Сонгуулийн дүн эцэслээгүй байгаа ч Ардчилсан нам, Монгол Ардын намынхан уралдан ялагчдаа зарлаж эхэллээ. Олон тойрогт эцсийн дүн гараагүй хэвээр байна. Гэвч тойргуудын ялагчдаа булаацалдсан АН, МАН-ын мэдээллүүд олон нийтийг бүр төөрөгдүүлж орхилоо.
Ардчилсан намынхан саналын хуудсыг тоолж эхлэв үү үгүй юу “Олуулаа яллаа”, “Ардчилсан нам яллаа” гэлцэх болов. Гэтэл тэдний ялалтыг эрс няцааж Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын дэд дарга Н.Энхболд нар “Манай нам 26 суудал авлаа” гээд сонгогчдын толгойг эргүүлж эхлэв. Ялалтаа булаалдсан намуудын алиных нь үгэнд итгэх вэ. Аль аль нам нь ард түмэнд ялсан болж харагдах, ялагдлаа гэхэд луйвардсан болж жүжиглэх гэсэн тактик нь ийнхүү олон нийтийг төөрөгдүүлж орхилоо.