О.ЧУЛУУТ

Улаанбаатарынхан хотын нийтийн тээврийн үйлчилгээнд сэтгэл дундуур явдаг. Хотын баячууд хэзээ ч нийтийн унаагаар хөл дүүжлэхгүй. Дунд давхаргынхан өөр, өөрийн жижиг тэргээрээ тэрүүхэндээ өмчтэй хүн болж давхидаг билээ. Үлдсэн нь нийтийн унаанаас ихэнхдээ хөөгдөж “үнэмлэхтэн” гэх мэтээр ад үзэгдсээр арай гэж зорьсон газартаа хүрдэг. Нийтийн тээвэр нийтэд хүрэлцэхгүй, үйлчилгээ нь тааруу, жолооч нар нь галзуу аятай давхидаг гэх мэтээр сайн мэдээ барагтаа л бол дуулгадаггүй. Нэг сая гаруйхан хүнийг нийтээр нь хэл амгүй тээвэрлэж чадахгүй, жолооч нар нь ажил хаяж, иргэд хөлдөх дөхсөн. Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн тээврийг амжилттай хөгжүүлсэн” хэмээн шагнал хүртэж хотын иргэдийг ичээв.
Дэлхийн хамгийн шигүү суурьшилтай Манила хот 16.3 сая хүн амтай. Тэд монголчуудын зовлон, жаргалыг нарийн мэдэх үү. Шагнуулах үндэслэл, машины дугаараар ялгаварлах ажил нь бусдын өмчид халдаж байгаа хэргийн эхлэл гэдгийг хүний эрхийн хуульч нар мээрт нэг бус удаа сануулж байсансан. Шагнал авах бас нэг үндэслэл нь АХБ-ны төслөөр Улаанбаатар тусгай замын автобус төслийг амжилттай хэрэгжүүлж, нийтийн тээврийн менежментийг сайжруулсан гэнэ. Энэ бол цаасан дээрх уран төсөөлөл юм. Энэ мэт нялуун үйлдлийг Шинэчлэлийн Засгийн газраас хориглосон. Өөрсдийгөө ид шидтэй мэтээр тодорхойлж бусад байгууллагаар шагнуулахыг хориглосон биш бил үү, хотын дарга аа!