Д.Болор

Монголын залуучуудын холбооны санаачилсан “Паркаа аваръя” хөдөлгөөн орон даяар өрнөөд нэг сарын нүүр үзэв. Энэ хугацаанд паркийн талбайд газар эзэмшигч хэд хэдэн компанийн удирдлагуудаас “Таны газар хууль ёсных мөн үү. Газраа чөлөөлөхөд бэлэн үү” гэсэн асуулт илгээж хариулт авсан үр дүнтэй. Зарим нь хариултаа өгөхгүй гөжүүдэлж байгаа сурагтай. “Бичиг цаас илгээхээс өөр байдлаар тэмцэх арга алга уу” гэсэн асуултад “Шийдвэр гаргах эрх мэдэлтэн биш учраас хэцүү. Шийдвэр гаргадаг байсан бол өнөөдөр л гэхэд газар эзэмшигч компаниудыг зайлуулахсан” хэмээн А.Мөнхбат дарга ярьж байсан. Өнөөдөр манай сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын залуучуудын холбооны тэргүүн А.Мөнхбат тэргүүтэй “Паркаа аваръя” хөдөлгөөнийг дэмжигч залуучууд сэтгүүлчдэд үгээ дайлаа. Хөдөлгөөнийг Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, “Монгол хүн л юм бол” хөдөлгөөн гэхчилэн 20 гаруй байгууллага дэмжиж буй юм байна. Хуралд оролцогчдын ярьж буйгаар хүүхдийн тоглоомын талбай нь албан ёсны 35 га талбайтай. Үүнээс ердөө дөрвөн га-д хүүхдийн тоглоом суулгажээ. Үлдсэн зай талбайд “MCS” компанийнхан таван одтой хоёр зочид буудал барихаар зураг төслөө гаргасан гэх. Энэ талаар тус компанийн удирдлагууд “Зочид буудал нь хүүхэд, залууст зориулагдсан байх болно” гэж тайлбарлаж байгаа сурагтай. Тайлбар нь үнэн эсэхийг мэдэхгүй гэдгээ Монголын залуучуудын холбооныхон хэлж байсан. Одоогийн байдлаар хүүхдийн паркад “Мон-Уран” компани 1.2 га, “MCS Hotel” групп гурван га, Сөүл ресторан , “Бегдү” констракшн тодорхой хэмжээний газар эзэмшиж байна. Хөдөлгөөн эхэлснээс хойш ямар үр дүнтэй байгаа талаар Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатаас тодрууллаа.
-Хөдөлгөөн өрнөөд нэг сар боллоо. Ямар үр дүнтэй байна вэ?
-Хүүхдийн паркад газар эзэмшиж байгаа пүүс компанийн захирлуудад албан ёсны тайлбар шаардсан бичгээ илгээсэн хэвээр байна. Бид энэ асуудлыг хариулт нэхсэн байдлаар цааш үргэлжлүүлмээргүй байна. Аж ахуйн нэгжүүд “Бид албан ёсны зөвшөөрөлтэй. Нийслэлийн үе, үеийн Засаг дарга газар олгосон гэсэн” хариултыг хүлээж авахгүй. Зөвхөн хууль ёсных мөн үү гэдгийг тодруулахыг хүсч байна. Үүний тулд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Хотын захирагч Э.Бат-Үүл нарт шаардлага хүргүүлэхээр болсон. Энэ нь “Эрх баригчийн хувиар багачуудын тоголж наадах талбайг аж ахуй нэгжүүд газар эзэмшиж болох уу. Таны хувьд хүүхдийн паркад ямар байр суурьтай байна вэ” гэдгийг тодруулна.
-Шаардлага хүргүүлэхээс өөр тэмцэл байхгүй хэрэг үү?
-Шийдвэр гаргах эрх мэдэлтэн биш учраас боломжгүй. Гэхдээ залуучууд, хүүхдүүдийн дэмжлэг хэрэгтэй. Тэд манай хөдөлгөөнийг дэмжихээ илэрхийлэн нэгдэж байгаад талархалтай байна. Одоогийн байдлаар 20 гаруй холбоо, хөдөлгөөн дэмжихээ илэрхийлж нэгдээд байгаа. Цаашид энэ тоо нэмэгдэх байх. Холбоод гэлтгүй ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй бүх хүн нэгдээсэй гэж хүсч байна. Ялангуяа эцэг, эхчүүд маань Засгийн газрын иргэд сонсох төвийн 1111 дугаарт залгаж “Паркаа аваръя” гэсэн шаардлага тавиарай. Олны хүч оломгүй далай гэж үг бий. Та бүхний тусламж хэрэгтэй байна.