Д.БОЛОР
УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулах хөрөнгө оруулалтын тэрбум төгрөгийг зогсоохоор болсон. Гэхдээ энэ мөнгийг төсөвт тусгасан бол орон нутагт ямар ач холбогдолтой байх байсан бол. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Болороос тодрууллаа.
-УИХ-ын гишүүдийн багцад тусгадаг тэрбум төгрөгийг зогсоосон. Үүнийг та зөв гэж үзэж байна уу. Зарим гишүүн байх ёстой гэж хэлж байгаа?
-Гишүүдийн тэрбум төгрөг гэж онцолж нэрлэсэн нь буруу юм. Хуучин орон нутгийн эрх мэдэл 100 хувь орон нутагтаа байдаггүй байлаа. Тэр үед 76 гишүүн 76 тойрог байсан үед энэ мөнгө ач холбогдолтой байсан. Гэхдээ энэ мөнгө нь гишүүдэд очихоос илүү аймаг, дүүргийн Засаг даргын төсвийн багцад ордог байсан. Түүнээс биш өөрсдөө дур зоргоороо зарцуулаад байсан юм байхгүй. Энэ жилийн хувьд 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд шинэ Төсвийн тухай хуулиар орон нутгийн эрх мэдэл орон нутагтаа шилжиж байгаатай холбогдуулаад гишүүдэд тэрбум төгрөг өгөхөө зогсоосон. Ингэхдээ хөрөнгө оруулалтыг 4-5 жилээр төлөвлөдөг болох тогтолцоо руу явж байна. Тэр утгаараа тэрбум төгрөг байна гэдэг бол утгагүй асуудал. Ер нь төлөвлөлтөө жил, жилээр нь гаргаж байна. Өөрөөр хэлбэл, төсөв батлах үеэр маргаан дэгдээлгүйгээр Эдийн засгийн хөгжлийн яамтай болсноо ашиглаад хийх ажлын төлөвлөгөөгөө 4-5 жилээр гаргана гэсэн үг. Намрын чуулганы завсарлагаанаар хөдөө орон нутаг болон дүүргүүдээс сонгогдсон гишүүд тойргоороо явж ард иргэдээсээ санал авч урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж эрх үүрэг хүлээх ёстой гэж үзэж байна.
-4-5 жилээр төлөвлөнө гэхээр төсөв нэлээд томрох нь ээ?
-Төсвөө жил, жилээр батална. Өмнө нь тэр аймаг, суманд ийм, тийм юм хэрэгтэй гэдэг байсан бол одоо дөрвөн жилийн дараа энэ аймаг ингэж хөгжсөн байна гэж төлөвлөх юм. Жишээлбэл, Архангай аймгийн Ихтамир суманд сургууль, соёлын төв, цэцэрлэг хэрэгтэй гэж үзвэл дөрвөн жилээр төлөвлөх хэрэг болж байгаа юм. Өмнө нь нэг жилээр батлахаар тэрийг нь яах вэ, энийг нь орхих уу гээд асуудал их гардаг байсан.
-Төлөвлөнө гэхээр тойргоос болон жагсаалтаар сонгогдсон гишүүд яах вэ. Хамтарч ажиллах боломжтой юу?
-Намын жагсаалтаар гарсан гишүүдэд ялгаа байхгүй. Намын жагсаалт, тойрог гэж ялгаралгүй хоорондоо ярилцаад орон нутаг, дүүрэгтээ хийх ажлаа төлөвлөх ёстой.
-Юу хийж бүтээснийг хянаад явах боломжтой гэсэн үг үү?
-Хяналт тавих эрх бүхий бүх субъект хяналтаа тавиад явах боломжтой. Урьд нь хяналт тавих механизм нь учир дутагдалтай байсан уу гэвэл байсан. Одоо бол өөр. Шинэчлэлийн Засгийн газрын үед хяналт шалгалт илүү сайжирсан гэдгийг надаас илүү ард түмэн хэлж байгаа шүү дээ. Иргэдийн амьдралд шууд тусахуйц ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Халамжийн гэхээс илүү ард түмний амьдралд бодитойгоор нөлөөлөхүйц хэмжээний ажил хийж байгаа нь хэн хүний нүдний өмнө харагдаж байгаа байх. Нүүрс гэхэд Багануурын нүүрсийг ашиггүй авчраад зараад байгаа юм байхгүй. Зөвхөн ченжүүдийн дамжлагад нэмэгддэг байсан мөнгийг танасан хэрэг шүү дээ.
-Таны сонгогдсон Архангай аймгаас ямар санал гомдол ирж байна вэ?
-Манай тойргийн иргэдээс эерэг мэдээлэл ирж байна. Надад ирүүлсэн захидлаар бол Шинэчлэлийн Засгийн газрын хийж буй үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн иргэдийн захидал олонхи хувийг эзэлж байна.