Ц.ГАЛАА


Монгол Улсын тод манлай уяач, гавьяат малчин Данзаннямын Даваахүүг “Амьдралын тойрог”-тоо урьж цөөн хором хөөрөлдөв.

 

-Таны аав Данзанням гуайг гүү барьдаг өдөр төрсөн гэж сонссон. Харин таныг битүүнд төрсөн гэж дуулсан юм байна?

-Яг битүүн ч биш ээ. Мянга есөн зуун тавин нэгэн оны хоёрдугаар сарын 15-нд төрсөн. 17-нд нь Цагаан сарын шинийн нэгэн таарсан байдаг. Тэгэхээр битүүний урд өдөр буюу тоос шороо гөвдөг өдөр төрсөн хэрэг. Тоос гөвдөг өдөр төрснөөрөө хурдан морины тоосонд л явах хувьтай байсан юм байлгүй.

-Шинэ хүнтэй шинэ сар гаргаж байж дээ, аав ээж тань?

-Тийм ээ. Багадаа би нэг удаа шарласан. Найм, есөн настай л байсан байх. Ээжийнхээ усыг тав хоног уугаад л зүгээр болсон. Түүнээс хойш элэг өвдөөгүй. Элгэнд уудаг эм тан ч гэж тэр үед байсангүй биз. Багын их махлаг хүүхэд байв, би.

-Олон жил хурдны морь унаа биз?

-Аан тийм. Тавин зур­гаан онд зургаан нас­тай­даа анх морь унаж сурч байв. Тэр жилээ ганзагаар даруулаад Дундговийн Ца­гаандэлгэр сумын наадмаар урд жил нь улсад айрагдсан морио унаж айрагдаж байв.

Нэг их олон түрүүлээгүй. Гараанаас эхлээд цээжинд гарна. Сүүл рүүгээ унжисхийгээд л, айрагдах уу, үгүй юүдээ тулна даа. 1963 онд манай Төв аймгийн 40 жилийн ой болж нүсэр наадамласан. Тэгэхэд мянган морины тоосонд орж үзсэн хүн дээ, би. 1170 бил үү, 1070 ч бил үү морь мордсон тэр наад­маар би 37-д орж байв. Их ойд сум бү­рээс зуу, зуун морь ирсэн боло­хоор нүсэр юм болж байсан санагдана.

-Улсын наадамд та морио хэр хурдлуулж байв?

-Нэг удаа л наймд орсон. Түүнээс дээшээ яваагүй. Хурдан морины уралдаан гэдэг аргагүй нэг Монгол үндэсний наадам даа.

-Малчин айлын хүүхдүүдэд хувийн унаа байдаг. Харин таных?

-Байсаан, байсан. Миний нэг хар халзан морь байв. Түүнийг номхчилж би морь унаж сурсан юм. Түүндээ их хайртай. Зөөлхөн явдалтай. Хүүхэд унаж сурахад зөөлхөн нуруутай морь зүгээр байдаг.

-Сумынхаа сургуулийн босгыг алхаж л сурагч болж байсан байлгүй?

-Сумандаа сумандаа. Анхны багш Хоролсүрэн гэж эмэгтэй байсан. Дараа нь хоёр, гурав, дөрөвт Самбуу гэж багш бай­сан даа. Хичээл­дээ гэрээсээ мо­риор давхина. Хорь орчим км газраас. Арван сар гарч хүйт ортол. Морь гэдэг арга байхгүй монгол хүнийг бит­гий хэл дэл­хийн хүн төрөлх­төнд хурдны салхи үзүүлсэн амьтан. Тийм учраас манай монголчууд сүлдэндээ морь байлгаад байдаг нь учиртай.

-Цэрэгт байх­­даа таныг сайн барилддаг байсан тухай нэг бус хү­нээс дуулж байв. Тэ­гэ­хээр хүү­хэд байхдаа но­цолд­доггүй байсан гэж хэлэхгүй биз?

-Нэгдүгээр ан­гид байхдаа суманд барилдаад дөрөвдү­гээр ангийн гурван хүүхэдтэй үлдэж байв. Одоо бодоход яггүй л бай­сан санагдана. Гурав, дөрвөн ах хүүхдүүдтэй үлдэж байсан нь жаахан юм байсныг харуулж байгаа байх.

-Олон жил сураагүй мал дээр гарчихсан гэсэн. Сурлагадаа тааруу байв уу?

-Үгүй ээ. Харин ч гайгүй байсан. Хасах онцтой, нэмэх сайнтай л хүүхэд байсан даа.

Манайх нэгдэл нийг­мийн олон адуутай. Ээж минь сургууль соёлын мөр хөөлгөх санаатай. Ээжийн  талынхан сумын албан хаагчид. Аав нь гэхэд су­мын намын үүрийн дарга. Тийм болохоор намайг номын хүн болгох гэж их хичээдэг байлаа. Аав болохоор намайг хөдөө гаргах гэж үзээд.

Тавдугаар ангидаа уг нь суусан хүн, би. 14 хоног л. Тэгээд л хөдөө гэр рүү­гээ оргочихсон. Ийм л юм.

-Түүнээс хойш сур­гуульд сурья гэж ер бодоогүй юу?

-Тэгэлгүй яахав. Адууны л захад явах нь сайхан байв. Тэгээд цэ­рэгт мордсон. Дорнодод барилгын цэргийн 030 дугаар ангид алба хаасан. Наадамд барилдахаар бэлтгэл хийгээд цэргийн амралтад байхад цэргийн агтан дунд монхор хоншоортой сайхан улаан хээр морь хараа булаагаад болдоггүй. Хангалт эрхэл­сэн орлогч Пүрэвдорж гэж хошуучид энэ морийг наадамд уяж уралдуулъя гэтэл зөвшөөрдөг юм. Тэгээд уялаа.

Харин унах хүүхэд олддоггүй. Тэгэхээр нь Сүрэнхорлоо гэж жижиг­хэн биетэй цэргийг унуул­сан. Аймгийн наадамд 150 гаруй морь мордоход хээр морь маань айрагдаж билээ.

-Дорнодоос “Алдар” нийгэмлэгт хэзээ ирсэн юм бэ?

-Тэр жилээ. Намайг “Алдар”-т байхад аварга Хадбаатар цэрэгт татагдан ирж байлаа. Би түүнд зо­дог шуудаг оёж өгч байлаа шүү дээ. Мөн дараа нь улсын заан болсон Амар­түвшин, улсын начин Цэ­рэнчимэд, Булган айм­гийн арслан Нансал, Хөвсгөлийн заан Сумьяа гээд олон залуус байсан даа. Чөлөөтийн жижиг жингийн бөх ч олон бай­сан. Танай Өмнөговийн Доржсэмбэ гэж гайхалтай гүйдэг залуу байв. Гараа л алга болно, тасраад явчих­даг сан. Мөн хурдан шүү.

-Цэргээс халагдаад та Төв аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан гэсэн. Ямар учир тохиолоор тэнд ажиллах болоо вэ?

-Рентген техникчээр дөрвөн жил ажилласан. Цэргээс ирчихээд оройгоор арав төгсч байгаа юм. Тэгэхдээ рентген техникчийн гурван сарын курст суухгүй юу. Миний сурсан хамгийн том сургууль тэр. Тэндээсээ Анагаахын дунд сургуульд орохоор болдог юм.

-Эмч болох гээд үү?

-Тийм ээ. Тэгтэл аавыг Батлан хамгаалахад туслах нийгэмлэг уяачаар авах тухай яриа гардаг юм. Тус нийгэмлэг монгол төрийн наадмын түрүүг ганцхан их наснаас бусад бүх насанд авчихсан. Их насны морь сайн уядаг хүн хайгаад манай аав дээр тогтсон хэрэг. Ажаа минь юу гэж хотод ирэхэв. Хөдөөдөө хайртай хүн чинь. “Нас өндөр болсон хүн би үүнийг барахгүй, харин хүүгээр минь уяул” гээд. Тэгээд л эмч болох мөрөөдөлдөө цэг тавиад уяач болчихсон хүн дээ.

-Тус нийгэмлэг хэр олон адуутай байв даа, таныг ирэхэд?

-1977 оны намар намайг ирэхэд 205 адуутай айл байсан. Гурав, дөрвөн бага насны морь улсад түрүүлчихсэн. Бас нэг азарга. Анхны морийг нь Төв аймгийн Баянжар­галангийн Донойдоогийн Гал гэж уяач түрүүлүүлсэн байдаг. Улсын 50 жилээр. Түүнээс хойш Самдан гур­ван адуу, Гарамжав гуай нэг азарга түрүү­лүүлээд байв.

Би ирээд гурван жил дараалан их насны морины түрүүг авсан даа. 1980 онд дээд гурван насны түрүүг хамж байв.

-1981 онд таныг тун од муутай наадсан тухай яриа байдаг?

-Ганц шүдлэн түрүү­лүүлсэн. Тэр жил надад гавьяат цол өгнө гээд. Би чинь 1980 оны арванхоёрдугаар сард морин уралдаанаар спортын мастер анх авсан хүн. Тэгтэл 60 жилээр азарга, их нас хоёр тү­рүүлүүлэх юм бол гавьяат өгнө гээд. Хэт хичээчихгүй юу. Сунгаан дээр бөө­нөө­рөө л магнайлж ирж бай­сан адуу наадмаар байдаг­гүй. Яалт ч үгүй л юм болсон доо. Юун гавьяат. Ажлын хариуцлага алдсан гэж бангадуулаад. Хавар нь бас малынхаа эмчийг зодсон нь нэмрээс болоод бүр. Ажлаасаа хусагддаг юм байгаа биз дээ.

-Таны азарга, их насыг сайн хурдлуулдгийн нууц чухам юунд байдаг бол?

-Олон жигдхэн сайн адуу байхад аль уяа эвлэсэн нь л түрүүлнэ шүү дээ. Бөхчүүдийг харж байхад шижигнэсэн ойролцоо олон залуу байгаа биз. Түүнээс аль ухаантай нь л давдаг биз дээ. Морь ч гэсэн адил.

Нэг уясан юм чинь дээшээгээ л явна шүү дээ. Азарга, их морь хоёр руу л явдаг. Яахав жилийн хурд адуу таарна л даа. Харин нас гүйцсэн адуугаар л наадах нь сайхан шүү дээ. Би ч ад үзэгдтэлээ олон морь түрүүлүүлсэн хүн дээ.

-Бөх барилдаад, хажуугаар нь морь уях хэцүү байх даа. Тэгээд л бөхөө орхисон уу?

-Залуудаа ч барилдаан хөөчих гэж байсан шүү. Хурд гарч ирээд л больсон. Хэрвээ барилдаад явсан бол нэг муу начин л болох байсан биз. “Алдар”-т цэргийн заан болж байв. Хойно Төв аймгийнхаа спартакиадад гурван ч удаа түрүүлсэн. 1973 онд аймгийн арслан болж байв. Танай Өмнөговийн бөхчүүдтэй ч барилдаж л явсан даа.

-Манай нутаг ч бөх ховор доо?

-Юу ярьж байгаа юм. Надаас арай ахмад хэдэн сайхан амьтан ирдэг бай­лаа шүү дээ. Арслан Г.Дэ­мүүл тэргүүтэй. Ламаажав, “Авдар” Санжаа, Ман­лай­жав гээд луглагар луг­лагар амьтад. “Морьт” Пүрвээ байна. Мөн ч аагтай барилдаантай шүү. Лүүсүрэн гэж тун аятайхан залуу гарч ирээд алга болсон. Сүүлд Өмнөговиос төрсөн сайн бөх болох байсан хүн дээ, тэр. Зөнгөртөөд алга болсон байх.

-Та Монголын анхны арван алдарт уяачийн нэг. Аавтайгаа хамт энэ цолыг авч байсан нь бахархалтай байх. Бүгдтэй нь шадар явсан байлгүй?

-Түвдэн бид хоёр хамгийн залуу нь байв. Бүгдийг нь л танина даа. Хэнтийн Галшарын Донойн Цэгмид уяачтай уулзаж байсан. Бусадтай нь олон жил уралдсан даа. Сайхан улс. Аймагт байхдаа орой үдэш залуус бүжиг наадам гээд алга болоход би хэдэн өвгөчүүл эргүүлээд явчихна. Тэднээр морь яриулна. Тийм л байсан.

-Өвгөчүүл эргүүлээд гэлээ. Таныг бас эргүүлэх залуу уяачид ч тоймгүй олон биз?

-Өө, хуурай дүү нар зөндөө зөндөө.

-Тэднээс их дээшээ гарч ирж наадахаар байсан ч чадаагүй юм уу, таны санасанд хүртэл уяач болоогүй хүн байдаг уу?

-Байна, байна. Заримынх нь ч ажил алба болохгүй юм даа. Ухаан нь Баярхүү гэж залуу байна.

-Хаанахын хүн бэ?

-Сэлэнгийн. Зүүн­ха­раа­гийн Спиртийн үйлд­вэрийн захирлаар олон жил ажилласан. Аж үйлд­вэрийн гавьяат ажилтан. Баярхүү бол Монголд га­даадын үүлдрийн адуу оруулж ирэхэд их үүрэг гүйцэтгэсэн хүн. Монгол адуунд цус сэлбэлт хийсэн гол хүний нэг. Хойноос адуу оруулж ирж байхдаа намайг урьж харуулж шинжүүлж анх танилцаж байлаа, бид хоёр. Түүнээс хойш хорь шахам жил ойр яваа миний хүндэтгэж явдаг хуурай дүү.

Яармагт нэг жил ирж наадсан. Хүрэн морь нь их дээгүүр давхисан даа. Түү­нээс хойш ирээгүй. Ажил албаныхаа болом­жоос болоод Сэлэнгэдээ л наадсаар байгаа. Адуу шүтэж, хайрлаж явдаг манай Уяачдын холбооны хүндэт уяач. Хэрвээ улсад ирж уралдвал бас л шуугиулах л уяачийн нэг гэж би боддог юм.

Өөрийнхөө эргэн тойрныхныг хараад байхад адуунд ойр байсан  улс сэтгэлийн хувьд ачаа даах тэнхээтэй, хүнлэг байдаг юм шиг санагддаг. Тийм дүү нарын  маань нэг л дээ, Баярхүү захирал.

-Та Сэлэнгэ чигийн адуу уяж хурдлуулж байв уу?

-Тойруулгын, өөрийн адуугаар л голлон тоглосон хүн дээ, би. Сүхбаатар, Хэнтийн адуугаар ч бас. Сэлэнгэ чигийн адуу хурдан хурдан. Дээхнэ үед “Боохой” Данзан гэж арслан улсад ирж барилдаад үзүүрлэж, бор халзан морь нь аман хүзүүдэж байсан түүхтэй. Тавь гаруй жилийн өмнө юм байгаа биз дээ.

Орос адуу цаанаас нь оруулж ирж цус нь их сэлбэгдсэн. Зэлтэрийн харуул гэдэг чинь алдартай. Хараа, Ерөө хэзээний хурдтай. “Орос” Болд гэж сайхан уяач бий, Баруунхараагийн. Дээхнэ Балжин гэж хурдтай хүн байв. Нядсүрэн ч гэж уяач байдаг.

Юм болгон л учир, шүтэлцээтэй. Дээд үе нь хүнийг дагуулдаг шүү дээ. Дээд үе нь ямар байна, доод үе нь тийм. Ямар нэгэн зүйл чинь дээрээсээ сургаалтай шүү дээ.