Ч.ҮЛ-ОЛДОХ

Бид саяхнаас Чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж заншихаар боллоо. Баахан яарсан, түргэдсэн болохоос уг нь буруу зүйл биш л дээ. Ямар ч гэсэн ийм өдөртэй болсноор түүх соёлоо сурталчлахгүй байлаа гэхэд “Энэ өдөр их хаан маань төрсөн юм гэнэ лээ” гэж дурсах нэг нь дурсч л таарна.
Бид Чингис хаан гэж ярьж, бичиж байгаа ч Төв Азийн цээжнээ түүний гэрээслэн үлдээсэн уужим цэлгэр нутгаас өнөөдөр хэчнээн уул толгод үгүй болж, ус гол ширгэж, тал хөндийнүүд там болсныг тэр болгон дурьддаггүй. Эрх мэдэлд хүрсэн нэг нь газар шороогоо гадныханд лиценз нэрээр зараад дуусгасан. Улс төрийн намууд сонгуулийн зардлаа уул уурхайгаас олдог болсон нь нууц биш. Нэгэнт зөвшөөрлөө авсан гадаадын компаниуд хаа сайгүй ухаж, төнхөөд эхэлчихсэн.
Тэр дотор нэрнээсээ эхлээд түүхийн олон сэжим, таамгийг агуулдаг, зарим сурвалж бичигт Алтан уул хэмээн бичигдсэн Ноён уул минь ч алтны компаниудын ашиглалтын талбайд орчихсон. Тэр бүү хэл, аль хэдийнэ энд, тэндээс нь ухаж эхэлсэн гэх мэдээлэл сэтгэл сэрдхийлгэж байна. Д.Нацагдоржийн шүлэглэсэнчлэн “Эцэг өвгөдийн шарилыг хадгалсан Хүннү, Сүннүгийн нутаг”, монголчуудын түүхийн голомт Ноён уулын мөхөл ийнхүү эхэлчихжээ.
Ноён уул Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийг дамнан оршдог. МЭӨ III - МЭ II зуун хүртэлх хугацаанд Төв Азийн өргөн уудам нутагт хүннүчүүд нүүдэллэн амьдарч,төр улсаа цогцлоон байгуулж, мандан бадарч байсны бодит нотолгоо. Нүүдэлчдийн түүх соёлын голомт болохын зэрэгцээ Хүннү гүрний төв одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр байсныг гэрчлэх баримт билээ.
1901 оноос тэнд Манжийн хааны зөвшөөрөлтэйгээр хятадууд алт ухаж эхэлсэн ч 1920 онд хаагдсан байдаг. Тухайн үед алтны судал хайсан эрэлчид 1911 онд анх Хүннүгийн язгууртны булшийг нээсэн бол түүнээс улбаалж 1924-1925 онд Оросын аялагч П.К.Козлов Ноён ууланд Хүннүгийн язгууртны болон жирийн иргэдийн нийт 12 булш малтаж илрүүлсэн нь XX зууны дэлхийн их нээлтийн нэгд тооцогдох болсон юм. Гэвч тэнд хэсэгчилсэн судалгаа хийснээс биш мэдээллийн асар том бөгөөд чухал хэсгүүд хаягдаж орхигдсон нь цөөнгүй. Мөн тухайн үеийн Оросын судлаачид өөрсдийн олж илрүүлсэн археологийн дурсгалуудыг Монголд огт үлдээгээгүй нь харамсалтай. Түүнээс хойш буюу 1964 оноос 2005 он хүртэл огт судлагдаагүй байсан Ноён уулнаа ШУА-ийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, Угсаатны зүйн хүрээлэн хамтран “Монгол нутаг дахь Ноён уулын булшны археологийн судалгаа” эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүлж ирсэн юм. Тус хээрийн шинжилгээний ангийг Монголын талаас доктор Н.Эрдэнэ-Очир, Оросын талаас ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, Угсаатны зүйн хүрээлэнгийн доктор Н.В Полосьмак нар удирдан ажилладаг. Хээрийн шинжилгээний анги одоо ч судалгаагаа үргэлжлүүлж буй юм.
Гэтэл бүрэн судлагдаж амжаагүй, шинэ үеийн судлаачид дахиад ч шинжлэх ухааны нээлтүүд хийх боломжтой, үүцээ бүрэн задлаагүй Ноён уул маань мөхлийн ирмэгт очоод байна.
Төв аймгийн Мандал сумын иргэд, байгаль хамгаалах ТББ-ынхан “Алтны компаниуд Ноён уулыг тал талаас нь нүхлэн, зарим нь өөрсдийн тааллаар зам засч алттай шороо, хад чулууг нь буулган машинд ачин бутлагч цехийн зүг тоос бужигнуулан оддог болсон” гэцгээж байна. Тэр хавийн иргэд, оршин суугчдын зарим “Сентерра гоулд”-ийн ашиглалтын талбайд Хүннүгийн булш бунхан орчихсон. Тэнд нь Бороо гоулд компани хайгуул, ашиглалт явуулж байгаа. Хайгуул, ашиглалтын ажлын явцад түүхийн дурсгалууд эвдэрч, сүйтгэгдэх аюултай гэлцэнэ. Харин тус компанийн маркетингийн ажилтнууд болон Орос-Монголын шинжилгээний ангид Монголын талаас ажиллаж буй гэх доктор Н.Эрдэнэ-Очир нар “Сентерра Гоулд”-ийн лицензийн талбайд ямар ч хамааралгүй. Хол оршдог, хоорондын зай нь 7 км шүү дээ. Ер нь олборлолтын нэг ч компани түүхийн дурсгал бүхий бүст ажиллаагүй” хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр байсхийгээд тайлбар цацдаг нь анхаарал татна. Тайлбар цацлаа гэж байгаа нь ямар учиртай гэвэл, ил гарч ярихгүй атлаа далдаас ухуулга хийж буй тэрхүү эх сурвалжийг олж уулзахаар сураглахад мэргэжил нэгтнүүд нь “Солонгост бий” гэв. Сайтууд түүнээс онлайн ярилцлага хийсэн нь тэр гэнэ. Гэтэл нөхцөл байдал тэдний ярьж буйгаас өөр байгааг иргэд хэлж байгаа юм. Тухайлбал, Ноён уулыг нэг биш компани тал талаас нь нүхлэн алт олборлож, зулзган моддыг хугачин ой дундуур том машин явах зам болон нарийн жимүүд гаргажээ.
Үргэлжлэл бий.