Н.МӨНХЖИН
Сирийн босогчид Дейр-эз-Зор муж дахь нефтийн чухал орд газрыг эзлэн авлаа хэмээн Associated Press агентлаг Лондонд төвтэй Syrian Observatory for Human Rights хүний эрхийн байгууллагын эх сурвалжаас иш татан мэдээлэв. Босогчид Иракийн хилээс холгүй орших “Эль-Вард” хэмээх стратегийн чухал ордыг эзлэн авчээ. Сирийн Засгийн газрын армийн 40 орчим цэрэг хамгаалж байсан байгууламжийг сөрөг хүчний дайчид бүсэлж гурван өдөр тулалдсаны эцэст буулгаж авсан байна. Сирийн армийн хэд хэдэн цэргийг олзолж авсан аж. Нефтийн орд газрыг хамгаалж байсан цэргүүдийн ихэнх нь алуулж, шархдаж, үлдсэн нь босогчдод олзлогдоод байгаа тухай ВВС мэдээлэв. Харин Сирийн сөрөг хүчнийхэн ямар хохирол амссан тухай мэдээлэл алга.
“Эль-Вард” нефтийн орд нь Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн цэргийн техник, машинд түлш нийлүүлдэг байсан юм. Тиймээс босогчид уг байгууламжийг эзлэн авах төлөвлөгөөг сайтар төлөвлөж бэлдсэний эцэст ийнхүү зорилгодоо хүрчээ. Тулалдаанд орд газрын байгууламж бага зэрэг өртсөн ч олборлолт явуулахад саад болохоор зүйл биш хэмээн Сирийн сөрөг хүчний төлөөлөгч мэдэгдлээ.
Дамаскийн эрх баригчид нефтийн чухал орд газраа алдсан талаар ямар нэг мэдээлэл хийсэнгүй. Сөрөг хүчнийхэн улс орны дэд бүтцийг устгах тактик баримталж байна хэмээн эрх баригчид мэдэгдэж байгаа ч босогчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Европын холбоо болон АНУ хориг арга хэмжээ авахаас өмнө Сири улс өдөрт 150 мянган баррель нефть экспортлож байсан юм. Хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлснээс хойш Дамаск гол худалдан авагчдаа алдаж, 2012 оны эхний улиралд гэхэд л нефтийн экспортын нийт хэмжээ нь 7.5 мянган тн болж буурчээ. Үүний өмнөх улиралд нефтийн экспорт нь 13.5 мянган тн-д хүрч байв.
“Арабын хавар”-ын “давалгаа”-нд өртсөн Сирийн ард түмэн 2011 оны эхнээс Ерөнхийлөгч Башар Асад тэргүүтэй дэглэмийг огцрохыг шаардаж эсэргүүцлийн цуглаан хийж эхэлсэн билээ. Энэ нь явсаар иргэний дайнд хүргэж, жил хагасын өмнөөс Сирийн ард түмэн хоёр тал болон хуваагдаж байлдсаар байна. Observatory for Human Rights байгууллагын тооцоолж буйгаар, Сири дахь дайн, мөргөлдөөнд 36 мянган хүн амиа алдаад байгаа аж.
Өчигдөр Катарын Доха хотод Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид уулзалтаа эхлүүлжээ. Тэд цөллөг дахь Сирийн Засгийн газрыг байгуулах зорилгоор уулзаад байгаа юм. Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү уулзалтаар мөн Башар Асадын дэглэмийн эсрэг тэмцлээ эрчимжүүлж, нэгдсэн стратеги боловсруулахаар төлөвлөж байна.
Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, нийслэл Дамаск хотын төвд хүчтэй дэлбэрэлт болжээ. Үйлдвэрчний эвлэлийн байрны орчимд болсон халдлагад хэд хэдэн хүн өртөж хүнд шархадсан аж. Сөрөг хүчнийхэн уг дэлбэрэлтийг зохион байгуулснаа хүлээн зөвшөөрчээ.