- Тэд П.Ганбат захиралтай “Батбуянт-Эх” компанийн хууль зөрчсөн, иргэдийг хохироосон үйлдлийн талаар ШӨХТГ, АТГ-т шалгуулах хүсэлт гаргах юм байна –
Л.ХЭРЛЭН

Нэг компани байгуулж барилга барих зөвшөөрөл авдаг. Өөр нэгэн компаниар ажлаа гүйцэтгүүлээд барилгаа барьж зарж борлуулан хэдэн тэрбумаар тоологдох ашгаа олдог. Үүнийхээ дараа компаниа татан буулгадаг шинэ төрлийн луйвар бий болсон талаар Хан-Уул дүүргийн иргэд ярьж байна. “Батбуянт-Эх” компанийн барьсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 56 дугаар байрны 76 айлын 300 гаруй иргэн хуулийг гууль болгосон захирал П.Ганбатын балгаар хохирч үлджээ. Тус байрныхан одоо гэрэл цахилгаангүйн улмаас лаа бариад хэд хонож байна. Гэтэл маргааш, нөгөөдрөөс дулааныг чинь таслана гэсэн дарамт хаалгыг нь тогшоод эхэлжээ.
Уг нь барилгын тухай хуулиар тухайн компани гурван жилийн хугацаанд барилгын ашиглалттай холбоотой асуудлыг хариуцан шийдвэрлэх заалттай. Гэтэл хуулийн энэхүү заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад компаниа татан буулгасан үйлдэл нь авлигын шинжтэй байж болзошгүй гэж оршин суугчид ярьж байлаа. Бүхэл бүтэн 9 давхар барилга барьж зараад ашгаа олсон компани дараачийн хариуцлагаас мултрахын тулд татан буугдсан нь яаж ч бодсон хууль зөрчсөн үйлдэл юм. П.Ганбат захирал 2010 оны долдугаар сард ашиглалтад оруулсан барилгаа хэрэглэгчдэд зарсан ч өнөөг хүртэл СӨХ-дөө хүлээлгэн өгөөгүй байна. Хууль журмаараа бол 56 дугаар байрны цахилгааныг барилга бариулж буй компани өөрийн хөрөнгөөр дэд станц барьж холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлсний дараа зөвшөөрөл авч хэрэглэх ёстой байсан ч зэргэлдээ орших “Грийн хаус” ХХК-ийн “Хаусинг холдинг”-ийн шугамаас цахилгаан татаж авчээ. Үүгээр ч зогсохгүй барилгынхаа дулааныг мөн л ийм аргаар төв шугамаас биш хойд талынхаа “Визард Говь” ХХК-ийн барилгаас дамжуулан авсан байх юм. Энэ мэт зөрчил гарсаар байхад Улсын комисс тухайн барилгыг хүлээж авсан нь хачирхалтай. Хажуу байрнаасаа цахилгаан, хойд орон сууцнаасаа дулаан авч холбоод барилгаа зарж байхад Улсын комисс хүлээж авсан нь авлигын шинжтэй гэх хардлага төрүүлж байгаа юм. Тэр ч бүү хэл “Батбуянт-Эх”-ийн бариулсан энэхүү барилга Засгийн газрын 40 мянган орон сууц хөтөлбөрт хамрагдан зарим өрөөнүүдээ зарсан аж. Оршин суугчид гомдол гаргадаг ч П.Ганбат захирал тоодоггүй, барилгаа СӨХ-дөө хүлээлгэж өгдөггүй, 2012 оны 4 дүгээр сард компаниа татан буулгасан учраас одоо хэнтэй ямар хариуцлага ярихаа мэдэхгүй иргэд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л болжээ.
Барилгын чанар тааруу, ус зайлуулах хоолой хийгээгүйгээс зун орон сууцны доорх гражууд бүхэлдээ усанд автдаг, чанаргүй сантехникийн балгаар 6 айлын халаагуур задарч, оршин суугчид нь эд хөрөнгөөрөө хохирсон ч хуулиас дээгүүр захирал П.Ганбат өдгөөг хүртэл хохирол барагдуулах нэг ч алхам хийгээгүй байна. Барилгад ус их хэмжээгээр алдах үед тухайн байрны иргэд Онцгой байдлын албаныхныг хүртэл дуудаж байжээ. Энэ талаар оршин суугчид нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гомдол гаргахад тус газрын байцаагч Нямцэвээн нь П.Ганбатад гражандаа ус зайлуулах хоолой тавих үүрэг өгсөн боловч тэр нь одоо болтол тавигдаагүй бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нь өдийг хүртэл гомдол гаргасан иргэнд хариу өгөөгүй байна.Одоо тус байр нь цахилгааны үнийн зөрүүнд л гэхэд 3 сая, дулааны өр 1.7 сая орчим төгрөгийн өр төлбөрт унажээ. СӨХ-дөө албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, барилга анх зарсан компани татан буугдсан тул эзэнгүй байранд нэг хэсэг хүмүүс гэрэл цахилгаанаа тасдуулчихаад бухимдан амьдарч байна. Харин барилгын хуудуутай бизнест гаршсан П.Ганбат захирал дараачийн ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэрээр дүүгийнхээ нэр дээр компани байгуулан III, IV дүгээр хороололд бидний нэршиж заншсанаар “Модны 2”-т “Кореа таун” нэртэй орон сууцны барилгыг “Дельта констракшн”-ы нэрээр захиалан бариулж байна. Тиймээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 56 а/б байрны оршин суугчид дээрх хууль бус, иргэдийг хохироосон үйлдлийн талаар хотын дарга Э.Бат-Үүлд хандахаар болжээ. Мөн “Батбуянт-Эх”-тэй холбоотой асуудлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газар, АТГ-т гомдол гаргахаар шийдсэн байна. Хамгийн гол нь хууль зөрчсөн үйлдлийг нь өөгшүүлэн барилгыг хүлээж авсан Улсын комисс ямар хариуцлага хүлээх вэ. Түүгээр ч зогсохгүй, “Батбуянт-Эх” компанийг ямар үндэслэлээр татан буулгав. Хариуцлагаас бултах боломжийг хэн гэдэг албан тушаалтнууд, ямар учраас П.Ганбат захиралтай “Батбуянт-Эх” компанид олгов гээд шалгаж магадлах зүйл их байх юм. Хотын удирдлага, мэргэжлийн байгууллагуудын зүгээс чанаргүй барилгын асуудлыг цэгцлэхээр ажиллаж байгаа билээ. Гэтэл чоно борооноор гэдэг шиг барилга орон сууцыг зөвхөн ашиг олох хэрэгсэл гэж үздэг, мөнгөтэй л бол хууль дээгүүр гишгэдэг, хэрэглэгчийг нохойноос дорд үздэг байдал хэдий болтол үргэлжлэх вэ.