С.САРУУЛ
Жил бүрийн хавар эрдмийн баяртай холбоотой санал шүүмжлэл гардаг. Төгсөгчид ар гэрээсээ мөнгө нэхэж цөөнгүй хоногоор амралт, зугаалганд явдаг. Үүнээс үүдэж архидан согтуурсны улмаас гэмт хэрэг гарах нөхцөл бүрддэг гэдгийг хууль хяналтын байгууллагаас анхааруулсаар ирсэн. Тэгвэл энэ жил төгсөгчдийг амралт, зугаалганд явахыг хоригложээ. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Л.Жаргалантуул “Нийслэлийн хэмжээнд өмнөх жилүүдэд дунджаар 30 мянган хүүхэд төгсдөг. Сүүлийн жилүүдэд “Эрдмийн баяр” арга хэмжээг тогтмол зохион байгуулснаар төгсөлтийн арга хэмжээг тэмдэглэх соёл төлөвшиж байна. Мөн эрдмийн баярыг тэмдэглэх чиглэлд БСШУС-ын сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 21-ний А147 гэсэн тушаалыг хэрэгжүүлж байна. Түүнчлэн 2019 онд нийслэлийн Засаг даргын 02 тоот албан даалгавар гарсан. Үүний хүрээнд төгсөлтийн баярыг эрдмийн баяр болгож, сурсан мэдсэнээ тайлагнах чиглэлийг сургуулиудад хүргүүлсэн. Түүнчлэн төгсөлтийн баяртай холбоотойгоор орон нутаг, нийслэлийн ойр орчимд амралт зугаалганд явах, сургуулиас гадуур үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон" гэсэн мэдээллийг өглөө.
Эх сурвалж: www.polit.mn