Ө.СОНОР
Байгалийн баялгаараа баахан хүмүүсийн арааны шүлсийг асгаруулж буй газар бол Өмнөговь аймаг. Тиймээс энэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдохын төлөөх тулаан бусад аймгуудынхыг бодвол нэлээд ширүүн өрнөх нь тодорхой юм. Монгол Улсдаа хамгийн том газар нутагтай, Оюутолгой, Тавантолгойтой, 15 сум, 53 багтай энэ аймагт нийт 836 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Харин хамгийн их ач холбогдол өгч буй аймгийн ИТХ-д 33 суудлын төлөө таван намын төлөөлөл, бие даагчид нийлсэн 105 хүн өрсөлдөхөөр ханцуй шамласан байна. Мэдээж АН, МАН-аас тус бүр 33 хүнийг нэр дэвшүүлсэн бол, МАХН-аас 18, ИЗНН-аас 8, МҮАН-аас 7, бие дааж 6 хүн ИТХ-ын танхимд орохоор бүртгүүлжээ. Тэдгээр 105 хүний 81 нь тойрогт харин үлдсэн нь намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа юм. Аймгийн МАН-ны хорооны дарга Л.Энхболд жагсаалтаа тэргүүлж буй. Харин АН-аас Засаг дарга Б.Бадраа, МАХН-аас Д.Эрдэнэ, ИЗНН-аас Д.Лувсан, МҮАН-аас Б.Цогтсайхан нарын нэрийг эхэнд нь бичжээ.

Өмнөговь аймгийн 52,3 мянган иргэний 70 орчим хувь нь сонгуульд санал өгөх насанд хүрсэн байна. Тиймээс ойролцоогоор 30 гаруй мянган иргэн дээрх 836 нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх ажээ. Аймгийн Засаг дарга болоод ИТХ-ын даргын ажлыг АН-ын гишүүн Б.Бадраа, Л.Батчулуун нар хийж байгаа учир Өмнөговийн орон нутгийн сонгуульд АН нэг гараагаар илүү нөхцөлтэй өрсөлдөж байгаа гэж хэлж болно. Тэд жагсаалтын эхэнд өөрсдийнхөө нэрийг бичсэнийг дээр дурдсан. Засаг дарга Б.Бадраагийн хувьд байсхийгээд л ууж, идсэн хэрэгт нэр нь холбогддог болсныг иргэд андахгүй болсон байх. Тиймээс ч саяхан хэвлэлийн хурал хийлгэж “Энэ бүхэн худал” гэж мэдэгдсэн нь орон нутгийн сонгууль дөхөж байгааг илтгэсэн гэж болно. Үүнтэй зэрэгцээд эсрэг намынх нь нөхөр болох аймгийн МАН-ын хорооны дарга Л.Энхболдтой холбоотой хэл ам бас л гарсан. Түүнийг өнгөрсөн УИХ-ын сонгуулиар өөрийн намын нэр дэвшигчийн эсрэг ажилласан гэх яриа нэг хэсэгтээ түгсэн бол сүүлд нүүрснээс мөнгө “босгож” намынхаа байрыг бариулахдаа гүйцэтгэгч компаниудаа хулхидсан хэмээн шүүхэд очих дээрээ тулсан хэмээж байсан юм.
Өмнийн говьд нэр дэвшигчдэд бас нэг онцгой зүйл байгааг хэвлэлүүд байнга мэдээлж буй. Энэ бол аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийн гуравны нэг нь тус газартаа амьдардаггүй, нийслэлээс шилжин очсон “нүүдлийн шувууд” байгаа тухай юм. Яагаад энэ аймагт “нүүдлийн шувууд” олноороо очсон бэ гэдэг нь өнөөх л толгойнуудтай холбоотой нь маргашгүй байх. Ямар боловч энэ удаагийн орон нутгийн сонгуулиар “гал ассан тулаан” өрнөх аймаг яах аргагүй Өмнөговь болж байна. Тус аймгийн ИТХ-д өрсөлдөж буй 105 нэр дэвшигчийг дээр жагсаалтаар нь танилцуулъя.