БШУЯ-наас “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ талаар БШУЯ-ны  Стратегийн бодлого төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Отгонсүрэнгээс дараах зүйлийг тодруулсан юм. 

 

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ҮРГЭЛЖИЛСЭН ҮГИЙН УРАЛДААНЫГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА

-БШУЯ-наас хүүхэд залуучуудын дунд “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ  хөтөлбөрийн гол зорилго нь юу вэ?

-БШУЯ-наас “Ном” хөтөлбөрийг сайдын ту­шаалаар батлан хэрэг­жүүлж байгаа. Уг хөтөл­бөрийн үндсэн зорилго нь ерөнхий боловсролын сур­гуулийн сурагчид, сургуу­лийн өмнөх боловсролын буюу цэцэрлэгийн хүүх­дүүд, их, дээд сургуулийн оюутнуудыг номонд дуртай болгох юм. Түүнчлэн, ном уншихдаа бүтээлчээр унших арга технологи эзэмшүүлэх зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баяр”-ыг тэмдэглэх зарлигтай холбоотойгоор хэрэгжиж байгаа арга хэмжээ гэж хэлж болно.

-“Ном” хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хий­хээр төлөвлөөд байгаа вэ?

-Уг хөтөлбөрөөс гадна БШУЯ-наас “Авъяас” хө­төлбөрийг мөн хэрэг­жүүлж байгаа. Энэхүү хоёр хөтөлбөр агуулгын болон зорилгын хувьд нийтлэг том хөтөлбөрүүд юм. “Ном” хөтөлбөр нь цэцэрлэгийн хүүхдүүд, сургуулийн сурагчид, оюут­нуудад арга зүйг дэлгэрүүлэх юм. Тухайн орон нутгийн сургууль дээр нь уг арга зүйг түгээн дэлгэрүүлж, хүүхдүүдийг ном унших, солилцох, хандивлах, бие биедээ бэлэглэх, гол баатрын дү­рээр янз бүрийн тэмцээн зохиох зэрэг үйл ажил­лагааг зохион байгуулна. Түүнчлэн МҮОНТ-ээр ном унших арга зүйтэй холбогдсон сонирхолтой нэвтрүүлгүүдийг явуулах болно. Тухайлбал, “Ширээ­ний ном” сэдэвт найман удаагийн цуврал нэвтрүүлэг хийгдэнэ. Мөн ном хүний амьдралд ямар хэрэгтэй, хүн сайн сайхан амьдрахад номын тус хэр их байсан, номыг яаж уншвал зүгээр юм вэ гэсэн нэвтрүүлгүү­дийг явуула­хаар төлөвлөөд байна. Мөн хүүхдэд зориулсан үргэл­жилсэн үгийн уралдааныг орон даяар зохион байгуулна.

 

ХҮҮХЭД, ЗАЛУУСЫН ДУНД “НОМ”-ЫН ТУХАЙ ЛЕКЦ УНШИНА

-Энэ ажлын хүрээнд дунд сургуулиудын номын сангийн үйл ажиллагааг хэрхэн дэмжих вэ. Хүүх­дүүд сонирхсон номоо унших хүсэлтэй байдаг ч номын санд нь шинэ ном ирдэг­гүй, түүнийгээ номын дэлгү­үрүүдээс худалдаж авч чаддаггүй гэх зэрэг саад бэрхшээл байдаг шүү дээ. Энэ тал дээр ямар нэгэн ажил зохион байгуулах уу?

-Энэ чиглэлээр мөн ном түгээх ажил хийхээр төлөвлөж байгаа. Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг, их, дээд сургуулиудын номын санд яг хэрэгтэй байгаа номын жагсаалтыг гаргана. Түү­ний дагуу тухайн цэцэр­лэг, сургуулийн номын санд хэрэгцээтэй номыг нь үе шаттайгаар ний­лүүл­нэ.  Тиймээс уг хөтөл­бөрийн хүрээнд номыг хэрхэн унших талаар дэл­гэрүүлэхээс гадна шаард­лагатай байгаа номыг, номын сангуудад  түгээх үйл ажиллагаа явагдана. Мөн  “Ном” сэдвээр 10 удаагийн лекцийг нийс­лэ­лийн Ерөнхий боловс­ролын сургуулийн сурагч, их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулах болно.

-Уг хөтөлбөр хэзээ хэрэгжиж дуусах вэ?

-“Ном” хөтөлбөр нь  2012-2013 онд дараах гур­ван үе шаттай хэрэгжинэ. Тодруулбал, энэ оны аравдугаар сараас 2013 оны хоёрдугаар сард уг хөтөлбөрийн нээлт, ном унших, уншуулах арга зүйг түгээн дэлгэрүүлэх үе, ирэх оны 2-5 дугаар сард хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа, ном унших, бүтээлчээр сэтгэх, өөрсдөө бүтээн туурвих үе, мөн оны 5-6 дугаар сард хөтөлбөрийн тайлан, номын чуулган зохиох үе гэсэн үндсэн гурван үе шаттайгаар уг хөтөлбөр хэрэгжих юм.  Ер нь уг хөтөлбөр нь цаашид жил бүр үргэлжлэх бөгөөд хө­төлбөрийн зорилго, зорил­тот бүлэг, хэрэгжүүлэх арга замыг тухайн үеийн хэрэгцээ шаардлагад ний­цүүлэн шинээр тодор­хойлох болно.