Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Хорлоогийн ЦЭВЛЭЭ
Монголчууд бурхан сахиусаа шүтдэг. Тэгэхдээ амьдралдаа ойртуулан сэтгэж түүнийг мөнх тэнгэрийн дийлдэшгүй хүч хэмээн итгэж үнэн сэтгэлээсээ биширч шүтдэг.
Манай уламжлалт ухаарлаар үзвээс их бурхдын догшин дүр болж байдаг арван хангал сахиус гэж байдаг. Миний ойлгосноор бол хан төрийн сахиус нь Очирваань, цэрэг цагдаагийн сахиус нь Жамсран, оюун билгийн сахиус нь Жигжид, утга зохиол урлагийн сахиус нь Лхам, шарын шашны сахиус нь Гомбо, шашны номын сахиус нь Шалши, буяны сахиус нь Намсрай, баяжихын сахиус нь Гонгор, эдийн сахиус нь Цамба гэж байдаг юм байна. Хэрэвхүйеэ хүмүний амьдралын хамаг чухал өгөгдлийг догшин сахиусны ертөнцөд хэлбэрүүлэн ухаарч болдог юм бол манай сэтгүүл зүй, чөлөөт хэвлэл хэмээгч хорвоогийн үнэнийг эрж олдог, түгээдэг, хамгаалдаг энэхүү салбар нь ямар гээч догшин сахиусны шүтээнтэй байж таарах вэ?
Би бол чөлөөт хэвлэл гэдэг нэгэн нэрийн дор нэг цогц болон төсөөлөгддөг радио телевиз, сонин сэтгүүл, цахим мэдээллийн бүх салбар нь яах аргагүй хамгийн хүчирхэг догшин сахиустай байж таарна гэж боддог нэгэн. Түүний ач буянаар хүмүн бид ухамсаргүйн шунал тачаалаас улбаалан үүсдэг амьдын хар нүгэл хэмээх хамаг муу гэмийг даван туулж хүмүний ёсоор ухаалаг амьдарч чаддаг байх. Тэгээд бодохтой зэрэг Жигжид буюу Ямандаг гэсэн нэртэй сахиус сэтгэлд зурсхийдэг. Би шашин номын боловсролгүй учраас бодол санаагаа нягтлахаар бат үнэмшилтэй эх сурвалж эрж хайлаа. Ашгүй тэгтэл бурханы шашны тайлбар тольд Жигжид сахиусын талаар товч атлаа донжтой сайн тодорхойлолт өгснийг олж мэдлээ. Тэрхүү Жигжид хэмээгч нь манай хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн нийгмийн үүрэг хариуцлагыг өөртөө багтааж шингээсэн онгон сахиус мөн юм байна гэж таньлаа. Итгэж үнэмшлээ.
Жигжид нь оюун билгийн бурхан Манзуширийн догшин дүр юм байна. Сэтгүүл зүй болон ерөөс хэвлэл мэдээлэл гэдэг бол аливаа юмны номыг (учрыг) тайлж өгдөг шинэ мэдлэг мөн гэж монголын мэргэд сургасан байдаг. Тухайлбал номч мэргэн ханчин хамба С.Жамъянгарав гуай ингэж айлдсан байгаа юм. Чингэхлээр Манзушир бурхан бол зөвхөн сургаал номлол айлдагч багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгчдийн бурхан төдийгүй уншигч үзэгч, сонсогч түмнийг өдөр, цаг, хором тутамд шинэ мэдлэгээр хангаж байдаг хэвлэл мэдээллийн салбарынхны оноосон бурхан яалт ч үгүй мөн байж таарах гээд байна. Сэтгүүл зүй гэнэ, хэвлэл мэдээлэл гэнэ, мэдээ занги, цахим сайт л гэнэ энэ бүхэн нь уншигч, сонсогч, үзэгчдийг шинэ мэдлэгээр зэвсэглэх оюун билгийн соён гэгээрүүлэх үйл ажиллагаа байдаг учиртай.
Тийм ээ, мэдээ бүхэн мэдлэг. Мэдээ бүхэн оюун ухааны бүтээл. Том бага, шинэ хуучин ямар ч мэдээ сурвалжилга, өгүүлэл, тэмдэглэл, хөрөг нийтлэл, дурсамж, эссе, хошигнол егөөдөл, зураг зэрэг нь эцсийн дүндээ ямар ч байсан, яалт ч үгүй ямар нэг юмны тухай мэдлэг мөн байдаг. Тийм болохоор эрдэм оюуны Манзушир бурхан, түүний догшин дүр Жигжид сахиус нь хэвлэл мэдээллийн, ер сэтгүүл зүйн онгон шүтээн нь гарцаагүй мөн юм байна. Харин түүнийг шүтэх, эс шүтэх нь хувийн хэрэг. Манай сэтгүүл зүйн салбарт энэхүү сахиусыг зориуд анзаарч шүтэн биширч байсан тохиолдлыг би хувьдаа санахгүй байна. Тийм явдал үзэгдэж байгаагүй байх. Гэхдээ түүнийг тэгтэл бишрэн шүтэж, залбирч мөргөх нь эс боловч энэхүү хангал догшин сахиусны ид шидийн тухай гайхамшигт номлолоор дамжуулан хэвлэл мэдээлэл хийгээд ерөөс сэтгүүл зүйн салбар, тэнд ажилладаг манай сурвалжлагч, сэтгүүлч нөхөд өөрсдийн мэргэжлийн давуу тал, бурханлаг ариун чанарыг яс махандаа шингээж авахад чухал хэрэгтэй. Хүмүн төрөлхтөн энэ олон зуун жил шашин бурханы нэрээр дэмий хоосон зүйлд итгэж ирээгүй нь лавтай хэрэг.
Энэ цагийн биднээс хамаагүй томоор харж, ёроолоор нь ухаарч, урнаар сэтгэж байсны ачаар бодит хорвоогийн давагдашгүй мөн чанарт нэвтэрч чадсаныг бурхан сахиусны тухай олон зүйл номлол, сургаал нь нотолдог. Мөнөөх толь бичигт дурдсанаар бол Жигжидийг шарын шашны ёсонд тахилга үйлдэхдээ эхэнд нь залж тахидаг заншилтай аж.
Хөмсөг сахлаас нь гал бадарсан, хурц соёотой, хэл нь мушгирсан, луугийн дуугаар дуугарсан, цусан дусал бүхий нүгэлтний толгой хэлхэн бүтээсэн эрих лагшиндаа өлгөсөн, хар могой болон хүний ясаар чих, бугуй, шилбээ чимсэн, бадамлянхуа цэцэгт наран дэвсгэр дээр өөрийн дагина /юүм/ Доржсолонма хэмээх цэнхэр өнгөт /баруун мутартаа гавал барьсан/ нүцгэн эмийг барьж зогсоно.
Энд ингэж үгээр зураглаж дурдсанаас ургуулан бодвоос ямарч атугай хүмүн бидний хэвийн амгалан тайван амьдралыг бусниулан хөнөөгч аливаа дайсагнал бүхнийг номхотгон доройтуулж, хүний эрх, нийгмийн эрх чөлөө хэмээх бурханлаг нандин чанарыг нь хангаж өгдөг тийм л ач буянтай догшин сахиус мөн гэдэг нь төсөөлөгдөж байна. Араатан шиг хурц соёотой, хэл нь хүртэл эвэр шиг мушгирч, сахал үснээс нь гал цахилгаан бадарч, тэнгэрийн аянга шиг дуугардаг гэсэн зэргээс харахад ямарч дайсныг номхотгон дардаг аугаа хүчтэн сахиус болох нь төсөөлөгдөж байна. Мөнөөх тольд цааш өгүүлэхдээ "Арван хангалын дотор хамгийн хүч чадалтай бурхан гэдгийг илэрхийлж есөн тэргүүн, 34 мутар, 16 бойв /хөл/-тойг тоочин өгүүлсэн байдаг юм байна. Есөн тэргүүнтэй байгаа нь арван найман нүдтэй, мөнхүү тийм чихтэй байж таарна. Аливаа бүхнийг 18 нүдээр харж, 18 чихээр сонсч, есөн тархиар бясалган бодохоор андуу ташаа харах, сонсох, таних аргагүй юм байна. Чингэхлээр аливаа юмс үзэгдэл, үйл ажиллагаа, хөгжил дэвшил бүхнийг есөн толгойтой, 18 мэлмийтэй юм шиг өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх гурван цагийн хэлхээнд нь, дээр доор, баруун зүүн, хойно, өмнө гэх дөрвөн зүг, найман зовхисоос нь шинжин таньж чаддаг хүмүүс л сэтгүүлч, сурвалжлагчийн ажил үүргийг жинхэнэ ёсоор сайн гүйцэтгэдэг учиртай гэсэн далд ухаарал өгч байна. Тэгээд бас 34 мутартай гэхээр энгийн хүнээс 17 дахин шалмаг, бас тийм дахин илүү хүч тэнхээтэй юм байна. 16 бойвтой дүрслэгдэж байгаа нь аливаа бүхнийг сэтгүүлч бус хүнээс наад зах нь найм дахин хурдан сонсч мэдээд найм дахин түрүүнд сэтгэн бодох чадвартай байх шаардлагатай гэж далд утгаараа ойлгуулж байна. Ийм болж чадсан тэр цагт тэр хүн хамгийн хүчтэй хангал догшин Жигжид сахиусны мөн чанарт сэтгэл оюунаараа хэлбэрч хувилах учиртай юм байна. Яагаад гэвэл яалт ч үгүй хэвлэл мэдээллээр дамжуулж байдаг мэдээ мэдээллийн ар талд юунд ч дийлдэшгүй онцгой нэгэн эрхэмсэг нандин зүйл байж байдаг. Түүнийг хорвоо ертөнцийн бодит үнэн гэж нэрлэдэг. Жигжид гэдэг нь энэ утгаараа хорвоо ертөнцийн үнэний сахиус мөн юм байна.
Энэчлэн бодоход шударга үнэн хэвлэл мэдээллийн сэтгүүлч сурвалжлагчдаас илүү ачтан, түүн шиг ихийг мэддэг багштан, түүн шиг мэргэн зөвлөгч, өмгөөлөгч гэж үгүй. Манай чөлөөт хэвлэл мэдээлэл тэгэхлээр Жигжид сахиус шиг есөн зүгтээ харж, есөн давхар сэтгэж, есөн удаа сорьж, 34 мутартай, 16 хөлтэй мэт ер бусын хурд хүчтэй ажиллаж гэмээ нь амьдралын үнэнийг хайж олдог, түүнийг түмэнд хүртээдэг хангал догшин хүмүн сахиус мөнөөс мөн байх хосгүй гэгээн заяа тавилантай юм байна. Тийм байхгүй аваас мал мэт мунхаг, араатан мэт зэрлэг авиртай аливаа харанхуйн зовлонт үйлийг ялж гарах боломжгүйг монголчууд сүүлийн хорь гаруй жил арьс махан дээрээ амсаж мэдэрлээ. Монголын сэтгүүлчид иймэрхүү л гайхамшигтай арван догшидын хорвоод багтдаг азтай, ачтай бас ихээхэн эрсдэлтэй хүмүүс юм байна.
Гэвч сүүлийн хориод жилд Монгол Улсад чөлөөт хэвлэлийг үндсэнд нь устгасан гэж болох баримт судлаачдад байна. Чөлөөт хэвлэлийг устгана гэдэг нь үнэндээ бол мөнөөх Жигжид сахиусыг баривчилж аваад дээвэргүй шоронд хорьсонтой агаар нэгэн юм. Төрийн мэдлийн хэвлэл мэдээллийг устгахтай зэрэг чөлөөт хэвлэлийн нар мандана гэж нэг том эндүүрсэн. Баян эздийн өмчилсөн хувийн хэвлэл мэдээллийн эрх ашиг нь эцсийн дүндээ төр засагт гарч ирсэн олигарх эздийн явцуу эрх ашигтай нэгдэн нийлж, хүзүү сээр холбон сүжирдэг учиртайг урьдчилан харж чадахгүй бас нэг том эндүүрсэн. Олон сургууль курс дүүргэж, гадаадын олон хэлд нэвтэрч, өндөр цол хэргэм хүртэж, тэр байтугай төрийн тэргүүн, ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, сайд, дарга болсон ч ухамсаргүй, харанхуйд төөрөлдөх тохиолдол байдгийг ухаарахгүй бас нэг том эндүүрлээ. Ардчилал, зах зээлийн нийгмийг зөв зохистой цогцлоон хөгжүүлэхэд хүн хүнээ хүндэтгэх зан суртахууны өндөр соёл хамгаас чухал байдгийг мэдэхгүй бас нэг том эндүүрлээ. Эдгээр угсраа олон эндүүрлийг нотлон харуулах ойрын жишээ бол монголын ард түмний ядуурал. Энэхүү ядуурал бол Монголын төр хүн амыг эрх чөлөөтэй, өмч хөрөнгөтэй болгон жаргал эдлүүлэх уриа лоозонгоор хуурч мэхлэн эгэл түмнийг ядууруулах хомхой бодлого хэрэгжүүлсний уршгаар эдүгээ гурван сая хүнтэй Монгол Улс нэг сая ядуустай болсон байна. Ядуурал ингэж гаарсан нь монголд харанхуй засаглал ноёрхсоны нэн тод гэрч баримт мөн.
Харанхуй төр гэдэг бол зөвхөн эрт балрын үед байсан төр биш, хорин нэгдүгээр зууны өнөө үед ч байж байгаа төр. Харанхуй төр гэдэг бол эрдэм ном мэддэггүй боловсролгүй төр гэсэн үг биш. Хүний зовлон мэддэггүй төр гэсэн үг. Харанхуй төр гэдэг бол хууль цаазгүй засаг гэсэн үг биш, хуулиа мөрддөггүй засаг гэсэн үг. Харанхуй төр гэдэг бол шорон дүүрэн хулгайчтай төр засаг гэсэн үг биш. Шоронгийн хулгайч нар сул чөлөөтэй явж байдгаар барахгүй зарим хулгайч нь төр барьдаг засаг төр гэсэн үг. Харанхуй төр гэдэг бол сургууль, эмнэлэг, соёл, урлаг, спортгүй төр гэсэн үг биш. Цалин тэтгэвэр нь аманд ч үгүй хамарт ч үгүй өнгөрдөг харамч төр гэсэн үг.
Ямарч атугай монголын ард түмэн ажил хийж чаддаггүй хүмүүс учраас ядуураагүй, монголын эд баялаг хомс ховор учраас ядуураагүй, монголын ардчилал дутуу дулимаг учраас ядуураагүй, зөвхөн монголын төр засгийн буруу ташаа бодлого, үйл ажиллагааг тухайн үед нь шүүмжлэн хяналт тавьдаг чөлөөт хэвлэл мэдээлэл нь үндсэндээ байхгүй болсон учраас ядууруулсан.
Чөлөөт хэвлэл мэдээлэл нь хангалтгүй учраас л наад зах нь С.Зоригийг хөнөөлгөсөн эзнийг гурван сая монголчууд хорин жил эрээд олсонгүй, зарим ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайд, төрийн түшээд төр түмний эсрэг гэм нүгэл хийсэн эсэхийг гурван саяулаа арван жил эрээд тогтоож чадсангүй ээ.
Мөнөөх үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банк, болон бондын шамшигдал хэмээгч гэмт үйлдлүүд бол яалт ч үгүй чөлөөт хэвлэл торонд орсон тоть шувуу шиг хүний заасан хэдэн үг шулганахаас хол хэтрэхгүй болсны гэрч баримт мөн. Ийнхүү сэхээрвээс хэрвээ чөлөөт хэвлэлгүй бол чөдөртэй морио ч олохгүй янзтай харагдаж байна.
Эдүгээ монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл балингач амлалт амандаа чихүүлчихээд дуугарч чадахгүйгээс эгээ л хэлгүй хүнээс өөрцгүй байцгааж байна. Чихэртэй, шар тосоор зуурч хийсэн арааны шүлс асгаруулам бурам мэт амтлаг сайхан утгыг сэтгэлд нь амтлуулж, зайран бөөгийн дуудлага шиг ер бусын уран цэцэн үг хэллэгтэй илтгэл айлтгал, тайлбар, танилцуулга, амлалтыг чихэнд нь сонсгож орхиод төр түмний өмч хөрөнгө, эрх ашгийг аливаа дээрэм тонуул, авилга хээл хахууль, залилан, ядуурлын бодлогоос хамгаалахад бэлэн байдаг тэрхүү ухамсартай чөлөөт үзэл санааг нь сэмхэн унтуулчихаад, араар нь хамаг муу хэргээ хийдэг байгаа юм. Үүнийг л балингачлах буюу популизм гэж нэрлэдэг. Жигжид гэдэг бол хэн нэг хүний нэр бус догшин сахиусны нэр, тэр чөлөөт хэвлэлийн онгон шүтээний нэр гэдгийг нэгэнт тодруулсан байх гэж ойлгож байна. Тийнхүү элдэв үгээр хуурч шүүрч байгаад мөнөөх чөлөөт хэвлэлийг мансууртал тархи угаана гэдэг нь Жигжид хэмээх хангал догшин сахиусыг нь сэмээрхэн баривчилж аваачаад дээвэргүй шоронд хорьчихдог гэсэнтэй агаар нэгэн юм. Өөрөөр хэлбэл манай нүүдэлчин ахуйн уламжлалт ойлголтоор бол Жигжид сахиус нь угаасаа хангал догшин язгууртай учраас яг л ороо морь шиг бас хулждаг юм байна. Төрийн байгууллагаас хэвлэл мэдээлийн салбарыг хаалтын гэрээ, захиалгат нийтлэл нэвтрүүлэг явуулах гэх мэтчилэн ашиг сонирхлоо тулган хүлээлгэж захиргаадах, тус салбарын хувийн эздийн дангаар ноёрхох ноёрхол зэргийг тэвчдэггүй хулждаг байна.
Монголд сүүлийн он жилүүдэд хэвлэлийн эрх чөлөө хумигдсан учраас л Жигжид сахиус алга болсон юм байна. Түүнийг одоо даруй нийгмийн амьдралд авчирч нийлүүлэх замаар хүний эрх, эрх чөлөөг хангаж, үнэнч шударга ёс, тэгш журамт гэгээн амьдралыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд олон ажил хийх хэрэгтэй боловч хамгийн түрүүнд нэг чухал хууль гаргах шаардлагатай. Тэр нь хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх зүйн байдлын тухай хууль юм. Энэ бол миний мэдэхээс бүтэн гучин жил оролдоод, хэд хэдэн янзын хувилбар боловсруулсан ч одоо хүртэл батлан гаргаж чадаагүй байгаа хууль байх.
1990 онд Монголын сэтгүүлчдийн онц VI их хурлын үед ийм хуулийн тухай ярьж байсан. Гол утга нь хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг мэргэжлийн сэтгүүлчдийн баг толгойлон авч явдаг болгох ёстой гэсэн үзэл санаа байдаг. АНУ зэрэг орнуудад ийм хууль байдаг гэсэн. Энэ хуулийг гаргаснаар бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь Төр засагт Үндсэн хуулийн хүрээнд хяналт тавих, буруу зөв нь үл мэдэгдэх эргэлзээтэй чухал асуудлын талаар хөөцөлдөж нэг талд гаргахад туслах, өв соёл, шинжлэх ухааны дэвшил, эх орны хөгжлийн тулгамдсан зорилтыг соён гэгээрүүлэх гэсэн гурван гол чиглэлд нэгтгэн төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Ийм болсон цагт Монгол Улс үнэхээр улс шиг улс болж монгол хүмүүс жинхэнэ хүмүний ёсоор аз жаргалтай амьдардаг болно буй за.
Эх сурвалж: www.zms.mn