Б.НЯМСҮРЭН

 

“Хүүхэд бүрийг хам­гаалъя”. Ийм нэртэй фо­рум ирэх даваа гаригт Хүүхдийн ордонд нээлтээ хий­нэ. Нэрнээс нь зорилго нь  уншигдаж буй энэхүү форумыг  Ерөнхийлөг­чийн ивээл дор “Хөрст дэлхий” тө­рийн бус бай­гууллага, “Даймонд пресс” клубээс санаачлан зохиож байгаа аж.

“Монголчууд бид сүү­лийн 22 жилд хүүхдийг хамгаалах тухай асуудлаа бүр мөсөн мартчихсан” хэ­мээн “Хөрст дэлхий” тө­рийн бус байгууллагын тэр­­гүүн Б.Ганбаяр ярьж бай­­на. Түүнтэй хүүхэд хам­­гааллын талаар ярилц­лаа.

-Юуны өмнө “Хүүхэд бүрийг хамгаалъя” фо­румын талаар товч танилцуулахгүй юу. Яагаад энэ форумыг санаачлан зохион байгуулах болов?

-Манайхан сүүлийн  үед уул уурхай, баялгийн тухай их ярьдаг болж. Тэгвэл Монгол Улсын хамгийн том баялаг бол иргэд нь. Түүн дотроо хүүхэд хамгийн нандин байх ёстой. Хүн бүр л хүүхэд насыг дайрч гардаг.

Бид зах зээлийн нийгэмд шилжээд 22 жил болсон. Энэ хугацаанд хүүхэд гэдэг нандин зүйлээ хамгаалах ёстой гэдгээ анхааралгүй орхичихож. Бусад  зүйлийн стандартыг тогтоогоод байдаг мөртлөө хүүхдүүд маань ямар орчинд өсч өндийж,  ямар хоол хүнс идэж байна гэдгийг хаа хаанаа анхаарахаа больчихож. Хүүхдүүдийн амьд явах баталгаатай орчинг хамгаалах тухай зөвхөн бизнесийн байгууллага, төрийн бус байгууллага биш төр засаг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын гишүүд бүгд анхааралдаа авах цаг нь болжээ. Энэ стандартыг тогтоож өгөхгүй бол жилд маш олон хүүхдийг цаг бусаар алдсаар л байна. Үүнд би их эмзэглэдэг юм.

Зөвхөн энэ жил л гэхэд барилгын байгуул­лага стандарт мөрдөхгүй, аюулгүй байдлыг хангаа­гүйгээс болоод хэдэн хүүхэд гэмтэж бэртэж, амиа алдав. Монголчууд бүгд мэдэж байгаа. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр гарцаар гараад явж байсан жаахан охин зуурмагийн машинд дайруулаад амь насаа алдсан харамсалт хэрэг гарсан. Энэ бол хүүхэд хамгаалал ямар төвшинд байгааг харуулсан гашуун жишээ. Үүнээс гадна автын ослоор ямар олон хүүхэд эрсдэж байна. Баруу­ныхан автомашин­даа хүүхдийн сандал гэж хэрэглээд хэвшчихсэн. Гэтэл манайхан машин­даа  хүүхдийн сандал хэрэглэдэггүй. Бүр хүүхэд тэврэнгээ машин жолоодоод явж байдаг хүмүүстэй би хотын  гудамжинд зөндөө таарч байсан. Машиныхаа цонхоор хүүхдээ алдаад алчихсан эцэг эхчүүд хэд байгаа билээ.

-Бидний хүүхдүүддээ тавих анхаарал үнэхээр сул байдаг. Тэдний эргэн тойронд аюулгүй орчин байгаа эсэхийг нягталдаггүй юм билээ?

-Гэр хороололд ямар зэрлэг, балмад  үйл ажиллагаа болж байна. Хүүхдүүд 00-д унаад амиа алдаж байна. Нохойд хазуулж, гэртээ цоожтой байснаас шатаж амь нас нь хохирсоор байна. Хорооллын “Номин” их дэлгүүрт гэхэд хүүхэд  шатны завсраар унаад нас барчихсан тохиолдол гарч байсан. Аливаа үйлчил­гээний байгууллага хүүхэд зорчих хэсэг, аюулгүй байдлыг хангах ёстойг бид хаана хаанаа мартчихаж. Нэг машин дотор олон хүүхэд явж байгаад  осолд ороод  эндчихдэг. Гэр хорооллын хүүхдүүд өглөө эрт харанхуйд гараад явна. Гэтэл бид өнөөдөр нэгдүгээрт, гэрэлтэй орчныг нь бүрдүүлж чадаагүй. Хоёрдугаарт, гудамжны зэрлэг нохойд  хүүхэд уруулж байна. Энэ мэтээр хүүхдийг тойрсон аюул, осол бүрийн эсрэг дуу хоолойгоо хүргэе, энэ чиглэл рүү  хүмүүсийн анхаарлыг чиглүүлье гэж зорьсон.

Замын хашлаганы хайс гэж өргөст тор шиг шор гозойгоод байж байгаа. Хүүхэд  хөдөлгөөнтэй. Гүйж яваад унаж, гайтай төмрөнд нүдээ сохлоод, нүүр нүдээ гэмтээчихвэл яах вэ. Тэгэхээр хүүхдийг гэрт нь ч, гадаа гудамжинд ч, сургууль, дэлгүүр хоршоо, үйлчилгээний газарт гээд бүхий л газарт аюулгүй байдлыг нь хангасан байх ёстой. Тийм стандартыг тогтоож өгөх хэрэгтэй. Шинээр барилга барилаа гэхэд хүүхэд уначихгүй байх талаас нь яаж хам­гаалсан байх юм гэдгийг зааж өгөх хэрэгтэй. Со­лонгост гэхэд барилгын цонхыг хүүхэд унах завсаргүй онгойдог, то­моор онгойх боломжгүй­гээр хийдэг. Бид ийм зүйлийг хэрэгжүүлэхгүй бол ирээдүй болсон үр хүүхэд маань эрсдэл дунд амьдарсан хэвээр л байна.

-Өнгөрсөн зун та морь унаач хүүхдүүдэд “Алтан гэрэгэ” гардуулж байсныг санаж байна. Тэр үед ч хүүхэд хамгаалах асуудлыг хөндөж байсан. Тэгэхээр энэ форумын санаа тэр үед төрсөн юм уу?

-Морь унаач хүүхэд наадмаар хамгийн гол ачааг үүрдэг ч баяр наадмаар хамгийн ард нь  үлдэж хоцордог. Морины эзэн, уяач, морьдыг л цоллоод, гавьяа шагнал өгөөд байдаг боловч хүүхдүүдээ тэр болгон хайхардаггүй, хэдэн чихрээр хуурсан болоод өнгөрдөг. Тийм учраас би өнгөрсөн зун 30 хүүхдийг нэг нэг сая төгрөгөөр шагнаж, “Алтан гэрэгэ” олгосон. Энэ маань ч форумын эхлэл гэж ойлгож болно. Тэр хүүхдүүдэд “Алтан гэрэгэ” гардуулж байхдаа тэдний баярласан нүдний галаас урам авч, хүүхдүүдийн төлөө, тэдний сайхан амьдрах, эрүүл баталгаатай амьдралын төлөө тууштай явъя гэж бодсон. Тэр утгаараа энэ анхны форумыг хийе гэж санаачилсан юм. Энэ санаач­лагаас маань нэ­лээн үр дүнтэй шийдвэрүүд гарна.

Зун би арга хэмжээ зохион байгуулаад хүүх­дийн төлөө байгууллагын­хантай уулзаж байхад хүүхдийн тухай асуудлыг Шадар сайд хариуцда­гийг их гайхсан. Монгол Улсыг айлаар ярьвал Ерөн­хийлөгч гэж аавтай. Гэтэл хүүхдүүдийн асуудлыг яагаад аав нь хариуцахгүй байна вэ. Үүнийг ч өөрчилмөөр санагдсан.

-Танайхаас санаач­лаад нэгэн дунд сургуульд хүүхдийн автобус бэлэглэж байгаа гэсэн. Хотын дарга сургуулийн автобустай болох санаачлага гаргасан боловч одоогоор ажил нь эхлээгүй байгаа. Та бүхэн Хотын даргын гаргасан санаачлагыг хүлээлгүй нэг ч гэсэн сургуульд автобус бэлэглэж байгаа нь сайшаалтай...?

-Хотын шинэ дарга их зүйл хийж байгаа. 2013 оноос нийслэл хот төсвөө өөрсдөө захиран зарцуулах эрхтэй  болж байгаа учраас Э.Бат-Үүл дарга сургуулиудыг автобустай болгох ажлаа хэрэгжүүлж эхэлнэ гэж итгэж байгаа. Гэхдээ бид заавал төр засгийн шийд­вэрийг хүлээлгүйгээр өөрс­дөө боломж бололцоогоо дайчлаад нэг ч гэсэн сургуулийг автобустай болгох ажлыг эхлүүлье гэж шийдсэн. Энэ автобус маань мэдээж  хүүхэд зорчих стандартад нийцсэн. Хүүхдүүд бууж, суухад аюулгүй, автобус дотор хүүхдүүд зорчиж байгааг харуулсан анхааруулах тэмдэгтэй, бидний ярьдаг барууны стандартад бүрэн нийцсэн автобус байгаа.

-Ямар сургуульд өгөх вэ. Яагаад энэ сургуулийг сонгосон бол?

-Хүүхдүүдэд гэнэтийн бэлэг байгаасай гэсэн үүднээс сургуулийг одоохондоо нууцалж байгаа. Бид эхний удаад хотын захын сургуулийг сонгосон. Долоон буудал, Дарь эх, Дамбадаржаа  чиглэлд хүн ам их амьдардаг учраас эндээс эхэлье гэж шийдсэн.

-Хүүхдийн төлөө олон байгууллага ажилладаг. Гэхдээ харамсалтай нь тэр болгон хийсэн ажил нь бодитой байж чаддаггүй, замхардаг. Энэ форумаас та бүхэн ямар тодорхой санаачлага, уриалга гаргаж байгаа вэ. Нийгмийг хамарсан ямар томоохон ажил өрнөх бол...?

-Бидний хүлээж буй хамгийн гол үр дүн маань хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалсан стандартыг бий болгоод, хуульчилж өгөх. Ерөөсөө хүүхдэд хамаатай бүхэн стандарттай, хэм хэмжээтэй, дүрэм журамд нийцсэн байх ёстой. Өнөөдөр Монголд хүүхдүүдээ цоожлоод явахад, хүүхдээ машины урд суудалд суулгаад явахад хэн ч хууль зөрчлөө гэж үздэггүй. Гэтэл манай хөрш оронд бол 12-оос доош настай хүүхэд машины урд суудалд суух эрхгүй. Түүнээс доош  насны хүүхэд урд талын суудалд авч явж байвал торгуультай, жолоо барих эрхийг нь хасдаг. Мэдээж бид хуультай болчихвол асуудал цэгцэндээ орно. Тийм учраас форумаас гарах санаачлага, зөв­лөмж зэргээ хууль санаач­лах эрхтэй Ерөнхийлөгч, Их хурлын гишүүдэд танилцуулна. Иймэрхүү зохицуулалт, стандартаа хийж, хуульчилж чадвал бид ирээдүй хойчоо, өөрс­дийн­­хөө үр хүүхдүүдийг л хамгаална шүү дээ. Баруунд хүүхдийг ганцааранг нь цоожилж орхино гэдэг байж болохгүй асуудал. Манайд гэтэл хэвийн үзэгдэл. Хэдхэн жилийн өмнө аль цэцэрлэгт билээ, нэг хүүхэд коршокоо авах гэж байгаад шүүгээнд даруулаад нас барчихсан. Багш нь хүүхдүүдээ унтуулчихаад гараад явчихсан байгаа юм. Энэ бол харамсалтай бөгөөд дахиж гарахгүй гэх баталгаагүй ноцтой тохиолдол. Бид хуультай болчихвол ийм тохиолдолд хариуцлага тооцож болно. Хүүхэд явж байгаад шатны бариулын завсраар унаад нас барчихсан тохиолдол “Номин” их дэлгүүрт гарсан. Тэгвэл хуультай болчихвол Мэргэжлийн хяналт, хяналтын байгууллага нь үйлчилгээний газар, дэлгүүр хоршооны шат, давхрыг хянаад стандартад нийцсэн үгүйг хянадаг байж болно. Бид анх зах зээлд ороход цагдаа нь тавхан долларын цалинтай байсан бол өнөөдөр 500-600 мянган төгрөгийн цалин авдаг болж байна. Энэ бол нэг талаас хөгжил. Гэтэл бид хөгжөөд байгаа юм шиг мөртлөө тэр хөгжингүй орнуудын жишгээс санаа авч хууль дүрэмдээ оруулахаа харин орхичихож.

-Таныг зургадугаар сарын 1-нд төрсөн гэж сонссон. Хүүхдийн баяраар төрсөн болоод ч тэр үү хүүхдүүдэд ээлтэй санаачлага гаргасан болов уу гэж бодогдлоо?

-Би хүүхдийн төлөө юм хийх ёстой л гэж энэ өдөр төрсөн болов уу гэж боддог юм. Зургадугаар сарын 1-нд төрнө гэдэг зөвхөн хүүхдийн баяр тэмдэглэж, хүүхдүүдтэй хамт төрсөн өдөр тэмдэглэх гэсэн утга биш байх. Харин ч хүүхдийн төлөө их зүйл хийгээрэй гэсэн даалгавар юм болов уу гэж ойлгодог. Тиймээс ч чадлаараа бүтээсэн зүйлээсээ ирээдүй хойч үеийнхээ төлөө жаахан ч гэсэн юм хийх хэрэгтэй гэж боддог. Тэндээсээ ч би өөрөө их сайхан эерэг энерги авдаг юм.

-Форумыг “Хөрст дэлхий” төрийн бус байгууллагаас гадна өөр ямар байгууллага дэмжиж байгаа вэ?

-Бид энэ форумыг Ерөнхийлөгчийн ивээл дор “Даймонд пресс” клубтэй хамтран зохион байгуулж байгаа. Мөн бизнесийн олон байгууллага ч дэмжиж, хамтрахаа илэрхийлсэн. Форумаас  тодорхой санаачлагаа гаргаад дэвшүүлэхээр аяндаа бусад төрийн болон төрийн бус байгууллага оролцох нь нээлттэй. Бид зөвхөн эхлэлийг нь л тавьж өгч байгаа юм.  Миний хувьд, нэгдүгээрт хүүхдэд хамаа­тай бүхэн стандарт­тай байя, хоёрдугаарт хүүхдийн асуудлыг айл гэрийн аав болсон Ерөнхийлөгч хариуцдаг байя гэсэн санаачлагыг дэвшүүлж байгаа.