С.САРУУЛ

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд гурван бүсчлэлд хуваах талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл өглөө. Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Улаанбаатар хотод 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 420 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцож байна. Сар бүр импортоор 5,000-8,000 автомашин бүртгэгддэг. Эдгээрээс үүдэн нийслэлийн автозамын ачаалал өндөр байгаа тул ойрын жилүүдэд хотын зарим хэсэгт ‘0’ зогсолт хийх магадлалтай болоод байна.Бүсчлэлд хувааснаар түгжрэл 20-30 хувь хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Торгуультай хүнийг нэвтрүүлэхгүй тул дүрмээ баримтлах, тэгснээр осол, зөрчил буурах зэрэг олон эерэг үзүүлэлт гарна” гэлээ.

Түгжрэлийг бууруулахын тулд нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваажээ.

  • А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл.
  • Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.
  • С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсэг юм.

Нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй зогсоол 2.382, зөвшөөрөлгүй 5.312 зогсоол байгаа аж. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалснаар нийт 15 мянга гаруй төлбөртэй зогсоолыг зохион байгуулах боломжтой гэж үзсэн байна.

А бүс рүү хөдөлгөөнийг 50 хүртэл хувиар бууруулахын тулд тэгш, сондгойгоор явах санал яригдаж байгаа бол Б бүсэд дугаарын хязгаарлалт үргэлжлэх юм.

Бүсчлэл дотор бүсчлэлийн тэмдгүүд байрлах бөгөөд стандартад орсон тул Бүсчлэлийн тэмдэг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.

Зогсоолын асуудлаас гадна А, Б бүс рүү тодорхой шаардлага хангасан автомашиныг нэвтрүүлэх юм байна.

  1. Татвараа төлсөн
  2. Торгуульгүй
  3. Техникийн улсын үзлэгт тэнцсэн байх ёстой.

Эх сурвалж: www.polit.mn