М.ЦЭЦЭГ

Төр бол ард түмний үйлчлэгч. Харин ард түмэн бол ХААН байх учиртайг сануулсан үндэсний форум Шинэчлэлийн Засгийн газрын хийх ажил, шийдвэрлэх асуудлыг улам тодотгож өглөө. Хэрэглэгчийн өмнө тулгамдаж буй асуудал бүрийг төр, иргэний нийгэм, бизнесийн төлөөлөл сонсож, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх гарцыг хамтран хэлэлцэх “Ард түмэн Та-Хаан” үндэсний форум өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд боллоо. Энэхүү форумд оролцсон иргэд, олон нийтийн дэвшүүлсэн санал, санаачилгыг үндэслэн 2012-2016 онд Шинэчлэлийн Засгийн газар болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудаас үйл ажиллагаандаа баримтлан хэрэгжүүлэх чиглэлийг тодорхойлсон юм.
Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар иргэд, олон нийтийн эрх ашгийг хамгаалах, тулгамдаж буй асуудлыг нь судлан шийдвэрлэх, хэрэглэгчийн болон иргэний нийгмийн оролцоог өргөтгөх, идэвхжүүлэх “Ард түмэн -Та Хаан” хэрэглэгчийн үндэсний форумд нийслэл болон орон нутгийн 800 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо. Чуулга уулзалтаар хэрэглэгчийн өмнө тулгамдаж буй асуудлыг тал талаас нь авч хэлэлцэн, ярилцахын зэрэгцээ шийдвэрлэх, хэрхэн засан сайжруулж болох арга замыг иргэд болон төр, хувийн хэвшлийнхэн хамтдаа эрэлхийлэв.
Энэхүү бүтээлч чуулга уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, ирэх дөрвөн жилд шинэчлэлийн Засгийн газрын хийх ёстой ажлын нэг нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах. “Ард түмэн Та–Хаан” байх зорилтыг бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллахаа мэдэгдсэн юм. Мөн хариуцлагатай төр ард түмэндээ үйлчилж, тэднийхээ хүсэл сонирхлыг дэмжин, дуу хоолойг нь үргэлж сонсож байх учиртайг онцлов. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн чуулга уулзалтыг зохион байгуулж буй Шадар сайдад талархаж, чуулганы хуралдаанд амжилт хүслээ.
“Ард түмэн Та-Хаан” үндэсний форумыг Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болон 21 аймгийн хэмжээнд энэ сарын 5-9-нд зохион байгуулж, хэрэглэгчдин өргөдөл, гомдлыг хүлээн авч, санал бодлыг сонсох чөлөөт индэр ажиллуулсан нь урьд өмнө болж байсан чуулга уулзалтуудаас ихээхэн онцлогтой байв. Үндэсний форумыг Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандарчилал хэмжилзүйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газраас хамтран зохион байгуулж, өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулсан юм.
Шадар сайд Д.Тэрбишдагва “Ард түмэн Та-Хаан” үндэсний форумыг зохион байгуулах болсон шалтгаан нь өнөөдрийн нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, ард түмний амьдралд ачаа болж байгаа хүнд суртлыг халах, төрийн үйлчилгээг сайжруулах, иргэндээ ойрхон төр байх, ард түмнээ сонсох, хэрэглэгч ХААН байх үзлийг нэвтрүүлэх нь чуулга уулзалтын зорилго” хэмээн онцоллоо. Тэрээр “Үндсэн хуулиар олгогдсон ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах, хүсэл шаардлагыг нь хүндэтгэж, эрхэмлэн дээдлэх. Төр, хувийн хэвшлийн бүхий л төрлийн үйлчилгээ иргэдэд ойр, амар дөхөм, нийлүүлж буй бараа бүтээгдэхүүн нь чанартай, хурдан шуурхай, стандарттай, ил тод шударга, нээлттэй байх нь ХААН хэмээн хэрэглэгчээ хүндэлж буйн илрэл. Тиймээс төрийн үйлчилгээг ард түмэнд хүргэх, ард түмнийхээ эрүүл мэнд, амар тайван амьдрах аюулгүй орчинг бүрдүүлэхийн төлөө шинэчлэлийн Засгийн газар, түүний дор ажиллах агентлагууд ажиллах учиртайг хэлсэн.