Б.ЭНХТУУЛ Э.ОРХОНСҮРЭН

Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар салбар бүрт өөрчлөлт шинэчлэлтийг идэвхийлэн хийж байна. Шинэ сайдаар ахлуулсан эрүүл мэндийн салбарт ч гэсэн олон зүйл өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа нь эмч, мэргэжилтнүүд төдийгүй энгийн иргэдэд ч таатай сэтгэгдлийг төрүүлээд байгаа юм. Хэдийгээр эрүүл мэндийн салбарт олсон ололт, амжилт олон ч гэсэн цаашид анхаарах ёстой, өөрчилж шинэчлэх, засаж сайжруулах ажил цөөнгүй байгаа. Тиймээс хот, хөдөөгийн эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн удирдлагууд цуглан өчигдөр “Blue Sky”-д байрлах хурлын танхимд хуралдаж өнжив.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН СУУРЬ ШИНЭЧЛЭЛ ЗУРГААН АСУУДЛААС БҮРДЖЭЭ
Эрүүл мэндийн салбарт 2012-2016 онд хэрэгжүүлэх шинэчлэлийн суурь арга хэмжээг нээх уулзалтад 150 гаруй хүн хүрэлцэн иржээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар, Улсын клиникийн төв эмнэлгүүдийн захирал, аймгуудын Эрүүл мэндийн газрын дарга нар бүгд ирсэн байна. Тэд энэ удаа салбарын сайдын гаргасан “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалын дагуу хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм. Тухайлбал, иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад байдаг эрүүл мэндийн даатгалын тухай, эмч, эмнэлэг хоёрыг бухимдуулаад байдаг төсөв, мөнгө, санхүүжилтын тухай, хил гаалиар чөлөөтэй нэвтэрч, ард иргэдийн гар дээр ямар ч хяналтгүй орж ирдэг эмийн чанар, аюулгүй байдлын тухай ярилцав. Мөн эмч нарын ёс зүй, зан харилцааны тухай, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж, цахим хэлбэрт шилжүүлэх, телемедицинийг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн илтгэл тавьж, ажил хэрэг болгохоор зорьж буй төслүүдийг хэлэлцсэн юм.
“ЭРҮҮЛ ЧИЙРЭГ МОНГОЛ ХҮН” АЯНЫ ХҮРЭЭНД ИРГЭДЭЭС САНАЛ АВЧ БАЙНА
Эрүүл мэндийн яамнаас сүүлийн жилүүдэд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад нэлээд анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, “Эрүүл хүүхэд” аяныг улс орон даяар зохион байгуулаад ажлыг нь саяхан дүгнэсэн. Салбарын сайд ажлаа хүлээж аваад өнгөрсөн сарын дундуур “Эрүүл чийрэг Монгол хүн” аяныг эхлүүлсэн.
Энэ ажлын хүрээнд иргэдэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн үзлэг хийх бөгөөд үзлэгийг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, дүүргийн эмнэлгүүдэд үнэ төлбөргүй хийж, бичсэн жорын эмийг мөн үнэ төлбөргүй олгож байгаа. Мөн “Эрүүл чийрэг Монгол хүн” аяны хүрээнд иргэдээс эрүүл мэндийн салбарт шинэчлэл, өөрчлөлт хийх санал, хүсэлтийг нь бас хүлээн авч байгаа. Энэ мэтчилэн дурьдаад байвал нэлээд олон ажил байх аж. Гэтэл Эрүүл мэндийн яаманд ирдэг өргөдөл гомдлын 60-70 хувийг эмч нарын ёс зүй, хүнд суртал, авлига, хээль хахууль, эмнэлгийн төлбөр тооцоо, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой санал гомдол эзэлсэн хэвээр байна. Үнэндээ, манай эмнэлгүүдэд ялангуяа Улаанбаатар хотын зарим эмнэлэгт өвдөж, зовсон, ажилгүй, мөнгөгүй, тэтгэвэрт байгаа хүн хэвтэж эмчлүүлэхэд чирэгдэл хүндрэл ихтэй байдаг. Олон хоног, заримдаа сар шахам хүлээдэг. Гэтэл олны танил аль эсвэл танил тал ихтэй, албан тушаал өндөр, эмч, дарга нарын танил талууд тун ч төвөггүйхэн эмнэлэгт хэвтдэг нь нууц биш. Сумын эмнэлгээс эхлээд улсын клиникийн төв эмнэлгүүдэд ар өврийн хаалга, авилга хээл хахууль гэх зөрчил дутагдал хавтгайрч байгааг иргэд өнөө ч ярьсаар л байдаг. Уулзалтаар энэ тухай ч бас хэлэлцэв.
Эрүүл мэндийн салбарт 2012-2016 онд хэрэгжүүлэх шинэчлэлийн суурь арга хэмжээг нээх уулзалтын үеэр Н.Удвал сайдын хэлсэн үг болон эрүүл мэндийн салбарт цаашид хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон ажлуудыг тоймлон хүргэж байна.
Энэ удаагийн хуралд нийт зургаан илтгэл тавьж, эрүүл мэндийн салбарт хийхээр төлөвлөж буй шинэчлэлийн талаар ярьж хэлэлцсэн. Тухайлбал, “Эрүүл мэндийн байгууллагын тогтолцооны шинэчлэл”-Я.Амаржаргал, “Эрүүл мэндийн санхүүжилт, эрүүл мэндийн даатгал”-Ц.Цолмонгэрэл, “Эмийн чанар аюулгүй байдлыг хангах, хүн амын дунд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх шинэчлэл”-Ч.Мөнхдэлгэр, “Эрүүл мэндийн салбар дахь сонирхлын зөрчил, албан бус төлбөр, авилга хээл хахуультай тэмцэх, эрүүл мэндийн байгууллагын соёл, харилцаа хандлагыг өөрчлөх”-Д.Оюунчимэг, “Алсын зайн оношлогоог хөгжүүлэх нь”-Ч.Бат-Эрдэнэ, “Эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг хөгжүүлэх нь” сэдвээр С.Төгсдэлгэр нар илтгэл тавьсан юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ЭРҮҮЛЖҮҮЛЖ, МОНГОЛ ХҮНЭЭ ДЭЭДЭЛДЭГ БОЛНО
Эрүүл мэндийн сайд Н.Удвал:
Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Монгол хүн” бүрэлдэхүүн хэсгийг эрүүл мэндийн салбарын хамт олон та бид хамтран хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөр бол АН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, ИЗНН-ын УИХ-ын сонгуульд орсон мөрийн хөтөлбөрийн санаануудаас бүрдсэн хөтөлбөр юм. Одоогийн эрүүл мэндийн салбарт бодлогын шинэчлэл, бодлого төлөвлөлт, төрийн бодлого, санхүүгийн шинэчлэл, тогтолцооны шинэчлэл, эрүүл аюулгүй байдал чанарын шинэчлэл, эрүүл мэндийн салбарын нийгмийн баталгаа, ажилчдын ажлын байрны стресс, ажлын хөлс урамшуулал, эрүүл мэндийн асуудал зэрэг олон асуудлыг шинэчлэх шаардлагатай байна. Энэ бүх шинэчлэлийг хийхэд нэг өдөр, нэг арга хэмжээн дээр шийдэх боломжгүй юм.
Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайд Эрүүл мэндийн яаманд зочилж эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн асуудалтай танилцаж санал бодлоо солилцсон. Харин энэ удаа та бүхэнтэй эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, хамгийн гол суурь шинэчлэлийн асуудал, тогтолцоонд нь байгаа засаж залруулах, хуримтлагдсан асуудлаа яаж шийдэх талаар хэлэлцэх гэж байна. Энэ шинэчлэлээ бид гурван үе шаттай явуулахаар төлөвлөж байна. Үүнд эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэл, эрчимтэй шинэчлэлийн бодлогууд, иж бүрэн шинэчлэлийн бодлого гэсэн гол асуудлуудыг ирэх дөрвөн жилд хийх болно. Эхний ээлжинд эрүүл мэндийн суурь шинэчлэлийн асуудал гурван сарын хугацаатай үргэлжилнэ. Өнөөдөр энд цугларсан эрүүл мэндийн салбарын удирдах ажилчид болон бусад оролцогчид эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн түүчээ нар гэж хэлмээр байна. Эрүүл мэндийн салбарын шинэчлэл нэг хоногийн, нэг дарга, нэг хүний ажил биш юм. Харин эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүн бүрийн хичээл зүтгэл байх болно. Гэхдээ зөвхөн эрүүл мэндийн салбар ажилласнаар шинэчлэгдэх асуудал бас биш. Харин бүх салбар оролцож байж шийдэж, шинэчилж чадах юм. Үүнд монголчууд бүгд оролцох ёстой. Суурь шинэчлэлийн асуудалд зургаан асуудлыг хамаарч байгаа. Үүнд эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилт, чанар аюулгүй байдал, эрүүл мэндийн байгууллагын соёл уур амьсгал, ашиг сонирхолын зөрчил, эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг яаж хөгжүүлэх вэ гэсэн асуудлуудыг хөндөх болно.
Энэ удаагийн шинэчлэлээ “Монгол хүнээ дээдлэе” гэсэн уриан доор хийж байна. Бидэнд монгол хүнээ гэсэн зүрх сэтгэлтэй, ашиг сонирхолын зөрчилгүй, ёс суртахуун харилцааны соёлтой, хариуцлагатай, алсын хараатай эрүүл мэндийн удирдагчид хэрэгтэй байна. Бидэнд өнөөдөр ажлын байр нь стресс багатай, ажил хөдөлмөр нь зөв үнэлэгддэг, ажлын орчин нөхцөл аюулгүй байдал нь бүрэн хангагдсан, эрсдлээс бүрэн хамгаалагдсан, ажил хөдөлмөртөө сэтгэл хангалуун эрүүл мэндийн ажилтан, мэргэжилтнүүд хэрэгтэй байна. Монгол хүнээ дээдэлдэг, тэдний эрүүл мэндийг хангаж чадахуйц, гүйцэтгэл сайтай, үр дүнтэй ажилладаг, зөрчил, гомдол багатай эрүүл мэндийн тогтолцоо хэрэгтэй байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бодит өртөг зардалд зохицсон, хангалттай хэмжээний санхүүгийн эх үүсвэр, эрүүл мэндийн болон эдийн засгийн хувьд үр ашгаа өгч чадахуйц санхүүжилтын тогтолцоо, арга механизм удирдлага хэрэгтэй. Өндөр бүтээмжтэй, үр дүн сайтай, чанар аюулгүй байдал нь хангагдсан эм эмнэлгийн хэрэгсэл хэрэгтэй байна. Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлд бүх хүн оролцох ёстой. Та бүхэн өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа суурь шинэчлэлийн стратеги бодлогод хувь нэмрээ оруулж өөрийн санал шүүмжлэлээ хэлнэ гэдэг итгэлтэй байна. Шинэчлэнэ гэдэг амаргүй, бэрхшээл байдаг. Бодлогын үр ашиггүй байдлаас болж эрүүл мэндийн салбарын нэр хүнд унасан гэж боддог. Тиймээс та бүхэн оюун ухаанаа уралдуулж хамгийн оновчтой, зөв шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэв.
ҮНДЭСНИЙ ОНОШЛОГООНЫ ТӨВ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛСЭН
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал:
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн гол зорилт болох “Эрүүл чийрэг Монгол хүн” гэсэн аяныг эхлүүлсэн. Энэ аян нь манай салбарын зорилт юм. Зорилтын хүрээнд олон шинэчлэлийг хийхээр шийдээд байна. Тухайлбал, Эрүүл мэндийн байгууллагуудын тогтолцооны шинэчлэлийг яаж хийх вэ. Өрх сумын эрүүл мэндийн төвөөс эхлээд улсын хэмжээний төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн төвшинд ямар үйл ажиллагааг авч хэргжүүлэх вэ гэдгээ эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад танилцуулж байна. Хүн амын 50 хувь нь амьдардаг учраас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийн тухай хуульд заасан үндсэн долоон мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болгоно. Үүнтэй холбоотой санхүү болон хүний нөөц, тоног төхөөрөмж, байр орон ямар байх чиглэлээр судалгаа хийж, заримыг нь ирэх оноос эхлүүлэхээр төлөвлөж байна. Нийслэлийн хүн амд үзүүлж байгаа түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай болгох үүднээс Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт Түргэн тусламжийн төв байгуулна. Мөн чанар аюулгүй байдал яригдаж байгаа энэ үед чанарын зөвлөл ажиллуулна. Өрх сумын эрүүл мэндийн төвшинд яаралтай тусламжийн хэсгийг яаж зохион байгуулах вэ гэдгийг шийдэх юм. БНСУ-ын зээлийн хөрөнгөөр Үндэсний оношлогооны төв байгуулах ажил эхэлсэн. Хэсэг хугацааны дараа тодорхой үр дүн харагдана гэж бодож байна.
ГАМШГААС БУСАД ҮЕД ХЭРЭГЛЭХ ЭМИЙН НӨӨЦТЭЙ БОЛМООР БАЙНА
ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл:
Өнөөдөр Эрүүл мэндийн салбарын ирэх дөрвөн жилд даатгалд тулгамдаж байгаа асуудлыг хөндөж байна. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн дараагийн гурван сарын хугацаанд эрүүл мэндийн даатгал, санхүүжилтын асуудлаар хэд хэдэн тодорхой ажлуудыг хийх юм. Үүнд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодит өртгийг тооцох асуудлыг зохион байгуулна. Энэ нь бодит өртөгт тулгуурлан эмнэлгүүдэд өгч байгаа үйлчилгээний санхүүжилтын хэмжээг бодитой болгож, үүндээ үндэслээд төлбөртэй үйлчилгээний хүрээг тогтоож өгөх асуудлыг ярьж байна. Сүүлийн 10 жилд эрүүл мэндийн санхүүжилт тодорхой нэмэгдсэн. 2000 онд 45 тэрбум байсан бол одоо 460 тэрбум болсон. Санхүү, эдийн засгийн хямралтай байгаа үед нөөцөө хэрхэн үр ашигтай зарцуулах асуудлыг бас хөндөж ярих болно. Энэ асуудалд эмийн зардлын үр ашгийг хэрхэн дээшлүүлэх, эмийн зардлын төсвийн хэмжээ эрүүл мэндийн байгууллагуудад хүрч байгаа эсэх, хүрэхгүй бол бусад зардлаас нөхөж болох зэрэг асуудлыг бодлогын төвшинд гаргаж ирэх юм. Санхүүжилт эмийг нөөцийг бүрдүүлэх гол хүчин зүйл болдог. Ийм учраас байгаа нөөц дотроо эмийн нөөцийг хэрхэн шийдэх вэ гэдэг нь салбар, үндэсний хэмжээний асуудал. Эрүүл мэндийн байгууллагад гамшиг болон яаралтай тусламжийн үед үзүүлдэг нөөц гэж байдаг. Гэхдээ одоо манайх бусад орон шиг эмийн нөөцтэй болох шаардлагатай гэж үзэж байна.
БҮХ ЭМИЙН САНД ШАЛГАЛТ ХИЙНЭ
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга Ч.Мөнхдэлгэр
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь эмийн чанар, аюулгүй байдлын шинэчлэлийн суурь арга хэмжээ юм. Үүнд, эмийн үнэ өндөр байгаа асуудал байна. Амбулатороор үйлчилж байгаа эмийн үнэ өндөр байгаа нь иргэдийг эдийн засгийн дарамтад оруулж байна. Тиймээс эмийн үнийг бууруулах борлуулалтын шат бүхэнд хяналт тавих, төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх нь чухал гэж үзэж байна. Мөн аймаг, нийслэлд байгаа эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад шалгалт хийх явдал юм. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 500 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Эмийн сан ямар байх ёстой, ямар хүний нөөц бодлого байх ёстой гэсэн стандарт байдаг ч мөрдөлт нь хангалтгүй байна. Эдгээрт стандартын хэрэгжилтэд хяналт тавьдаг ч хангалтгүй байна.
Стандартын дагуу мэргэжлийн хүнд зөвшөөрөл олгох ёстой гэдэг боловч мэргэжлийн хүний нэр дээр лиценз олгоод байдаг. Үүний цаана нэг хүн хэдэн ч газар тусгай зөвшөөрөл авч болох асуудал байдаг. Гэтэл цаад хариуцаж байгаа эзэн нь мэргэжлийн бус хүн байдаг. Үүнтэй холбоотойгоор эмийн сангийн тоо маш их нэмэгдсэн. Эмийн сангийн тусгай зөвшөөрлийг орон нутагт, аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газар түүний хэрэгжүүлэгч агентлаг, эрүүл мэндийн газар олгодог. Энэ нь нэгдсэн зохицуулалт биш учраас замбараагүй байдаг. Бид энэ шинэчлэлийн хүрээнд эмийн сангуудад шалгалт хийхээр төлөвлөсөн.
ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН САНТАЙ БОЛЖ, 2,7 САЯ ХҮНД ЦАХИМ КАРТ ОЛГОНО
ЭМЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр:
Мэдээллийн технологи нь хүний үйл ажиллагааг хөнгөвчлөх, алдаа дутагдлыг бууруулах арга хэрэгсэл. Гэхдээ үүнийг зөв зүйтэй нэвтрүүлэхгүй бол мэдээлэл алдагдах зэрэг эрсдэл их байдаг. Тиймээс үүнийг маш сайн судалсаны үндсэн дээр хийх хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд Эстони улс л ганцхан цахим мэдээллийн санд 100 хувь шилжсэн байдаг. Бусад орны хувьд газар зүйн байдлаас болж бүсчилсэн байдалтай байдаг.
Манай улсын хувьд эрүүл мэндийн мэдээний нэгдсэн сан байгуулах, эмийн аюулгүй байдлыг хангахад цахим мэдээллийн тогтолцоог нэвтүүлэх нь эдийн засгийн хувьд ашигтай тусч байгаа юм. Манай улсад импортоор орж ирж байгаа эм тус тусдаа орж ирдэг учраас нэгдсэн мэдээлэл байдаггүй. Гаднаас орж ирсэн бүх эмэнд бар код тавих боломжгүй. Тийм учраас чанарын хяналт тавихын тулд импортоор орж ирж байгаа бүх эмийг нэг дор төвлөрүүлээд, тэндээ коджуулаад нэгдсэн санд бүртгэдэг хууль эрх зүйн орчин шаардлагатай байгаа юм. Мөн хүн ам зүйн мэдээллийг өрхийн эмнэлгүүд хийдэг. Энэ мэдээллийг нэгтгэж үзэхэд нийт хүн амын 90 гаруй хувь нь бүртгэгдсэн байсан. Эдгээр хүмүүсийг мэдээллийн санд суулгахад 29,6 сая ам.доллар шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ ажил бүрэн хийгдэж дуусах хугацааг долоон жил гэж тооцсон.
АЛСЫН ЗАЙН ОНОШЛОГОО ЭМЧИЛГЭЭГ АЙМАГ БҮРТ НЭВТРҮҮЛНЭ
ЭМЯ-ны Хөгжлийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ
Эрүүл мэндийн салбарын хөгжилд хийгдэх чухал ажлын нэг бол алсын зайны оношлогоо. Энэ оношлогоо нь алслагдсан, эмч дутагдалтай, технологийн боломж муутай газар илүү хөгждөг.
Сүүлийн үед мэдээллийн технологийг төр засгаас ихээхэн дэмжиж байгаа. Тийм учраас орон нутагт ажиллаж байгаа эмч нарыг зайнаас сургах, тулгарч байгаа бэрхшээлийг нь шийдэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх явдал юм. Алслагдсан газар хүн өвдөхөд алсын зайнаас мэдээлэл сонилцсноор тухайн хүний ам насыг аврах, эмч иртэл тусламж үзүүлж байх чухал ач холбогдолтой. Ялангуяа, туршлага муутай залуу эмч нар мэдэхгүй, чадахгүй зүйлээ асууж заавар, зөвлөгөө авахад хэрэгтэй юм. Хоёр эмч хоорондоо зөвлөлдөж байгаа учраас нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэнтэй адил юм. Үүний хажуугаар зайнаас сургалт явуулж, хурал хийж асуудлаа тухай бүрд нь шийдвэрлээд явах боломж бүрдэнэ. Энэ алсын зайн оношлогоог түргэн тусламжид ашиглах шаардлагатай гэж үзэж байгаа. Томоохон хэмжээний осол гарсан үед эмч очоод сандрах явдал бишгүй гардаг. Ийм үед телемедицинийг ашиглан зайнаас харьцсанаар зааварчилгаа өгөх, эмчийн сандрах асуудлыг багасгаж, эмч сувилагч, жолооч зэрэг бүх хүн тусламж үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.