- Мэргэжлийн хяналтын байцаагч тус компанид хэд хэдэн удаа шаардлага өгчээ –

О.ЭРДЭНЭБҮРЭН

Чингэлтэй дүүргийн нутаг буюу Соёл урлагийн их сургуулийн хойд талд “Метромалл” их дэлгүүрийн замын эсрэг талд “Чингис шар айраг” клуб, Зохиолчдын эвлэлийн байрны дунд шахцалдуулан 12 давхар барилга барьж байна. Энэ барилгыг онцлох болсон шалтгаан нь явган хүний болон авто замын яг хажууд барилгын норм стандартыг зөрчин барьж байгаа юм. Автозамын хажууд нэг метрийн зайд кран байрлуулсан хэрнээ хамгаалалтын тор, хашаа татаагүй байгаа нь  хажуугаар зөрж өнгөрөх иргэдийн болоод хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт айдас төрүүлж байна. Нийслэлийн автозам өглөө, өдөр, оройгүй түгжирдэг. Энэ түгжрээний үеэр 12 давхар барилгаас хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нарын дээрээс юм унахгүй гэх ямар ч баталгаа алга. Тухайн барилга дээр очих үед ажил нь явагдаж байв. Барилгын хажуугаар хүүхдээ тэвэрсэн, хөтөлсөн эцэг, эхчүүд, ганц хоёроороо яваа сургуулийн хүүхдүүд, таяг тулсан хөгшчүүд явах бөгөөд дээшээ харж “Яана аа юм уначих вий. Ядахдаа хамгаалалтын хашаа хийчихгүй” гэсээр барилгын хажуугаар айдастай зөрж өнгөрнө. Барилгын дээд талд түс, тас гэсэн чимээ зогсоо зайгүй гарна. Яг л дээрээс юм унаад ирж байгаа юм шиг. Хүүхэд байтуйгай, том хүмүүс энэ барилгын хажуугаар гарахаас айж байна. Тухайн барилга дотор орж, хариуцан ажиллуулж байгаа даргатай нь уулзъя гэхэд тус барилгын манаач С.Баяраа “Энд дандаа зуун айлаас ирж ажиллаж байгаа хөлсний ажилчид байна. Хариуцан ажилладаг даамал нь гадагшаа явсан. Тэр даамлыг нь орлосон хүн одоогоор байхгүй байна. Энэ барилга “Чингис шар айраг” компанийн бариулж байгаа Офиссын зориулалттай барилга” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Барилгын хажуу талд байрлах Зохиолчдын эвлэлийн байрны  гурван давхарт “Чингис шар айраг” компанийнхан байрладаг байна. Тэднээс өргөтгөл нэрээр 12 давхар барилга яагаад барих болсон талаар нь асуухад “Энэ барилгын талаар бид юу ч мэдэхгүй. Манайд хамаагүй” гэв. Үүний дараа бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ц.Цэнгэлээс дээрх барилгыг зөвшөөрөлтэй эсэх талаар асуухад тэрээр “”Чингис шар айраг” компани зөвшөөрөлгүйгээр 12 давхар барилга барьж байгаа. Манай байцаагч нар барилгын ажил явуулж болохгүй гэсэн албан шаардлага хэд хэдэн удаа өгсөн. Тавьсан шаардлагыг хүлээж авахгүй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Манай байгууллагад хэдэн давхар ямар барилга барих талаар зураг төсөл ч харуулаагүй. Тэр ч бүү хэл хамгаалалтын тор, хашаа байхгүй нь хууль бусаар барилга барьж байгааг нь харуулж байна. Манай байгууллагаас ямар ч зөвшөөрөл аваагүй” гэв. 

 

“ЁН БИН ГУАН”РЕСТОРАНЫ ДЭЭВЭР ДЭЭР БАРИЛГЫН ХОГ ХАЯГДАЛ БАЙНГА УНАДАГ

 

Барьж буй 12 давхар барилгын хажуу талд “Ён Бин Гуан” солонгос ресторан байрладаг. Энэ рестораны гал тогооны өрөөний дээвэр дээр олон тоосго унажээ. Энэ талаар тус рестораны ажилтан С.Баяраатай ярилцлаа.

-Танай рестораны гал тогооны өрөөний дээвэр дээр барилгаас байнга юм унадаг гэж сонслоо?.  

-Энэ барилгаас манай дээвэр дээр байнга юм унадаг. Тоосго, барилгын хог хаягдал унадаг. Гал тогооны дээвэрт завсар гарчихсан. Томхон блок унавал цөмрөх аюултай болчихсон байгаа.

-Та нар барилгынханд энэ тухайгаа хэлсэн үү?

-Тэр даруйд нь хэлдэг. Гэтэл хамгаалалт хийнэ. Дахиж ийм асуудал гаргахгүй гэсэн боловч хамгаалалтын тор татаагүй байна.

-Энэ барилгыг хэзээнээс эхлэн барив?

-Намраас хойш барьж байгаа. Яг манай рестораны хажууд барилгын ажил явагдаж байгаа учраас үйлчлүүлэгчид манайд орж, гарахаасаа айж байгаа. Иргэд “Дээрээс юм уначих вий” гэж байнга хэлдэг. Манайд үйлчлүүлээд гарч байгаа хүмүүсийн дээрээс юм уначихвал яах вэ. Энэ барилгад хяналт сайн тавих хэрэгтэй.

 

ТУС БАРИЛГА НУРААХ БАРИЛГЫН ТООНД ЯАГААД ОРООГҮЙ ВЭ?

Хотын дарга Э.Бат-Үүлийн гаргасан захирамжийг үл тоон барилгын ажлаа явуулж байгаа энэ газрын эздэд Монголын хууль огтхон ч сонин биш бололтой. Барилгын осол өдөр тутамд гарч байгаа учир түүнээс урьдчилан сэргийлэхэд хаа, хаанаа анхаарч байхад энэ барилгынхан олон хүний амь насыг хохироох эрсдэлтэй орчинд бари­лгын ажлаа дур мэдэн хийж байна. “Чингис шар айраг” компанийн өргөт­гөл, оффис, үйлчил­гээ­ний зориулалттай гэх 12 давхар барилга хажуу талд нь байрлах барилгуу­дынхаа бат, бэх чанарыг нь хүртэл алдагдуулж байна. Ганцхан баллын газар хөдлөхөд энэ 12 давхар барилга нурж унадаггүй юм аа гэхэд хажууханд нь байрлах хуучны барилгууд нурах эрсдэлд оржээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нарын үгэнд ордоггүй барилгын компанид хэн гэдэг, ямар дарга хариуцлага тооцох вэ. Энэ барилгын үйл ажиллагааг нэн даруй зогсоохгүй бол олон хүний амь насыг хохироож мэдэх нь байна.