Э.БЭРЦЭЦЭГ

Хичээл сургууль тарахаас хэд хоногийн өмнө бид нэгэн сургуулиар орсон юм. Энгийн сургуультай адил жижүүр, хүүхэд, багш… гээд бусдаас ялгагдах зүйлгүй. Харин коридорт тааралдах хүүхдүүд нь нам гүмхэн бөгөөд хоорондоо зарим нь дохио зангаагаар ярих аж. Энэ бол Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургууль. Оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг гэдгээр нь олон хүн энэ сургуулийг сайн танина. Монголд дауны синдромтой хүүхдүүдийн анги байдаг цорын ганц сургууль гэж нэрлэх хүн бас бий.
Энэ сургуулийн сурагч, багш хоёрын харилцан ойлголцох арга ухаан тун нарийн. Хичээл заах арга барил нь ч бас өөр. Тиймээс энэ удаа 25 дугаар тусгай сургуулийн ажил үйлс, амжилт бүтээлтэй танилцав. Энэ тухай тус сургуулийн Нийгмийн ажилтан Д.Ганбүргэд багштай ярилцлаа.
-Танай сургуулийг энэ жил 45 жилийнхээ ойтой золгож байгаа гэж дуулсан. Хүний насаар бол . ажлын дадлага туршлага арвинтай, заах арга сайтай идэр нас байх нь. Энэ сургууль маань анх хэдэн онд бууриа засч байсан юм бол?
-Манай сургууль 1967 онд бууриа засаж, Монгол Улсын түүхнээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах анхны тусгай сургууль болж байгуулагдаад дөчин таван жил болж байна. Анх зургаан багш, 1-2 дугаар ангийн 60 сурагчтай хичээллэж байлаа.
Одоо 60 гаруй багш ажиллагсадтай, 260 гаруй сурагчтай, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгож байна.
-Олон сайхан бүтээлч ажлаар ойгоо угтаж байгаа гэсэн. Сургуулийнхаа амжилтаас товчхон дурдахгүй юу?
-Сүүлийн таван жилд сургууль завсардалт гараагүй. Сурлагын амжилт чанар ахиж байгаа. Энэ нь “Бүтээлч багшаас бүтээлч хамт олон” уриатайгаар ажилласны үр дүн гэж бодож байна. Энэ ажлын үр дүнд багш сурагчдын идэвхи өрнөж, бүтээлч багш нарын тоо өсч, сурагчдыг зөв оношлох, тэдэнд тохирсон сургалтыг үр дүнтэй явуулж, засан сайжруулах сургалтын ажлууд чанартай хийгддэг болсон. Үүний үр дүнд бид “Хүүхдэд ээлтэй тэргүүний сургууль” болсон юм.
-Танай сургууль орчин тойрноо сайхан тохижуулжээ. Хүүхдүүдийн тав тухыг хангасан, цэвэр цэмцгэр орчин харагдаж байна. Зуны улирлалд танай сургуулийг ногоон төгөл чимдэг гэж сонссон. Та сургуулийнхаа тохжилтын талаар товчхон мэдээлэл дуулгахгүй юу. Сурагчдын эрэлт хэрэгцээг хангасан номын сан, мэдээлэл зүйн танхимаа хэр тохижуулсан бэ?
-Сургуулийн маань өнгө зүс сайхан байгаа нь багш нарын маань бүтээлч ажлын үр дүн. Энэ л эвсэг бүтээлч хамт олон маань өөрсдийнхөө хүчээр болон гадаад дотоодын хандивлагч байгууллагын тус дэмээр компьютерийн иж бүрэн кабинет, тохилог номын сан, эмчилгээний биеийн тамирын кабинет зэргээ бүгдийг нь тохижуулсан. Мөн багшийн хөгжлийн төв, халуун усны өрөө, цайны газартай болж, хэд хэдэн ангийг орчин үеийн сургалтад тохирхуйцаар засч шинэчилсэн. Хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, ариун цэврийн хэрэглээг анхаарч бүх ангиа угаалтууртай болголоо. Сантехник угсралтын ажлыг ажилчдынхаа хүчээр шийдвэрлэсэн. Орчин тойрноо цэцэрлэгжүүлэх, тохижуулахад ихээхэн анхаарч, 300 гаруй мод бут тарьж, сургууль орчны бүх газрыг зүлэгжүүлэн, Улаанбаатар хотын сургуулиудын дундаас “Ногоон орчин” бүрдүүлэх гурван жилийн аянд шалгарч байсан юм. Манай сургуулийнхан зам талбайгаа засч, сургуулийн орчноо камержуулсан.
-“Шавийн эрдэм багшаас” гэдэг. Сайн багш нарын ачаар мэдлэг боловсрол эзэмшээд Монголдоо төдийгүй олон улсад эх орныхоо нэрийг дуурсгаад явж байгаа хүүхэд цөөнгүй байдаг. Танай сургуульд ч бас Гуанжоугийн паралимпид амжилттай оролцоод ирсэн сурагч байдаг байх аа?
-Тэгэлгүй яахав. Манай сургуулийн 9б ангийн сурагч Г.Баярнаран 2010 оны Гуанжоугийн паралимпид хөнгөн атлетикийн төрөлд оролцож тусгай байрт шалгарч байсан. Улмаар Лондоны олимпийн эрхээ авч байлаа. Түүнээс гадна сургууль дээр хүүхдийн сайн дурын байгууллага болох “Ногоон орчин”, “Өсвөрийн зохицуулагч” бүлгүүдийн идэвхтэй амжилттай суралцаж байгаа хүүхэд цөөнгүй бий. Энэ бүгд маань сайн багш нарын л ач шүү дээ. Манай сургуулийн багш нар тусгай сургуулиудын дунд зохиогддог заах арга, урлаг, спортын уралдаан тэмцээнд байнга манлайлдаг. Тухайлбал, Улаанбаатар хотын тусгай сургуулиудын тэргүүний заах аргач багш нарын ур чадварын уралдаанд багш Г.Энхзул түрүүлж, удаах байрт, багш Б.Энхцэцэг, хэл засалч багш Т.Цэцэгмаа нар шалгарсан. Энэ нь уг сургуулийн багш нарын мэргэжлийн ур чадварыг илтгэж байгаа сайхан үзүүлэлт болсон. Манай сургуульд зөвхөн Ардын боловсролын тэргүүний ажилтан 30 орчим багш ажиллаж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заана гэдэг амаргүй хэрэг. Гэтэл танай сургуулийн нэг багш тун саяхан “Эдгээр хүүхдүүдийн үгийн баяжилт, ойлгоц, хийсвэр сэтгэлгээний хөгжил янз бүр. Өөрөөр хэлбэл манай сургуульд хүнд, хөнгөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамтдаа сурдаг. Тэдний хараа нь илүү хөгжсөн байдаг болохоор энгийн хүний олж харахгүй, бүр огт анзаардаггүй зүйлийг хүртэл ажигласан байдаг” гээд ярьж байсан. Энэ ганцхан багш хүний л олж харах, анзаарч ажиглах нарийн чадвар байх. Тийм болохоор та хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заадаг, олон жил ажилласан чадварлаг багш нараа танилцуулаач?
-Манай сургуульд ажлын туршлагатай ахмад багш олон бий. Тухайлбал, энэ сургуульд 30 гаруй жил багшилсан ууган захирал, зөвлөх багш, анхны дефектлогч буюу согог зүйч Ш.Мижид-Очир, Ардын боловсролын тэргүүний ажилтан согог зүйч багш Л.Баатар, Ц.Дуламсүрэн, Ц.Гэрэлмаа Б.Туяацэцэг, С.Норжмоо, Т.Цэцэгмаа гээд олон багш байна. Мөн залуу үедээ үлгэр дуурайл үзүүлж, заах арга барил, ажлын туршлагаасаа хуваалцсан Ө.Энхсайхан Ч.Алтанцэцэг, М.Батмөнх, Д.Цэвээнням, Ё.Ангир Э.Энхзул Б.Батсайхан, Н.Маамхүү нарын арвин баялаг туршлагатай ахмад багш нар бас байна. Эдгээр багш маань бүгд залуу үеийн эрдэм чадалтай сурган хүмүүжүүлэгчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд мэдлэг, чадвар, дадлага олгохоор мэрийн ажиллаж байна. Ажлын амжилт бүтээл ч бас арвин байна.
-Аль ч байгууллагад төсөв мөнгөний хүрэлцээ хангамж тааруухан байна гэсэн гомдол байдаг. Танай сургуулийн хувьд ямар байна вэ?
-Сурагчдын маань 98 хувь нь нийтийн автобусаар хичээлдээ ирж очдог. Нийтийн тээврийнхэн 200-400 төгрөг нэхдэг. Хүүхдүүд маань хөөгдөж буусаар хичээл хоцролт их гардаг. Тэргэнцэртэй хүүхдүүд нь хувийн унаагаар ирдэг. Ажил хөдөлмөрийн баримжаа олгодог үндсэн хичээл болох оёдол, нэхмэл, мод, төмрийн ажил хийлгэхэд бэлдэц их үнэтэй. Мөн хагас болон бүтэн өнчин 100 гаруй хүүхэд, амжиргааны баталгаажих төвшнээс доогуур орлоготой нэлээд олон айлын хүүхэд сурдаг. Тийм болохоор хүүхэд бүрийг дүрэмт хувцсаар хангахад бэрхшээлтэй байдаг юм.
-Боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэлт хийгдээд, сургууль бүр дээр хэлэлцүүлэг өрнөж байна. Танд ч бас сургуулиа төлөөлөөд хэлэх санаа оноо байгаа байх?
-Байлгүй яахав. Манай сургуулийн хувьд БШУЯ-ны харъяа сургууль гэдэг утгаараа бусад тусгай сургуулиудыг бодвол сургалтын орчин сайтай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогт таарсан сургалтын стандарт нэвтрүүлсэн. Гэхдээ бас хүндрэл бэрхшээтэй зүйлүүд олон байна. Жил ирэх бүр хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо улам олширсоор байна. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй оюуны хомсдолтой хүүхдийг сургах багш нарыг бэлтгэх нэгдсэн тогтолцоо байхгүй байна. Сүүлийн жилүүдэд хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал бол багшлах боловсон хүчний асуудал. Дүүрэг, хот, яамны хэмжээнд тусгай сургууль хариуцсан мэргэжлийн согог зүйч байхгүйгээс удирдлага, арга зүйгээр хангах нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна. Мөн тусгай сургуульд үзэх сурах бичиг байхгүй, багш нар маань сурах бичиг зохиодог ч хэвлүүлж чаддаггүй гэх мэт бэрхшээл олон байна. Тиймээс салбарын сайд маань энэ бүх асуудалд анхаарлаа хандуулж ажиллах байх гэж найдаж сууна.
-Танай сургуулийнхан ч бас салбарынхаа өөрчлөлт шинэчлэлтийг дэмжээд олон ажил зохион байгуулж байгаа юм байна. Ярилцлагынхаа төгсөлд, сургуулийнхаа цаашдын зорилтоос сонирхуулахгүй юу?
-“Зөв Монгол хүн” төлөвшүүлэх хөтөлбөр боловсруулж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, тэдний бодит чадварт нь тулгуурласан хөдөлмөрийн дадал олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэх, бие даасан амьдрах ухаанд сургах, сургалтыг энэрэн хайрлаж, нөхөн сэргээж, засан сайжруулахтай хослуулан Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт боловсрол олгодог түшиц сургууль болох эрхэм зорилготой ажиллаж байна. Энэ дашрамд сургуулийнхаа үе үеийн багш ажиллагсад, сурагч хүүхдүүд, биднийг тал бүрээр дэмжин тусалж хамтран ажилладаг Турк улсын “ТИКА” байгууллага, Солонгос улсын “Парадайс сан”, Өвөр Монголын Шилийн хотын тусгай сургууль, Япон улсын Фуко хотын иргэн Ханашима Юко захиралтай хамт олон, ВА8Р групл, Монголын Сурагчдын Холбоо, “Өгөх өдөр” төрийн бус байгууллага, “Бодлын хулгайч” киноны гол дүрийг бүтээсэн авьяаслаг жүжигчин Амараа /киноныхоо орлогоос хүүхэд зөөх автобус авч өгсөн/ нартаа сургууль байгуулагдсны 45 жилийн ойн баярын мэнд хүргэе.