М.ГАН

Эрхэм гишүүд долоо хоногийн сүүлийн өдрүүдэд зарим хүнийг ажлаас чөлөөлж, заримыг нь томилдог ажилтай болжээ. Өчигдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн чөлөөлөх, томилох хэлэлцүүлэг бусдаасаа арай онцлогтой байлаа. Учир нь 71-үүлээ бүрдээд байсан гишүүд нэгийгээ өөрийнх нь хүсэлтийн дагуу танхимаасаа үдэж өглөө. У.Хүрэлсүхийн гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг ангийн нөхөд нь хүлээж авав. Тэрээр гэр бүлийнхээ хүнийг удаан хугацаагаар эмчлүүлэх, асран халамжлах шаардлагатай байна хэмээн гишүүний бүрэн эрхээс чөлөөлж өгөхийг хүссэн юм. Түүний хүсэлтийг хүлээн авах эсэх талаар зарим гишүүн саналаа хэлсэн. Тухайлбал, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ нар өмнө нь нэг гишүүн удаан хугацаагаар эмчлүүлнэ гээд чөлөө аваад ажилдаа ирсэн, У.Хүрэлсүх ч гэсэн чөлөө аваад эргэж ажилдаа орж болно, заавал чөлөөлөх албагүй, гишүүнээр ажиллах боломж байгаа учир энэ асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй, Ардын намынхан дараагийн хүнээ гишүүн болгох гэж шахаж дарамталсан байхыг үгүйсгэхгүй гэсэн санаа хэлэв. Ардчилсан намын гишүүд түүний хүсэлтийг хүлээж авах шаардлага байхгүй гэсэн саналтай байлаа. Харин гишүүн Ц.Нямдорж “У.Хүрэлсүхийн хүсэлтийг хүлээж авахгүй гэдэг нь түүнийг янаглан зовоох хэлбэр. Сэтгэлээсээ гаргасан шийдвэрийг хүлээж авах нь зөв” гэсэн юм. У.Хүрэсүх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал хураалтыг нууцаар явуулсан. Санал хураалтын самбарт гишүүдийн нэр гараагүй, дэмжсэн, татгалзсан гишүүдийн тоо гарсан юм. Хуралдаанд нийт 48 гишүүн оролцсоноос 28 нь зөвшөөрч, 20 нь татгалзлаа. Ингэснээр 58,3 хувийн саналаар У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө.
Ц.Шаравдорж: ХУУЛЬЧИЙН БОЛОН УЛСТӨРЧИЙН ХАНГАЛТТАЙ ТУРШЛАГА НАДАД БИЙ
Дараа нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хэлэлцэв. Энэ талаар гишүүд асуулт асуув.
Д.Лүндээжанцан:
-Ц.Шаравдорж дарга өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгөх өргөдлөө өгсөн нь үнэн үү. Эсвэл УИХ-ын дарга З.Энхболд та өргөдлөө өг гэсэн үү. Энэ бол хатан хааны ээмэг бөгж хийдэг нарийн чимхлүүр ажил. Гишүүдийн өрөө, тасалгаанаас эхлээд өнгөрсөн хэдэн жил хэрүүл тасраагүй. Ийм эгзэгтэй ажлыг алдаагүй хийсэн. Иймд ажлаа өгөх шалтгаан надад харагдахгүй байна. Танд шахалт дарамт үзүүлсэн үү, эсвэл өвчин зовлон тусав уу?
З.Энхболд:
-Би түүнийг өргөдлөө өг гэж хэлээгүй. Өөрийн чинь буйдан дээр суусан энэ тэр асуудал нөлөөлсөн байх шүү.
Ц.Шаравдорж:
-Манай Тамгын газар мэргэжлийн төвшинд сайн ажилласан гэдгийг нүүр бардам хэлье. Олон зүйлийг бодож хувийн шийдвэр гаргасан. Хэн нэгэн нөлөөлөөгүй, шахаж дарамталсан зүйл байхгүй.
Н.Батцэрэг:
-Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж зарим улстөрч гудамжинд гардаг. Та цаашид юу хийхээр төлөвлөж байна, энэ тухай өөр хүмүүстэй ярьсан зүйл байна уу. Таныг ингээд зүгээр явуулмааргүй байна?
Ц.Шаравдорж:
-Ямар ч байсан асуудлыг шийдэг. Дараагийн ажлын тухай одоогоор бодсон зүйл алга. Нэг л зүйл онцолъё. 16 жил УИХ-ын гишүүнээр ажилласан, дөрвөн жил гаруй хугацаанд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар, мөн Засгийн газарт ажилласан туршлага байгаа. Хуульчийн болон улстөрчийн туршлага надад хангалттай бий. Ямар ч ажил хийсэн надад дутах юм байхгүй гэж бодож байна.
Ц.Даваасүрэн:
-Энэ хүний мэдлэг, туршлагыг төр ашиглах ёстой. Зарчимч, шударга ажилласан хүмүүсээ гудамжинд гаргадаг жудаггүй зан улстөрчдөд бий. Төрийн албанд шударгаар ажилласан хүмүүсийнхээ дараагийн ажлыг бодох ёстой. Түүнд ажил санал болгосон уу?
З.Энхболд:
-Санал болгосон ажил байхгүй. Өөрөө төрийн албаны сонгон шалгаруулалтад ороод зохих журмын дагуу орж ирвэл болохгүй зүйлгүй.
Л.Цог:
-Ийм дадлага, туршлагатай мэргэшсэн хуульчийг гудамжинд хаяж болохгүй. Би ч гэсэн хаягдаж байсан хүн. Дадлага, туршлага амархан олддоггүй юм. Түүний мэдлэгт, туршлага, шударга зарчимч чанар, ёс суртахууныг ашиглах ёстой гэв.
Түүний хүсэлтийг хүлээн авах эсэхээр санал хураахад 41 гишүүн зөвшөөрч 10 нь татгалзав. Ц.Шаравдорж даргыг өнгөрсөн хугацаанд алдаа дутагдалгүй сайн ажилсанд нь гишүүд талархаж, цаашдын ажилд нь амжилт хүсээд алга ташин үдлээ. Ц.Шаравдорж дарга ч “Хоёргүй сэтгэлээр зүтгэдэг Тамгын газрынхаа хамт олныг хайрлаж,ойлгож байгаарай. Эрхэм гишүүддээ сайн сайхныг хүсье” гээд танхимаас инээд алдсаар гарч одлоо. Түүний оронд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Болдбаатарыг томилов.
”ЧИНГИС ХААНЫ ӨДӨР” БҮХ НИЙТЭЭР АМАРНА
Өмнө нь ярьж байсан ”Монгол бахархлын өдөр: арваннэгдүгээр сарын 14" гэснийг өөрчлөн “Чингис хааны өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн” хэмээхээр болсныг УИХ-ын гишүүн М.Батчимэг байнгын хорооны санал дүгнэлт унших үеэрээ дуулгав. Ингээд 90,9 хувийн саналаар хуулийн төсөл батлагдаж Их эзэн “Чингис хааны өдөр”-өөр бүх нийтээр амарч, тэмдэглэхээр боллоо. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их эзэн “Чингис хааны өдөр” энэ жилийн хувьд энэ сарын 14-нд тохиож байгаа юм. Цаашид өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Цагаан сар шиг нааш, цаашаа хэлбэлзэлтэй байх аж. ”Чингис хаан” одонг мөн энэ өдөр олгож, урамшуулдаг байх юм байна. Харин улс тунхагласны баярын өдөр буюу жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтээр амардаг байсныг өөрчлөв. Энэ өдрийг зөвхөн тэмдэглэлт өдөр болголоо.