Д.ДАГВАДОРЖ

 

НМХГ-ын Барилгын техникийн хяналтын Улсын ахлах байцаагч, Монгол Улсын зөвлөх инженер А.Мягмаржавтай ярилцлаа. Тэрээр 1979 онд МУИС-ийг төгссөнөөсөө хойш 13 жил барилгын Улсын байцаагчаар ажиллаж, 20 жил сэтгүүлчийн хөдөлмөр эрхэлжээ.

 

-Барилгын салбар хүнд байдалд байна. Ийм байдалд оруулах ажлыг та нар хийсэн юм биш үү. 2012 оны есдүгээр сарын 14-ний өдөр болсон “Аюулгүй Улаанбаатар” зөвлөлгөөн дээр Э.Бат-Үүл дарга барилгынхнаас уучлалт гуйгаад “Би та нартай биш, Мэргэжлийн хяналтынхантай тэмцэхийн тулд ингэсэн юм” гэсэн. Та нар Э. Бат-Үүл даргын дургүйг яаж хүргэсэн юм бэ?

 -Барилгын салбарт ойр ойрхон хүний амь нас үрэгдсэн ноцтой ослууд гарсан. Зөвшөөрөлгүй олон барилга барьж байсан нь нийслэлийн шинэ удирдлагуудын овжин ухаанд өртөж, аятайхан тоглолт хийж, олны анхаарлыг татах, Мэргэжлийн хяналтын байгууллагыг  “доош” нь хийх таатай  далим болохгүй юу.

-Яг яасан гэж?

-800 кг ачаа өргөдөг  краны ачааны автомат хязгаарлагч нь бууж, даац хэтэрснийг  мэдээлсээр байхад 4200 кг жинтэй лифт өргөсөн. Хэтэрхий бага зайд барилга барих газар олгосноос зуурмаг шахах машины тулгууруудыг дутуу тулсан. Автомашин, явган хүний замд тулган барилга барихыг “зөвшөөрч” ерөнхий төлөвлөгөөг баталсан зэргээс шалтгаалж хүний амь нас үрэгдсэн.  Мэргэжлийн хяналтын байцаагч “Краны чинь даац хэтэрлээ, наадахаа зогсоо”, “Зуурмаг шахагчийнхаа  тулгуурыг бүрэн тулаач”, “Доогуур чинь хүн явж байна, наад тулаасаа унагаачихав” гэж анхааруулаад барилгын талбай дээр зогсож байх үүрэггүй биз дээ.

-Тэгээд хэн зогсох ёстой гэж?

-Дотоодын хяналт шалгалтыг хэвшүүлээгүй. Тэр ч байтугай хөдөлмөр хамгаалал хариуцсан ажилтангүй, хүний аюулгүй ажиллагааны төлөө хөрөнгө зарцуулдаггүй, барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг ЗТБХБЯ-аас авсан гүйцэтгэгч байгууллагуудтай шууд холбоотой гэдэг нь ойлгомжтой. 

-Барилгынханд бурууг тохоод өнгөрөх гэж үү?

-Барилгын зургийг хянаж баталсан, газар олгосон нийслэлийн холбогдох дарга түшмэдүүд бас буруутай. Тийм байтал  урд хөл бүдэрсний төлөө, хойд хөлийг ороолгодог шиг бүх юм мэргэжлийн хяналтаас болсон мэтээр сүржигнэцгээж, ганц хоёр даргыг ажлаас нь халж, оронд нь тэрийг тавих гэсэн  чинь Шадар сайд гэж нөхөр зөвшөөрөхгүй байна гэх маягийн мэдээлэл цацсан. Сүүлдээ түргэдсэн, болчимгүй хөдөлсөн  гэмээ мэдэрсэн мэт энэ сэдвээр ярих нь багасаж байх шив дээ.

-Э.Бат-Үүл дарга уу?

-Би үүнийг Э.Бат-Үүлтэй холбож ойлгохгүй байгаа. Шинэчлэл хийнэ гэсэн далбаан дор түүнд тал засч сайн хүн болох гэсэн, даргын суудалд  удаан суух гэсэн түүнтэй ойр хүмүүс. Барилгын салбарт ажиллаж байсан нэрнээс цаашгүй зарим нөхөр л Э.Бат-Үүлийн тархийг  буруу  угаасантай  холбоотой болов уу.

-Э.Бат-Үүл нийслэлийн хүн амын 60 хувь нь амьдардаг хотын захын гэр хорооллыг хөгжүүлнэ гэж гарч ирсэн биз дээ. Гэтэл хотын төвийн барилгажсан хэсэгт “анхаарал” тавиад эхэллээ. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Гэр хорооллыг барилгажуулна гэж амлах, хотын төвийн барилгажсан хэсэгт анхаарал тавих нь юу нь буруу гэж. Сонгуулийн шоу байсан ч яадаг юм. Утаатай, шороо тоостой, өтгөн шингэн ханхийсэн, гудамжиндаа бохир ус, үнсээ асгасан, гэрэл гэгээ хомс хотын захын  нэлмийж навсайсан гэр хороололд  болж л өгвөл амьдрахгүй юмсан гэж та ч гэсэн бодно биз дээ.

-Тэгэлгүй яахав.

-Ийм болохоор хотын захын, жишээлэхэд, “Дамбадаржаагийн гэр хорооллыг ингэж барилгажуулъя. Энд нь олон давхар цөөн хэдэн барилга бариад та нарыг бүгдийг нь оруулъя. Үлдсэн зайнд нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дэлгүүр, кинотеатр, спорт цогцолбор, ногоон байгууламж, төвлөрсөн гарааш... гэх мэтийг барья. Мэргэжлийн хүмүүсийн боловсруулсан ерөнхий төлөвлөгөөний төсөл нь энэ байна” гээд иргэддээ үзүүлж саналыг нь авч хууль дүрмийн дагуу батлаад зам талбай, халаалт, халуун хүйтэн ус хангамж, бохир ус, цахилгааны шугам сүлжээг нь  байгуулаад өгчихвөл гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид тэдгээр барилгыг бариад, зараад, иргэд нь цэвэр, тохитой, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломж бүрдэнэ биз дээ. Ажлын байр ч маш ихээр нэмэгдэнэ. Гэхдээ энэ ажил тийм амар хийгдэх ажил биш. Өнөөдөр нийслэлийн хүн амын дөнгөж 40 хүрэхгүй хувь нь амьдарч байгаа орон сууцнуудаа төвлөрсөн дулаанаар арай гэж гал алдуучихгүйхэн шиг хангаж байхад юун гэр хороолол манатай. Энэ талаар Эрчим хүчний сайд М.Сономпил саяхан  болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн шүү дээ.

-Тэгэхээр хүссэн хүсээгүй айлууд нүүж таарах нь ээ?

-Гэхдээ Э.Бат-Үүл өнгөрсөн сонгуулийн үеэр гэр хорооллын иргэдтэй уулзаж явахдаа  “Та нар газраа хямд өгч болохгүй. Үнэтэй зарах хэрэгтэй” гэх ухааны юм ярьж явсан санагдана. Үнэндээ иргэдийн газрыг хичнээн хямд үнээр авна, тэдний суух орон сууц, орох үйлчилгээний газрын барилгын үнэ харьцангуй хямд байх болно. Эсрэгээрээ, газрыг өндөр үнээр авбал барилгачид алдагдалд орохгүйн тулд барьсан барилгынхаа үнийг нэмнэ. Одоо ч ийм л байгаа.

-Э.Бат-Үүл дарга саяхан өөрийгөө коммунист биш гэжээ. Гэтэл түүний хийж байгаа “буулгана”, “булна”, “нураана” гэх үйлдэл нь харин ч коммунист гэж хэлээд байх шиг?

-Монгол Улсыг  хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийн эдийн засагтай, парламентын засаглалтай, эрүүл шударга нийгэм бүхий ардчилсан  орон  болгохын төлөө  амь  бие, үзэл бодлоороо дэнчин тавьж, хориод жил тэмцэж ирсэн Э.Бат-Үүлийг би коммунист гэж хэзээ ч хэлж зүрхлэхгүй.

-Тэгээд хэн болж байна вэ?

-Гэхдээ түүний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлийг харахад улс төрийн зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд юм л бол ард түмний нэрийг барьж, шоудаад байна уу даа гэж бодогддог. Жишээлэхэд, Улаанбаатар хотыг 2020  он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол ч юм уу, 2030 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал гэх ч юм уу,  бодлогын чанартай баримт бичгүүдийг батлуулахын тулд нийслэлийн иргэдийн санал бодлыг авч “За ингэж тохирлоо шүү, үүнийгээ дээр доргүй мөрдөж ажиллая” гэвэл зөв л дөө.

-Тэгээд яагаад байгаа юм бэ?

-Түүнээс биш бүхнийг “Ард түмнээс асууна” гэдэг нэрээр хааяа нэг болдог хурал, уулзалт  дээр хэн нэгний хэлсэн үгийг нийт олонд нялзаагаад, эсвэл зөвхөн амин хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд бичсэн, нэг юм уу, хэсэг бүлэг иргэний гоншигносон өргөдлийг  нэг их ардач “амьтан болж” дэвэргээд  байвал Монгол төрийн тулхтай бодлого алдагдаж, засгийн ажлыг гудамжинд гаргахаас өөр юм авчрахгүй л болов уу.

-Э.Бат-Үүл коммунизмыг үзэн яддаг хүн. Чухамдаа коммунизмтай тэмцэхийн тулд тэрбээр өөрөө ч мэдэлгүй коммунист зан араншин гаргаад байх шиг. Саяхан Лениний хөшөөг буулгахдаа мэргэжлийн хяналтаас зөвшөөрөл авсан уу?

-Би төрийн албан хаагч хүн. Тийм болохоор коммунизм, коммунист, ардчилал, ардчилагч гэх мэт нэр томъёо хэрэглэх, тэр дундаа хэн нэг хүний үзэл бодлыг ангич байр сууринаас тодорхойлоод баймааргүй байна.

-Таны хувийн бодол?

-Бүтээн байгуулах чиглэлийн мэргэжилтэй инженер хүний хувьд  бодлоо хэлэхэд Лениний хөшөө орчныхоо барилга, цэцэрлэгтэй муугүй зохицсон, эвдрэл гэмтэл гараагүй, урлагийн сайхан л бүтээл байсан. Энэ хөшөөг буулгах асуудлаар мэргэжлийн хяналтын байгууллагад хандаагүй. Тэгэх ч сонирхол, хүсэл зориг байгаагүй биз. “Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш” гэсэн бурхан багшийн сургаал лугаа адил уг хөшөө монголчууд бидний өнгөрсөн түүхийн нэгэн гэрч л байсан. Түүхээ, өмнөх үеэ, урлаг соёлын бүтээлийг ад үзнэ гэдэг бүхнийг өөрийн хүсэл эрмэлзэлд нийцүүлэх гэж хичээж буй намжсан, улстөржсөн харалган  үзэл гэхээс өөр хэлэх юм алга.

-Зөвшөөрөлгүй 172 барилгаас хоёрхоныг буулгахаар болсон тухайгаа ярилцлагандаа дурьдсан байсан. “Тэмүүлэнбаатар”, “Авзага трейд” компанийн хоёр барилгыг буулгах болсон гэсэн. Энэ үнэн үү?

-Зөвшөөрөлгүй барьсан гэх барилгуудаас хоёрыг нураана гэсэн явган яриа дэгдээд удаж байна. Гэтэл албан ёсоор тийм шийдвэр гаргасан эсэх нь тодорхойгүй. Одоо болтол мэргэжлийн хяналтын байцаагчид энэ тухай бичиг цаас үзээгүй л байна. Тэгээд ч зөвшөөрөлгүй гээд байгаа бүх барилгад  зориулж “төдөн ам метр талбайд, тийм барилгыг тэр байршилд барь” гэж Э.Бат-Үүлээс өмнөх Нийслэлийн  Засаг дарга  нар  захирамж  гаргаж  газрыг нь олгосон. Тухайн барилгын давхрын тоо, урт өргөний хэмжээ зэргийг тусгасан архитектур төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөө, зураг төслийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор баталсан байдаг. Энэ  нь үнэн хэрэг дээрээ барилга барих зөвшөөрлийг нийслэлийн төр, захиргааны байгууллагаас өгчээ гэсэн үг биз дээ. Харин “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг Мэргэжлийн хяналтын байгууллага олгодог юм л даа.

-Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн ажилчдын орон сууцны барилгын суурийг экскэватороор булсан гэсэн. Яагаад булсан юм бэ. “Барилга бариулах зөвшөөрөл өгсөн хүмүүст нь эрүүгийн хэрэг үүсгэ” гэж газар дээр нь НЦГ-т үүрэг өгсөн гэсэн?

-Үүнийг сонсоогүй юм байна.

-Гэхдээ л мэргэжлийн хяналтынхан нийслэлд 172 барилгыг зөвшөөрөлгүй бариулсан нь үнэн биз дээ?  

-Ийм тооны барилгыг манайхаас зөвшөөрөл авалгүй барьсан. Бид илрүүлж, акт тогтоон зогсоож, цахилгааныг нь тасалж, торгууль, шийтгэвэр оногдуулж, захиалагч, гүйцэтгэгч нарыг шүүхэд шилжүүлсэн нь үнэн. Уг зөвшөөрлийн нэр нь “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”. Дахин хэлье. Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл шүү. Бид тухайн барилгын захиалагч, гүйцэтгэгч  нараас уг барилгыг барихад зориулж газар олгосон тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан уу, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээгээгээ авсан уу, Улаанбаатар хотын ерөнхий архитектор ерөнхий төлөвлөгөө, ажлын зургийг нь баталсан уу, шинээр барих барилгыг ус, дулаан, цахилгаан, холбоо дохиоллоор хангах техникийн нөхцлөө хангагч байгууллагуудаас авсан уу, ажлын зураг төсөлдөө улсын магадлан итгэмжлэл хийлгэсэн үү, гүйцэтгэгч нь  барилга барих тусгай зөвшөөрөлтэй юу, мэргэжлийн инженер, техникчид уг барилгыг удирдан бариулах уу гэх зэрэг мэргэжлийн гэмээр асуудлуудыг нь судлаад, дээр нэрлэсэн зөвшөөрлийг олгодог. Өөрөөр хэлбэл, алдаа мадаггүй зураг төслөөр мэргэжлийн барилгын компани энэ барилгыг эхэлж болно, үргэлжлүүлэн дуусгаж болно гэдэг зөвшөөрлийг л өгдөг юм. Тийн атал биднийг газар олгож, ерөнхий төлөвлөгөөг баталдаг юм шигээр ойлгодог нь буруу л даа. Барилга барих зөвшөөрлийг нийслэл, яам хоёр олгодог юм.

-Э.Бат-Үүл “бай”-гаа буруу онилсон юм биш үү?

-Улс төр, аж ахуйн ажил хоёр тусдаа л даа.

-Барилгын компаниуд яагаад зөвшөөрөл авахгүй байгаа юм бэ?

-Бидний судалгаагаар нийслэлд 500 гаруй барилгыг шинээр барьж байгаа. Үүнээс 170 гаруй нь манайхаас  олгодог зөвшөөрлийг аваагүй. Шалтгаан нь юу вэ гэхээр удаж удаж байж хааяа нэг хуралддаг Нийслэлийн мэргэжлийн комиссын хурлаар хэлэлцэж тухайн барилгыг барихыг зөвшөөрсөн атлаа Засаг даргын барилга барихыг зөвшөөрөх тухай захирамжийг олон байгууллага, иргэний газар олголтыг хамтатган гаргана гээд Засаг даргын Тамгын газрын олон хэлтсийн дарга нарын зөвшөөрсөн гарын үсгийг авах  гэж цаг хугацаа сунжруулдаг.

-Газар эзэмших эрх олгосон захирамжаас гадна уу?

-Харин тийм, хамгийн эхлээд газар эзэмших эрх авна. Дараа мэргэжлийн комиссын хурлаар эскизээ оруулж батлуулна. Энэ хурал нь мөд болохгүй. Тэгээд нэг юм болохоороо ихэнх материалыг техникийн нөхцөл өгөх боломжгүй гэж унагаана. Унаагүй материал нь Засаг даргын барилга барихыг зөвшөөрөх захирамжаа хүлээгээд хэвтчихнэ.

-Өөр?

-Мэргэжлийн комиссын хурлын үед дулаан, цахилгаан, усаар хангахаа “амлаж” гарын үсэг зурсан дарга нар нь техникийн нөхцлөө өгөх болохоор луу унждаг. Зураг төсөлд магадлал хийлгэе гэхлээр хангагч байгууллагуудын техникийн нөхцөл дутуу учир хянахаас татгалздаг, арай гэж хянахаар аваад олон сараар хүлээлгэдэг зэрэг өөр хоорондоо  үл үзэгдэх байдлаар залгалдсан баглаас хүлээсийн улмаас “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-өө биднээс авч чаддаггүй юм шиг байна лээ.

-Ингэж удахаар дулааны улирал дуусчих юм биш үү?

-Монголд барилга барих тааламжтай дулааны улирал хэрэг дээрээ 4-5 сар үргэлжилдэг учир  барилгачид, захиалагчид арга буюу хууль зөрчин барилгаа нуувраар эхэлдэг. Товчоор хэлэхэд, төрийн байгуулагын “мэлхийнх” гэмээр хурд бизнесийнхний цаг хугацаатай уралдсан хурдаас хоцорч байгаагаас л мэргэжлийн хяналтын зөвшөөрөлгүйгээр  барилга  барьж  байна. Тэгэхээр 170 гаруй барилгыг зөвшөөрөлгүй бариулсан гол буруутан нь нийслэл, нийслэлээр  нэрлэгдсэн шугам сүлжээний байгууллагууд, барилга, хот байгуулалтын бодлогыг явуулдаг төрийн төв байгууллага болох яам  гэдэг нь танд ойлгогдов уу.

-Мэргэжлийн хяналтын байгууллага “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” олгоход саад хийдэггүй юм бол аль шатанд гацаа үүсдэг юм бэ?

-Би түрүүн өөр хоорондоо уялдаатай баглаас хүлээсийн тухай ярьсан даа. Нийслэлийн Засаг даргын захирамж гартал маш их хүлээнэ. Ялангуяа сонгуулийн жил бол “Одоо газар олговол бөөн хэл ам, улстөржилт болно” гээд захирамжаа гаргахгүй яг суучихна.

-Сонгуулиас хойш хагас жил болж байхад газрын холбогдолтой нэг ч захирамж, шийдвэр гарсангүй гэж иргэд гомдол тавьж байна. Дүүргийн Засаг дарга нарыг газар олгож болохгүй гэж нийслэлээс үүрэгдсэн гэсэн. Төрийн залгамж чанар хаачсан бэ. Ингэж улстөржиж ард иргэдийг хохироож, тамлаж болохгүй биз дээ. Үүний чинь цаана газраа нэг нэгэндээ шилжүүлэх гэсэн, эсвэл хөдөө орон нутгаас шилжиж ирсэн олон хүний асуудал байгаа юу?

-Газрын асуудал шийдэгдээгүй нөхцөлд ажлын зураг хийгдэхгүй. Хэрэв техникийн нөхцөл өгөхгүй бол тухайн барилгын гадна  шугам сүлжээний зураг гарахгүй, уг зураг  гарахгүй бол хотын ерөнхий архитектор уг зургийг батлахгүй, онцгой байдлынхан зөвшөөрөл олгохгүй. Энэ хоёр үзээгүй бол зураг төсөлд магадлал хийгдэхгүй, магадлал хийгдээгүй бол мэргэжлийн хяналтын байгууллага эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө өгөхгүй. Ингэж л  барилгын захиалагч, гүйцэтгэгч нарыг тамлаж байгаа юм. Тэд энэ олон зөвшөөрлийг авах гэж хэдэн сар, заримдаа олон жил хөөцөлдөөд бүтэхгүй болохоор арга буюу дулааны улиралд амжиж, ажлаа урагшлуулахын тулд барилгаа барьж эхэлдэг юм гэж тайлбарлаад байгаа.

-Хамгийн хэцүү зөвшөөрөл нь юу юм бол?

-Барилгынхны ярьж байгаагаар тэд “дулаан, цахилгааны техникийн нөхцөл авах” гэж хамгийн их цаг хугацаа алддаг юм билээ. “Улаанбаатар дулааны сүлжээ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниуд нийслэлийн мэргэжлийн комиссын хурал дээр зөвшөөрч тухайн барилгыг дулаан, цахилгаанаар хангана гэж байршлын схем дээр гарын үсэг зурснаасаа буцаж, “олон зуун метрийн холоос шугам тат, цахилгааны дэд өртөө барь” гэж дарамталдаг. Хэдэн арав, зуун сая төгрөг гаргаж цахилгааны дэд өртөө шинээр барьчихлаар “Одоо манайд үнэ төлбөргүй шилжүүл, тэгэхгүй бал цахилгаанаар хангахгүй” гэж  ханхалзана.

-Тэгээд үнэгүй өгөх хэрэг үү?

-”Яаж байгаа юм бэ, манайх хувийн хөрөнгөөрөө барьсан шүү дээ?” гэхээр “Танайх мэргэжлийн байгуулага биш тул ашиглалтыг хариуцах ёсгүй” гээд л ам таглаж орхино.

-Өөр хүндрэл юу байна вэ?

-Дараагийн “хүлээх танхим” бол зураг төсөлд магадлал хийлгэх үе. Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газар гэж байлаа шүү дээ. Тэнд очиж дараалалд орно.  Тэвчээртэй хүлээсний эцэст баахан хувийн экспертүүдийг нэг бүрчлэн хайн олж зургаа үзүүлж  хэсэг бүрээр  шүүмжийг нь бичүүлж авна. Дараа нь “Экспертизийн нэгдсэн дүгнэлт” гэж өнөөх олон эксперт, дээр нь олон даргын гарын үсэг авах гэж хэдэн сар явна, танил тал хайна, гуйж аргадна.

-Арай ч дээ. Нэг давхар байшин барьсан ч энэ олон зөвшөөрлийг авах уу?

-Тэгэлгүй яахав. Нэг давхар гарааш барьсан ч, арван давхар орон сууц барьсан ч яг ижилхэн энэ хүнд замыг туулах хуультай. Барилга барих зөвшөөрөл авах нь барилга барихаасаа урт хугацааны ажил болж хувирсан. Барилга барих зөвшөөрлийг хоёроос таван жил, цаашилбал бүр арван жил ч хөөцөлдөнө. Харин хөрөнгө санхүүжилтээ шийдвэрлэчихвэл нэг хоёр жилийн дотор л өндөр барилгуудыг барьдаг болсон байна шүү дээ. “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” авалгүй барилга бариад байгаагийн цаад учир нь, дүр зураг нь нэг иймэрхүү. Тийм учир мэргэжлийн комисс хуралдах, техникийн нөхцөл олгох, ерөнхий төлөвлөгөөг батлах, зураг төсөлд магадлал хийх  зэрэг хоорондоо логик уялдаатай үйл явцыг хэрэгжүүлэх хугацааг хуулиар тогтоож шуурхай болгох цаг нэгэнт болсон.

-Зөвшөөрөлгүйгээр барилга барих, барилгад осол гарахад хуучнаар ЗТБХБЯ, одоогийн  Барилга, хот байгуулалтын яам  огт буруугүй гэж үү?

-Маш их буруутай. Яагаад гэвэл нэг эсвэл хэд хэдэн  компанид зураг төсөл боловсруулах  үндсэн ажилтайгаа зэрэгцүүлэн зураг төсөлд магадлал хийдэг хувийн  экспертүүдийн  зав чөлөөгөөр  магадлал хийлгэх гэж тэднийг царайчлан  гүйдэг хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч нарын хайран сайхан цаг хугацааг “шатааж”, үйлийг нь бардаг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар тус яамны харьяалалд ажилладаг байсан.

-Өөр ямар буруу байна вэ?

-Бас барилга угсралын ажил эрхлэх, зураг төсөл боловсруулах гэх мэт бүх тусгай зөвшөөрлийг энэ яам олгодог. Тусгай зөвшөөрлийг хэтэрхий замбараагүй, хавтгайруулан олгосноос барилга хариуцаад бариулчих чадвартай инженергүй, мэргэжлийн ажилчингүй компани олширсон. Бүр барилгачингүй барилгын компани хүртэл байна гээд бод доо. Үйл ажиллагаа нь жигдэрсэн цөөн тооны компанийг эс тооцвол үндсэн ажилчинтай, тэднийхээ нийгмийн даатгалыг төлж, ажил амьдралыг даагаад явж байгаа компани  тун чиг цөөхөн дөө.

-Энэ салбарт мэргэжлийн боловсон хүчний хомсдолд орсон юм биш үү?

-”Ам нээвэл уушиг нээ” гэгчээр бас нэг зүйлийг нэмээд хэлчихэд ад үздэг социализмын үед, 1960-1980-аад онд гадаад, дотоодын ТМС-иар бэлтгэсэн мэргэжлийн чадварлаг  барилгачдын нэлээд хэсэг нь бурхны оронд одож, багагүй хэсэг нь тэтгэвэртээ сууж, үлдсэн цөөн хэд нь өндөр цалинтай гэж яриад байгаа “Оюу толгой” зэрэг газар луу явснаас Монголын компаниудад ихэвчлэн түр курс, дамжаагаар мэргэжил “эзэмшүүлсэн”, дагалдангаар ажлын дөртэй болсон хүмүүс л ажиллаж байна шүү дээ. Барилгыг зөвшөөрөлгүй бариад, барилгын талбайд  аваар осол гараад, угсралтын технологи зөрчөөд,  эвдрэл нуралт үүсээд  байгаагийн  гол шалтгаан  гэвэл энэ юм.   

-Яагаад ийм байдалд хүрэв?

-90 онд ардчилсан нийгэмд шилжсэний дараа барилгын салбар бүхэлдээ зонсонги байдалд орж, тухайн үед өндөр мэргэшсэн боловсон хүчин нь өөр ажил төрөлд орж амьдралаа залгуулахаас өөр аргагүй байдалд орсныг хүн бүр мэдэж байгаа. Харин саяхнаас 40 мянга, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр ярьж эхэлсэн үеэс барилгын салбар сэргэж эхэлсэн юм. Өнөөдөр өдөрт дунджаар хоёроос гурван барилга ашиглалтанд орж байна. Гэвч энэ үнэхээр чамлалттай тоо юм. Нийлүүлэлт нь эрэлтээ хангаж чадахгүй, гүйцэхгүй байна.

-Тэгээд яах болж байна вэ?

-Барилгын салбар боловсон хүчний хомсдолд орсон байна. Барилга хот байгуулалтын яам, БСШУЯ хамтран энийг шийдэх хэрэгтэй байна. Уул нь барилгын туслах ажилтан гэхэд л өдөрт 30,0 мянган төгрөгөөр цалинжаж байна. Сардаа дээд мэргэжилтэй хүнээс дутахааргүй цалин авч байна. Өөр бас нэг юм байна.

-Ямар?

-Барилга барьдаг компани болон хөрөнгө оруулалтын компани, барилгын менежментийг авч явдаг компани, барилгыг барьдаг, барилгын талбайг борлуулдаг компаниудыг салгах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ бүгдийг нэг компани яаж хүчрэх юм бэ. Мөн нэг барилгыг барихын тулд арматурын, мужааны, халаалт салхивчийн, цэвэр бохирын, цахилгааны, холбооны, автоматикийн, галын дохиоллын, дотор заслын, гадна заслын, цонх хаалганы гээд маш олон төрлийн мэргэжил шаардсан маш олон хүнийг нэг компани өвөлжингөө тэжээж явна гэхээр зардлаа дийлэхээ байчихаад байгаа юм. Барилга бол маш олон төрлийн мэргэжил мэдлэг шаардсан нэг цогц бүтээгдэхүүн юм.

-Төрөлжүүлэх юм уу?

-Яг тийм. Угсралт хийдэг нь зөвхөн угсралтаараа мэргэшсэн, гадна засал хийдэг нь гадна засал хийдгээрээ мэргэшсэн байхаас бус, энэ олон нарийн мэргэжлийн ажлыг нэг компани хийх ямар ч боломжгүй юм. Барилгын тусгай зөвшөөрлийг мэргэшил мэргэшилээр нь, ажил ажлаар нь төрөлжүүлж олгодог болохгүй бол нэг компани 7 давхар барилга барих эрхтэй гэхээр энэ бүх олон төрлийн ажлыг ор нэр төдий хийгээд байгаа юм.

-Таны дээрх ярианд барилга барихад олон зөвшөөрөл давхцаад байгаа юм шиг байна. Хэчнээн зөвшөөрөл нь давхцаад байгаа юм бэ?

-Харин тийм. Засаг даргын газар эзэмшүүлэх захирамж, барилга барихыг зөвшөөрөх хоёр захирамж давхцаж байна, нэгдүгээрт. Дараа нь зураг төсөл хийдэг компаниуд зураг зурах тусгай зөвшөөрлөө яамнаас авдаг. Тэгээд зурсан зургаа нийслэлээр хянуулдаг. Дараа нь эргээд нөгөө яамаараа дахин хянуулж экпертизийн дүгнэлт гаргуулдаг. Эцэст манайх энэ бүх үйлдэл хийгдэж үү, үгүй юу гэдгийг хянадаг. Тэгэхээр төр нэг зөвшөөрлөө гурав дөрвөн удаа өгч байгаа юм. Энэ тоолонд тэмдэгтийн хураамж авдаг.

-Өөр?

-Яагаав нөгөө техникийн нөхцөл гэж авах гэж хоёр гурван удаа зөвшөөрөл авна. Эхлээд нийслэл дээр хааяа хуралддаг мэргэжлийн комиссын хурлаар оруулж техникийн нөхцөлийн урьдчилсан зөвшөөрөл авна. Энэ зөвшөөрөл хэмээх байршлын схэм зурган дээрээ хуралд орсон бүх хүмүүсээр гарын үсэг зуруулна. Дараа нь жинхэнэ техникийн нөхцөлөө авах гэж тухайн байгууллагын техникийн нөхцөл авах хурлыг хүлээнэ. Хэрвээ тэр хурлаас зөвшөөрөл авбал хуралд орсон бүх хүн хуудас цаасан дээр чинь гарын үсгээ дахиад зурна. Гарсан техникийн нөхцөлийн дагуу зургаа хийгээд, тухайн техникийн нөхцөл өгсөн газраараа баталгаажуулж авна. Тэгэхээр нэг байгууллагаас гурван удаа давхардсан зөвшөөрөл авч байгаа биз. Энэ бүхэн зургийн компани болон захиалагчийн махыг идсэн зовлонтой ажил байгаа биз дээ. Энэ олон газраас зөвшөөрөл авдгийг болиулж, нэг гар дор төвлөрүүлэх хэрэгтэй.

-Байгууллагын манаач нь хүртэл гарын үсэг зурах хэрэг үү?

-Байгууллагаа төлөөлөөд нэг нь л гарын үсэг зурахад болоо биз дээ. Гэтэл төрийн байгуулллага бие биеэндээ итгэхгүй байгаа нь эндээс харагдаж байна. Ингэж хэдэн зуун хүний гарын үсэг цуглуулах гэж, энэ олон давхардсан зөвшөөрлүүдийг авах гэж, хэдэн сар, хэдэн жил болсон иргэд, аж ахуйн нэгжүүд маш их байна. Барилгын ажлаа зөвшөөрөлгүй, зоригтой эхэлсэн 170 гаруй барилга байхад, үүнээс олон зуун барилга цаасан дээр хэзээ эхлэхээ мэдэхгүй хүлээж байна.

-Шинэ Засаг дарга маань өмнөх дарга нарын гаргасан захирамжийг хүчингүй болгоно гээд байх юм. Ингэж болдог юм уу?

-Улсын байцаагчийн хариулах асуулт биш байна. Хэрэв та газар олголттой холбоотой шийдвэрүүдийн талаар асууж байгаа бол энэ асуудал нэлээд ярвигтай байх болов уу. Яагаад гэвэл албан ёсоор, хууль дүрмийн дагуу авсан газраа алдсан иргэн, эсвэл аж ахуйн нэгж шүүхэд хандсанаар үргэлжилсэн  урт зарга үүснэ, аягүй бол өмнөх даргын шийдвэрийг хүчингүй болгосон Засаг дарга, эсвэл түүний өмнөөс төр нөхөн төлбөр төлөхөд ч хүрч болзошгүй.

-Э.Бат-Үүл даргын эхнэрийн нэр дээр байдаг “Сонор” студийн нэр дээр зөвшөөрөлгүй барилга баригдаж байгаа гэж “Үндэсний шуудан” сонин дээр гарсан байсан. Энэ үнэн үү. Хаана байдаг барилга вэ?

-Дуулаагүй л юм байна.  Харин Туулын хөвөөнд юм уу даа, “Эрдэнийн төгөл” гэж хотхон байдаг гэсэн. Бас нэгэн томоохон банкны захиалгаар  батлагдаагүй зураг төслөөр, мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлгүйгээр барьсан, бохир усны систем нь ажилладаггүй   “Санзай” хотхонд тэрээр хүүгийнхтэйгээ хамт хоёр байранд зундаа гардаг гэхчлэн  Э.Бат-Үүлтэй холбоотой янз бүрийн л юм ярьдаг. Газраа  хуулийн дагуу дуудлага худалдаагаар авсан, барилгаа ном журмаар нь бариулсан, эсвэл  байр байшин худалдаж авсан байвал юу нь болохгүй байхав дээ.

-Барилгыг  Улсын комиссоор ашиглалтад оруулах, барилга эхлэх зөвшөөрөл олгох асуудлыг Барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг даргын мэдэлд шилжүүлэхээр дээгүүр яригдаж байгаа сурагтай.  Энэ тухай та дуулсан уу?

-Дуулсаан, дуулсан.  Энэ мэдээ шинэ юм огтхон ч биш. Естой нөгөө “Ирж л байдаг, явж л байдаг. Би яаж мэдэхэв дээ” гэж “Үер” киноны Болд өвгөн хэлж зогсдог шиг юм даа. Сонгууль болж хотын дарга, яамдын сайд солигдох болгонд л ийм яриа гардаг юм. Улсын комиссыг нийслэл, бас Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам аль аль нь зохион байгуулж, ахалж байсан үе бий. Тэгж байснаа “Энэ нэг л биш ээ. Болохгүй байна. Бидний хийх ажил биш юм байна” гэж 2008 оны сонгуулийн дараа томилогдсон хотын дарга, салбарын сайд нар нь хэл үг хийгээд “Ерөөсөө л мэргэжлийн хяналтад өгье” гэцгээсэн. Тэгээд 2009 онд Засгийн газрын 72 дугаар тогтоол гаргуулж, улсын комиссыг зохион байгуулж ажиллуулах үүргийг манайханд шилжүүлсэн. Одоо болохоор улсын комиссыг яам, “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” олгох ажлыг Нийслэлийн Засаг даргын мэдэлд шилжүүлэхээр Засгийн газрын тогтоолын төсөл хийгээд хуралдаанд оруулахад бэлэн болсон дуулдана лээ. Манай намын сайд, дарга нар оруулж ирж байгаа учраас зөв гээд л тэр тогтоолд Ерөнхий сайд гарын үсгээ зурах биз. Буянаараа л болог. Тэгээд бас л ирэх УИХ-ийн  сонгуулийн дараа өөрчилнө гэцгээнэ байх. Тоглоомтой ч юм даа. Ер нь ийм давхардсан олон зөвшөөрлийг цөөлөх хэрэгтэй.  

- Энэ оны наймдугаар  сараас хойш “Барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” олгохыг НИТХ-ын шийдвэрээр хориглоод удаж байна. Тэгэхээр нийслэлийн  дарга нар барилгын салбарыг татаж унагаж байна  гэвэл та санал нийлэх үү?

-Улс орон хөгжье л гэвэл барилга барих, хот сууринаа байгуулах ёстой. Залуус гудамжинд гэр бүл болдоггүй, ямар ч шинэ техникийг гудамжинд суурилуулахгүй нь үнэн биз  дээ.  Гэтэл барилгын ажлыг гэнэтийн цочмог шийдвэрээр зогсоосон нь барилгачид, тэдний гэр бүлийнхэнд төдийгүй улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд олон сөрөг нөлөө авчирна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид мөнгөө татна, олон зуун тэрбумаар зээл өгсөн банкуудын үйл ажиллагаа доголдоно. Ийм байдал удаан үргэлжилбэл барилгын салбар зээлээ төлж чадахгүйд хүрч банкуудыг татаж унагана. Зээлийн өрөнд банкинд алдсан,  сэрийж сарайсан  балгас шиг дутуу барилгууд нийслэлийн энд тэнд олон жилээр орхигдоно. Иргэд орон сууц үйлчилгээгээр, хүүхдүүд  сургууль, цэцэрлэгээр хомсдоно,... гээд яриад байвал уршиг их бий.

-2012 оны есдүгээр сарын 27-нд хуралдсан НИТХ-аас 3/10 тоот тогтоол гаргасан. Түүндээ хотын төвийн 1300 га-д газар олгохгүй гэжээ. Цаашид энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ?

-Энийг би зөв гэж бодож байгаа. Харин түүний оронд нэг, хоёрдугаар дөчин мянгат, тавин мянгат, нэг, дөрөвдүгээр дэлгүүрийн орчмын гээд нүүдэлчин монголын үрс барилгын мэргэжилтэй болж анх барьцгаасан 1960-аад оны,түүхий тоосго, модон хучилттай, өөд болоочийн хайрцагтай шарилыг гаргах гэхлээр нарийхан шатан дээр гацдаг, хагарч эвдэрсэн агааржуулалтын суваг нь бөглөрснөөс эвгүй үнэр тогтонгишсон, газар хөдлөлтөд тэсвэргүй нь мэргэжлийн хяналтынхны акт, дүгнэлтээр тогтоогдсон хуучирч муудсан барилгуудыг хороолол хорооллоор нь ээлж дараатай дахин төлөвлөлтөнд орлуулж, уламжлалт хийгээд орчин цагийн архитектурын хэв шинж бүхий өндөр барилгууд баривал, өргөн сайхан гудамж нь цэлийж, өтгөн ногоон цэцэрлэг налайж байвал сайхан шүү дээ.

-Өндөр барилга барихаар хойд барилга нь нэгийгээ хаалаа гээд байдаг биш үү?

-Энэ чинь хот шүү дээ. Хотын хамгийн арын хороололд амьдарч байгаа иргэн Болд Богд уулыг харах ёстой гээд байвал хотод биш хөдөө амьдарсан нь дээр шүү дээ. Энэ бол нүүдэлчний сэтгэлгээ юм. Өндөр хөгжилтэй орнуудын хотуудыг харахад байшингууд нь тэнгэр баганадсан байдаг биз дээ. Норм дүрмээ бариад барьж байгаа барилгыг ийм шалтагаар ад үзэж болохгүй.

-Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон барит бичгийг батлуулах хүртэл шинээр газар олгохгүй гэнэ. Эдгээр бичиг баримт хэзээ батлагдах вэ. Газар эргэлтэд орохгүй болж, үнэ нь буурах бус уу?

-Хэзээ батлагдахыг би яаж мэдэх вэ. Баталдаг, мэддэг дарга нараас нь асуу. Хуучин барилгуудыг буулгаж, оронд нь шинэ сайхан өндөр барилга барина гэдэг газрыг эргэлтэнд оруулж байгаа байгаа хэрэг гэж ойлгодог шүү. Харин нэг зүйлийг хэлэхэд газрыг чөлөөтэй худалддаг болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол газрын наймаа гэж бид олон жил ярилаа шүү дээ. Хэрвээ албан ёсоор худалддаг болчихвол ядаж л улс татвараа авна. Дээр нь энэ хэний газрыг хэн авч байгааг мэддэг болж энэ далд бизнес ил болох сайн талтай. Бид газар дээрх байшин барилгыг л өмч гэж үзээд байдаг. Гэтэл түүний доорх газар гэдэг шинэ өмчтэй болно.  Газрын бирж байгуулж газрыг эргэлтэнд оруулах хэрэгтэй. Энэ ажлыг барууны чиглэлийн нам төр засагт гарсан юм чинь хийх байхаа. Тэгэхээс бус одоо олгогдсон газруудыг буцааж төр авбал энэ нь жинхэнэ коммунизм болох байх.

-Ардчилсан нам УИХ-ын сонгуулийн  мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн хяналт, Төрийн албаны зөвлөл хоёрыг татан буулгана  гэж тусгасан. Мэргэжлийн хяналтын байгууллага  хэзээ татан буугдах  бол?

-Татан буугдах, эс татан буугдахыг над мэтийн “цэцгийн долоо”,  тоостой байцаагч яаж мэдэх вэ. “Тамга, ноён” мэтийн том “хөзрүүд”, эрх мэдэлтэй дарга нарын шийдэх хэрэг, наадах чинь. Харин гэхдээ нэг зүйлийг хэлэхэд би бээр социализмын үед  барилгын хяналт салбарынхаа яам, хорооны мэдэлд байхад долоон жил, бас ардчиллын энэ цагт мэргэжлийн хяналт нэгдсэн тогтолцоонд шилжсэнээс хойш зургаан жил барилгын техникийн  хяналтын  улсын байцаагч, улсын ахлах байцаагчаар  ажилласан. Мэргэжлийн хяналтыг татан буулгаж байцаагчдыг салбарын яамдын мэдэлд нь өгнө гэсэн шуугианы “бор шувуу”  сүүлийн үед их “нисэх” боллоо.  Салбарын аль нэг сайд, эсвэл нэг муу хэлтсийн дарга байцаагчийг дуудаад энийг ингэж шийд гэж үүрэг өгөөд байвал төрийн өмнөөс, улс, үндэстний аюулгүй байдлын төлөө хийдэг хяналтын учир утга алдагдана.

-Мэргэжлийн хяналтын нэгдсэн энэ тогтолцоо анх хэдэн онд байгуулагдсан юм бэ?

-Мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо гэдгийг дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч, бас ардчиллыг манлайлагч АНУ-ын туршлага, жишгээр арван жилийн өмнө байгуулсан юм билээ. Түүний үр дүнд хөндлөнгийн таагүй нөлөө илт  багасч, бодлогын хувьд зангидмал болох үйл явцад ахиц гарсан гэж л бодож явдаг юм.  Шинэчлэлийн гэх тодотголтой ардчилсан Засгийн газар социализм руу ухарсан шийдвэр  гаргахгүй байлгүй дээ, харж л байя. Гэхдээ мэргэжлийн хяналтын одоогийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөх, төгөлдөржүүлэх асуудал цөөнгүй  байгааг хэлэх нь зүйтэй.

-Нийслэлийн газрын албаны даргаар АТГ-т ажиллаж байсан  М.Батсайхан гэдэг залууг тавьсан. Танай НМХГ-ын дарга Л. Бямбасүрэнг ажлаас нь халсан. Одоо түүний оронд дахиад АТГ-аас хүн тавих гэж байна гэж дуулсан. Танай шинэ дарга ажилдаа орсон уу?

-Манай газрын даргыг нийслэлд мянга гаруй байдаг хувийн эмнэлгүүдийн нэгэнд  хүнд буруу тариа хийснийг мэдсэнгүй,  зөвшөөрөлгүй олон барилга бариуллаа, барилгад осол гарч хүний амь үрэгдсэн нь түүний хариуцлагагүйнх гэх мэтээр өөнтөглөж, бас дээр нь хэвлэлийнхэнд захиалга өгсөн юм уу гэж бодогдохоор янз янзаар, тэр дундаа хувь хүнийх нь тухайд элдвээр хэлсээр байгаад л ажлаас нь халчихсан. Хоёр дэд даргын нэг нь одоогоор үүрэг гүйцэтгэж байгаа. Дарга болох гэж байна гэж олон  хүний нэр дуулдсан. Одоогоор хүн ирээгүй л байна.  Томилсон улс төрийн хүчнийхээ эрх ашгаас илүү төр, түмний ашиг сонирхлыг илүүд үзэж дээдэлдэг, хүний мөс, нуруу сайтай, төв төвшин, шударгуу хүн байгаасай л гэж хүсч, хүлээж сууна.

-Нийслэлд 500 гаруй барилга шинээр баригдаж байгаа гэж та хэллээ. Тэгвэл танай НМХГ-т  барилгын байцаагч хэд байдаг вэ? Ачаалал их үү?

-Барилга гэдэг архитектор, барилгын инженер, дулаан, цахилгаан, холбоо, сантехник, өргөх механизмын гээд олон мэргэжлийн хүмүүсийн  хөдөлмөрөөр бүтдэгийг та ойлгосон байх.  Дэд бүтцийн хяналтын  хэлтэст нийтдээ барилгынхнаас гадна  авто зам гүүр, хэмжил зүй, шингэрүүлсэн шатдаг хийн болон тээврийн  гэхчлэн чиглэлээр гучаад  хүн ажилладаг . Үүний дотор барилгын инженер мэргэжилтэй байцаагчийг  тоолбол арван хуруунд багтана. Ачаалал хэт их гэж хэлэхэд хэтийдсэн болохгүй. НМХГ-т сардаа ирж буй өргөдлийн наанадаж 30-40 хувь, албан бичгийн 55-65 хувь нь манай хэлтэст цохогдоно. Дээр нь нийслэлийн шуурхай албанд ирсэн гомдлыг барагдуулна,  төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалт хийнэ, барилгыг ашиглалтад оруулах комиссыг зохион байгуулна, эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоно, янз бүрийн судалгаа тайлан гаргана, эрсдлийн үнэлгээ хийнэ гээд яриад байвал ихээ их. Гэхдээ яахав дээ, амар хялбар ажил, тэр дундаа  төрийн ажил гэж байх биш. “Тамын амьтан тамдаа жаргалтай” гэдэг бус уу?

-Нэг юм асуулгүй өнгөрч болохгүй нь. Орон сууцны нэг мерт кв талбайн үнэ яагаад ийм өндөр байна вэ?

-За, тэр цаасан дээрх зөвшөөрлөөс гадна үүнд нөлөөлж буй хэд хэдэн гол хүчин зүйл байгаа харагддаг. Нэгдүгээрт, барилгын бүтээцийн норм дүрмийг оросоос хуулбарласаар өдий хүрсэн. Бат бөхийн чанараа бодоод хэтэрхий нүсэр хийцтэй. Дээр нь араа бодоод зургийн инженерүүд нөөцтэй зурдаг. Зүгээр хялбархан хийчих юмыг дэндүү хүндрүүлдэг. Иймд норм дүрмээ эргэж харах цаг болсон. Норм дүрэм зохиож байгаа хүмүүс нь ч орост сургууль төгссөн, орос хэлнээс өөр хэл мэддэггүй болохоор хуулахаас өөр яахав. Мөн дулаан, цахилгаан, цэвэр, бохир, холбооны шугамаа барилга хүртлээ барилгын компаниуд өөрсдийнхөө хөрөнгөө хийдэг. Дэд бүтэц байхгүй бол дэд өртөө хүртэл барьдаг. Энэнд дэндүү их мөнгө шаардагддаг. Үүнийг уул нь гадны оронд төр нь хийж өгдөг гэсэн. Өөр бас манайд барилгын материалын үйлдвэрлэл маш муу хөгжсөн. Барилгаа дан импортын материалаар барьж байна шүү дээ. Цемент, арматур, турба, цахилгааны утас, обой, жорлон, банн, обой, будаг, эмульс, радиатор бүгд гаднаас өндөр өртөгтэйгээр тээвэрлэж авчирдаг. Манай зах зээл дэндүү бага учраас ийм том үйлдвэр нээх сонирхол ч бас бага байдаг гэсэн.

-Та бид хоёр ярианыхаа эхэнд буулгах гээд байгаа хоёр барилгын тухай хөндөөд орхисон. Үүнтэй холбогдуулан тодруулахад, ер нь барилга буулгах хэцүү юу. Буулгаснаар ямар асуудал, бэрхшээл үүсэх бол?

-Энэ тийм ч амар ажил биш. Нэгэнт хотын өмнөх дарга нарын хэн нэг нь захирамж гарган барилга барихыг зөвшөөрч  газар олгосон, тэр үеийн ерөнхий архитектор ажлын зураг төсөл, ерөнхий төлөвлөгөөг нь баталсан байж таарна. Тэгэхлээр хэдэн зуун сая, хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө зарсан хүн зарга үүсгэж шүүхдэх нь мэдээж. Удаж удаж, магадгүй гурав, дөрвөн шатны шүүхээр орсны дараа нэг шийдвэр гарна, буруутан нь тогтоогдоно. Барихын тулд  оруулсан хөрөнгө оруулалт, буулгах зардал гээд их мөнгөний тухай яригдана. Түүнийг хэн, эсвэл аль байгууллага төлөх вэ гээд л...

-Би буулгах технолгийн хувьд асуугаад байна л даа?

-Буулгана гэдэг бүр ч хүнд юмтай “уулзуулна”. Яагаад гэвэл барихын өмнө тус тусдаа,  дан дангаараа байсан материалууд барих явцад нэгдмэл нэгэн бүтээц, тэр дундаа бат бэх сайтай төмөр бетон араг бүтээц болдог. Тийм цул,  нэгдмэл болсон барилгыг буулгахад өндөр хүчин чадалтай техник хэрэгсэл, мэргэжлийн ажилчид, инженерүүд шаардагдана. Цаг хугацаа хэмнэж хурдан буулгая гэвэл ердийнхөөс их хөрөнгө зарцуулах болно. Их хэмжээний нурангийг зөөж зайлуулах ажил ундарна.  Бүтээн босгох дуртай ард олон, тэр дундаа барилгачдын сэтгэл зүйд яав ч таатай сэтгэгдэл төрөхгүй. Хэцүү дээ, хэцүү.

-Буулгах гэснээс, Хан-Уул дүүрэгт орон сууцны барилгад шахаж барьсан 12 давхар барилгыг буулгана гэсэн. Үүнд 45 сая төгрөг хүрэх юм уу? Ийм өндөр барилгыг буулгах технологи манай улсад  байдаг гэж үү?

-Буулгана гэж яригдаад олон жил боллоо шүү дээ. Шүүхэд л заргатай яваа дуулдах юм билээ.  Таны хэлж байгаа тоо үнэн бол тийм том барилгыг ийм бага зардлаар яаж буулгахав дээ.  Технологийн тухайд бол монголчууд бид чинь хэрэг дээрээ 1960-аад оноос л орчин үеийн барилгуудыг барьж эхэлсэн, одоо мэргэжиж яваа ард түмэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид барих босгохоор мэргэжиж байгаа  болохоос буулгах, нураахаар мэргэжээгүй хүмүүс. Гэхдээ яах вэ, буулгая гэвэл буулгаж болох л байх.  “Бурхан хүнийг бүтээсэн. Бусдыг нь барилгачид бүтээнэ” гэж манай барилгачид  хэлэх дуртай.  Тийм болохоор их л мөнгө зарахгүй бол тэр барилгыг  нураах  мэргэжлийн хүмүүс олдох болов уу даа.