О.ЧУЛУУТ
Орон нутгийн сонгуулийн далд ажил хамгийн эртнээс, эрчтэй эхэлсэн дүүрэг бол Баянгол. МАХН, АН-ынхан анд бололцон хүч хавсарч дүүргийн Засаг даргыг унагаах тактик сэдэн ИТХ-ын чуулган зарлуулаад ч барсангүй. Л.Амгаланг огцруулчих санаатай дүүргийн төр захиргааны байранд суулт хийж, “Баянголын Засаг дарга огцорлоо” гэсэн мэдээллийг МАХН, АН-ынхан цахим хуудсуудаар тарааж сонгуулийн хар PR-аа тэд хэдийн эхлүүлжээ.
АН-ынхан дотроо хагарч, хуваагдсан байдалтай тэсэрч эхэлсэн. Ингэх болсон шалтгаан нь их энгийн. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн сүүлийн үед хийсэн үйлдлийг тэд эсэргүүцэн, цус ойртсон сонгууль болох нь гэж үзжээ. АН-аас энэ дүүрэгт нэр дэвшигчдийн 17 нь түүний хамаатан садан, тойрон хүрээлэгчид гэдгийг эх сурвалж хэлсэн. Үүнийг дүүргийн АН-ын хорооныхон эсэргүүцэж “Баянгол дүүргийг С.Эрдэний эхнэр хүүхдүүд хувьчилж авна” гэсэн мессеж тарааж эхэлснийг хүмүүс анзаарсан байх. Тэд сайд С.Эрдэнэд ингэж баахан банга хүртээсэн. Өнөөх нь “Ёстой тийм юм байхгүй. Үгүй. Эхнэр гэж бичээд ээжийн минь зургийг тавьчихсан” гэж ирээд л хариулав. АН-аас нэр дэвшигчдийг харж байхад дээрх мэдээлэл оргүй биш юм. Түүний хүү Э.Ганболор наймдугаар хороонд нэр дэвшсэн. Харин эхнэр Н.Нинжбадгар нь 20 дугаар хорооноос, хүргэн Г.Энхболд хоёрдугаар хороонд, охин Э.Содгэрэл нь жагсаалтаар нэр дэвшиж байна. Түүний хүү болон хүргэн нь бүгд нийгмийн даатгалын салбарт шингэсэн нь С.Эрдэнэ нэгэн үе НДЕГ-ыг толгойлж байсан албан тушаалын бялууг гэрийнхэндээ хэрхэн түгээдгийн тод жишээ болно. Удаах бялуу нь орон нутгийн сонгууль болсон ч намын нөхөд нь түүний эл шийдвэрийг дэмжихгүй гэцгээж байв. Сайдын гэргий Н.Нинжбадгарын ажилладаг Их тамирын бие хамгаалагч, жолооч, менежер, жолоочийн дүү, Тамир зочид буудлын ресепшн, түрээслэгч, Хэрэг эрхлэх газрын дарга Үүрийнтуяагийн дүү, бие төлөөлөгч, ах, эгчийн хүүхэд зэргээр тэдний хамаатан, садны хүрээ ажилтнуудаар тэлсээр 17 гэсэн тоог гаргаж ирсэн бололтой. Намын жирийн гишүүд, дэмжигчдээ нэг удаагийн хэрэглэл шиг ашиглаад хаясанд тэд бухимдан ийн нэрсийн жагсаалтын нууцаа задлах болж.
МАН энэ удаа багийн бүрэлдэхүүнээ 50 хувь шинэчилж залуу боловсон хүчнүүдээ гаргаж ирсэн гэх юм. Орон нутгийн сонгуульд МАН-ын жагсаалтад Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, Хурд хамтлагийн гитарчин “Нар сар” буюу Т.Наранбаатар, Элгэн нутаг ФМ-ийн захирал Д.Батбаяр нарын нэр дуулдсан. Олон талын төлөөлөлтэй хэмээн өөрсдийгөө дөвийлгөж буй тэдний дунд багш, эмч, хуульч, хорооны Засаг дарга, компанийн захирал, жүжигчин, сэтгүүлч гэх мэт сонин тодотголтой хүмүүс багтжээ. Тухайлбал, түмний танил эрхмүүдээс Гавьяат тамирчин Ц.Шаравжамц, “Ачтан” эмнэлгийн дэд захирал З.Балдандугар, УИХ-ын гишүүн асан Д.Очирбатын дүү тус дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа Д.Очирсүм, 25 дугаар суваг телевизийн сэтгүүлч Г.Ганзориг, NBS-ийн босс “Мэжик Жэт” компаний захирал Б.Амгалан зэрэг олон талын төлөөлөл багтжээ. Тэдний дунд гадаадад явж галуу шувууны мах идэж, хэл усаа сайжруулан харийн диплом өвөртөлсөн залуус шигтгээ болон орох юм гэнэ.