С.САРУУЛ

УИХ дахь АН-ын зөвлөл ээлжит хуралдаанаар  улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагааны талаар хэлэлцэж мэдэгдэл гаргалаа. АН-ын зөвлөлийн мэдэгдэлд “2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх Үндсэн хууль болон Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулж, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хуульт ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, хэмжээ хязгаарыг давахад хүргэсэн” гэдгийг дурджээ. Мөн  Өнөөгийн Улсын Их Хуралд хэт олонхыг бүрдүүлж буй эрх баригчдын байгуулсан Засгийн газрын тэргүүн нь Ерөнхий сайд болохдоо ард түмэнд хандаж хэлсэн “Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна” гэх алдарт эшлэл хөрсөн дээр эсрэгээрээ хэрэгжиж махны үнийн өсөлт, шатахууны үнийн өсөлт, валютын ханшийн өсөлт зэргээр иргэдийнхээ халаасыг хоосолж байна. Хулгайтай, аллагатай, авлигатай, хариуцлага алдсан ослуудтой, төрийн чанга хамгаалалт дор ч иргэд нь амиа алдсан, халдварт өвчинтэй өнөөгийн Засгийн газар, эрх баригчдын 2016 онд ард түмэндээ амлаж байсан мөрийн хөтөлбөрөөс нэг ч зорилт бүтэн биелсэнгүй, бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Мөн 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад дахин нэг сайд 1.2 сая еврогийн авлига авсан хэргийн асуудал гарч ирсэн нь хариуцлагагүй Засгийн газар огцрох хангалттай үндэслэл. Эрх баригчдын их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийн асуудал, Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэл, Улсын Их Хурлын 49 гишүүн өргөсөн тангаргаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн гурван хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрсдөдөө олгуулсан, Төрийн ордны тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн зөрчлүүд даамжирсан зэргээр өнөөгийн Улсын Их Хурал нь зүй бус хандлагын үлгэр жишээ болсноороо, ард олны итгэл үнэмшил, тэднийг манлайлан дагуулах чадваргүй болжээ. Иймд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл үндэсний эрх ашгийг дээдлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг дэмжиж, Улсын Их Хурал өөрөө тарах шийдвэр гаргах ёстой гэсэн өөрсдийн байр сууриа дахин нотолж байна” гэжээ.

АН-ын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Парламентад суудалтай, улс төрийн сөрөг хүчний намын дэд дарга Төрийн өндөржүүлсэн тусгай хамгаалалт бүхий Засгийн газрын ордонд амь насаа алдаад даруй 10 гаруй хоног өнгөрөөд байхад өнөөдөр Хууль хяналтын байгууллагын зүгээс тухайн хэргийг мөрдөн шалгаж байна гэдгээс өөр мэдээлэл албан ёсоор огт хийгдээгүй байна.

Тухайн хэргийг эхнээс нь улс төрийн болон бусад аливаа нөлөөллөөс ангид байлгах, энэ чиглэлээр арвин туршлагатай̆ олон улсын байгууллагын арга зүй, техник технологийн илүү өргөн боломжийг манай хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглах, хөндлөнгийн хяналт тавиулах үүднээс энэ ээдрээтэй хэргийг илрүүлэхэд Олон Улсын Парламентын Холбоогоор дамжуулан олон улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудын туслалцаа дэмжлэгийг зохих журмын дагуу авах, хамтран ажиллах ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын Зөвлөл үзэж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn