань харийнхантай хүч хамжиж байгаад Бо­роогийн алтны уурхайгаас 50 гаруй тн алт ухаж авс­ныхаа дөнгөж таван тонныг нь тушаагаад үлдсэнийг нь буруу замаар оруулчихсан гэх юм. Арай ч үгүй болов уу. Хэрвээ энэ үнэн бол тэр этгээдийг зоосны нүхээр сүвлэж тамлан хороосон ч хийсэн нүгэл нь хэдэн үеэрээ арилахгүй байх. Ээ бурхан минь худал л байгаасай.

Танаас өмнөх үеийн Төр, засгийн дээд эрх мэдэлтнүүдийн дэмжлэг­тэй­гээр Хараа, Бороо голуу­дын сав газарт буй эртний түүхт Ноён ууланд харийнхны шунал шингэ­сэн бузар гар дүрэгдэж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Дам сонсоход энэ орчимд түүх соёлын дурсгалт зүйлийн ул мөр ч байхгүй учраас “Алт” хөтөлбөрийг хэрэг­жүүлэхэд ямар ч саадгүй гэж мэргэжлийн байгуул­лага зөвшөөрсөн гэж дуул­дах юм. Хэрвээ тийм ал­бан ёсны баримт байвал түүнд гарын үсэг зурж баталгаажуулсан тэр эт­гээд бол яах аргагүй ха­рийнхны хамсаатан мөн.

Ноён уулын умард этгээд, Балж, Гачуурт, Улиаст голуудын сав га­зарт Хүн гүрнээс Монго­лыг хүртлэх хоёр мянгаад жилд 100 гаруй булш, түүх соёлын дурсгал бий гэд­гийг өвгөн түүхч миний бие батлан хэлж чадах юм. Бодит байдал ийм байхад төрийн нэрийн өмнөөс шинжлэх ухааны судалгаа шинжилгээ явуулж бай­гаа байгууллага арай ч тийм гоомой юм хийгээгүй байх.

Байгуулагдсаных нь 2220 жилийн ойг бахархан тэмдэглэсэн хүчирхэг Хүн гүрний дээд зиндааны нэгэн язгууртны булшийг энэ уулны өмнөд этгээд буюу Төв аймгийн Бор­нуурын нутаг Сүжигтийн ам хэмээх газраас Козлов тэргүүтэй хэсэг орос хү­мүүс анх олж, дэлхийн эрдэмтдийн сонорыг мялай­сан тул бүх олд­ворыг нь Оросын Санкт Петрбург хот руу түр аваачиж хадгалсан юм гэнэ лээ. Хожим нь миний бие энэ орчимд хадгалаг­даж буй түүх соёлынхоо хосгүй үнэт дурсгалыг судалж, хадгалж хамгаа­ла­хад дэлхийн эрдэмтэ­дийн анхаарлыг хандуула­хын тулд “Хүннү-түүх соёл” сэдэвт эрдэм шин­жилгээний олон улсын бага хурлыг Монгол Улс­ын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, ОХУ-ын Санкт-Петрбург хот дахь Дорно дахины судлалын хүрээлэнтэй хамтарч Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей дээр 2003 онд зохион байгуулахад 19 улсын 40 гаруй эрдэмтэд оролцож онц сонирхолтой илтгэ­лүүд тавьж байсан юм. Энэ хурал дээр болсон бахар­хууштай нэг асуудал бол “Танай улсад түүх соёлын аялал жуулчлалыг сайн хөгжүүлбэл зөвхөн Ноён уул чинь л гэхэд ганц танай аймаг төдийгүй Дархан Сэлэнгийн бүс нутгийг бүхэлд нь тэжээх боломжтой юм” хэмээн ОХУ-ын эрдэмтэн С.Ко­валёв, Францын эрдэмтэн Сантора нар хэлсэн билээ. Энэ цагаас хойш Хараа­гийн Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад ава­хуулж, тухайн бүс нутагт Түүх соёлын аялал жуулч­лал хөгжүүлэх талаар “Спирт бал бурам” ХХК-ийн захирал Б.Баярхүү­тэй хамтран олон жил хөөцөлдөж байна. Дээрээ төр засаг ингэж бидний саналыг анхаарч тоохгүй байгаа боловч, орон нутгийн  засаг захиргаа эрх биш анхаарч, орон нутгийн тусгай хамгаа­лал­тад авах шийдвэр гаргасан нь бас ч гэлээ амжилт билээ. Хэдий тийм боловч Хараагийн Ноён уул бол монгол түмний олон зууны түүх соёлын яндашгүй баян сан хөмрөг юм шүү дээ гээд бодохоор энэ “амжилт” маань бас л чамлалтай санагдана.

Зул бөхөхөө дөхөхөөр бадамладаг гэдэг шиг танаас өмнөх үеийн төр засгийн дээд эрх мэдэлт­нүүд бидний санал, санаа­чилгыг  үл ойшоон эрх мэдэл нь бадмалж, энэ онгон дагшин ууланд хай­гуулын цооног энд тэндгүй тавиад орхижээ. Энэ бол мянга мянганы түүхтэй ариун дагшин Ноён уулыг харийнхны бузар  савраар юу юугүй төнхүүлж эхлэ­хийн дохио юм. Үүнд өвгөн эрдэмтэн миний сэтгэл нэн зовниж байна. Ийм л үед эрдэм мэдлэг, цол хэргэмээрээ түрий барих­гүй бол хэзээ хэрэглэх  вэ хэмээн мунхаглаж, Сэлэнгэ Төв аймгуудын нутгийн зааг дээр байгаа Хараагийн Ноён уулыг төрийн тусгай хамгаалал­тад авах талаар онцлон анхаарч шийдвэрлэхийг Эрхэм хүндэт Ерөнхий сайд танаас хичээнгүйлэн хүсч байна. Мэргэн ухаандаа болгооно уу.  

Түүх соёлын арвин баялаг сан хөмрөгтэй энэ ганцхан уулыг ха­рийнх­ны байтугай, монгол­чуу­дынхаа гарыг ч хүргэх­гүй онгон дагшин хэвээр нь үлдээчихлээ гээд Монгол Улс модоо барихгүй шүү дээ Ерөнхий сайд минь...

 

Чорос Өөлдийн БАВУУ

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн зөвлөх

Түүхийн ухааны доктор