Д.БОЛОР

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хамтран хуралдав. Хурлаар Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн биелэлтийг шалгасан ажлын хэсэг тайлангаа танилцуулсан юм.  Ажлын хэсгийнхэн  мэргэжлийн хяналтын улсын байцаагчидтай хамтран барилгын 594, 782 ачаа өргөх байгууламж, 1892 аж ахуйн нэгжид шалгалт хийсэн байна. Үүнээс барилгын ажил эрхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, барилга угсралтын ажлын зөвшөөрөлгүй зураг төсөл ашигласан 168, тусгай зөвшөөрөлгүй 29, ус дулаан, цахилгаан техникийн нөхцөлийн зөвшөөрөл аваагүй 112 компани ажиллаж байсныг тогтоожээ. Дээрх шалгалтыг хийсэн ажлын хэсгийн ахлагч  Ж.Батзандангаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хамтарсан байнгын хороогоор барилгын салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцээд УИХ-аас тогтоол гаргуулах ёстой гэсэн дүгнэлтэд хүрлээ. Ажлын хэсгийн шалгалт хэр өргөн хүрээг хамрав?

-Ажлын хэсгийн дүгнэлтийг нарийн судалгаатай, мэргэжлийн олон байгууллагуудыг оролцуулж хийсэн. Энэ жилийн есдүгээр сарын байдлаар барилгын ослоос болж 20 гаруй хүн бэртэж гэмтэн амь насаа алдсан байна. Жилд 50 гаруй хүн барилгын ослоор амь насаа алддаг гэсэн судалгаа ч гарсан. Үйлдвэрлэлийн осол гэдэг утгаар нь өргөн хүрээнд авч үзвэл автозам, уул уурхай, барилга гэх мэт үйлдвэрлэлийн салбаруудад гарч байгаа хөдөлмөрийн ослын тоо 1000-аас давж байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын судалгаагаар 1500 орчим гэж бүртгэгдсэн. Монгол Улсын Үндсэн хуульд монгол хүн амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй хэмээн тодорхой заачихсан. Гэтэл бодит байдалд амьд явах эрх хангагдахгүй байна.  590 гаруй барилгад шалгалт хийхэд 70 гаруй хувь нь зөрчилтэй гарсан. Зөвшөөрөлгүй баригддаг, зөвшөөрөл авдаггүй барилга болгоны ард албан тушаалын гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг нуугдаж байгаа гэсэн дүгнэлт өгөхөөр байна. Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагуудаар энэ асуудлыг шалгуулж холбогдох хүнийг хариуцлагад татах ёстой. Хяналт шалгалт хийх явцдаа нэг зүйл ажигласан. Мэргэжлийн хяналт, газрын алба, мэргэжлийн барилгын зураг төсөл хийдэг байгууллагуудын удирдлагууд авлига, албан тушаалын гэмт хэрэгт орооцолдсон нь  баримтаар харагдаж байгаа. Тиймээс тэднийг Авлигатай тэмцэх газарт өгөх болно.

-Хүний амь насанд хүрсэн барилгуудын удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэ гэж цагдаагийн байгууллагаас хүссэн гэж сонссон?

-Хүний амь насанд хүрсэн барилгын компани аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг шалга гэдэг үүргийг УМБГ-т  өгчихсөн. Монгол хүний эрх хаана зөрчигдөж байна, тэнд бид очиж ажиллах ёстой. Улстөрчдийн үндсэн үүрэг бол монгол хүний эрх ашгийг хамгаалах ёстой, монголчуудад эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломжийг төр нь олгох ёстой. Төрийн завхрал, авлига, албан тушаалын гэмт хэргээс болж олон хүний амь нас эрүүл мэнд хохирч байна.