С.САРУУЛ
Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдоод удаагүй байгаа З.Дашдаваа ойрын өдрүүдэд алба хаагчидтайгаа “тулж” ажиллаж байгаа аж. Тэрээр Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтсийн мөрдөгч нартай уулзах үеэрээ “Иргэд, олон нийтэд хүлээлт үүсгэсэн томоохон хэргүүдийг шийдвэрлүүлэхийн тулд одоо байгаа ачаалал улам нэмэгдэж болзошгүй. Авлига, албан тушаалын гэмт хэргийн шийдвэрлэлтийг шударга ёсны зарчимд нийцүүлэхийн тулд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр Авлигатай тэмцэх газрын зүгээс зохих саналаа өгч ажиллах ёстой. Мөрдөгч нар аливаа ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй, холбогдохгүй байх талаас дор бүрнээ онцгой анхаарч ажиллаарай. 33 их наядын асуудлыг шалгах ажил хүлээгдэж байна. Энэ асуудлыг шалгаж, олон нийтэд үнэн бодит хариу өгөх шаардлагатай. Одоо шалгаж байгаа хэргүүдийн мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлж, ойрын хугацаанд шийдвэрлүүлэх ёстой” гэсэн байна.
Мөн “Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийн хувьд өөр ажилд дэвшин томилогдож байгаа тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Би нийтийг хамарсан ямар ч халаа сэлгээ хийхгүй. Ажлаа шаардлагын хэмжээнд гүйцэтгэхийг л шаардана. Өөр хууль бус ямар ч зүйл би шаардахгүй” гэжээ.
АТГ-ын даргаар ажиллаж байсан Х.Энхжаргал хэдхэн хоногийн өмнө гишүүдийн асуултад хариулахдаа “Авлигын индексэд хамгийн их нөлөөлсөн зүйл бол баахан бондуудыг гаднаас зээлж аваад, 33 их наяд төгрөгийн зээлийг Өршөөлийн хуульд хамруулж өршөөсөн. Энэ нь олон улсын байгууллагад Монголын нэрийг харлуулсан” гэж мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn