М.ГАН

УИХ дахь АН-ын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг, УИХ дахь МАН-ын гишүүдийн төлөөлөл хамтран мэдэгдэл гаргав. Орон нутгийн сонгуультай холбоотойгоор зарим аймаг, тойрог, хэсгийн хороодод сонгуулийн хууль зөрчсөн, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг боогдуулсан маргаан гарч байгаа. Тиймээс намуудын төлөөлөл хамтран хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх, сонгуульдаа идэвхтэй оролцох талаар уриалга гаргасан тухай өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэллээ.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан энэ хуулийн төслүүд батлагдвал УИХ дахь МАН-ын гишүүд бүлэгтэй болох юм. Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд орон нутгийн сонгуулийн дараа үргэлжлүүлэн хэлэлцэх аж. Иймд сонгуулийн дараа Ардын намын гишүүд УИХ-д бүлэгтэй болох нь.
Мөн чуулганы хуралдаанаар “Сонгуулийн нэмэлт зардлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонссоноор намрын чуулганыг түр завсарлуулж байгааг УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдлээ. Гишүүд улсын төсвөөс санхүүжсэн зарим ажлын гүйцэтгэлтэй танилцах, томоохон хөрөнгө оруулалттай барилга, байгууламжийн нээлтэд оролцох, орон нутгийн иргэдийн санаа бодлыг сонсох зорилгоор чуулганыг түр завсарлуулж байгаа аж. Гэхдээ энэ сарын 20-ноос УИХ-ын байнгын хороод хуралдаж эхлэх ёстой гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд санууллаа.