Ч.ЗОТОЛ

 

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батмөнхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Баянгол дүүргийн төс­вийн гүйцэтгэл, зарцуу­лал­тын асуудал  маргаан дагуулаад байна. Тус дүү­рэгт эмнэлэг байхгүйгээс бухимдсан иргэд, цэцэрлэг хүрэлцэхгүй аргаа барсан эцэг, эхчүүд олон бий. Тэг­сэн атлаа 380 орчим сая төгрөгөөр хөшөө барь­сан дүүргийн удирдла­гуудад  шүүмжлэлтэй хан­дах хүн олон байна. Энэ талаар тодорхой хариулт өгөхгүй юу?

- Баянгол дүүргийн төсөвт   өнгөрсөн  оны байдлаар 4-5 тэрбум төгрөг батлагдсан. Эхний хоёр улирлын байдлаар  ерөн­хий зарцуулалт, гүйцэтгэ­лийн үйл ажиллагаатай   төсвийн тодотголын ху­рал­даанаар танилцсан.

Гэвч гүйцэт­гэлийн хувьд үнэхээр хан­галт­гүй. Дүүргийн төсөв, хөрөнгө таны  асуусанч­лан эмнэ­лэг, цэцэрлэг, ясли,  сур­гууль, эрүүл мэндийн үйл­чилгээний хүртээмжийг хангах асуудал зогсонги байдалд орчихсон байна. Төсөв, хөрөнгө мөнгө юунд зарцуулагдаж байна гэхээр одоогийн Засаг дарга, ИТХ-ын даргын  тойрон хүрээлэгч, зусарч, бялдууч хүмүүсийн нийг­мийн асуудлыг шийдэх нэрээр  орон байрны дэмжлэг  гэсэн агуулгаар зарцуулагдаж байна. Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэр бүхий ажилтнууд, хороодын Засаг дарга нар, тэр бүү хэл дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар, мөн Л.Амгалан даргын туслах, зөвхөн цүнхийг нь барьж явдаг хүн л гэхэд 5-10 сая, 10-20 сая төгрөг хуваа­рилуулж авсан байна.  Л.Амгалан, Дэмбэрэлдаш дарга хоёр  өөрсдөдөө  мөн  гурван өрөө байр авсан байх жишээтэй. Ингэж нийгмийн асуудал шийдвэрлүүлэх нэрээр төсвийг ямар ч хяналтгүй, оновчгүй, зохимжгүй байдлаар зарцуулж байна. Нөгөөтэйгүүр,  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт нэрээр хөшөө барьдаг моод  дэлгэрсэн. Тухайлбал, 2011 онд  375 сая төгрөгөөр хөшөө барьсан. Хөшөө барьсан мөнгөөр эмнэлэг барих боломж байсан уу гэвэл байсан. Мөн одоо байгаа ч үйл ажиллагаа нь доголдчихоод байгаа Эрүүл мэндийн  VI болон  VII  төвийн үйл ажиллагааг сэргээгээд цааш аваад явах боломж  ч байсан.  Гэтэл ингэхийг хүсээгүй, Баянгол дүүр­гийн  одоогийн  удирд­лагууд. Яагаад гэхээр тэр нь өөрсдөд нь ямар ч ашиггүй. Иргэдэд үнэхээр тулгамдсан, бэрхшээлтэй асуудал мөн үү гэвэл мөн. Нөхцөл байдал ийм байтал  дарга нар  дүүргийн өндөрлөг нэртэй хөшөөг 350 сая төгрөгөөр барьсан. Сүүлд нь хөшөө баригдсаны дараа зураг төсвийн мөнгө гэж  25 сая төгрөгийг  нэмж батлуул­сан. Ингээд нийтдээ дүүргийн өндөр­лөг нэртэй, ямар ч ашиг тусгүй, хэнд ч хэрэггүй   хөшөө    375 сая төгрөгөөр баригдсанд иргэд бухимдахгүй яах вэ дээ.  Ер нь Баянгол дүүрэгт хөшөө тулгамдсан асуудал мөн үү гэдгийг бодох л асуудал. Баянгол   битгий хэл    ер нь нийслэлийн хэмжээнд  дүүргүүд өнгөрсөн онд  хөшөөгөөр уралдаж байгаа юм шиг  төсвийн хөрөнгийг үр ашиггүй   байдлаар зарцуулж ирсэн. Баянзүрх дүүрэг гэхэд л  бар, нохой, банхарын хөшөө, Чингэл­тэй дүүрэг гэрэлт хөшөө­гөөр уралдсан. Гэтэл энэ нь бодит байдалд аваад үзэхэд уралдаан биш юм. Харин ч мөнгө яаж иддэгийг харуулж байна. Бидэнд тодорхой баримт, нотолгоо бий.

-Ингэхэд танай дүүрэг дахиад ч бас хөшөө барих гээд байгаа юм биш үү. Барих газар олдохгүй нэг хөшөө бий  гэж дуулсан?

-Саяхан Алунгоо эхийн хөшөө барина гээд 150 сая төгрөг батлуулсан. Бүр хүчээр батлуулсан. Тэр нь болохоор яг Нарантуул зах  дээр бараа шахаж байгаа юм шиг  зүйл яриад байгаа. Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвийн ард буюу усан оргилууртай цогцол­борын дунд барихөөр төлөвлөсөн. Гэтэл тэр нь өнгөрсөн жил цогцолбор гэдэг нэрээр  мөнгө төсөв­лөгдөөд  батлагдчихсан шүү дээ. Гэтэл түүн дээр дахин 150 сая төгрөг нэмж батлуул­сан. Газрын мар­гаан гарангуут түүнийгээ Төмөр замын   соёлын ордны урд барихаар болсон. Алунгоо эхийн жижигхэн хөшөөнд дахиад 150 сая, зураг төслийн үнэ гээд 33 сая төгрөг нийтдээ 183 сая төгрөг батлуулсан. Хө­шөөн­дөө ч бус мөнгөндөө гол учир нь байна. Ингэж янз бүрийн худал нэршил, зардлын томъёолол хийж гаргаад, түүнийгээ хувь­даа завшдаг.

-Баянгол дүүргийн  дарга нар   нийслэлийн хамгийн цэвэрхэн дүүрэг гэж  өөрсдийгөө сурталчилдаг. Гэтэл иргэд хогондоо дарагдчихлаа, агаарын бохирдол хэрээс хэтэрч,  хогоор амьсгалж  байна гэх юм?

-Дүүргийн  ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хогийн асуудалд зарцуу­лах нэрээр төсөв, хөрөнгө үргүй зарцуулагдаж байна. Хогноосоо салах нь битгий хэл хур хогондоо дарагдчихсан  шүү дээ, Баянгол дүүрэг. Яагаад гэвэл, түүний цаана олон асуудал байна. Дүүргийн хог хаягдлын сан жилдээ тэрбум 800 сая  төгрөг. Зөв менежмент хэрэгжүүлбэл хогноосоо салах ТББ-ууд байсан. Гэвч, тэдгээрийг Засаг дарга Л.Амгалан тохижилт, үйлчилгээний компаниудын захир­луудтай нийлж байгаад үгсэн хуйвалдах замаар дампууруулсан. Ингэхдээ 146 сая төгрө­гийн өр, ав­лагатайгаар дампуу­руул­сан  байгаа юм. Нөгөө­тэйгүүр, дүүр­гийн хог цэвэрлэгээний асуудлыг хариуцаж байсан “Цүү­рэг”, “Гурван Тайшир” гэж хоёр компанийг мөн  дампууруулсан. Дүүргээс хуваарилдаг мөнгөний асуудлаас болж, тэднийг шахан зайлуулсан. Одоо тэр  компаниуд  авлагаа авч чадахгүй  шүүхийн хяналтын шатанд явж байгаа.

-Ногоон байгуулам­жийн ажлыг   жил болгон хийх юм.  Нэг удаа чанар­тай хийгээд түүнийгээ тордоод явж болдоггүй,  заавал жил болгон   шинээр хийх ямар шаардлага байдаг  юм бэ?

-Ногоон байгууламж хийнэ, зүлэгжүүлж, моджуулна, хайс хашаа хийнэ гэж жил болгон төсөв, мөнгө зардаг. Энэ ажлаа жил болгон тогтмол хийдэг. Үүний цаана мөн­гө угаадаг гэж би хардаж байгаа.  Тодруулбал, төсвийг зүй бус зарцуулж, мөнгө идэх, завших үйл ажиллагаа  явагдаж байна гэж ойлгож байгаа. Та сая асуулаа шүү дээ,  үнэхээр яагаад нэг удаа хийгээд, түүнийгээ тордоод явж болдоггүй юм бэ. Жишээ нь, хорооллын дундах цэцэрлэгийн  хайс байна. Түүнийг та бүхэн мэдэж байгаа. Баянголчууд бүр сайн мэдэж байгаа. Жил болгон шинэчлэгдэж байдаг. Тэр чинь төмөр хайс шүү дээ. Жилдээ будаг нь гандаад хуучирдаг л биз.  Дараа жил нь сэргээгээд будчи­хад өнгө ороод л явчихна. Гэтэл тэгэхгүйгээр жил болгон мод тарьдаг, зүлэгжүүлдэг. Ухаантай, ухамсартай, сэтгэлтэй, зүтгэлтэй Засаг дарга байсан бол түүний арчилгааг нөгөө ивээн тэтгээд байгаа Тохижилт үйлчилгээний компанид хариуцуулж болох л байсан. Арчилж, тордоод яв гэж болно шүү дээ, тэднийг. Тэгэх юм бол дараа жилдээ  ургаж л таараа. Ганц жилийн настай мод, ганцхан  жилийн  настай төмөр  хайс, хашаа гэж байхгүй  шүү дээ. Үүнд маш их мөнгө зарцуулж байна. Гэтэл хороодод тулгамд­сан маш олон асуудал бий. Наад зах нь л цахилгаан шатны асуудал байна. Дээврийн бүрэн бүтэн байдал, хорооллын дундах зам, хогийн асуудал гээд иргэдийг бухимдуулсан олон асуудал бий. 4, 5, 6  болон 7,8 дугаар хороо  бүгд хур хогондоо дарагдсан. Орон сууцны хорооллууд ч байна. Яагаад орон сууцны хорооллыг онцлов гэхээр гэр хороолол бол бүр ярих юм биш. Тэгсэн атлаа гэр хороолол, тэр тусмаа 10, 22 дугаар хорооны хойд хэсэгт салхиныхаа дээд талын  жалганд  маш их хогтой, айлууд нь бас хогондоо дарагдчихсан. Айл, өрхийн хогийг зөөхгүй байж хогийн мөнгө авсан байгаа юм. Энэ үнэхээр шударга ёсонд нийцэж байгаа юм уу. Үүнийг  бодох л асуудал. Иймэрхүү байдлаар төсвийн үрэлгэн байдал Баянголд  их байна.

-Баянгол дүүргийн ир­гэний танхим  ямар үүрэг­тэй вэ. Бас л хэрэггүй зүйлд мөнгө зарлаа гэж иргэд шүүмжилж байсан?

-Төвлөрсөн арга хэм­жээ, гадаад арга хэмжээ гээд төсөв, мөнгө үрсэн зүйл олон бий.  Сүүлийн үед иргэний танхим гэж мөнгө баталдаг болсон. Иргэний танхим нь ямар учиртай вэ гэхээр үнэндээ АН, С.Эрдэнийг санхүү­жүүлэх мөнгө баталж өгч байгаа, дүүргээс. Тэр ир­гэний танхим нь дүүрэг­тээ, иргэддээ ойрхон биш Баянгол дүүргийн АН-ын байранд байдаг юм. Түүнд жил болгон мөнгө төсөвлөж өгч байгаа. Сая төсвийн тодотголоор 6.5 сая төгрөг төсөвлөж өгсөн.

-Баянгол дүүрэг нийс­лэлийн хэмжээнд хамгийн аюултай бүс гэж нэрлэхэд хилсдэхгүй байх. Хичээ­лийн шинэ жил эхлээд удаагүй байхад бага ангийн хоёр ч хүүхэд осолд орсон. Өнөөг хүртэл хэн ч хариуцлага хүлээсэнгүй.  Тэр асуудал юу болсон бэ?

-Дүүргийн хэмжээнд  хөдөлмөр хамгааллын дүрэм журам, норм стан­дарт  зөрчигдсөний улмаас олон хүн  амь насаа алдаж байна. Гэтэл дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст огт мөнгө баталж өгдөггүй. Хамгийн их ажилладаг хэлтэс, албаддаа мөнгө хуваарилж чаддаггүй. Чадахгүй   юу байхав өгөхийг хүсэхгүй байна. Яагаад гэвэл, өн­гөр­­сөн хугацаанд Баянгол дүүргийн хэмжээнд мэргэжлийн хяналтын хэлтэст зөвхөн багаж,  тоног төхөөрөмж авах тавхан сая төгрөг баталж өгсөн. Түүгээр өнөөдөр юу авах юм бэ. Таван сая төгрөгөөр бүхэл бүтэн 192 мянган хүн амтай 48-50 шахам мянган өрхтэй, 10-20 мянган аж ахуй нэгж, албан байгуулагатай энэ том дүүрэгт  мэргэжлийн хя­нал­тын  35-хан байцаагч хууль, дүрэм хэрэгжүү­лэхэд хэцүү. Гэтэл тавхан сая төгрөг батлаад өгчихөж байгаа юм. Дүүрэгтээ га­зар­гүй  шахам болчихсон, газрын зарим жижиг, сажиг асууд­лыг шийдэж чадахгүй байгаа  газрын албанд хоёр машин аваад өгчихсөн.  Тэгсэн атлаа хамгийн их ажил хийдэг, амин чухал шаардлагатай мэргэжлийн хяналтын хэлтэст машин  авч өгөөгүй. Үүнийг нь сая  манай МАХН-ын бүл­гийн­хэн хатуу шаардлага тавьж байж Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст машин авахад  15 сая төгрөг баталж өгсөн.

-Эрүүл мэндийн VII  төвийг  VI төвтэй  нэгтгэх шийдвэрийг хэн гаргасан бэ. Энэ  нь төсөв хэмнэлт үү, харин ч хоёр байсан эмнэлгийг нэг болгосноор ачааллаа дийлэхгүй, иргэд бухимдаж байна?

-Төсөв хэмнэсэн асуу­дал биш. Ерөөсөө ажил хийж чаддаггүй, аж ахуйн ажлыг   удирдан зохион байгуулах чадваргүй  хүмүүсийн хийж байгаа ажил. Нөгөөтэйгүүр,  Эрүүл мэндийн VI төвийн газартай холбоотой асуудал. Би бодохдоо тухайн  эрүүл мэндийн төвийг татан буулгаад газрыг нь мөнгөтэй, бэл бэлчинтэй хүмүүст  зарах гэж байна гэж хардаж байгаа. Нөгөө талаас,  би түрүүн хэлсэн манай дүүрэг 192 мянган хүн амтай. Эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй байдаг. Гэтэл нөхцөл байдал ийм байхад эрүүл мэндийн төвүүдийг нэгтгэнэ гэдэг утгагүй асуудал. Наад зах нь  Эрүүл мэндийн VI төвд вакцинжуулалт хийдэг байсныг өрхийн эмнэл­гүүдэд тараагаад  өгчихсөн. Гэтэл өрхийн эмнэлгүүд нь орон сууцны хонгилд байрладаг. Ту­хайл­бал, Баяннол дүүр­гийн  дөрөвдүгээр хорооны өрхийн эмнэлэг өнөөдөр орон сууцны подвольд үйл ажиллагаа явуулж байна. Яагаад гэ­вэл, өнгөрсөн онд  төсвийн хөрөнгөөр баригдсан байрыг нь ну­рааж, газрыг нь хорооны цоцолбор ба­рих нэрээр чөлөөлчихсөн. Тодруулж хэлэхэд, саяны төсвийн  тодотгол дээр  эмнэлгийн газрыг чөлөөлөхөд 50 сая, хогийг нь чөлөөлөхөд  мөн 50 сая төгрөгийг тус,  тус тавьсан байх жишээтэй.   Мөн дөрөвдүгээр хороотой  холбогдуулж хэлэхэд, одоо тэр өрхийн эмнэлэг подвольд нь байрлаж байгаа 29 дүгээр байрны өмнөх  талбайг  нь тохицуулахад 50 сая, хойд талыг нь тохижуулахад  40 сая төгрөг гэх мэт зохисгүй байдлаар төсөв, хөрөнгийг зарцуулж байна. Эрүүл мэндийн хоёр төвийг нэгтгэсэн асуудал дүүр­гийн Засаг дарга Л.Ам­галангийн шийдвэрээр хийгдсэн ажил. Гэтэл нэгтгэсэн ганц төв нь өнөөдөр ачааллаа дийлэхгүй, нарийн мэр­гэж­лийн эмч, эмнэлгийн ажилтнууд дутагдалтай, оношлогооны багаж тө­хөөрөмж байхгүй. Өнгөрсөн онд миний бие Баянгол дүүргийн Эрүүл мэндийн VII  төвд эхийн ургийн гажгийг эрт оношлох оношлогооны аппарат авч өгүүлэх талаар асуудал хөндөж, шаард­лага тавиад чадаагүй. Хогоо цэвэрлэнэ гээд хэн нэгэн УИХ-ын гишүүн, дарга сайд, захирлын компанийн шахааны бизнес болох  “Ковш”  машин худалдаад  авчих­сан байгаа, 80 сая төг­рөгөөр. Гэтэл тэр мөнгөөр эхийн ургийн гажгийг эрт оношлох оношлогооны төхөөрөмж аваад өгчихсөн бол өнөөдөр эрүүл удмын сан, хүүхэд эрүүл өсөн бойжих нөхцөл бүрдэх байсан.  Мөн олон айл өрх, залуу гэр бүл аз жаргалтай болох байсан. Гэтэл ингэ­хийг хүсээгүй. Л.Амгалан дарга эмэгтэй хүн, эх хүн. Ийм ажлыг үнэхээр хийхгүй байна, хүсэхгүй байна.

-Л.Амгалан даргыг огцруулах хүртэл ха­риуцлагын асуудлыг одоо ч ярьж байгаа. Өмнө нь ч АТГ-аас хөрөнгө орлогоо нуусан гэх үндэслэлээр шалгаж байсан. Нэг нь  “Өө мартчихсан байна л даа” гэдэг, нөгөө нь “Хөөр­хий мартчихсан байсан юм байна, за яахав” гээд толгойг нь илээд өнгөрч ирсэн. Хариуцлагын асуудал дарагдаж ирсэн нь юутай холбоотой юм бэ?

-Энэ их төвөгтэй асуудал. Яагаад гэхээр, өнөөдөр Монголын ний­гэм, улстөр, хууль шүүхийн байгууллага яаж ялзарч, доройтсоныг  хүн болгон дуу нэгтэй хэлж байгаа, мэдэрч байгаа шүү дээ. Яг үүнтэй адил Л.Ам­галан даргын асуудлыг олон удаа оруулж тавьсан, огцруулах, хариуцлага тооцох талаар. Өнгөрсөн онд сөхөгдөж байсан   хөрөнгө орлогын мэдүүлгээ нуусан, хууль бус үйл ажиллагаа явуулсан зэрэг  асуудал хамаа алга. Шалгагдаад өнгөрдөг юм байгаа биз. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл албан тоот ирүүлсэн. Дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, хариу өгнө үү гэсэн утгатай албан мэдэгдэл байгаа. Энэ нь ямар учиртай вэ гэхээр, дүүргийн Засаг даргын хувьд барилгын хяналт шалгалт, засаг за­хир­гаа, нутаг дэвсгэрийн  нэгжийн тухай хуульд зааснаар өөрийн хуулиар ногдсон чиг үүрэг, эрх хэмжээгээ хэрэгжүү­лээгүй, үүнээс болж хоёр хүүхдийн амь нас  эрсэдсэн эмгэнэлт үйл явдал болсныг нийслэл­чүүд мэдэж байгаа. Барилгын шавар зуурдаг машин унаж, 10 настай хүүхэд амь насаа алдсан. Нөгөө нь бичил хорооллын гарцгүй газраар 12 настай хүүхэд машинд дайруулж нас барсан хэрэг гарсан. Энэ асуудлаар Л.Амгаланг огцруулах тухай дүүргийн ИТХ-д  асуудал  оруулж хэлэлцүүлсэн. Гэтэл ашиг сонирхлын зөрчилтэй бу­юу  Ардын намын   бүлэг олонхиороо асуудлыг авч гарсан. Үнэхээр тэр сонгогдсон хүмүүс иргэдийн төлөөлөл гэдэг нэрнээсээ авахуулаад  нэгийг бодож, хоёрыг тунгаасан   бол  Л.Амгалан дарга аль хэдийнэ огцрох ёстой байсан. Гэтэл тэгэхийг хүсээгүй. Нэг намын дарангуйлал, олонхи болсон байдал  увайгүй Засаг даргыгаа хамгаалж үлдэх хэрэгсэл  болж байна. Засаг дарга ямар үйл ажиллагаа явуулсан байх нь хамаагүй намын эрх ашиг гэдэг заваан  зүйлээс болж Л.Амгаланг авч үлдсэн. Олон удаа энэ байдал давтагдсан

-Дүүргийн ИТХ-аар асуудал оруулж хэлэлцсэн гэсэн. Тэр юу болсон бэ?

 -Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн  гуравны нэг нь буюу 13 төлөөлөгч засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг­жийн тухай хуульд зааснаар дүүргийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралд асуудал оруулсан юм.  Гэтэл Л.Амгалан на­мын  нөхдүүдээ айлгаж, заримыг дарамталж, айлган сүрдүүлэх, олонхийн байр сууринаас хандах  байдлаар хурлын бүрэн эрхт байдалд халдаж тухайн хуралдааныг бүлгээрээ хаяад  гарсан байгаа. Уг нь хэлэлцэх асуудлын дараалалд огцруулах асуудлыг оруулалгүй баталчихсан. Тэгсэн атлаа хуралдаан үргэлжилж байхад бүлэг нь завсарлага авч, бүлгийн дарга нь  эргэж орж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 32-ийн 8-д зааснаар Засаг даргыг огцруулах шаард­лага­гүй, мөн хуралдаанд оролцох шаардлагагүй гээд хурлыг хаяж гарсан. Өөрсдөө 32.8-д зааснаар Засаг даргыг огцруулахгүй гэж санал оруулж ирчихээд тэр саналаа хамгаалж авч үлдэхийн оронд хурлаа хаяад гарч байгаа үйлдэл нь өөрөө Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 23.9, 23.8 дахь заалтыг зөрчсөн. Санал гаргачихаад хуралдааныг хүндэтгэж үзэх шалтгаан­гүйгээр хаяж гарсан бол эсрэг санал өгсөнд тооцно. Тиймээс хуулиа баримт­лах юм бол Л.Амгалан  огцорсон. Гэвч  өнөөдөр хуулиа зөрчөөд  ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа. Энэ асуудлаар МАХН-ын бүлэг удаа дараа хэвлэлд хандсан. Мөн хэвлэлийн бага  хурал хийлгэсэн. Бид шударга ёсонд найдаж, дүүрэгтээ шударга ёсыг тогтооно гэж үзэж байгаа.