Н.МӨНХЖИН
НҮБ арваннэгдүгээр сарын 10-ныг Ойрхи Дорнод дахь эмэгтэйчүүдийн боловсрол, эрхийн төлөө тэмцэж байгаа 15 настай пакистан охин Малала Юсуфзайг дэмжих өдөр болгон зарлажээ. Энэ тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын боловсролын асуудал хариуцсан тусгай элч Гордон Браун (Их Британийн Ерөнхий сайд асан) мэдэгдсэн байна.
2012 оны аравдугаар сард талибуудад буудуулан хүнд шархадсан 15 настай блог хөтлөгч охиныг дэлхий даяараа дэмжих уриалгыг НҮБ-ын тэргүүн Бан Ги Мун гаргасан аж. Талибуудын эзэрхийлэл доорх амьдрал, нөхцөл болон сурч боловсрох боломжийн талаар блог хөтөлдөг Малала охин толгой, хүзүүндээ буудуулан хүнд шархадсан юм. Тэрээр одоо Их Британид эмчлүүлж, бие нь сайжраад байгаа ажээ. Түүнтэй хамт сургуулийн автобусаар явж байсан ангийн хоёр охин нь бас шархадсан юм. “Талибан” хөдөлгөөн 2011 онд устгах ёстой хүмүүсийн жагсаалтдаа Малалаг оруулсан байв. Улмаар түүний амь насанд халдсаныхаа дараа “Тэр хүүхэд амьд үлдвэл дахин амь насанд халдана” хэмээн мэдэгджээ.
НҮБ-ын тусгай элч Гордон Браун арваннэгдүгээр сарын 9-нд Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардаритай уулзахдаа Малала Юсуфзайг дэмжиж, Пакистан улс дахь бүрэн дунд боловсролыг үнэгүй болгохыг уриалсан хоёр сая хүний гарын үсэгтэй шаардлагыг гардуулсан байна. “Reuters” агентлаг уламжилснаар, Зардари уг хүсэлтийг хүлээн авч, сургууль завсардаад байгаа таван сая пакистан хүүхдийг сургуульд явуулахын тулд НҮБ-тай хамтран ажиллахаа амлажээ. Өнгөрсөн долоо хоногт арван мянга гаруй британи иргэдийн төлөөлөл Ерөнхий сайд Дэвид Кэмеронд хандаж пакистан охидын боловсролын төлөө цуцашгүй явж байгаад хүнд шархадсан Малала Юсуфзайг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэхийг хүсчээ.
Малала Юсуфзай 11 наснаасаа эхлэн “ВВС”-ийн урду хэлний сайт дээр блог хөтөлж ирсэн юм. Тэрээр 2007-2009 онд “Талибан”-ы хяналтад байсан Пакистаны Сват хөндий дэх амьдралын талаар блогтоо бичдэг байв. Малала талибуудын үйлдэж буй яргалал, балмад үйлдлийн талаар айж ичилгүй бичдэг байсан юм. Тэрээр Пакистан, Афганистан дахь охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжсэн бичлэг, уриалгаараа дэлхийд нэрд гараад байсан охин ажээ.
Английн Бирмингем хотын эмнэлэгт эмчлүүлж, өдөр ирэх бүр бие нь сайжирсаар байгаа Малала охин бүх талын дэмжлэг үзүүлсэн сайн санаат хүмүүст талархаж буйгаа уламжилжээ. Тэрээр илааршсаныхаа дараа блогоо үргэлжлүүлэн хөтлөх бодолтой байгаагаа ярьсан байна.